Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай уулзалт хийв.
Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв.
Мөн 2015 онд Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулагдаж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сангийн хооронд 2017 онд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд тодорхой төслүүд болон сургалтын үйл ажиллагаанууд 2019 оноос эхэлж байгаад талархал илэрхийллээ. Молекул биологийн хэрэглээний лаборатори нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөөний шаардлагад нийцэж шалгарсан 14 лабораторийн нэг билээ.
Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн.
Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инноваци болон технологи хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжих талаар санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.