Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Өлзийбаатар: Хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар бид тусгаар улс гэдгээ олон улсад мэдэгдсэн


Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монголчууд бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ түүхт өдрийн тухай та эргэн сануулаач?

-1921-1924 оны хооронд өрнөсөн засаглалын хэлбэр, төрийн байгуулалтын талаарх үзэл бодлын зөрөлдөөн тэмцлийн үр дүн, үр дагаврын шийдэл нь болж БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль мэндэлсэн билээ.

Тухайн үед нийгмийн дэвшил, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг Ардын хурлын хэлбэртэй Бүгд найрамдах байгуулал тогтоож, түүнд нийцсэн Үндсэн хуулийг батлах явдал хэмээн ойлгож байсан чиг шугам ялсан юм.

Өөрөөр хэлбэл, Монгол оронд 1921 онд өрнөсөн хувьсгалт үйл явц эхнээсээ ядуу, дунд давхаргын эрх ашгийг хамгаалж, хуучны ноёлох хэсгийн эрх мэдлийг халах зорилго шинжийг хадгалж явсны учир анхдугаар Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа нь “зөвлөлтжүүлэх” бодлогын хүрээ, нөлөөнд амархан автаж, нийгмийн тодорхой бүлгийн сонгох сонгогдох эрх, өмч хөрөнгөтэй байх эрхэд халдсан хатуу ширүүн заалт орж улмаар нийгмийг үл эвлэрэх анги бүлэгт хуваан талцуулах хууль эрх үндэс болж өгсөн юм.

Энэ бол сөрөг тал нь. Гэхдээ Монголд анх удаа ард түмний эрх, үүргийн тунхаглал болсон Үндсэн хуультай болж, ардын Бүгд найрамдах хэмээх Үндсэн хуулийн засаглал тогтон Хаант ёс халагдаж, бүхэлдээ тэгш эрхт гишүүдээс бүрдэх учиртай нийгмийн шинэ байгууллын үндэс суурь тавигдсан нь дэвшилтэт үйл явц байсан юм.

-Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулийг хуулах нь гэсэн үндэслэлээр татан буулгасан гэдэг бил үү?

-Үндсэн хууль бол эрх баригчид нь хэрхэн засаглах, ард иргэд нь түүнд хэрхэн оролцох харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг шүү дээ. Нэг үгээр бол төр, иргэн хоёрын гэрээ. Энэ ойлголтыг монголчууд сайн мэдэж байсан.

Ер нь бол хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлаж төр барих үйл ажиллагаанд бусад этгээдийг оролцох оролцоог нэмэгдүүлэх явдал л аливаа улсын Үндсэн хуулийн гол агуулга нь болж үүссэн гэдгийг бид мэднэ.

Монголчууд XX зууны эхэн үеэс л нийгмийг шинэчлэх үзэл санааны тухай олонтой ярьж бичиж байсан. Үүний практик илрэл нь Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн санаачилга оролцоотойгоор Улсын Дээд, Доод гэдэг хурлын хоёр танхимыг Оросын дум болон Английн парламентын зарчмаар байгуулсан явдал шүү дээ.

Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн санаачилгаар 1921 оны аравдугаар сард Ардын эрхт хэмжээт цаазат засгийг байгуулсны учир “дагаж шийтгүүлэх үндсэн хуулийг зохион тогтоож нийтээр журамлан дагаж явах” санал дэвшүүлж, удалгүй “Тангаргийн гэрээ” гэдэг баримт бичгийг Ардын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн баталсан бөгөөд уг баримт бичгийг “Монгол Ардын Засгийн газраас хэмжээт засагт улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээ хэмээн тодорхойлсон юм. Энд “гэрээ” гэснийг анзаарч байгаа биз.

Эндээс үүдээд Үндсэн хууль засаглалын тухай монголчууд ямар ойлголттой байв. Хэдий үеэс монголчууд өөрийн оронд байж болох тохиромжтой засаглал, төрийн байгууламжийн тухай санаа бодлоо илэрхийлж байсан бэ, юуны учир гадны нөлөөт Үндсэн хуультай болсон юм бэ гэдэг асуудал урган гарна.

Ер нь 1921-1924 оны хоорондох Монголын улс төрийн дотоодод өрнөсөн нөхцөл байдлыг ажвал засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн талаарх үзэл хандлага, чиг шугамын зөрөлдөөн голлож байсан мэт харагддаг.

Хувьсгалын дараах үеэс төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн талаар Үндсэн хуульт Хаант засаг, парламентын засаглалт БНУ, Ардын төлөөлөгчдийн хэлбэртэй Зөвлөлт маягийн БНУ гэсэн гурван өөр үндсэн үзэл бодол бий болж, түүнийг тойрсон маргаан мэтгэлцээн, талцал зөрөлдөөн өрнөсөн гэж үзэж болох юм, Одоо ч бид засаглалын хэлбэрийн талаар маргалдаад л байгаа биз дээ.

Энэ ч үүднээс монголчууд өөрийн чинь хэлснээр олон орны Үндсэн хуулийг орчуулж судалсан. 1922 оны тавдугаар сард Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны сайд Магсаржав хурц, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн түшмэл Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд удалгүй тэдний боловсруулан буй төслийг хөрөнгөтний Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн жишээн дээр зохиогдож байна хэмээн буруушааж комиссыг татан буулгаж, уг дүрмийг Засгийн газрын Хууль цааз эмхлэх хэлтэст хариуцуулсан байна.

Үүний дараа 1924 оны тавдугаар сард ЗХУ-ын хууль цаазны мэргэжилтэн П. В.Всесвятскийг урин ирүүлж хууль боловсруулахад оролцуулснаар-ажлын явц хурдсаж Зөвлөлтийн Үндсэн хуулийн хувьсгалт үзэл санаа Үндсэн хуулийн заалтуудад гүнзгий туссан даа.

Улсын анхдугаар их хурал ЗХУ-ын 1918 оны Үндсэн хуулийг загвар болгосон хуулийн төслийг 1924 оны арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

-Анхдугаар Үндсэн хууль хэчнээн зүйл, заалт, ямархуу цар хүрээтэйгээр батлагдаж байсан бэ?

-Анхны Үндсэн xyyль зургаан бүлэг 50 зүйлтэй. Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг УИХ-д мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална гэсэн заалтыг тодотгоё л доо. Да жунтан гэж Ерөнхийлөгчийг хэлж байна л даа.

Энэ үеэс монголчууд төрийн тэргүүнгүй, Засгийн удирдлага эрх баригч нэг намын бодлого шийдвэрийн дор үйл ажиллагаа явуулдаг болсон юм. Нам бол хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Зүүнтний алдаа нугалаатай үйл ажиллагааны дараа МАХН-ын нэр хүнд буурч Засгийн тэргүүний үүрэг нөлөө нэмэгдсэн. П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан зэрэг Ерөнхий сайдуудын нэр түүхэнд тод үлдсэний учир үүнд оршдог.

Намын үүрэг хоёрдугаар эгнээд орсон гэсэн үг. Ю.Цэдэнбал даргын үед 1950-иад оны сүүл үеэс МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг нөлөө өсөж 1960 оны гуравдугаар Үндсэн хуульд төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн гэж хуульчилсан шүүдээ.

Дараа нь Ю.Цэдэнбал дарга АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болсноор нэг хүний гарт эрх мэдэл төвлөрсөн. Монголчуудын нэг онцлог бий, тодорхой удирдлага, манлайлагчийг дагаж нэгддэг. Манлайлагчийн хүч нөлөө нь сулрахаар бутарч салдаг, хагарч талцдаг.

Анхдугаар Үндсэн хуулинд Да жунтангүй гэж онцлон заасан, дараа нь Богдын хойд дүрийг тодруулахыг хориглосон нь Монголын нэгдлийг л сулруулах гэсэн харийн бодлого юм.

-Хөрш орнууд энэхүү үйл явдалд ямар байр суурьтай хандаж байсан бол?

-Мэдээж хэрэг урд хөрш эсэргүүцсэн. Монголчууд Үндсэн хуулиа яаравчлан баталсны цаана нэг учир бий.

Энэ нь Хятад, ЗХУ-ын хооронд Монголын талын олон удаагийн хүсэлт шаардлагыг үл хэрэгсэж, 1924 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан ЗСБНХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрийн тавдугаар зүйлд, ЗСБНХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж заасан юм.

Үүнийг эсэргүүцэн манай зүгээс хийсэн улс төрийн нэг акц бол Үндсэн хууль баталсан явдал юм гэж хэлж болно. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм.

-Та энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхий сайдын эрх хэмжээ нэмэгдэж. аливаа үйлдлийн хариуцлага, ял гавьяа хоёр нэг хүн дээр очиж байгаа нь саяын нэмэлт, өөрчлөлтийн сүнс нь болж байна уу даа. Яг манай улсын өнөөгийн нөхцөл байдалд, үндэстний болон газар нутгийн онцлог, нүүдэл суурьшил иргэншлүүдийн ялгаа онцлогийг харгалзсан үндэсний онцлогтой улс орон байя гэвэл хоёр танхимт парламент зохимжтой гэж боддог.

Одоогийн 76 гишүүнтэй нэг танхимт парламент бол манай нөхцөлд биш байна гэдгийг өнгөрсөн он жилүүд харууллаа. 1949 онд Үндсэн хуулинд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн системд өөрчлөлт оруулсан. Энэ бол манай түүхийн онцлох ёстой үйл явдлын нэг гэж би боддог. Үүгээр 2,500 хүн тутмаас нэг нь төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөөр сонгогддог болсон юм.

Агуулга нь их зөв. АИХ 400 гаруй төлөөлөгчөөс бүрдэж байлаа. Манай газар нутаг бол байгалийн олон бүсэд оршдог, түүнийгээ дагаад ард олных нь амьжиргааны хэв байдал сэтгэлгээ нь хүртэл янз бүр. Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг хоёр бол тэс ондоо шүү дээ.

Дуулдаг дууных нь ая, үг хүртэл өөр, малладаг мал ахуй нь хүртэл өөр. Тэгэхээр төрийн бодлого үүнийг харгалзах ёстой биз дээ. Үүнийг л бодолцож байж тэр үед. Харин одоогийн мажоритар системээр сонгогдож байгаа нэг танхимт парламентын 76 гишүүд бол энэ шаардлагыг хангахгүй байгаа юм.

76 гэсэн тоондоо захируулж сонгууль явагдах тойрог байгуулж байгаа нь Монголын онцлогийг харгалзахгүй болгочихож байгаа юм. Хот суурин газрын төлөөллийн тоо, хөдөө орон нутгийн төлөөллийн тоо өөр өөр байх, сонгуулийн холимог болон мажоритар системийг оновчтой хослуулсан сонгуулийн системтэй байх шаардлагатай юм.

Парламентад төлөөллийн энэ онцлог тусч байх ёстой. Ингэхийн тулд хоёр танхимт парламент манайд илүү тохиромжтой болов уу гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *