Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайчид “Монголын төр, бичил уурхайчдын хооронд гүүр болж чадсан “Тогтвортой бичил уурхай” төслийнхөндөө баярлалаа” гэв

“Биднийг Монголын нийгэм ойлгодоггүй, юм л бол цагдаа сэргийлэхийнхэн ирж хөөж тууж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “нинжа” гэж цоллож ад шоо үздэг байсан үе бий. Тэр үед нийгэм бүхэлдээ хүнд байсан. Гэтэл Швейцарын хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж эхэлснээр бичил уурхай эрхлэгч болоод төрийн хооронд үүсээд байсан үл ойлголцол арилж, бүх юм хууль ёсны, ном журмын дагуу өрнөж, бичил уурхайчид байнгын, баталгаатай ажлын байраар хангагдаж, нөхцөл байдал илтэд сайжраад байна. 2005 онд “Тогтвортой бичил уурхай” гэсэн энэ төсөл хэрэгжиж эхлээгүй бол Монголын бичил уурхайн салбар, байгаль экологи ямархан байхыг үнэндээ төсөөлөхөд бэрх байна. Бие биенээ ойлгохгүй байсан төр, иргэн хоёрын хооронд гүүр болж чадсан Швейцарын хөгжлийн агентлаг болон швейцарын ард түмэнд баярлалаа” гэж “Хариуцлагатай бичил уурхай” форумын үеэр Монголын бичил уурхайчид ярьж байлаа.

Энэ сарын 19-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт форум Улаанбаатар хотноо болсон юм. Энэ форумыг уг төслийн хаалтын хүрээнд зохион байгуулснаараа онцлог байсан бөгөөд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЭҮК, Монголбанк, АМГТГ, ҮСХ зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, ороннутгийн бичил уурхайчдын төлөөлөл болон Монгол Улсад суугаа дипломат албаны байгууллагууд, Элчин сайдууд зэрэг нийт 250 гаруй хүн оролцсон. Энэ форумаар “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүнг танилцуулж, бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэж болох асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Форумын эхэнд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Монгол Улсад бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайг зохион байгуулах, албажуулах чиглэлээр 2005 оноос эхлэн санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлага, Тогтвортой бичил уурхай төслийн хамт олонд Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бичил уурхайн асуудлыг төр, засаг анхааралдаа авч холбогдох хууль тогтоомжид тусгасан, тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтууд, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг баталсан. Журмыг боловсронгуй болгоход олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахад төслийн дэмжлэг оролцоо чухал байсныг тэмдэглэх хэрэгтэй” гэлээ. Мөн Монгол Улсыг хавсран суух Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регацциони хэлсэн үгэндээ “Монголын бичил уурхайн салбар тогтвортой болгосноор манай төсөл ингээд дуусгавар болж байна. Цаашид Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч талууд энэ салбарыг өөрсдийн холбогдох чигүүргээр хамтран ажиллана гэдэгт Швейцар Улс болон Швейцарын хөгжлийн агентлаг итгэж байна” онцлон тэмдэглэсэн юм. Форумын үеэр бичил уурхайчдын гар урлалын үзэсгэлэн-худалдаа,бичил уурхайн салбартай холбоотой тоон болон график мэдээллүүдийг танилцуулсан самбаруудыг дэлгэсэн байлаа. 2009 онд Монголбанкинд жилд аж ахуйн нэгжүүд 4.6 тонн алт, харин иргэд буюу бичил уурхайчид 0.4 тонн алт тус тус тушааж байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар аж ахуйн нэгжүүд 6.9 тонн, иргэд 6.0 тонн алт тушаагаад байгаа юм байна. “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж эхэлснээр олон эерэг өөрчлөлт гарсны нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаад байгаа билээ. Хууль бус олборлолт хийсний улмаас 2010 онд 55 осол гарч, 27 хүн эндэж байсан бол энэ тоо он наашлах тусам буурсаар 2019 онд ослын тоо тав болоод байна. Энэ бол маш үнэ цэнэтэй үзүүлэлт. Бас нэг таатай мэдээ бол төсөл хэрэгжсэн хугацаанд бичил уурхайчдын өөрсдийн санхүүжилтээр нийт 562.65 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм байна.

Форумын үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч, “Тогтвортой бичил уурхай” төслийн үндсэн зохицуулагч Н.Эрдэнэсайхантай уулзаж төслийн үр дүнгийн талаар тодрууллаа. Тэрээр “Бичил уурхай гэхээр зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал биш. Энэ бол нийгмийн асуудал. Тойрсон олон салбарын асуудал юм. Тэгэхээр салбар болгон өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд бичил уурхай дээрх сайн туршлагаа цаашид авч явна гэсэн үг. Энэ хүрээнд хэдийгээр журам байгаа ч гэсэн холбогдох яамдын тогтоол, стандартууд бий. Ийм байдлаар цаашид бичил уурхайг авч явна. “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээр олон талын үр дүн гарсан. Гол үр дүнгээс яривал, төсөл хэрэгжсэнээр нэгдүгээрт, бичил уурхайчид маань мөнгөн усгүйгээр алтыг боловсруулах цехтэй боллоо. Технологи нь бий болчихлоо. Энэ технологи таван газарт хэрэгжиж байна. Монголд бичил уурхайчид мөнгөн ус хэрэглэхгүйгээр ажиллаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, бичил уурхайчид зохион байгуулалтад орж байна. Өмнө нь талаар нэг тарчихсан, хаана алт байна тэр рүү бөөнөөрөө дайрдаг байсан бол орон нутгийн харьяаллаараа зохион байгуулалтад орж албажицгаасан. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд одоогоор 9,300 хүн бүртгэлтэй байна. Зохион байгуулалтад орсноор бичил уурхайн аюулгүй байдлаа хангаж байна. Үүнээс гадна татвар төлж, нийгмийн даатгалд хамрагдах болсон. Гэх мэт сайн туршлага олон байна. Үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд бичил уурхайчдын нөхөн сэргээлтийн аргачлал гэж бий. Гар аргаар 562 га талбайг нөхөн сэргээгээд байна шүү дээ” гэсэн юм. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас форумын сэтгэгдлийг нь сонсоход “Энэ төслийг хэрэгжихээс өмнө манай аймагт нөхцөл байдал ямар байсныг ярья л даа. Манай Баянхонгор аймагт 1999-2001 онд дамнасан зуд болсон. Зуднаар манай аймаг нийт малынхаа гуравны хоёр хувийг нь алдаж, 800 гаруйхан мянган толгой малтай үлдэж байлаа. Маш олон иргэн амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан. Тэгээд тэдний амьдрах, үр хүүхдээ тэжээх, оршин тогтнох арга хэлбэр нь байгалийн баялаг болж хувирсан. Тиймээс тухайн үедээ, оргил ачааллын үе буюу зуны дэлгэр цагт Баянхонгор аймагт алт гарлаа гэж дуулдсан нэг газарт л гэхэд 10,000 гаруй “нинжа” буюу гар аргаар алт олборлогчид цугладаг байлаа. Ийм их төвлөрөл болдог байлаа. Тэр олон мянган хүнийг тараая гэхээр хүч хүрэлцэхгүй. Нэг удаадаа хөөж, тараахаар буцаад цуглачихдаг байлаа. Ийм л байсан. Тэгэхээр энэ байдлыг ямар нэгэн зохион байгуулалтад оруулах зайлшгүй хэрэгцээ байна гэдгийг харж 2007 оноос хойш манай аймаг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнтэй ч болсон. Манай аймгийн хэмжээнд гурван сумыг хамарсан томоохон хэмжээний буюу бичил уурхай эрхлэгчдийг дэмжих холбоо, тэднийг зохион байгуулалтад оруулсан бүтцүүд бий болсон. Ингэснээр нийгэмд эерэг үр нөлөө гарч, улмаар төр засгийн бодлогын түвшинд нөлөөлж, бичил уурхайг хүлээн зөвшөөрсөн эрх зүйн бичиг баримт, акт гарахад хүргэсэн. 2010 онд бичил уурхайчдын үндсэн зөвлөгөөн Төрийн ордонд болж, Ашигт малтмалын тухай хуульд “Бичил уурхайгаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглоно” гэсэн өөрчлөлт орсон. Ингээд бичил уурхай тусгай зөвшөөрөлтэйгөөр буюу зохицуулалттайгаар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах болсон” хэмээгээд “Монгол Улсын хэмжээнд ихээхэн үр дүнтэй хэрэгжсэн төслүүдийн нэг бол “Тогтвортой бичил уурхай” төсөл. Нийгмийн хариуцлагагүй, замбараагүй хэсгийг зохион байгуулалтад оруулж чадсан. Одоо энэ төсөл дууслаа. Ингэхээр цаашид яах вэ гэдэг чинь Монгол төрийн хийх ёстой ажил л даа. Бичил уурхайг ор тас хориглож болохгүй асуудал. Одоо яах ёстой вэ гэхээр, энэ бүтцийг цааш авч явах бүтцүүдийг орон нутгуудад бий болгох ёстой” гэж ярилаа.

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатартай уулзаж цөөн хором ярилцсан юм. Тэрээр бичил уурхайн салбарт 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна.


-“Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжихээс өмнө бичил уурхайн салбарт эмх замбараа гэж зүйл огт байгаагүй байх шүү?

-2000-аад оны эхэн үеэс “нинжа” гэдэг нэршил явж эхэлсэн. Тэр үед маш түвэгтэй байсан. Иргэд нь төр засагтайгаа тэрсэлдсэн маягтай ч гэх юм уу, цагдаа нар байнга ирж гар аргаар алт олборлогчдыг хөөдөг байсан. Тэр байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал тэнгэр, газар шиг л ялгаатай байна. “Тогтвортой бичил уурхай” төсөл бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийг чадавхжуулах тал дээр дорвитой томоохон ажлуудыг хийсэн л дээ. Өнөөдөр энэ төсөл хаалтаа хийж байгаа ч Монголын бичил уурхайчид нэгдээд нэгдсэн дээвэр холбоогоо байгуулсан. Энэ холбоо маань үлдэж байгаа. Холбоо маань 2013 онд байгуулагдсан л даа. Энэ байгууллага маань “Тогтвортой бичил уурхай” төслийн хийж байсан ажлыг цааш үргэлжлүүлээд аваад явах бүрэн чадамжтай гэж харж байна.

-“Нинжа”-гаас бичил уурхайчид болж, нэршлээсээ эхлүүлээд олон сайхан өөрчлөлтийг энэ төсөл Монголын бичил уурхайн салбарт авч ирлээ дээ?

-Бичил уурхайчдын ажлын байр тогтвортой болсон. Олон жилийн турш ингээд тогтвортой ажиллаад ирэхээр хүмүүсийн амьдрал дагаад сайжирч байна.Цаашилбал аймаг, орон нутгийн эдийн засагт маш их сайн нөлөө үзүүлдэг. Баянхонгор аймгийн хувьд малын гаралтай бүтээгдэхүүнээс олсон ашиг нэгдүгээрт ордог бол хоёрдугаарт бичил уурхайгаас олсон ашиг орж байгаа. Орон нутгийн иргэдтэй уулзаад явж байхад “Бичил уурхайчид ажилдаа гарахаар бидний орлого нэмэгддэг” гэж ярьдаг. Дээр нь бид үндсэн орд дээр ажилладаг учраас хүдэр боловсруулах үйлдвэртэй хамтарч ажилладаг.Баян-Овоо суманд хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгаа. 20-30 хүнийг ажлын байраар хангах үйлдвэр л дээ. Бичил уурхайчид маань дан ганц бичил уурхайн чиглэлээр биш оёдолчин, гуталчин, мужаан, ХАБ-ын ажилтан, жимс жимсгэнийн фермер, хүнсний технологич, баяжуулахын оператор, уул уурхайн тоног төхөөрөмж, үсчин, сантехникч, тогооч, цахилгаанчин, хүнд машин механизмын оператор, талх нарийн боовчин, нягтлангийн туслах зэрэг мэргэжлийн сургалтад хамрагдаж, тэр чиглэлээрээ ажиллаж байгааг энд дурдъя.

-Танай аймгийн бичил уурхайчдын аюулгүй ажиллагаа болоод нөхөн сэргээлтийг сонирхвол?

-Хүн ажлын тогтвортой байртай болчихоор ажлын байраа янзлаад, аваар осолгүй орчинд ажиллах нөхцөлөө бүрдүүлдэг. Олноороо шороонд даруулж амиа алдаж байсан үе чинь өнөө “нинжа” байх үе л дээ. Цагдаагаас зугтаад нүх рүүгээ орно. Тэгж зугтаж байхдаа багана, түшлэгүүдээ нурааж дээрээсээ шороонд даруулдаг байсан юм. Тэгэхэд маш их хүн нас барж байлаа шүү дээ. Одоо бол амиа алдаж байгаа хүний тоо эрс цөөрсөн. Бараг л байхгүй болсонтой адил болсон. Хариуцлагатай болоод ирэхээр хүн өөрийнхөө ажиллах ажлын орчин, байраа бэлдэж аюулгүй ажиллагаагаа хангадаг. Нөхөн сэргээлтийн хувьд ярихад “нинжа”-гийн үед байгаль сүйдэж аймшигтай болсон. Тэрнийг хариуцах хүн байгаагүй. Одоо бол бид 30 га газар дээр найм дахь жилдээ ажиллаж байна. Бид дундын сангаа үүсгээд нөхөн сэргээлтээ хийгээд явдаг. Нөхөн сэргээлтээ хийчхээд хүлээлгэж өгдөг. Өнөөдрийн форумд салбарын сайд, аймгийн Засаг дарга нар, яамд, агентлаг гээд холбогдох бүх байгууллагын удирдлага, албаны хүмүүс ирчихсэн байна. “Тогтвортой бичил уурхай” төсөл бол бичил уурхайчдыг эдгээр хүмүүстэй маш сайн уяж, холбож өгсөн. Энэ уялдаа холбоог маш сайн хийж өгсөн учраас бид төр засагтайгаа ойлголцож байна. Нэн ёсондоо “нинжа” гэдэг хэсэг бүлэг хүмүүсийг монголчуудад ойлгуулах гэж их зовсон. Монголчуудыг монголчуудтай нь уулзуулж, ойлголцуулах гэж швейцарь хүмүүс ирлээ шүү дээ. Монголын төр, бичил уурхайчдын хооронд гүүр болж чадсан “Тогтвортой бичил уурхай” төслийнхөндөө баярлалаа. Бичил уурхай гэдэг бол маш түвэгтэй салбар ч гэлээ энэ төслийнхөн тодорхой үр дүнгүүдийг гаргаж чадсан. “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж эхэлснээр бичил уурхайд маш том эерэг нөлөө өгсөн л дөө. Манай байгууллагын хувьд уг төслийнхөнтэй нэлээд ойр дотно ажилласан гэж хэлж болно.“Тогтвортой бичил уурхай” төсөлд ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, хүмүүс болон одоо ажиллаж байгаа хүмүүстээ хандаад баярлаж явдгаа илэрхийлж байна. Сэтгэл зүрх гаргаж бидэнтэй хамтарч ажиллаж байсанд бичил уурхайчдынхаа өмнөөс талархал илэрхийлье гэсэн юм.

Тогтвортой бичил уурхай төсөл Говь-Алтай аймагт 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон өөрчлөлт гарсныг тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж ярьж байлаа. Тэрээр “Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл манай аймагт 2012 оноос хэрэгжсэн. Манай аймгийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. Тийм учраас бичил уурхайн үйл ажиллагаа зарим аймгуудтай харьцуулах тийм ч өндөр хувьтай биш. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн тоо их байна. Үүнтэй холбоотойгоор хувиараа ашигт малтмал эрхлэгч иргэдийн тоо их байсан. “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээр эдгээр хүмүүсийг тодорхой зохион байгуулалтад оруулсан. Орон нутгийн хэмжээнд татвар төлдөг, нийгмийн даатгалд хамрагддаг хэлбэр рүү оруулж өгсөн. Нийтдээ 10-аад нөхөрлөл байгуулагдсан, 400 гаруй хүн нэгдсэн зохион байгуулалтад орж хариуцлагатай бичил уурхайчид болсон. Манай аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад орхичихсон байсан 70 га газарт нөхөн сэргээлт хийсэн” хэмээн төслийн онцлог талуудыг хэлсэн юм. Ийнхүү форумд оролцогчид санал бодол сэтгэгдлээ илэрхийлцгээлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Төсөл хэдийгээр дуусаж байгаа ч цаашид бичил уурхайн салбарын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд мэргэжлийн холбоодод нь төрийн зарим эрх үүргийг хуваарилж өгч, энэ салбарыг хариуцуулаад ажиллуулах нь зөв. Үүн дээр төр засгаас дэмжих хэрэгтэй” гэсэн санал ихээр гарч байлаа. Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбооны ерөнхийлөгч Л.Дэлгэрбаяр “Мэргэжлийн холбоонд нь төрийн зарим эрх үүргийг шилжүүлье гэдэг чинь боломжтой хувилбар. Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо бол цорын ганц, үндэсний хэмжээний холбоо. “Тогтвортой бичил уурхай” 15 жил хэрэгжихдээ манай холбоог нэлээд чадавхжуулж өгсөн. Тиймээс бидэнд төрийн зарим эрх үүргүүдийг холбоон дээрээ аваад цаашид мэргэжлийн холбоо болоод явах боломж байна. Туршлага, мэдлэг, боловсрол, хүний нөөц бидэнд байна. Энэ бүх боломжийг “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн бидэнд бий болгож өгсөн” хэмээлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *