Categories
мэдээ цаг-үе

Боксын түүхийн амьд гэрч болсон “Боксын өвөө”

Баруун гараас Ж.Баатарсүрэн, шавь Мятавжанцангийн хамт

Монголын боксын амьд түүх болсон, 2020 онд 80 нас зооглох боксын спортын мастер, улсын шүүгч Жамбалын Баатарсүрэнтэй ярилцлаа. Токиогийн олимп болох дөхсөн, Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээн манай эх оронд анх удаа болох гэж байгаа энэ үед ахмад боксчин Ж.Баатарсүрэн гуайтай 70 жилийн түүхтэй Монголын боксын тухай ярилцлаа.


-Та боксод анх хэдэн онд орсон бэ. Одоо тэр үеийн ахмад боксчид хэн хэн байдаг вэ?

-Би боксын спортод 1958 онд хөл тавьсан. Монголд бокс үүсээд 10 жил болж байлаа. Боксын спортод 61 жилийг өнгөрүүллээ. Миний үеийн боксчин бүх ард түмний анхдугаар спартакиадын аварга Л.Манлайбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж, бүх ард түмний анхдугаар спартакиадын мөнгөн медальт хурандаа Д.Пүрэвжав, амжилттай тулалдаж явсан Б.Боря нартайгаа боксын 70 жилийн ойгоор уулзаж бөөн баяр хөөр болсон доо. Би анхдугаар спартакиадаас хүрэл медаль авч, 1963 онд улсын аварга болсон юм.

Энэ олон жил боксын спортод хүч сорьж, шүүгчээр ажиллаж, нэг хэсэг тэмцээнүүдийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажилладаг байлаа шүү дээ. Дараа нь боксын холбооны ахмадын эгнээнд орж ахмадын зөвлөлийн сонгуульт ажлыг олон жил хашиж явлаа. Манай боксчид намайг “Боксын өвөө” гэж дууддаг нь надад таатай байдаг.

Би энэ олон жил боксын спортод зүтгэхдээ гурван ерөнхийлөгчид хадаг барьж Монголын боксын холбооны ерөнхийлөгч болно уу гэж санал тавьж байлаа. Тэд С.Болд, Ч.Ганзориг, Бат-Эрдэнэ нар юм. Хамгийн ахмад боксчин хүнд ийм боломж олддог юм билээ.

-Боксын түүхэн хүмүүсийн тухай ярихгүй юу?

-Боксын эцэг 1921 онд Төв аймгийн Угтаалцайдамд мэндэлсэн Намсрайн Лувсандорж багш юм. 1948 онд боксын спортыг хөгжүүлэх ажлаа эхэлж боксын анхны тэмцээнийг улсын баяраар зохиож байсан түүхтэй.

Монголын боксын хоёр дахь эцэг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзот юм. Тэрээр 1963-1967 онд боксын спорт Монгол Улсад хаагдсан байсныг сэргээж чадсан алдартан. Нэрт боксчин, гавьяат дасгалжуулагч, Монголын боксыг олон улсын хэмжээнд гаргасан гавьяатан билээ. Монголын боксын ууган гавьяат, Азийн хошой аварга, Ардын багш Хайдавын Алтанхуяг маань байна. Монгол боксчдоос олон улсын тэмцээний анхны медалийг П.Ядамжав авсан. Тэрээр 1968 онд Зөвлөлт Армяны Ереван хотод социалист орнуудын НАХ байгууллагын “Динамо” нийгэмлэгүүд тэргүүн шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. 1982 онд Монгол Улсын гавьяат тамирчин Р.Отгонбаяр дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. 1988 онд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат маань Сөүлийн олимпийн их наадмаас хүрэл медаль авсан.

Өсвөрийн боксчид оролцдог “Олимпийн гараа” тэмцээн анх удаа Ардын багш Д.Бандийн санаачилгаар болж 1979 онд Н.Энхбат тус тэмцээний 54 кг-ын жинд тэргүүлж, Олимпийн гараа биелэгдэж тэмцээний аварга болсон. Улмаар Монголын боксчид Олимпоос медаль авах салхийг хагалсан даа. 1986 онд АНУ-ын Ренод болсон Дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас хоёр тамирчин орсон. Кубын алдарт боксчин дэлхийн хошой аварга, Олимпийн хүрэл медальт А.Ортаг Н.Энхбат маань Хилийн цом, Румыное алтан бүс тэмцээнүүдэд ялаад байсан. Дэлхийн аваргад гарсан тамирчид дунд Н.Энхбат ирээгүй юм байна. Би дэлхийн аварга хэмээн А.Орта зарлаж байсан түүхэй юм билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат, ОУХМ Ц.Амаржаргал хоёр дэлхийн аваргын рингэнд тулалдах эрхийг тэр үеийн МАХН-ын төв хороо баталсан боловч АНУ-д явах визний асуудлаас болж Риногийн рингэнд зодоглоогүй л дээ. Оролцсон бол Н.Энхбат дэлхийн аврга болж Сөүлийн олимпоос илүү амжилт үзүүлэх байсан болов уу гэж боксчид, боксын фенүүд одоо ч харамсаж ярьдаг л даа.

Том хэмээн алдаршсан Н.Энхбат гавьяат зах зээлийн хүнд үед боксын холбоогоо аварч Холбооны ерөнхийлөгчөөр М.Золбоотыг урьж ажиллуулж, өөрөө дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Дараа нь Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралтад хүсэлт тавьж ажиллуулан өөрөө боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр мөн л ажиллаж боксын шигшээ баг, залуучуудын ангиллын тэмцээнүүдэд тогтмол оролцох боломжийг бүрдүүлэхэд зүтгэсэн эрхэм хүн бол Олимпийн анхны медальт Н.Энхбат мөн юм шүү. Н.Энхбат маань булган сүүлтэй байж олон алдартнуудыг араасаа дагуулсан. Би бодохдоо Хөдөлмөрийн баатар цол олгочихоор хүн гэж үнэлж явдаг. Боксын 70 жилийн ойгоор Баатар болох болов уу гэж дотроо хүлээж байлаа. ОУХМ Ц.Амаржаргалыг гавьяат болох болов уу гэж горьдсон доо. Дээр нь нэмж хэлэхэд хүүхдүүдийн тэмцээнийг олон удаа хийж байж. Тэдний дундаас олимпийн аварга, мөнгө, хүрэл медальтнууд, дэлхийн аварга төрсөн түүхтэй л дээ. Ардын багш Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” МУГД Б.Олзот багшийн нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн, бусад нэрэмжит тэмцээнүүд өсвөрийн боксчдын дунд зохиогдсоор байгаа нь үр дүнгээ өгсөөр байгаа. 2008 онд олимпийн аварга авч Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба ард түмнээ баярлуулсан. Улмаар Бээжин, Лондон, Риогийн олимпоос медалийн буухиагаа таслаагүй боксын хамт олондоо баяр хүргэе дээ.

-Та боксын спортын төлөө зүтгэсэн эрхэм хүмүүсийн тухай нэрлэж ярина уу?

-XX зууны манлай дасгалжуулагч Монголын боксыг тив, дэлхийн олимпийн түвшинд гаргасан МУГД В.Батбаяр агсан. Ардын багш Д.Бандид одоо ч багшилж яваа Ардын багш Х.Алтанхуяг, МУГД Б.Мишигдорж Ардын багш Ганбат нарыгаа хэлье. Залуучуудыг нь та нар сайн мэднэ дээ. Нэг эрхэм хүнийг онцлох ёстой. Монголын нэрт эрдэмтэн, археологич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, Ази тивийн аваргын мөнгөн медальт ОУХМ Довдойн Баяр агсаныг хүндэтгэн дурсаж түүний бүтээсэн бүтээл ном, судалгаа, хүнгэнэсэн дуу хоолой боксын төлөө бүхнээ зориулсан ажил үйлийг нь дурсах нь зүйтэй. Тэр их эрдмийн ажил судалгаа, шинжилгээ, эрэл, хайгуулын зэрэгцээ боксыг судалж, амьд ном шиг ярьж сурталчилдаг хүн хаана ч байхгүй л дээ.

Монголын боксын холбооны үе үеийн ерөнхийлөгч нар Р.Зориг (1954-1957), М.Сэр-Од (1958-1963), М.Мэндсайхан (1967-1970), С.Рэнцэнхорлоо (1970-1986), С.Болд (1987-1991), Г.Зориглон, (1992-1995), М.Золбоот (1996-1997), Ж.Наранцацралт (1998-2000), Ш.Сайхансамбуу (2000-2005), Д.Цогбаатар (2005-2009), Ч.Ганзориг (2009-2012), Д.Бат-Эрдэнэ 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. Боксын холбооноос дэд ерөнхийлөгч Дархан хотын боксын товчооны дарга, Боксын “Алтан бээлий” клубийн захирал зэрэг ажлыг 30 жил шахам хийсэн. Ш.Эрдэнэ-Очир, үе үеийн дасгалжуулагч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэрийг нь тоочих аргагүй байна л даа. Эдгээр хүмүүс дундаас боксын 50 жилийн ойг маш сайхан тэмдэглэх ажлыг удирдсан холбооны ерөнхийлөгч Ж.Наранцацралт, социалист систем задарч зах зээлийн нөхцөлд улс орон орсон үед боксын төлөө зүтгэсэн “Морины шандас” ХХК-ийн захирал, Боксын холбооны ерөнхийлөгч Г.Зориглон, АИБА-д Монголын боксын нэр хүндийг өргөж, АИБА-гийн шүүгч, Ази тивийн холбооны шүүгчийн зэргийн болзлыг хэд хэдэн шүүгч биелүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн Ш.Сайхансамбуу Монголын боксын шинэ үеийн эцэг гэж нэрлэгдэхээр гавьяатай. Боксын тэмцээн болгонд биеэрээ ирж оролцдог, гайхалтай менежмэнттэй Олон улсын боксын холбооны бизнесийн зөвлөлийн гишүүн, Ази тивийн боксын холбооны удирдах зөвлөлийн болон залуучуудын комиссын гишүүн, гавьяат уурхайчин Д.Цогтбаатар ерөнхийлөгч маань 2007-2008 оны Монгол Улсын спортын холбооны шилдэг ерөнхийлөгч цолыг хүртсэн.

Бээжингийн олимпийн алт, мөнгөн медаль, Дэлхийн цомын мөнгөн медалийг өлгийдөж боксын 60 жилийн ойгоо маш сайхан тэмдэглэж боксын оргил амжилтын үед холбоогоо удирдсан алдартан юм аа.

2012 онд Лондонд болсон Олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэх үед боксын холбоог удирдсан боксын зүтгэлтэн гавьяат эдийн засагч Ч.Ганзориг, Олимпийн медалийн буухиаг таслаагүй, одоо Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа боксын 70 жилийн ойг амжилттай тэмдэглэсэн Д.Бат-Эрдэнэ, боксын зүтгэлтэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Наранхүү, дэлхийн аваргын анхны мөнгөн медальт, Ази тивийн аварга АИБА-гийн шүүгч Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын гавьяат тамирчин Р.Отгонбаяр, Москвагийн Олимпийн тавдугаар байрын шагналт, Ази тавийн аварга, АИБА-гийн шүүгч Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Батбилэг маань улс орон даяар зах зээлд шилжиж эдийн засгийн байдал хүнд үед боксын холбооны саалийн үнээ шиг байж олон сая төгрөгийг хандивлаж Д.Цогбаатар ерөнхийлөгчийн зөвлөхөөр 2005-2009 онд ажилласан түүхтэй. Ийм зүтгэлтэн алдартнууд олон байдгыг одоогийн залуу тамирчид мэдэж байх нь зүйтэй.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Ази тивийн аварга, Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2005 оноос ажиллаж Олимпийн оргил амжилт гаргахад оролцсон МУГТ Т.Үйтүмэн. Бээжингийн олимп шүүсэн С.Баясгалан. АИБА-гийн шүүгч Ц.Нандигжав. 2018 оноос “Бөртэ чоно” шагналаар шилдэг нарийн бичгийн даргаар шалгарсан, одоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Ц.Батнасан. Монгол Улсын ардын багш Б.Ганбат, МУГД, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Г.Оюунболд. МУГД Д.Батмөнх, МУГД А.Гантулга, Шигшээ багийн дасгалжуулагч агсан М.Мөнхжаргал, эрдэмтэн, спортын мастер С.Батболд, хөдөлмөрийн дасгалжуулагч Б.Биндэръяа, Алдарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч агсан Д.Ганболд, Жек хэмээн алдаршсан Д.Энхбат нарыгаа нэрлэхэд сайхан байна аа. Нэрийг нь хэлж амжаагүй олон хүмүүс байгаа шүү. Уучлаарай гэж тэдэндээ хэлье дээ.

-Боксын холбоонд ямар менежмэнт хийх хэрэгтэй гэж та бодож байна?

-Энэ асуултыг сонсоод Монголын боксод нэг сайхан менежмэнт хийсэн хүмүүсийг нэрлэж яримаар санагдлаа. Энэ бол үндсэндээ энэ асуултын хариулт болох байх аа. Дээр нэрлэсэн боксын нэрт зүтгэлтэн Довдой партизаны хүү, одоо тэнгэрт байгаа Баяр маань ахалж, МУГТ Г.Батбилэг, боксын спортын мастер, шилдэг шүүгчдийн нэг, тайлбарлагч, нөхөрсөг шог зураач Д.Сүхбаатар гурав энэ ажлыг ёстой л сэтгэл зүрхээрээ хийсэн дээ. Спортын мастер Раднаагийн Лхагваа боксын холбооны ерөнхийлөгчөөр Д.Цогтбаатарын нэрийг дэвшүүлж энэ ажилд идэвхтэй үргэлж оролцсон. Түүхийн шинжлэх ухааны гавьяат ажилтан ОУХМ Д.Баяр, Г.Батбилэг, спортын мастер Д.Сүхбаатар, Р.Лхагваа нар энэхүү менежмэнтээр юу хийхээ Д.Батмөнх бид хоёртой зөвлөж сар гаруй ажиллаж 2015 оны тавдугаар сарын 14-нд Монголын боксын ээлжит бус бага хурал болж холбооны ерөнхийлөгчөөр Д.Цогбаатар, ЕНБД-аар Т.Үйтүмэнг сонгосон. Дараа нь боксын шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ардын багш Д.Бандийг тэр үеийн удирдлага Ч.Наранбаатар гавьяатын дэмжлэгтэйгээр сонгож 2007 онд анх удаа Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан. Боксын 60 жилийн ойгоо олон жил дуншсан Олимпийн алт, мөнгөн медалиар мялааж тэмдэглэцгээсэн. Энэ их амжилт бол тухайн үеийн хэдхэн хүний хийсэн ажил биш, 60 жилийн турш боксоо хөгжүүлэхээр зүтгэсэн боксын үе үеийн хамт олон, боксын спортыг дэмжиж ирсэн ивээн тэтгэгч зүтгэлтнүүдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн байсан. Тэр үеийн менежмэнт нь боксын холбооны аппаратыг хүчирхэгжүүлж, ерөнхийлөгч Д.Цогтбаатар холбоогоо нягт нямбай удирдаж хамт олныхоо гүнд орж санаачилгатай ажилласан. Боксчид бид ивээн тэтгэгч нарын эрэлд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн. Боксын хамт олон, залуучууд, ахмад боксчид ер нь л бүгд нэг хүн шиг болцгоосон доо. Боксыг ивээн тэтгэх сэтгэлтэй тэр үеийнх шиг олноороо байгаа нь яалтай.

Боксын спортод элэгтэй ивээн тэтгэгч нартаа боксын хамт олныхоо өмнөөс боксын өвөө нь гялайж явдгаа хэлье дээ.Токиогийн олимп хаяанд ирсэн энэ үед медалийн буухиагаа үргэлжлүүлэх эрхэм үүргийг биелүүлэх ажлыг боксын хамт олон маань, боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн удирдлага дор боксын спортын дэмжигч зүтгэлтнүүд, ивээн тэтгэгч нарын дэмжлэгтэйгээр хийж байна. Ялангуяа боксын холбооны удирдах зөвлөл, аппарат, ажлаа маш нарийн төлөвлөж, 70 жилийн баялаг туршлагадаа тулгуурлан, мэргэжлийн хүмүүстэй хамтарч байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлэг физиологийн албатай нягт ажиллаж, орчин үеийн ололт амжилтуудаас суралцаж, их юм уншиж судалж ахмадуудынхаа зөвлөгөөг сонсож, гурван үеийн холбоосыг зөв зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна. Ард түмэн маань сэтгэл зүрхээрээ дэмжиж, сэв хийтэл сүүгээ өргөж, Монгол боксчин рингэний буланд “Монголия” гэж дуудуулан гарахад хамт гарах шиг болж оновчтой довтлоход нь уухайлж, оногдох үед нь хамт бултаж байдаг шүү дээ. Монгол боксчдын алдар бадраг, нударга нь оновчтой хүчтэй байг.

-Ерөөл бат сайхан оршиг, танд урт нас, эрүүл энхийг хүсэн ерөөе

Ярилцсан Д.СҮХБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *