УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.
-Олон жил яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Их хурал баталлаа. Нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ 100 хувийн саналаар баталлаа. Мниий хувьд шүүх засаглалтай холбоотой 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг түлхүү дэмжсэн.
Монгол Улсад өнөөдөр хамгийн чухал асуудал бол шүүх засаглалын шударга бус байдал. Ус агаар мэт дутагдаж байгаа зүйл шударга ёс мөн үү гэвэл мөн. Шударга ёсыг хуулийн байгууллага л тогтооно. Ялангуяа шүүхийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Нэмэлт, өөрчлөлтөд Шүүх засаглалтай холбоотой гурван заалт дэмжигдсэн.
Монгол Улсын шүүх засаглалыг сайжруулахад нэлээд ололттой заалтууд орсон. Шүүгчтэй холбоотой томилгооны талаар шүүгчийг өөрчлөх, чөлөөлөх, огцруулах хариуцлага тооцох асуудлуудыг ШЕЗ, Шүүхийн сахилгын хороогоор зохицуулахаар нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа. Дээр нь тойргийн шүүх байгуулах заалт тусгагдлаа. Үндсэн хууль батлагдсанаар 30 гаруй органик хуулийг өөрчилнө. Эдгээр органик хуулиар Үндсэн хуульд орсон Шүүх засаглалын гурван заалт дээр нэмээд цаашид сайжруулаад явна гэж ойлгож байгаа. Үндсэн хуульд ард түмэнд ээлтэй олон зүйл заалт орсон. Энд аливаа нэг албан тушаалтан, эрх мэдэлтэнтэй холбоотой тэр хүмүүсийн эрх ашгийг хөндсөн, эрх мэдлийг дээшлүүлсэн заалт ороогүй. Хамгийн чухал нь байгалийн баялгийг үр дүнтэй ашиглаж, ялангуяа стратегийн ордуудыг зөв зохистой ашиглаж, ирээдүй хойч үедээ Баялгийн сан байгуулах ёстой. Баялгийн сангийн өгөөж, хуримтлалыг дээшлүүлбэл ирээдүй хойч үедээ өв хөрөнгө өвлүүлэх томоохон өөрчлөлт орсон.
-Гишүүдэд хариуцлага тооцдог асуудал тодорхой хэмжээнд тусгагдсан гэж ойлгох уу?
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой заалтууд орсон. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан тохиолдолд эргүүлэн татдаг байсан бол одоо Үндсэн хууль зөрчих юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэсэн зүйл орсон. Үндсэн хууль өргөн хүрээтэй ойлголт. Нийгмийн зөвшилцлийн хүрээнд бий болдог. Бидний тулгуур бичиг баримт. Түүнчлэн УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх үүднээс чуулганы хуралдаан 50 хоног хуралддаг байсныг ажлын 75 хоног болгож өөрчилсөн. Энэ заалт нь дордохын долоо гэдэг өөрчлөлтийг зассан нэг хувилбар. Мөн гол, гол хуулиудыг Их хурлын гишүүдийн олонх нь зөвшөөрсөн тохиолдолд батлагдсан гэж тооцно гэж байгаа. Өмнө нь 21 гишүүн хууль батлах боломжтой байсан. Одоо ч ийм процесс явдаг. 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөх нэмэлт, өөрчлөлт хийсэн Үндсэн хуулиар хуулийг УИХ-ын гишүүдийн 39-өөс дээш гишүүн хууль батална гэх заалт хэрэгжинэ. Ингэснээр хуулийг цөөхөн гишүүд баталж байна, чанар муутай хууль хийж байна гэх зэрэг асуудал үүсэхгүй. 39-өөс дээш гишүүн батална гээд заачихаар нэлээд шалгуур давж байж хууль батлагдана гэсэн үг.
-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалт батлагдсан ч Их хурлын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй байхаар тусгагдсанд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд?
-Ерөнхий сайдыг хариуцлагажуулж, өгөх ёстой эрх мэдлийг нь өгч ажиллах нь зүйтэй. Мэдээж Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлнэ гэх заалт дэмжигдсэн. Гэхдээ Их хуралд танхимын гишүүдээ танилцуулна. Их хурал батлахгүй. Сайдуудыг Их хурал батлахгүй юм бол Их хуралд тангараг өргүүлэх концепц явж байгаа.
Харин Их хурлын гишүүдийн 19 буюу түүнээс дээш гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг тавибал нийт гишүүдийн олонх 39 буюу түүнээс дээш гишүүн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж зөвшөөрөх юм бол огцорно. Мөн Ерөнхий сайд улсын хэмжээний том бодлогын талаар УИХ-д итгэл хүлээлгэх асуудал нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан. Хэрвээ энэ бодлого Их хурлын гишүүдийн олонхын саналыг авч чадахгүй бол Ерөнхий сайд огцорно гэх үзэл баримтлал туссан. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Дөрвөн Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь Засгийн газрыг Их хурлаас тусгаарлах асуудал байж болохгүй. Учир нь Их хурал Засгийн газрыг байгуулдаг. Манай улс парламентын тогтолцоотой улс. Парламент эрх мэдлийнхээ хүрээнд Засгийн газрыг ажиллуулдаг. Засгийн газарт УИХ-ын гишүүн хавсарч үүрэг гүйцэтгэж болохгүй гэхээр өнөөгийн нөхцөл байдалд улс төр, төрийн тогтолцоог бодоод үзсэн ч болохгүй. Тиймээс дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй байж болох юм гэж үзсэн. Мөн Ерөнхий сайдын өргөн барьсан төсвийг Их хурал баталдаг ч тэр эрхээрээ түрүү барьж төсөвт дур мэдэн өөрчлөлт оруулж болохгүй гэх заалт орсон.
Түүнчлэн хотуудын тухай заалтыг нэлээд ярьсан. 1992 оны Үндсэн хуулиас өмнө Дархан, Эрдэнэт хотын статустай байсан. Дагавар хотыг байгуулахгүйгээр нийслэл хотын хүн амын нягтаршлыг бууруулах боломжгүй. Гэхдээ энэ санал тогтоол маягаар дэмжигдсэн.
-Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021 оноос хэрэгжинэ гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой юу?
Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалтад Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэх заалт дэмжигдсэн. Үндсэн хуульд оруулсан нэг өөрчлөлт хууль санаачлах хүрээ хязгаарыг нь тогтоож өгсөн. Ерөнхийлөгч өөрийн хамаарах хүрээний бусад асуудлаар хууль санаачлахаа больё гэж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч дахиад нэр дэвших боломжийг нээж өгсөн. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэд рүү чиглэсэн, байгалийн баялгийн зохистой хэрэглээг хангасан, үр өгөөжийг дээшлүүлсэн, хууль шүүхийн байгууллагуудын асуудлуудыг зохицуулсан, УИХ, Засгийн газрын хариуцлагын асуудлыг төгөлдөржүүлсэн нэмэлт, өөрчлөлт боллоо гэж дүгнэж байгаа.
-Ирэх оны төсвийг сонгуульд зориулагдсан төсөв боллоо гэж байна. Нөгөө талаар тогтолцоо нь ийм байгаа учраас ямар ч аргагүй гэх зүйлс яригдаж байна. Таны тойрогт хэр хэмжээний төсөв тусгагдсан бэ?
-2020 оны төсвийг улстөржсөн, сонгуультай холбоотой төсөв гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Зарим гишүүд тийм зүйл ярьж байгаа юм шиг билээ. Тэр сум, багт иргэд амьдарч байгаа учраас тэр хүмүүсийн нийгмийн салбарын асуудал, амьдрах орчныг сайжруулах, ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг төсвөөр оруулж болохгүй ээ. Нэг талаас Монгол Улсын төсвийг шүүмжилж байгааг хүлээж авах нь зүйтэй. Улсын нэгдсэн хөгжлийн бодлого гэж байх ёстой. Тиймээс бид Үндсэн хууль дээр хөгжил төлөвлөлтийн бодлогыг эргэж оруулсан. Аливаа улс хөгжлийн бодлогоо тодорхойлж, яг тэр бодлогоороо хөгжиж явах ёстой. Бид 20 жилийн дараа хаана очих вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Нэг нам сонгуульд гараад ирэхээр өмнөх Засгийн газрын ажлыг үгүйсгэдэг бодлоготой байж болохгүй. Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхойлсон олон бичиг баримт байгаа. Засгийн газар салбарын хүрээнд нэлээд олон хэлэлцүүлэг зохион байгуулах шиг боллоо. Тайлангаа гаргаж тавиагүй байна. Эрчим хүчний салбартай холбоотой бодлогыг сонирхлоо. Эрчим хүчний дэд бүтэц, зам харгуйгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй. Хөгжлийн суурь нөхцөл нь эдгээр зүйлс. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Гаднаас авч байгаа импортыг бууруулах эрчим хүчний урьдчилсан бодлого гарсан байсан. Энэ маш зөв бодлого. Өөрийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлсэн, үйлдвэр хөгжсөн бодлого Монгол Улсад хэрэгтэй. Гэвч Монгол Улс үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барьдаггүй. Миний тойргийн төсөвт тавих ёстой зүйлүүд тусгагдсан.
-“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж чадна гэж харж байна уу?
-Их хурлаас долоон зүйл заалттай тогтоол гаргасан. Өнөөдөр Оюу толгой, Дубайн гэрээтэй асуудал Их хурлаар яригдаж байна. Оюу толгойн гэрээг цуцална гэж хэн ч яриагүй ээ. Энэ том төслийг зогсоож болохгүй. Манай эдийн засагт хэрэгтэй төсөл. Оюу толгойн гэрээг алдаа оноо байвал сайжруулъя. Дубайн гэрээн дээр асуудал байгаа гэх зүйл ярьж байгаа. УИХ-ын хоёр тогтоол гарсан байдаг. 2009 оны УИХ-ын 57 дугаар тогтоол гэж байгаа. Хэрвээ 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээд явсан бол Монголын төр 34 хувь биш 50-иас дээш хувийг эзэмшээд явах бүрэн боломжтой. Түүнчлэн 2020 оноос хойш ашгаа аваад явах ёстой. Олон хүнийг ажлын байраар хангаж, Монгол Улсад татвар төлж байгааг ойлгож байгаа. Оюу толгойн төлж байгаа татварыг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй. Их хурлын тогтоолоор Оюу толгойн 2008 онд хийсэн гэрээг сайжруулах хэрэгтэй. Их хурлын 57 дугаар тогтоолтын хэрэгжилттэй холбоотой асуудлыг эргэж харах хэрэгтэйг ярьж байгаа. Их хурал Дубайн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах хэрэгтэй гэсэн зүйл оруулж ирсэн. Дубайн гэрээг Их хурал сайжруулахгүй. Субьект нь ч биш. Хуульд нийцүүлэн сайжруулна гэж ярьж болохгүй. Гэхдээ том төсөл хэрэгжиж байгаа учраас сэтгэлийн хөөрөл, аливаа нэг үндэслэлгүй хандаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн холбогдох байгууллагууд хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Дубайн гэрээнд Монгол Улсад төлөх ёстой хэдэн тэрбум ам.доллар болоод манай улс авах ёстой үр өгөөжийн хугацаа хойшилсон. Нэгэнт Монгол Улсад ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа бол далд уурхайг явуулах шаардлагагүй. Миний хувьд Дубайн гэрээ хор хохиролтой гэж үзвэл цуцлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.