Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт энэ сарын 1-ны өдөр тус сумын харьяат иргэн С-ийн жолоодож явсан суудлын автомашин эвдэрчээ. Тус машинд гурван зорчигч явсан бөгөөд иргэн С-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн учир ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд С нь сураггүй алга болсон байжээ. Тус сумын Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан Стивр загварын том оврын ачааны автомашин Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрчээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 16.30 цагт очиж тус нуурын баруун урд эргээс 400 м-т, гурван метрийн гүнд гурван удаа шумбалт хийж, мөн өдрийн 17.30 цагт тус сумын харьяат 25 настай эрэгтэйн цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.