Categories
мэдээ цаг-үе

Газар, усны амьдралтай СОЛОНГО

Солонго буюу үен нь махилзсан урт нарийхан биетэй, богинохон хөлтэй, улаан шаргал зүстэй, нүхэнд хоргодож, шавьжаар хооллодог үслэг амьтан юм.

Үен буюу солонго нь Арктикийн бүс, Еврази, Хойд Америк, Скандинави, Альпийн нуруу, Грек, Болгар, Турк, Дундад Ази, Иран, Афганистан, Монгол, Сибирь, зүүн хойд Хятад, Солонгос, Японы хойд нутгуудад тааралдана.

Үен дэлхийн умард хүйтэн бүсээс, халуун орны ой хүртэл байгалийн аль ч бүсэд нутагладаг газрын амьтан агаад Монгол оронд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн орчим Монгол Алтайн баруун хойд хэсэгт тархсан байдаг. Манай орны ой мод, хад асгатай газар ихэвчлэн амьдардаг. Үенг модны, солонго, цагаахан, хотны, өмхий, усны үен гэх мэтчилэнгээр амьдарч буй бүс нутгийн өвөрмөц онцлогоор нь өөр өөрөөр нэрлэдэг. Үенгийн эрэгчин нь 22-29 см, сүүл нь 11-15 cм, биеийн жин нь 217-350 грамм. Эмэгчин нь 22 -25 cм, сүүл нь 9-12 см, 122-220 грамм жинтэй. Уулын үен хавар, намарт үс нь гуужин солигддог. Өвлийн улиралд гүн шардуу, бор нуруу, цайвар шар хоолой, хэвлийтэй. Толгойн орой, чих нь бор саарал өнгөтэй байдаг бол зуны дэлгэр цагт саарал, бор саарал өнгөтэй болох ба цайвар шардуу өнгө холилдсон байдаг. Солонгын нэрийг латинаар Mustela erminea гэдэг. Зарим тохиолдолд эрэгчингийн биеийн урт 38 сантиметрт хүрэх нь бий.

Өглөө, өдөр, орой идшээ хайдаг боловч ихэвчлэн шөнөөр анд гардаг. Ихэнх тохиолдолд оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог суусрын төрлийн амьтан бөгөөд зарим төрлийн үр жимс, жимсгэнэ, хушны самар иддэг. Үндсэн хоол нь загас, мэлхий, шувууны өндөг, оготно.

Үен модонд авирч, усанд сайн сэлдэг. Газар, усны амьдралд ихээр зохицсон амьтан юм. Голдуу мэрэгч амьтны нүхэнд нуугдаж, хоргодно. Заримдаа хадны ангалд орогнох нь ч бий.

Солонго бүлээрээ амьдардаггүй. Үр төлийг нь бүсрэг, сөдгий гэнэ.

Нас бие гүйцсэнийг нь эрэгчин, эмэгчин үен гэж нэрлэдэг. Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээсний дараа 7-8 бүсрэг төрүүлнэ. Бүсрэг 15-20 хоногийн дараа нүдээ нээх бөгөөд хоёр нас хүрээд үржилд ордог. Солонго нь ан агнуурын хувьд ашигтай амьтан биш учир Монголд цөөн агнадаг ангийн тоонд орно.

Бэлчээрийн өвс, ургамал хороодог жижиг мэрэгчдийн тоо толгойг хязгаарладаг тустай бөгөөд Шинэ Зеландад чандганы өсөлтийг хянах зорилгоор үенг нутагшуулсан нь амжилттай болжээ.

Сүүлийн жилүүдэд үенгийн тоо толгой хорогдох болсон гол шалтгаан нь хоол хүнс болох үлийн цагаан оготно, жирх, огдойг химийн бодисоор ихээр устгаж буйтай холбоотой. Гэнэтийн аюул учрахад үен бутанд авирч, хол харайж, усанд сэлэх зэргээр амиа хамгаалдаг. Бие биедээ исгэрч буй мэт авиагаар дохио өгч сэрэмжлүүлнэ. Усанд сайн сэлж, хурдан гүйдэг учраас аюул тохиолдоход ямар ч байсан өөрийнхөө амийг аваад гарчихдаг шалмаг амьтан. Үен ойт хээр, уулын хэцээр голдуу амьдардаг бөгөөд өндөр уулын тагийн асга, хадаар элбэг тохиолдоно. Монгол Улсын Амьтны тухай хуулиар “Булга, хадны суусар, илбэнх, шилүүс, нохой зээх, шар үнэг, хярс үнэг, бараан хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул мий, хотны үен, цагаан үен, чандага туулай, бор туулайг жил бүрийн хоёрдугаар сарын 11-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл агнах, барихыг хориглосон байдаг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *