Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цолмон: 200 гаруй сая төгрөгөөр босгосон өвлийн хүлэмжүүд бий

ХААИС-ийн төв байранд өчигдөр тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо. Хүндэт профессор Л.Цэрэндоржийн нэрэмжит механик инженерийн тэнхимийн хамт олон “Жатканы зөөврийн чиргүүлийн хийц”-ээрээ уг өдөрлөгт оролцсон бол сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг авсан “Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж” докторын дараахь судалгааны багийн хамт олон шилдэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн байлаа. Энэ мэтээр тус сургуулийн профессорын багууд чиглэл чиглэлийнхээ шилдэг бүтээлүүдийг нийтэд танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


П.Цолмон: “НАРАН ХҮЛЭМЖ”-ИЙГ БАРИХАД ХЭЗЭЭ Ч ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДАГДАХГҮЙ

Өдөрлөгийн үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн дэд профессор, доктор П.Цолмонтой ярилцлаа.


-Өдөрлөгт Агроэкологийн сургууль ямар бүтээлүүдээрээ оролцож байна вэ?

-Манай сургууль профессорын олон багтай. Манай “Хөрсний мониторинг” профессорын баг маань хөрс сайжруулах тал дээр ажилладаг. Япон улсаас “Вакум-5”, “Вакум-10” гэсэн бууц, органик бордоог сайжруулж, ялзруулдаг идэвхжүүлэгч оруулж ирээд түүгээрээ олон төрлийн бордоо хийсэн. Тэр бордоонуудаа энэ үзэсгэлэн, өдөрлөг дээр танилцуулж байна. Шингэн бордоо, бууцан бордоо юм.

-“Round up” гэж бордоог манай тариаланчид, ногоочид их хэрэглэж байгаа. гэтэл үүнийг аНу-д хориглочихсон юм билээ?

-“Round up” гэдэг энэ бодис бол гербицид. Байгаль орчинд халгүй, уринш боловсруулахад хэрэглэдэг бодис байхгүй юу. Түүнээс биш бүтээгдэхүүний болцыг түргэтгэхийн тулд ашиглаж байна гэдэг маш буруу. Тэдгээр химийн бэлдмэлүүдийг хэрэглэх ёстой хугацаа гэж бий. Цацсанаас хэд хоног, хичнээн сарын дараа уусан сарнидаг вэ гэдэг нь бас янз бүр байдаг. “Round up”-ийг зориулалт нь өөр байсаар байтал болц түргэсгэхийн тулд хэрэглэж байгаа нь буруу. Хог ургамал, хортон шавьжтай тэмцэхэд зориулагдсан гербицид шүү дээ.

Энэ бүхэнд мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавьж байх ёстой. Аймаг, сумд болгонд мэргэжлийн хяналтын байгууллагын салбар байдаг. Тэд үүнд хяналт тавиад ийм зүйлийг гаргуулахгүй байх ёстой.

-50 га талбай бүхий хүлэмжинд хятадуудыг ажиллуулна гэсэн яриа гарах үеэр “монголчууд хүлэмжийн аж ахуй эрхэлж мэдэхгүй. Тэглээ ч хүлэмж барихад зардал өндөр. Өвлийн нэг хүлэмж барихад нэг тэрбум орчим төгрөг хэрэгтэй” гэсэн яриа гарсан л даа. хүлэмж барихад тийм их зардалтай байдаг юм уу?

-Ерөнхийдөө ямархуу хүлэмж барих вэ гэдгээсээ хамаарч зардал нь өөр өөр гарна. Гадны орнуудад аж үйлдвэржсэн том хүлэмжүүд бий. Тэнд 12 га-гаас дээш байж хүлэмжийн цогцолбор болдог. Манайд бол тийм боломж байхгүй. Нэг га талбай бүхий хүлэмж байгуулахад өртөг нь өндөр л дөө. Орчин үеийн шийдлээр бүрэн барихад өндөр өртөгтэй байх.

