“Сургуулийн автобус” төслийг өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2,900 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.
Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа юм. Иймээс тус ажлыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа 09.00 цагт “Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэл технологийн газар болон нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд оролцсон шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.
Мөн тус хурлаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн М.Эрдэнэжаргал даргаар ахлуулан ажлын хэсэг 14 хоногт 1 удаа тогтмол хуралдаж байх, холбогдох ЕБС-иудаас мэдээлэл авч ажиллаж байхыг үүрэг болгов.