Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж, нийслэл хот 173 хороотой боллоо.
ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа “Хороодуудын ачаалал их болсон. Хувааж буй хороодын тоо бага байна, цаашид нэмэх боломж бий юу” гэх асуултанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Дүүргүүдээс ч мөн хороодыг хуваах саналууд ирсээр байгаа. Бид энэ талаар судлан үзэж хүн амын нягтрал их дээрхи 4 хороог нэн тэргүүнд хуваахаар шийдвэрлэсэн” гэв.