Categories
мэдээ цаг-үе

Газар тариаланд хагас зуун жил зүтгэсэн ногоочин гэр бүл

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайл үзүүлж буй тариаланчиддаа хүндэтгэл үзүүлж, одон медаль гардуулах ёслол өнгөрсөн баасан гаригт болсон билээ. Энэ үеэр бид Намсрайн Булгаа гэх 50 орчим жил хүнсний ногоо тариалсан эмэгтэйтэй уулзаж, түүний хөдөлмөр бүтээлийн талаар хууч хөөрлөө. Тэрээр Атар газар эзэмшсэний 60 жилийн энэ түүхэн ойгоороо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авч баяр дээрээ баяр нэмжээ. Ховд аймгийн Буянт сумын Дөрвөний газар гэх сүрлэг уулсаар хүрээлүүлсэн, буянт голынхоо усаар ундаалсан сайхан хангайгаас тэрээр угшилтай. Түүний эцэг Намсрай 1959 онд Ховд аймгийн Дөрвөний гэх сайхан үржил шимтэй хангайг анхлан морин анжисаар хагалж байсан анхны тариаланчдын нэг.

Н.Булгаа гуай айлын 11 хүүхдийн хоёр дахь нь. Түүний аав, ээж хоёр нь насаараа тариа, ногоо тарьсан бөгөөд тэрээр удам дамжсан газар тариалангийн хүн. Н.Булгаа гуайн хүүхдүүд ч өдгөө газар тариалангийн салбарт хүч сорьж буй юм билээ. Н.Булгаа гуай шагналаа аваад гарч ирэхэд бид тосч уулзлаа. “Би одон медаль хүртэнэ гэж ирээгүй. Үнэхээр гэнэтийн байлаа” гэж бидэнд хэлээд баяртайгаар инээмсэглэв. Тэрбээр Атар-50 жилээр ирж амжаагүй учраас энэ жил заавал ойн баяр дээрээ ирнэ гэсээр 1500 гаруй км газрыг туулан иржээ.

Бид ойн баярт зориулан гаргасан үзэсгэлэн орлоо. Н.Булгаа гуайн зураг Атар-60 жилийн үзэсгэлэнд нэлээн тавигджээ. Тэрээр хуучны сайхан зургуудаа гараараа илээд л бидний урд инээвхийлэн явна. Атар-60 жилийн номонд ч Н.Булгаа гуайн зураг тавигдаж, түүний хөдөлмөр бүтээлийг магтан сайшаасан байлаа. Түүнийг гурав, таван жилийн гавшгайч, богино хугацаанд таван жилийнхээ төлөвлөгөө нормыг хурдан хугацаанд биелүүлсэн, тэргүүний ногоочин, улсын аварга гэхчлэн магтан дуулсан үгс номон дээрээс харагдана. Улсын аварга Н.Булгаа гэдэг түүний бараг л нэр шахуу болжээ.


ТҮҮНИЙ ТАРЬДАГ УЛААН ЛООЛЬ ХОВД АЙМГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Н.Булгаа 1972 онд 15-хан насандаа сурагчийн формоо тайлж, эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд ногоочин болж байжээ. Өдгөө тэрээр Буянт сумандаа 48 дахь жилдээ ногоо тарьж байна. Зах зээлд шилжихээс өмнө тэрээр сумынхаа сангийн аж ахуйд 26 жил ажилласан байна. Түүний хувьд хөдөлмөр бүтээл өрнөсөн сайхан цаг үе. Эдгээр он цаг үе зах зээлийн нийгмийн дараагаас зураг болон үлдэж, тэрээр өөрийн хувийн бизнесийг эхлүүлжээ.

Төмс, хүнсний ногоог бие даан тарьж, бүх зүйлийг нуруун дээрээ үүрэн газар тариалангийн салбарт зүтгэж эхэлжээ. Ийнхүү цаг наргүй зүтгэсний үр дүнд 2002 онд тэрээр хоршоо байгуулжээ. Өдгөө хоршоо нь компани болтлоо өргөжсөн байна. Энэ талаараа тэрээр “Миний аав Намсрай агуу хүн байсан. Аав минь охидынхоо тоогоор нэг нэг улиас тарьж өгч байсан нь сэтгэлээс гардаггүй юм. 10 охиндоо 10 улиас тарьж өгөөд ганц хүүдээ бургас тарьж өгсөн дөө. Өдгөө тэр 10 улиас, нэг бургас улам дэлгэрч, сайхан төгөл болжээ. Аавын минь бидэнд үлдээсэн энэхүү сайхан дурсамжаас улбаалан “10 улиас” гэх хоршоо байгуулсан. Өдгөө тэр хоршоо маань компани болтлоо өргөжсөн байна. Сайхан бэлгэшээлтэй үйл явдал шүү” гэж ярингаа хүлээн авалтын танхим руу тэрээр зүглэлээ. Түүний компани өдгөө 40 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалдаг гэнэ. Хүнсний ногоо дотроо байцаа, улаан лооль голдуу тарина. 12 өөр нэр төрлийн улаан лооль тариалдаг бөгөөд тэдний тарьсан хүнсний ногоог нутгийнхан төдийгүй баруун аймгийнхан анддаггүй гэнэ. “Өө улсын аварга Булгаа гуайн тарьсан ногоо юм уу” гээд л ам сайтай худалдан авдаг аж. Өнгөрсөн наймдугаар сард Ховд аймгийн уламжлал болсон Цайны зам өв соёлын наадмаар Булгаа гуайн амтат улаан лооль Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан гэнэ. Тэрээр ард иргэдийг үржил шимт ногоогоор хангаж, бүхэл амьдралаа энэ салбарт тууштайгаар зориулсан. Түүний бизнес жилээс жилд өргөжин өдгөө бүс нутгийн хэмжээнд иргэдийн андахгүй мэддэг брэнд бүтээгдэхүүний нэг болохуйц өргөжжээ.


Н.Булгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо гардан авч байгаа нь

ТАРЬСАН НОГООГОО ЭХ ХҮНИЙ ХАЙРААР Л УРГУУЛДАГ ДАА

Н.Булгаа гуай 2003 онд Монгол Улсын аварга тариаланч болсон. Ер нь энэ салбараас хүртээгүй шагнал гэж үгүй хөдөлмөрч нэгэн. Хэзээ ч шавхагдашгүй баялаг болох үржил шимт хөрснөөс баялаг бүтээдэг тэдний хөдөлмөр тийм ч амар ажил биш билээ. Газарт үрээ шидээд л нөгөөдөх нь хэд дахин нэмэгдэж ургаад л намар нь бөөн мөнгөтэй болдог гэж ойлгож болохгүй. Н.Булгаа ногоочин хүн хэрхэн үр жимсээ хайрлан ургуулдаг талаар бидэнд тайлбарлалаа. Н.Булгаа “Миний хувьд тарьсан ногоогоо нярай хүүхэдтэй л жишиж хардаг. Хавар гурван сараас л ногоочны ажил бужигнаж эхэлдэг. Хүлэмж, парник аа янзлахаас өгсүүлээд л бэлтгэл ажил нэлээд шаардлагатай. Хөрс шороогоо цэгцэлж, бордоогоо бэлдсэний дараа үрсэлгээ явагдана. Үрслээд гараад ирэхээр нь их халбал салхилуулна, даарвал хучиж дулаална, цангавал усална гээд л. Арчилгаа их чухал. Арчилгаа нь яг л нярай хүүхэд шиг байгаа биз. Тэднийгээ би хүүхэд гэж өхөөрддөг юм. Хэдэн арван мянгаар нь гараар үрсэлж ургуулдаг учраас тэдэндээ хайртай байхын аргагүй. Хааяа тарьсан талбай дээрээ суучихсан нөгөө хэдтэйгээ ярьчихсан байж байдаг. Охин минь та зүгээр үү гээд л асуудаг юм. Навч нь шарласан байвал яагаад л царай алдаад байна даа чи минь гээд л. Эх хүний хайраар л ногоогоо ургуулдаг даа. Хүнсний ногоог ургуулахад орчныг нь бүрдүүлэх чухал. Хөрс сийрэг бөгөөд зэрлэггүй байх хэрэгтэй. Зэрлэг гэдэг хөрс булаацалдаад нөгөө хэдийг минь ургуулж өгөхгүй муу талтай шүү дээ. Зэрлэгийг жижигхэн байхад нь зулгаах хэрэгтэй. Газрыг нь сайхан сийрүүлээд өгчихсөн байхад дахиж зэрлэг ургахгүй дээ. Усалгаа хийснээс хойш гурав хоногийн дотор багтаж зэрлэгээ зулгааж, хөрсөө сийрүүлбэл хамгийн зүгээр. Өндөр болчихвол зовлонтой ажил болно доо, зэрлэг гэдэг. Нэг бүрчлэн түүж, хэд хоногийн ажил болдог доо” хэмээв.


ЦЭРГИЙН ЖА НОГООЧИН БҮСГҮЙД ДУРЛАСАН НЬ

Н.Булгаагийн нэг насны ханийг Бадарчийн Цогтбаатар гэдэг. Тэрээр цэргийн хүн бөгөөд 2000 он гарснаас хойш эхнэрээ даган ногоочин болжээ. Б.Цогбаатар, Н.Булгаа нар хүү, охин хоёртой. Хүү Ц.Даваасүрэн, охин Ц.Баянжаргал нар мөн л өвөг эцгийнхээ замаар замнаж, тариачид болж. Н.Булгаа гуайн ач зээ нар өдгөө түүний тарьдаг ногоо шиг л өнөр өтгөн болцгоосон. Том ач Д.Тэмүүжин нь Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан аж. Н.Булгаа “Өвгөн бид хоёр удахгүй гуч аа үзэх юм биш үү. Ач, зээ нар том болох ч лүд юм аа” гээд хөхрөв. Бидний яриаг сонсож суусан Б.Цогтбаатар “Миний хань шиг ногоочин Монголд байхгүй дээ” гээд гэргий рүүгээ өхөөрдөн харж, хацар дээр нь үнэрлэв. Үргэлжлүүлэн “Хөдөлмөрийн үр шим гэдэг сайхан зүйл. Миний хань 50 жил энэ салбарт зүтгэж хөдөлмөрийн үр шимээ хүртээд явж байна” гээд инээвхийллээ. Гэр бүлийн хоёр сонирхолтой тохиолдлоор нэг нэгэнтэйгээ учирч байжээ. Б.Цогтбаатар бол Налайх дүүргийн уугуул. Ховд аймгийн цэргийн ангид ахлагч цолтой, жагсаалын ахлагчаар ирээд л нэгдлийн ажилд тусалдаг байсан байгаа юм. Учир нь нэгдлийн ажилд залуу боловсон хүчний туслалцаа хамгийн чухал байжээ. Цэргийн анги ногоочдын бригадтай хамтран ажиллаж байх үед л гэр бүлийн хоёр учирч, анхлан дотносчээ. Ногоочдын бригадийн биерхүү ахимаг насны залуу Н.Булгааг бүснээс нь өргөөд зоорины аман дээр бариад “Тэнгэрээс дагина буулаа тосч авах хүн байна уу” гэхэд Б.Цогтбаатар Н.Булгааг тосч аваад зөрөөд зоориноос гарсан байгаа юм. Ийнхүү хэн хэндээ талтай болсон хоёр маань төд удалгүй уулздаг болж, улмаар нэг гэрт оржээ. Өдгөө энэ хоёр маань 40 гаруй жил ханилж, нутаг усандаа нэртэй, үлгэр дуурайл болсон хөдөлмөрч сайхан гэр бүл болжээ. Б.Цогтбаатар “Би одоо Ховдын Буянт сумын хүн. Энд намайг танихгүй хүн гэж үгүй. Миний үнэ цэнэтэй сайхан дурсамж болгон л Буянт сумын Дөрвөний гэх газарт байгаа” хэмээв.

ЭВЛЭЛИЙН ИЛГЭЭЛТ ХУРАЛД СУУЖ, НОГООЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БОЛЖБАЙЛАА

Н.Булгаагаас ногоочин болсон түүхийг нь бид сонирхлоо. Тэрээр “1972 онд намайг долдугаар ангийн сурагч байхад Эвлэлийн илгээлт гэх томоохон хурал болж, сүртэй арга хэмжээ манай суманд болж байсан. Тэр хуралд суусныхаа дараагаас л би ерөөсөө эвлэлийн илгээлтээр явбал болох юм байна гэх бодол хүчтэй төрсөн. Тэгээд л энэ бодолтойгоо гэр рүүгээ харайлгачихсан даа. Гэртээ амьсгаадсан хүн давхиж ороод л би ерөөсөө эвлэлийн илгээлтээр явна аа гэж зоримогхон хэлэхэд гэрийнхний ихэнх нь гайхсан, цочирдсон байдлаар хүлээж авсан л даа. Аав минь л зөвхөн миний энэ хүсэл зоригийг гэрийнхэн дундаас дэмжиж байсан. Ээж, эгч, хамаатан садан, дүү нар минь бүгд л эсэргүүцсэн хандлага гаргасан гэх үү дээ. Харин 10 жилийн анги даасан багш минь “Чи цаашаа сурахгүй гэж нэгэнт шийдсэн бол техник мэргэжлийн сургууль буюу ТМС-д суралц” гэж зөвлөсөн. Би эвлэлийн илгээлтээ авсныхаа дараа гэртээ ороход ээж минь л хамгийн дургүй байсан. Чи цааш сурсангүй, охин хүүхэд гэж ирээд л. Манай эгч над руу нэлээн нухацтай ширтээд л толгойгоо сэгсэрсэн. Тэгээд орой нь хэрвээ чи сургуульд сурмааргүй байгаа бол чамайг би онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгье гэж хүртэл зөвлөсөн. Манай эгчийн нөхөр онгоцны нисгэгч хүн л дээ. Тэгээд л би нэгэнт шулуудсан байсан учраас өөрийн бодолдоо бат зогсож, 1972 онд өөрийнхөө нэр дээрээс ногоо тарьж, цалин авч хөдөлмөрийн дэвтэртэй болж байв. Тэрнээс өмнө өчнөөн л ногоон дээр ажилладаг байсан. Аав ээжийнхээ нэгдлийн ажилд тусалж, ногоо тарих бүхий л ухааныг мэддэг байсан учраас эвлэлд ороход ямар нэгэн асуудалгүй байсан юм. Уг нь би цааш сурч их сургуульд орох зорилготой байсан шүү дээ” гэв.

ААВ МИНЬ НОГООГОО ҮЕРТ СҮЙДЛҮҮЛЧИХЭЭД НУЛИМС ДУСЛУУЛАН ЗОГСОЖБАЙСАН САН

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл гэдэг ногоочдын хувьд хамгийн том саад байдаг билээ. 1970 онд нэг их үер Буянт суманд бууж билээ. Тийм айхавтар үерийг одоо болтол Н.Булгаа үзээгүй л явна. Энэ тухай сонирхоход тэрээр “Аадар бороо шаагьж, мөндөр тарьсан ногоог минь сүйтгэж байв. Ногооны навчийг мөндөр цоолон үндсийг нь газрын хөрсөнд ил гаргаж, сэндийчиж байлаа. Аав минь үүнийг хараад тамхиа баагиулаад л цонхны өмнө зогсчихсон нулимс дуслуулан ширтэж байж билээ. Хоёрхон цагийн дотор үер бууж дууссан. Их үд гэхэд л нар шарж эвдлэн сүйтгэгдсэн ногооны талбай бидний өмнө үлдсэн дээ. Нэгдлээс хүмүүс ирж, талбай дээр шалгалт хийгээд “За Намсрай ах аа, танай байцайны 80 хувь нь ургах боломжгүй болсон байна. Одоо акталлаа” гэхэд аав минь нулимстай нүдээр “Актлаад хэрэггүй ээ. Би бүгдийг нь сэргээж 100 хувийн гүйцэтгэлтэй нэгдэлд хүлээлгэн өгнө” гэхэд шалгалтаар ирсэн хүмүүс “Ургахгүй бол тань дээр төлбөр нь унана шүү дээ” гэхэд аав минь “Тэгнэ ээ. Би төлнө” гэсэн юм. Бид ч ногоог буцаан сэргээх ажилдаа орж, байцайн навчнуудыг угааж, цэвэрлээд бүх үрсэлгээг эхнээс нь дахиж хийсэн юм даг. Тэр намартаа бид 100 хувийн гүйцэтгэлтэй нэгдэлд ногоогоо тушаасан даа” гэлээ. Ийнхүү биднийг хуучилж суухад хүлээн авалтын ажиллагаа эхэлсэн юм.