Гэхдээ хүлэмжийг өрхийн хэрэгцээндээ нийцүүлэн барих маш олон хувилбар бий. Тухайлбал, ХХААХҮЯ-наас 120 мв квадрат талбай бүхий нийлэг хальсан хүлэмжийг 50 хувь хөнгөлж өгч байгаа. Олон жил өгч байгаа. Тэр бол нэг их үнэтэй биш. Сая гаран төгрөг төлөөд л авчихдаг. Өрхийн хэмжээнд байж болох 3х6 хэмжээтэй хүлэмжийг ОХУ-аас оруулж ирж байгаа. Материал нь хамгийн сүүлийн үеийн поликарбонат. Ийм хүлэмжиндээ 15 жилийн баталгаа өгч байгаа. Шилэн хүлэмжийн хувьд томоохон үйлдвэржсэн хүлэмжүүдэд ашиглагддаг. Шил бол үнэтэй материал, хүнд, амархан хагардаг гэх мэт давуу болон сөрөг талтай. Эдгээр материалуудыг гэрэл нэвтэрдэг материал гэдэг юм. Хүлэмж нь гэрэл үл нэвтрэх, гэрэл нэвтрэх гэсэн хоёр материалаас бүрддэг. Плёнк буюу нийлэг хальс гэж байна. Нийлэг хальс нь үнээсээ хамаарч, чанар нь өөр өөр. Тухайлбал, полиэтилен гэдэг нь хамгийн хямдхан, хамгийн амархан урагддаг. Сүүлийн үеийн нийлэг хальс полиэстерүүд нь тогтворжуулсан. Зарим нийлэг хальс дээшээгээ ус чийг татаад доошоогоо ургамал, ногоон дээрээ дусаад байдаг. Тийм чийгнээс хамгаалалттай, нарны хамгаалалттай зэрэг янз бүрийн нийлэг хальс худалдаанд гарч байгаа. Тэр бүгдээс өөрийнхөө хүлэмжинд аль болох тохирохыг нь сонгох хэрэгтэй.

Нийлэг хальсаар ч бай гэрэл нэвтэрдэг материалаар хүлэмжийнхээ дээд талыг босгочихсон байхад хоёр дахь чухал зүйл бол хөрс байдаг. Хүлэмжийн хөрс буюу дэвсгэрийг нь бэлтгэхэд байгаа хөрс шороогоо сайхан шигшээд чулууг нь түүгээд хар шороо, бууц, элс хольдог. Ингэж хүлэмжийн дэвсгэрийг бий болгодог. Сүүлийн үед бидний гаргасан “Вакум-10”-аар хийсэн бууцан бордоо бол сайн бордоо. Энэ бордоог авч болно. Манай улсад шууд боловсруулчихсан бууцнууд бий.

-Хүлэмжийг жирийн иргэд хашаандаа барих боломж нь бүрэн байгаа юм байна. тэтгэврийн хоёр хөгшин 3х6 хэмжээтэй хүлэмжтэй болчихсон байхад л өөрийнхөө болон эргэн тойрныхоо айлуудын нарийн ногооны хэрэгцээг бүтэн жил хангачихаж чадах юм байна гэж ойлголоо?

-Бүрэн боломж нь байна. Материалын сонголт нь байна, бууц бордоо нь бэлэн байна.

-Тэгвэл өвлийн хүлэмжийн тухайд?

-Сүүлийн үед “Наран хүлэмж” гэж Хятад улсад маш ихээр дэлгэрч байгаа хүлэмж бий. Тийм хүлэмж манайд хэд хэд баригдчихаад байгаа. Энэ яадаг хүлэмж вэ гэхээр хоёр хажуу тал, ар талыг нь тоосго, блок ч юм уу тийм гэрэл үл нэвтрэх материалаар бариад наран талынх нь буюу урд, дээд тал нь гэрэл нэвтрэх материалаар баригддаг. Шөнөдөө хуччихна. Өдөртөө хучлагаа автоматаар дээшээ татчихдаг. Жижгэвтэр хэмжээний тийм хүлэмж барьчихвал жижгэвтэр зуух тавьчихна. Тэгээд л хоолойгоор ус гүйлгээд халаачихдаг. Энэ бол боломжийн хувилбар. Ийм хүлэмж барихад тэрбум төгрөг орохгүй шүү дээ. Хэзээ ч тийм их мөнгө шаардагдахгүй.

-Та айл өрх, аж ахуйн нэгжүүдээр явахад өвлийн хүлэмжээ хэдий хэрийн өртгөөр босгосон байх юм дээ?

-200 гаруй сая төгрөгөөр босдог юм билээ. 10х40 хэмжээтэй өвлийн хүлэмжийг 200 гаруй сая төгрөгөөр босгочихлоо гэсэн хүлэмжүүд байж л байна.

-Монголчууд төмсөө дотоодоосоо хангах хэмжээнд хүрчихлээ. Одоо бидэнд тулгарч буй хүнсний асуудал бол нарийн ногоо. Нарийн ногоог өдөр тутамдаа хэрэглэхийн ач тусыг тоочоод барамгүй биз?

-Монголчууд төмснөөс гадна сүүлийн үед сонгино, лууван, манжингаа тарьж байгаа. Хүлэмжийн үйлдвэрлэлээс гардаг нарийн ногоонууд болох лооль, хэмх, хаш, чинжүү, навчит ногоо, яншуй, майлз гэсэн ногоонууд бий. Хүнсний ногоо бүгд амин дэм, фермент, антибиотик зэрэг хүний биед сайн бодисуудыг агуулдаг. Тэр утгаараа ногоог хүнсэндээ байнга хэрэглэвэл хүний бие эрүүл байна. Өргөст хэмх хоолны дуршил нэмэгдүүлдэг. Лооль цус төлжүүлдэг гэх мэтээр ногоо бүр ач холбогдолтой.

Монголын нөхцөлд хүйтэн сэрүүний улиралд хүлэмжээс гардаг ногоонуудыг төдийлөн тариалахгүй байгаа. Дулааны зардал өндөр байдаг учраас хүндрэлтэй тал бий. Гэхдээ нэг га талбайтай “Төгс ургац” хүлэмж шинээр байгуулагдчихсан байгаа. Эднийх ид хүйтний үеэр нарийн ногоогоо тарьж, ургац хурааж аваад байгаа.

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өвлийн цагт дулаанаа цахилгаанаар шийдэх тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг үү?

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаагаа нотлоод бүртгүүлэхэд цахилгааны шөнийг тарифыг хөнгөлчихдөг болсон байна лээ.

Ингэхээр ард иргэд хүлэмж барихад ямар ч хүндрэл бэрхшээл байхгүй гэдгийг хэлье. Хүлэмжийнхээ рамыг модоор зангидаад нийлэг хальсаар бүрээд хийсэн ч болно. Хаанаас тээвэрлэгдэж ирсэн, хаана тарьсан нь тодорхойгүй тийм ногоо хэрэглэж байхын оронд өөрсдийн гараар ургуулсан ногоогоо хэрэглэвэл монголчууд бид эрүүл амьдарна гэдгийг ойлгоорой гэв.

Н.Сайханцэцэг: ИНТООР, ЧАВГА, ГҮЗЭЭЛЗГЭНЭ, ДАЛАНХАЛЬСНЫ СОРТУУДЫГ НУТАГШУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА

Өдөрлөгт интоорын арвин ургацтай, амт чанар сайтай “Махсимовская” сорт, чавганы арвин ургацтай, амт чанар сайтай “Жёлтая холти”, “Чемалская” сортуудыг сорин туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн зэрэг шилдэг ажил, бүтээлээрээ оролцсон профессорын багийг төлөөлж, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн доктор, Монгол Улсын Зөвлөх агрономич Н.Сайханцэцэг хийсэн ажлуудаа товч танилцууллаа.

