Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ХХ зууны Манлай эрдэмтэн Б.Чадраа агсны 80 насны ой энэ жил тохиож байгаа билээ. ШУА-ийн Физик, математик, химийн салбарын Бага чуулганы дарга, академич Д.Сангаа, доктор Г.Пүрэвдорж нартай уулзаж, Б.Чадраа агсны ажил, амьдралын талаар ярилцлаа.
-Б.Чадраа гуай 1996 онд “Хөдөөгийнхнийгөө гэрэл, цахилгаан, телевизортой болгож хүн шиг амьдруулж, ертөнцийг ядаж харуулах юм сан гэж оролддог тал бий” гэж намтартаа бичсэн байдаг. Үүнээс түүний чин хүсэл юу байсан нь харагдаж байна?
-Б.Чадраа гуай бол Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр тус бүр гурван удаа сонгогдож, академид 21 жил ажилласан нэртэй эрдэмтэн хүн байсан. Эрдэмтнээс гадна төр нийгмийн зүтгэлтэн байлаа. Түүний 80 насны ойд зориулж “Академич Баатарын Чадраа”, “Академич Баатарын Чадраа ба шинжлэх ухаан” гэсэн хос боть гарч байгаа. “Академич Баатарын Чадраа” намтар үйл ажиллагаа, дурсамжийн тухай өгүүлсэн номонд Б.Чадраа гуайн хийж явсан ажил амьдрал, өөрөө бичиж үлдээсэн дурсамжийн номыг нь оруулсан. Яагаад ийм баримтат номыг гаргах болов гэхээр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай санаачлаад академичдынхаа архивыг бүрдүүлж, Улсын төв архивт түүх болгон хадгалуулъя гэсэн ийм ажил явж байгаа юм. Бид үүний хүрээнд болоод Б.Чадраа гуайн 80 насны ойг тохиолдуулаад түүхэн баримтат ном хэвлүүлсэн. Б.Чадраа гуайн үйл амьдралыг есөн зүйлээр гаргасан.
-Есөн зүйл гэж Б.Чадраа гуайн Монголын шинжлэх ухаанд оруулсан есөн чухал хувь нэмэр, тод мөрийг хэлж байна уу?
-Тод есөн зам мөр. Олон юм байгаа л даа. Тэрэн дундаас шигшиж шигшиж “Есөн зам мөр байна” гэж үзсэн. Энэ нь Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны хөгжил, дэвшил таны эхэнд асуусан асуултад хариулт болох зүйлүүдийг бүтээжээ гэж үзэж байгаа юм. Есөн салбараар ангилсан. Нэгдүгээрт, цөмийн шинжилгээний судалгаа хийсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Шинжлэх ухааны академийг хөгжүүлэх, монгол эрдэмтдийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Гуравдугаарт, Физик, технологийн хүрээлэнг хөгжүүлсэн. Дөрөвдүгээрт, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, хөдөөг цахилгаанжуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Улаанбаатар их сургуулийг байгуулсан, Сансар судлалыг хөгжүүлсэн. Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн ажлыг голлон зохион байгуулж, удирдан явуулсан хүмүүсийнх нь нэг Б.Чадраа гуай. Түүнчлэн УИХ-д сонгогдон ажиллахдаа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх тал дээр их зүйлийг хийсэн. Бас маш олон үйлдвэрүүдийг байгуулсан байдаг юм. “Монмар” компани, “Монел” үйлдвэр, эрдэм шинжилгээ, багаж төхөөрөмжийн үйлдвэрүүдийг би болгосон гээд маш олон ажлыг хийж байсан хүн юм билээ. Энэ бүгдийг бид нар энэ номонд оруулсан. Удаах номыг нь академич Р.Тогоо гуай бичсэн. Энэ ном нь “Академич Баатарын Чадраа ба шинжлэх ухаан” (Эрдэм судлалын дээжис) гэсэн нэртэй.
-Б.Чадраа гуай 1939 онд Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн юм билээ. Шинжлэх ухааны ажилтан болох гараагаа хэрхэн эхэлж байсан юм бол оо?
-Академич Б.Чадраа 1939 оны гуравдугаар сарын 4-нд Архангай аймгийн Тариат сумын Алтаадын голын эхэнд Ороохын рашаан гэж бий, тэрний хажууд гурван саглагар модны дэргэд төрсөн гэж энэ номонд нь бий. Эцэг эхийнхээ гар дээр өсч торниод сургууль соёлын мөр хөөж, эрдмийн сургуулиудыг дамжсаар эгэл малчны хүү 1963 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг Цөмийн физикч мэргэжлээр төгсч ирсэн. Физикч мэргэжлээр төгсч ирээд ШУА-д ажиллаж эхэлсэн. Тэгээд л Физик, технологийн хүрээлэнгээс эхлүүлээд шинжлэх ухааны байгууллагуудад ажиллаж дээр дурдсан ажлуудыг хийсэн байдаг юм.
-Хөдөөг цахилгаанжуулсан гэхээр хэдэн оны үйл явдлыг яриад байна вэ?
-1980-аад оны сүүл 1990-ээд оны эхэн үе л дээ. Тэр үед хөдөөгийн малчид гэрэл чийдэнгүй байсан. “Хонда” мотороор цахилгаанжуулах гээд бараагүй юм. Бензин, тос нь дийлдэхгүй байлаа. Тэгээд Б.Чадраа гуай сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эрчим хүчийг ашиглая гээд анхны туршилт, судалгааг хийж шавь нараа бэлтгээд манлайлж явсаар байгаад өнөөдөр гэхэд Монголын бүх малчин цахилгаантай болсон. Энэ бол Б.Чадраа гуайн эхлүүлсэн ажлын гавьяа. Энэ бол гайхамшигтай ажил. Б.Чадраа гуай энэ ажлыг манлайлан зохион байгуулж оролцоод шинжлэх ухааны үндэслэлийг нь гаргаж тавиад, үүн дээр төр засгаас дэмжсэн.
-Сансар судлалын салбарт ч Б.Чадраа гуайн оруулсан хувь нэмэр их. Тэрээр Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх Улсын комиссын орлогч даргаар ажилласан байжээ?
-Шинжлэх ухааны талаас нь удирдагч маягаар оролцож байсан. Тэр үед Б.Чадраа гуай ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монголын шилдэг залуу инженерүүд, эрдэмтдээс бүрдсэн баг байгуулсан байдаг. Судалгаа хийж, хоёр хүнийг сансарт нисгэхээр бэлдэж, нэгийг нь нисгэсэн. Түүний зэрэгцээ эмнэлэг, биологийн туршилтууд, сансрын цацрагийн туршилтуудыг ч хийж байсан. Тэр ажилд оролцож байсан залуус өнөөдөр том том эрдэмтэд болцгоосон.
-Та бүхэн Б.Чадраа гуайтай ойр дотно нөхөрлөж, нэг салбарт ажиллаж ирсэн хүмүүс. Тэрээр хувь хүний хувьд ямар онцлог зан чанартай хүн байсан бэ?
-Бид сая энэ хоёр номыг бичиж байхдаа “Б.Чадраа гуай энэ олон ажлыг яаж хийж чадав аа” гэж ярьсан л даа. Б.Чадраа гуай шинжлэх ухаанаар зэвсэглэсэн хүн байсан юм байна. Шинжлэх ухаанаар зэвсэглэсэн учраас асуудлын мөн чанарыг эрдэмтэн судлаачид болоод төр засаг, хэрэглэгч, малчид гэх мэт бүхий л шатанд зөв таниулж, ойлгуулж чадаж явсан учраас энэ олон ажлыг хийж чаджээ. Нөгөө талдаа шинжлэх ухаанаар зэвсэглэснийхээ хүчинд “Хөдөөгийнхнийгөө гэрэл, цахилгаан, телевизортой болгож хүн шиг амьдруулж, ертөнцийг ядаж харуулах юм сан гэж оролддог тал бий” гэж асуудал бүрт анхаарч, тэрнийхээ хойноос уйгагүй хөөцөлдөөд асуудлыг шийдвэрлүүлж чаддаг хүн байжээ. Ямар ч түвшинд шийдвэрлүүлж чаддаг байсан. Мөн өөрөө асуудлыг шийдвэрлэдэг хүн байж л дээ. Энэ хоёр юм нийлэхдээ монгол хэлээр бол элдүүр нь ханасан сур гэдэг юм уу, цоглог, цог зальтай ийм хүн байсан. Тийм л байж энэ олон ажлыг хийнэ шүү дээ.
-Ойн хүрээнд нь өөр ямар ажил зохиогдох вэ?
-Өнөөдөр ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд дурсгалын самбар байрлуулах, нэрэмжит танхим нээх, хүндэтгэлийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан болно. Маргааш хос ботийн нээлт ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркт тус тус болно. Тэнд Б.Чадраа гуайн үйл амьдралыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдэж, кино гарна. Энэ сард чинь Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиодог. Тэр ч утгаараа Монголын нэртэй эрдэмтний 80 насны ойг түүний хамтран зүтгэгчид, гэр бүл нь, шавь нар нь тэмдэглэж байгаа юм.
-Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг бол сансарт нисэх дайны л чухал үйл явдал байлаа. “Монел”-ийн зурагт гарч ирэхэд бүгд баярлаж байсан даг?
-Б.Чадраа гуайтай хамт УИХ-ын сонгуулийнх нь сурталчилгааны ажилд явж байлаа. Нутагтаа өрсөлдсөн юм. Тэгээд би тэр хүний намтар, хийсэн ажлыг эмхэтгээд Б.Чадраа гэж энэ хүн юу хийв ээ гэдгийг тоймлож бичээд өөрт нь харуулах шаардлагатай боллоо. Тэгээд би судалсан чинь энэ хүн дөрвөн зүйлийг яалт ч үгүй эх орныхоо өмнө, хөдөөгийн ард түмэнд хийж өгчээ гэж бодогдсон. Тэгээд сонгуулийн ажлаар ард иргэдтэй уулзахдаа хэлэх үгтэй боллоо. Сансрын телевизор дөнгөж нэвтрэх гэж байсан үед “Монел” телевизорыг үйлдвэрлэж, айлууд тэр телевизорыг гэртээ тавьж байлаа. “Энэ хүн наад “Монел” телевизорыг чинь хийсээн, та нарын хүүхдүүд сурч байгаа “Улаанбаатар” их сургуулийг байгуулсаан. Монгол хүн сансарт ниссэн ажлыг зохион байгуулж, амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэсээн. Мөн та нарыг зурагтаа үзэж байгаа сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эрчим хүчийг ашиглахад маш их хүч хөдөлмөрөө зориулсан хүн шүү” гэж ярьж явдаг байлаа.
Монголд сэргээгдэх эрчим хүч асар их хөгжсөн шүү дээ. Нутаг сэлгэн явдаг бэлчээрийн мал аж ахуйг нар, салхины эрчим хүчтэй болгосон ийм туршлага өөр хаана ч байхгүй болов уу. Ер нь байхгүй. Дөрвөн улирлын турш нүүж явдаг малчдыг цахилгаантай болгочихсон. Дөрвөн цагийн улиралд эх газрын эрс тэс уур амьсгалд ажиллаж, амьдарч байдаг малчид бол онцгой шинж чанартай. Тэр шинж чанарт нь хамгийн тохиромжтой хэрэгсэл бол нар, салхины эрчим хүч. Б.Чадраа гуайн эхлүүлсэн хөдөөг цахилгаанжуулах ажлын үр дүнд малчид лаанаас салсан. Өнөөдөр зурагтаа үзэж, мэдээ сонсоогүй айл юмнаас хоцорсон мэт болж байна, малчин хүн гар утсаа цэнэглэж, Улаанбаатар руу хүүхэдтэйгээ ярьж, интернэт ашиглаж мөнгө шилжүүлж чадахгүй бол нийслэл хот бүхэлдээ цахилгаангүй болж тэг зогсолт хийж байгаатай адил тийм л үе болоод байна.