ХОВД АЙМГИЙН ШИЛДЭГ НОГООЧИН Н.БУЛГАА

Төлөвлөгөө нормоо 100 хувь биелүүлдэг Н.Булгаа нэгдэлд хөдөлмөр бүтээлээрээ цойлж байв. 1974 оны нэгэн орой 17-хон настай тэрээр найзуудтайгаа элдвийг хуучлан сууж байж. Энэ үеэр түүний дүү ирээд “Танай ажлын газрын хүмүүс аавынд ирчихсэн байна. Таныг хурдан ир гэж байна” гээд л нэлээн сандруу гүйж ирж. Н.Булгаа ч яасан юм бол доо ухааны юм бодоод яваад очтол нэгдлийн даргаас өгсүүлээд л бүх томчууд ирчихсэн баяр хүргэж гар бариад л Н.Булгаа бүр гайхаж орхиж. Нэгдлийн дарга түүн рүү инээмсэглээд “Нэгдэлдээ сайн ногоо тарьсан гэж чамайг 45 хоног гадаадад жуулчлах эрхийн бичгээр шагнаж байна, төр засгаас. Тэгээд ажиллаад бай, ажиллаад бай” гээд духан дээр нь үнсэхэд л юу болоод байгааг нэг юм ойлгож л дээ. Ингээд л Н.Булгаа ЗХУ, Германаар 45 хоног аялж, барууны хүн болонгоо л алдаж. Энэ мэтчилэн түүний хөдөлмөрийг төр цаг тухай бүрт нь үнэлж, хөдөлмөрийн амтанд улам бүр гүн дурлуулж байв. Нэгдлээс түүнийг Зөвлөлт рүү их сургуульд явуулах гэж байсан боловч тэрээр хөл хүнд байсан учраас явж чадаагүй гэнэ. Нэгдлийн уралдаанд удаа дараа тэргүүлж байсан учраас ийнхүү ЗХУ-д сургууль руу явуулах гэж байж л дээ. 1985 онд Н.Булгааг Ховд аймгийн Ногоо бригадийн дарга болгов. 25 ажилтан бүхий томоохон бригадыг даргалж, ногоогоо яаж тарихав, хэрхэн арчилах вэ гээд л бүх зүйлсийг өөрөө зөвлөж, зохион байгуулан амжилттай ажиллаж байжээ.

ТӨЛӨВЛӨСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСГААС ЗАХ ЗЭЭЛ РҮҮ

Н.Булгаагаас бид нийгмийн шилжилтийн үеийг хэрхэн даван туулсан талаар тодрууллаа. Тэрээр “Төлөвлөгөөт эдийн засаг бол бүх л зүйлийг тооцдог, тооцооны дагуу явдаг байсан үе. Манай аавын даргалдаг “Соёл” нэгдэлд манай аав, ээж, тэгээд хоёр туслах ногоочинтой тавуулаа ногоо тарьдаг байсан. Манай нэгдлийн хувьд аймгийн хүнсний хэрэгцээг хангах байцай тарьдаг байлаа. Төлөвлөсөн төлөвлөгөөт нийгмийн нэг сайхан зүйл нь бүх зүйл цаанаасаа байсан. Бордоо дутлаа гэхэд л шууд нэгдлээс гаргаад өгчихнө. Бүх зүйл цаанаасаа, нэгдлээс дутуу хөтүү зүйлийг нь нөхөөд өгчихнө. Ийм цаг үеэс зах зээлийн нийгэмд шилжиж, ихэнх ногоочид шантарч байсан үед манайх гэдэг айл ногоогоо тарьсаар л байв. Яахав хоёр гурван жил зүдэрсэн. Удалгүй хүнсний ногооны үр, бордооноос эхлүүлээд бүх зүйлээ өөрсдөө олж, хөдөлмөрийн үр шимээ өөрсдөө хүртэж эхэлсэн дээ. Газар тариалан гэдэг бидний насаараа идээд барахгүй арвин их баялаг. Газар тариалангийн шинэ жаран эхэлж байна. Бүх зүйл дэвшилтэт болж, техник технологи руу шилжиж байна. Газар тариалангийн салбар маань цэцэглэн хөгжинө өө. Үржил шимт хөрсний үнэрийг дахин дахин мэдрэх сайхан шүү. Газар хагалахад тэндээс гардаг газрын тааламжит үнэр одоог хүртэл миний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Миний гарыг хүмүүс хараад чи лав ногоочин биш байх аа гэдэг. Ногоочин гэдэг бол сайхан ажил. Заавал, хагарсан гартай байх албагүй шүү дээ. Ногоочин хүнд байх ёстой хамгийн сайхан чанар бол сайхан сэтгэл юм” гээд бидэн рүү харан инээмсэглэлээ. Газар тариалангийн салбарт 50 орчим жил зүтгэсэн эгэл ногоочин Н.Булгаагийн амьдралын түүхийг өгүүлэхэд ийм. Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жил өнгөрчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *