Өнгөрөгч амралтын өдөр Даллас Маверикс нутагтаа Кливлендийг хүлээн авч тоглоход Техасын багийн холбогч Лука Дончич гучин оноо, 14 амжилттай дамжуулалт өгснөөр НБА-гийн түүхэнд гурван тоглолт дараалан гучаас дээш оноо, арваас дээш дамжуулалт өгсөн хамгийн залуу тоглогч хэмээн зарлууллаа. Өдгөө хорин настай энэхүү словен залуу ноднин жил драфтын гурваар шалгаран Даллас Маверикс багт элссэн даруйдаа бүхний анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тэр жилээ шууд шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж хоёр дахь жилдээ Леброн Жэймс, Жэймс Харден зэрэг томчуултай талбайд үзүүлж байгаа амжилтаараа эн зэрэгцэн үзэлцэж буй Лука Дончичын талаар цухас танилцуулах цаг нь болжээ.
Словен улсын Люблян хотод хорин жилийн өмнө серб сагсан бөмбөгч Саша Дончич, Словены хөнгөн атлетикч Мириам Потербины гэр бүлд нэгэн хүү төрсөн нь Лука байлаа. Зарим хэвлэлд бичихдээ Лукаг гуравхан сартай байх үеэс л ээж нь сагсан бөмбөгийн заал руу аавынх нь тоглолтыг үзэх гээд дагуулж явдаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, хүү шаргал бөмбөг хөөхөөс өөр хувь тавилан байхгүй байсан бололтой. 2008 онд эцэг эх нь салж хүү эхтэйгээ үлдсэн ч сагсан бөмбөг хэдийнэ түүний амьдралд гүн шигдчихсэн байв. Долоон наснаасаа сагсан бөмбөгийн анхан шатны сургуульд нас илүү хүүхдүүдтэй хамт суралцаж дараа жилээс нь 11-тэй хүүхдүүдийн ангид тоглуулж байсан гэхээр хар багаасаа вундеркинд гэж нэрлүүлэх ёстой байж.
2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд тэр 16 настайдаа Испаний “Реал” багт элсэн орж уг багийн өмсгөлтэй талбайд гарсан хамгийн залуу тоглогч хэмээн нэрлүүллээ. Лука гэхдээ зүгээр нэг сандал эзэлж ээлжээ хүлээсэн залуу байсангүй, нэртэй багийн зүстэй холбогч нь болж шууд л өөрийгөө танилцуулж эхэлсэн юм.
Европ тивд НБА-гийн дараа нэр хүндээрээ бичигддэг Евролиг хэмээх тэмцээн бий. “Реал”-д хоёр жил гаран тоглосны дараа Лука Дончич уг тэмцээний аваргаар тодрон финалийн тоглолтын MYP болсон. Тэгээд Европ тив “жижигдсэн” тул тэр жилээ өөрийн нэрийг НБА-гийн драфтад дэвшүүлэхийг зөвшөөрчээ.
Уг нь 2018 оны драфтын гурваар түүнийг Атланта Хоукс сонгосон юм шүү дээ. Гэхдээ драфтын түүхэнд азын сугалаагаа ашиггүй наймаа хийн алдсан түмэн тохиолдол байдгийг санацгаая. Атланта Хоукс тэр замаар гүйж түүнийг сугалаа явагдсан өдрөө Трэй Янгаар сольж Даллас Маверикст өгснөөр сагсан бөмбөгийн талбайн гурван байрлалд эн тэнцүүхэн тоглож чадах гайхалтай залууг алдсан бөлгөө. Лука Дончич 201 сантиметрийн өндөртэй 105 кг жинтэй агаад холбогчоос гадна довтлох чиглэлийн хамгаалагч тэр бүү хэл хөнгөн довтлогчын байрлалд хүртэл тоглочихдог, талбай сайн харж тоглолт уншихдаа сайн, хол ойрын бүх зайнаас довтолдог, Порзингис тэдний багт ирснээс хойш хослол үүсгэн оновчтой дамжуулалтын хувь нь асар дээшилсэн гээд магтах юм олон бий. Ер нь сүүлийн үед энэхүү цагаан арьст залууг НБА тойрсон элдэв мэргэжилтнүүд баруун солгойгүй магтаж буй нь яалт ч үгүй амьдралаас ургаж буй бодит үйл буюу. Ганц нэг жишээг нь харъя л даа.
Алдрын танхимын гишүүн Трэйси Макгрэйди The Jump нэвтрүүлэгт оролцохдоо “Стефен Карри гэмтэлтэй, Кайри Ирвинг бас гэмтлээсээ бүрэн илаашраагүй, Уэстбрук хуучин формондоо ороогүй байгаа өнөө үед Лука Дончичийг яг энэ цаг хугацаанд сагсан бөмбөгийн талбай дахь шилдэг холбогч гэж хэлнэ” гэсэн бол цаашлаад “хаан” Леброн Жэймс “энэ хүү ямар хурдан чангарчихав аа, солиотой бацаан” гэж магтсан. Мэдээж Далласын дасгалжуулагч Карлайл яаж чимээгүй байхав, “Лука энэ чигээрээ тоглоод байвал улирлын эцэст шилдэг тоглогчийн шагналын төлөө өрсөлдөх бодит гишүүн байх болно” хэмээн санаагаа хэлсэн байх.
НБА-д хөл тавьж буй залуучууд байг гэхдээ хоёр гурван жил хатуу ширүүн өрсөлдөөний тогоонд зөв чанагдах гэж хугацаа алдан туршлага хуримтлуулдаг бол Лука Дончич Европтоо тэр зовлонг үзээд хатуучихсан хойноо, өөрөөр хэлбэл “хал үзэж халуун чулуу долоочихсон хашир цэрэг” НБА-д хөл тавьсан нь давуу тал нь гэж бичих хүмүүс байдаг юм билээ.
Улирал эхэлснээс хойших сар гаруйн хугацаанд таван удаа трибл-дабль хийж, бусад багуудыг бодох нь ээ тийм ч олон мэргэн буучидтай баг биш гэхэд Даллас Мавериксыг олон оноо авдаг багуудын жагсаалтад хоёрт бичигдтэл чирч яваа энэ словен залууг НБА-гийн шинэ үеийн тэргүүлэгч нь, ирээдүйн шилдэг од нь гэж ярих болжээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