-Танай багийн шилдэг бүтээлүүдийг сонирхвол?

-Юуны өмнө Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр атар газрыг эзэмшсэний 60 жилийн ойн мэндийг Монголынхоо нийт агрономичид, газар тариалан эрхэлж байгаа бүх хүмүүстээ уламжилъя. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол орон газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл, тэр дундаа жимсний аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлсээр ирсэн. Жимсний аж ахуйн салбарыг амжилттай хөгжихөд манай Монголын эрдэмтэн, судлаачид өөрсдийнхөө олон жилийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж олон сортыг нутагшуулсан. Манай профессорын баг Монгол орны бүс болгонд жимс, жимсгэнийн шинэ сортуудад судалгаа хийж, түүнийхээ үр дүнд нутагшсан сортуудыг бий болгосноороо дараагийн жаранд хийгдэх гол ажлын эхлэлийг тавьсан гэж бодож байна.

-Одоогоор ямар жимс, жимсгэнийг шинээр нутагшуулаад байна вэ?

-Манай профессорын багийн нэг гол ажил бол жимсний судалгааны ажил. Судалгааны ажлын явцад чавга, интоорын сортуудыг судалж нутагшуулах, гүзээлзгэнэ, далан хальсны сортуудыг сорьж, нутагшуулах гэсэн ийм гол таримлуудыг судлах судалгааны ажлуудыг амжилттай хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монгол Улсын сорт, сорилтын комиссоор баталгаажуулаад байна. Интоорын арвин ургацтай, амт, чанар сайтай “Махсимовская” сорт, чавганы арвин ургацтай, амт чанар сайтай “Жёлтая холти”, “Чемалская”, гүзээлзгэнийн гурван сорт, далан хальсны нэг сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн амжилттай байгаа.

-Эдгээр сортуудыг манай орны хаагуур нутагшуулаад байна вэ?

-Жимсний аж ахуйг хөгжүүлэх гол үндэслэл бол Монгол орны хөрс, цаг уурын онцлогтой салшгүй холбоотой байдаг. Дээр өгүүлсэн судалгааны ажлуудын гол үр дүнгүүд баруун, төв, зүүн, говийн бүс гээд газар тариалангийн аль ч үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа бүс нутгуудын дулааны нөөц, хангамжтай газруудад үйлдвэрлэлд нэвтэрч байгаа. Жимс гэдэг бол олон наст ургамал учир суулгацыг үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангах тал дээр бол дараагийн жаранд хийгдэх гол ажил болж байгаа юм. Бид ялангуяа яст жимсэн дээр суулгац үйлдвэрлэх ажлыг хийж байна. Чавга, том алимыг ургуулахад судлаачдын олон жилийн хөдөлмөр шингэдэг учир энэ ажил эхлэл төдий боловч таван жилийн дотор Монгол орондоо нутагшсан чавга, интоор, алим, гүзээлзгэнэ, далан хальсны шинэ сортуудынхаа суулгацыг үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

-Бид чавга, интоорны хувьд голдуу импортоор оруулж ирсэн хатаасан, чанамал маягаар нь хэрэглэж байгаа?

-Хүмүүс Монголд чавга ургадаггүй гэж ойлгоод байдаг. Чавга бол үйлдвэрлэлийн гол таримал юм. Дэлхий нийтэд алимны дараа ордог гол таримал. Манайд чавга огт ургадаггүй гэж үзэж болохгүй. Алтайн бүсийн нөхцөлд, Ховдод чавганы сортуудыг судлах судалгааны ажлыг хийсэн. Ховд аймаг, Ховдын Булган сум, Увс аймаг, Увсын Улаангом, Төвийн районд Сэлэнгийн Баруун хараа гэх мэтчилэнгийн бүс нутгуудад чавгыг тариалж, үйлдвэрлэлд нэвтрүүлчихсэн байгаа. Олон сайхан сортуудыг нутагшуулсан. Нутагшуулсан сортуудын үр дүнг нь үзэж буй газар их бий хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *