БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Нэр алдартай хүмүүсийн ойг тэмдэглэх тухай тогтоол жаран хоёр онд гарчээ. Чингис хааны сүүдэр тухайлсны 800 жилийн ойг тэмдэглээд Монголын удирдагчид зөвлөлтүүдэд алуулангаа алдаж. Тэр үед Хрущёвыг Монголд айлчлуулахаар Цэдэнбал Москвад хөөцөлдөөд явж байсан юм байна. Гэтэл Кремлийн эзэн хөөрхийг толгой түрүүгүй загнажээ. “Эзлэн түрэмгийлэгч Чингисийн ойг та нар тэмдэглэж байгаа юм байна. Бүр марк ил захидал гаргасан, залуучууд нь Чингисийн зурагтай цамц өмсчихсөн явна гэнэ. Би Улаанбаатараас бүрэн мэдээлэл авлаа. Улаанбаатарт бүр Чингисийн хөшөө босгосон байна. Би танайд айлчлаад Сталин, Чингис нарын алуурчдын хөшөөнд мөргөх болж байна уу! Чи бушуухан буцаж хийсэн балгаа очиж арилга. Тэрнээс нааш би танайд айлчлахгүй!”.
Сталинист гэсэн шалтгаанаар Цэдэнбалыг хусах гэж урьд нь Хрущёв оролдож байсан. Харин түүнийг олон жилийн өмнө тодруулан томилсон большевик намын Улс төрийн товчоон дахь Монголыг хариуцсан маршал Ворошилов энэ үед Дээд зөвлөлийн дарга болчихсон байсан учир түүнийг Зөвлөлтөд үнэнч жинхэнэ манай хүн гэж ятгаж байж суудалд нь үлдээсэн юм.
Ингээд Цэдэнбал Улаанбаатарт буцаж ирээд Чингисийн ой тэмдэглэх санаачилга анхлан гаргасан Төмөр-Очирыг ажлаас нь халж Баянхонгорт цөлжээ. Марк, ил захидал зэргийг хурааж устгасан, энэ талаар шүлэг зохиол гарсан байсныг хориглосон. Дадалд баригдсан Чингисийн хөшөөг нураах даалгавар хэд хэдэн удаа өгсөн боловч доод гүйцэтгэгч нар нь янз бүрийн шалтаг тоочоод гар хүрээгүй юм. Эрхбиш монгол хүмүүс болохоор үндэстнийг нь буй болгосон тэр аугаа хүний хөшөөг нураавал нэр устайгаа түүхийн хараал болно гэдгээ сайн мэдэж байлаа. Цэдэнбал нэгэн цагт явна, Чингис хаан энэ нутагтаа үүрд үлдэнэ.
Хойшид түрэмгийлэгч болон феодалуудын ой тэмдэглэж алдаа дутагдал гаргахгүйн тулд хэний ойг хэрхэн тэмдэглэж хүндэтгэл үзүүлж байх талаар тусгай тогтоол гаргалаа. Нам засгаас зориуд ойг тэмдэглэж байхаар БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтан, Ардын болон улсын гавьяат зүтгэлтнүүдийн сүүдэр тухайлсны 50 насны ойг нам төр хариуцан тэмдэглэж байх ба үүнээс цааш тэгш ойг нь, 70 наснаас хойш таван жил тутамд улсын хэмжээгээр дурсан алдаршуулж байхаар болов. Үүнд 1921 оноос хойно хувьсгалт тэмцэл, социализм байгуулах үйлсэд гавьяа байгуулаад үхсэн амьд бүгд хамаарах боловч гавьяа зүтгэлээ тухайн үед үнэлүүлсэн атлаа хожим нь хэрэгт орсон, намын шийтгэл авсан зэрэг хүмүүс багтахгүй.
Ерэн оноос хойш феодалуудын ойг тэмдэглэх болсон. Лундаажанцан толгойлон Занабазарынхыг, Нямдорж болохоор Галдан бошготын ойг хоорондоо өрсөлдөн тэмдэглэж өргөн найр наадам олон давтаж зохиосон. Гэвч үүнд засгаас тусгайлан шийдвэр гаргаагүй байх аа, учир нь мөнөөх дээр үеийн тогтоол хүчин төгөлдөр учир багтаагүй болов уу. Хубилай, Өгөөдэй нарын тэгшийн тэгш ойнууд ч тэмдэглэгдсэнгүй. Яагаад ч юм хойшой баатар Чойбалсангийн 120 насны ойг тоосонгүй. Ерөнхий сайд асан Амар ч яахав, баатар ч биш, гавьяат ч биш, тэгээд ч хэрэгт орж байсан эсэргүү учир 130 насны ойг нь тоосонгүй. Энэ хоёртой зэрэгцүүлээд улсын баатар Цэдэнбалын 100 насны ой тохиосныг улс даяар нижгэр тэмдэглэлээ. Өмнө нь 90 насны ойг нь бас том арга хэмжээн дунд өнгөрөөсөн. Хэн засаглаж байгаагаас бас болдог юм шиг билээ. Булганы Амар, Дорнодын Чойбалсан тоогдоогүй мөртөө Цэдэнбалын ойг Архангайн Өлзийт, Өгийнуур хавийн уугуул нэгэн ой, тэмдэглэлт өдөр хариуцсан сайд дарга болчихсон байсан болохоор бас ч аргагүй юм.
Ой тэмдэглэх тухай ээдрээтэй эмзэг, маш хүнд асуудалд энэ онд өөрчлөлт орж гавьяат энэ тэрийг хасаад түүхэн хүмүүсийн машид тэгш ойг мөн тэмдэглэж байхаар боллоо. Энэ онд ойгоо тэмдэглүүлэхээр гурван хүн нэр дэвшсэн нь Богд хаан, Чин ван Ханддорж, хошой чин ван Чагдаржав нар. Саяхан Богд хааны сүүдэр тухайлсны 150 жилийн ойг Төрийн ордонд тэмдэглэлээ. Шинэ тогтоолын дагуу засаг мөнгө гаргасан. Мөн Ханддорж вангийн ойг төрийн ивээлээр Гадаад яаманд тэмдэглэлээ. Одоо хошой чин вангийн ойг тэмдэглэнэ. Гурвуулаа үе чацуутан, амьд байсан бол өнөөдөр 150 хүрэх байж. Нэг нь хаан, нөгөө хоёр нь Чингисийн удмын сурвалжтан нар. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх 1911 оны хувьсгалын голлох баатрууд.
Чагдаржавыг яагаад ч юм тэр үеийн бусад зүтгэлтэнтэй харьцуулахад бага дурссан байдаг. Түүнийг хожмын Ардын хувьсгалын үеийн цэцэг хэмээх Чагдаржавтай эндүүрэх нь их. Чагдаржав ван бол 1911 оны тусгаар тогтнол зарлахын өмнөхөн түр Засгийн газрын Ерөнхий сайд байсан хүн. Цэцэг Чагдаржав нь 1921 онд ардын хувьсгал ялахын өмнөхөн Орост байгуулагдсан орогнолын түр засгийн газрын Ерөнхий сайд байсан.
Өнөөгийн өндөрлөг, архивын бичиг баримтаас үзэхэд 1911 оны хувьсгалын ерөнхий удирдагч нь Богд Жавзандамба байсан боловч дор нь байх бодлого баримтлах, үзэл санаа гаргах, үйл хэргийг биечлэн удирдаж Богдод хамгийн ойрын шадар байсан нь да лам Бадамдорж, да лам Цэрэнчимэд, Чагдаржав ван, Хайсан гүн, энэ дөрөв байжээ. Эхний хоёр нь харц гаралтай лам нар, дараагийнх нь Чингисийн удмын сурвалжтан, сүүлчийнх нь нийт монголчуудыг тусгаар тогтнуулах үзэл тээж ирсэн барга хүн.
Чагдаржавын хошой ван цол нь уг хэргэмийг хоёр удаа авчихсан гэсэн үг биш, ван цолны хамгийн дээд чимэг нь хошой юм. Хожим Барон Унгерн бас хошой болж байсан. Чагдаржав нь хорь нэлээд гарсан хойноо эцэг Гадинбалыг нас барсны дараа түүний угсааг залгамжилжээ. Цолын эрэмбээр гүн цолноос эхэлж дэвшсээр хошой чин ван болсон юм. Алтан ханы үед хан хэмээх цол буй болжээ. Халхад Түшээт, Засагт, Сэцэн гэсэн гурван хан байж аймгаа толгойлдог байв. Манж нар Халхыг буулгаж авсны дараа ноёдын хан цолыг хэвээр үлдээсэн боловч аймаг захирах эрх мэдлийг нь Чуулган дарга хэмээх томилогдсон нэгэнд шилжүүлсэн юм. Нэг үгээр хэлбэл аймгийн ноён гэдэг бол Чингисийн удмын хан цолтон, Манжийн хаанаас сул пүнлүү авдаг ямбатан. Хошууд мөн адил, хошууны ноён бол угсаа гарвалаа дагаад сул пүнлүү хүртэгч, харин томилолтоор ирсэн хошуу захирагч бол төрийн албан хаагч ба эрх мэдэл түүнд бий. Үе залгамжилсан ноёд түшмэд Манжийн хаанаас үргэлж сул тэтгэмж авдаг байсныг “пүнлүү” гэж нэрлэнэ, Төрийн алба хашиж байгаа хүний хөдөлмөрийн хөлсийг “цалин” гэж нэрлэж байжээ. Үүнээс гадна угсаа гарлаас үл хамаараад хэтийдсэн дөрвөн хэргэм гэгдэх ван, бээл, бэйс, гүн нар нэмэлт пүнлүү авах ба жишээ нь ван-2000 лан, гүн-300 лангийн тэтгэмжтэй. Нэг лан мөнгө ойролцоогоор нэг унцитай дөхүү гээд бодоход өнөөгийн ханшаар 16 америк доллартай тэнцэх юмуу даа.
Чагдаржав хэдийгээр Чингисийн удам боловч Түшээт хан аймгийн хан нь Дашням гэж өөр хүн байсан. Харин Чагдаржав аймгийн чуулганы дэд дарга, дараа нь жинхэнэ дарга болж дэвшсэн. Тэгэхээр тэрээр аймгаа толгойлдог төрийн албаны хүн байжээ. Таван толгойд чулуун нүүрс нээгдэж үүнийг ашиглахын тулд шинжээч ирэх болсонтой холбогдуулан газар нутаг нь харьяанд нь байдгийн хувьд Чагдаржав шинжээчийг угтах ажилд нь туслах үүрэг авсан тухай баримт архивт байдаг юм байна.
Хятадад хувьсгал гарч Манж Чин улс мөхөх нь тодорхой болоод ирэхийн цагт халх монголчууд тусгаар тогтнолоо сэргээхээр үгсэн, үүнийг сурвалжит язгууртнууд, ихэс лам нар толгойлох боллоо. Тэд Тусгаар тогтнолоо зарлахын өмнө Хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу одоогийн хэлээр Түр Засгийн газар байгуулж Чагдаржавыг Ерөнхий сайдаар томилжээ. Тус засгийн газрыг Сэцэн ханы Гомбосүрэн, Сайнноён ханы Цэдэнсоном, Түшээтханы Намсрай, Их шавийн Цэрэнчимэд нар бүрдүүлсэн. Чагдаржавыг Түр Засгийн газрыг толгойлохынх нь өмнө бололтой бүх эд хогшлыг нь бүртгэсэн данс архивт байна. “Ноётны өргөө нь 5 төө хатгуур тооно, унь 81, 15 толгойтой хана 5, будаг самбар цүү цуургатай хаалга 1 гэх мэтчилэн тоочиж байснаа хүрэн сандал ширээ 2, тамхины цохиур 2, хайрцаг 2, өвсөн туужуур 1” гэж бүртгэсэн байх юм.
1911оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар Монгол Улсыг зарлаж Богдыг хаан ширээнд залах хүртэлх хугацаанд Түр засгийн газар асар их ажил хийжээ. Тусгаар улсаа зарлахаар бэлдэж байгааг улс орны бүх нэгжид мэдээлсэн, Манж Чингийн төлөөлөгчийг хөөсөн, мөн Улиастайн жанжинг орхиж явуулахыг сануулсан, Хиагтын гаалийг мэдэлдээ авсан, зэр зэвсэг цэрэг цуух цуглуулсан, улсаа тогтнуулах ухуулах тараасан зэрэг бүхий л бичиг баримт тушаал шийдвэр Түр засгийн Ерөнхий сайд Чагдаржавын нэрээр үйлдэгджээ.
Тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнээ залахад чухамдаа Чагдаржав л Богдод төрийн тамгыг гардуулсныг бодоход тэрээр улс орондоо хааны дараа орох хоёр дахь хүн байсан бололтой. Ханддорж хундага өргөсөн, Намнансүрэн өргөмжлөл уншсан, Цэрэнчимэд ерөөл айлтгасан гээд зиндаагаараа ёсчлон журамлагдсан ажгуу. Анхны Бүх засгийн газар байгуулж Чагдаржавыг Сангийн сайдаар томиллоо. Тэр үед Ерөнхий сайдын алба үгүй байв. Сайд нарыг томилоход хамгийн эхэнд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдад Чагдаржав гэжээ. Засаг байгуулагдангуут л ихэс дээдэс лам хараараа хуваагдан зэрэг дэвээ булаалдаж хэрүүл уруул болсонд Богд хаанаас Дотоод хэргийн яамыг тэргүүнд тавин эрэмбэлжээ. Хойтон жил нь Намнансүрэнг Ерөнхий сайдаар томилсон юм.
Шинэ тулгар улс хөрөнгө мөнгөний гачаалтай тул Сангийн яамны үүрэг роль маш их байлаа. Гааль татвар, эрдэс баялаг, гадаад дотоод худалдаа гээд хамаг юмыг энэ яам зохицуулна. Төрийн аль ч яам мөнгөгүйгээр ажлаа явуулах бололцоогүй нь ойлгомжтой. Харьяат хошуудын малыг нарийвчлан бүртгэж тоолох ажил 1912 оноос эхэлсэн бололтой. Жасаа гэж хүрээ хийдэд хамааралтай газар маш баян, тэр болгоныг бүртгэх татвар гаальд хамруулах асуудал бослоо. Сургууль байгуулан хүүхэд сургаж иртэл тэдний хүнс хэрэглэлд гаргах мөнгө байдаггүй. Тэдний хэрэгцээг хангах мөнгөтэй болтол сайд нар өдөрт нэг лан, дэд сайд өдөрт таван цэн хувиасаа хоолонд нь гаргаж байхаар тохирч байв.
1915 оны Хиагтын Гурван улсын гэрээнд Чагдаржавыг хэлэлцээ хийх бүрэлдэхүүнд багтаасан юм. Энэ хэлэлцээ бараг жил үргэлжилсэн. Хэлэлцээний явцад Орос, Хятадын зүгээс эсэргүүцэл гарган Монголын төлөөлөгчдөөс нэр бүхий хүмүүсээ татаж авахыг шаардсан дотор Чагдаржав багтсан юм. Хүрээнд татагдаж ирсэн Чагдаржав тун удалгүй нас баржээ. Хачирхалтай нь түүнтэй нас чацуутан сайд Ханддорж мөн учир битүүлгээр өөд болсон. Анхны засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ цаг бусаар үхсэн, дараа нь байгуулагдсан Ардын засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ цаазлагдсан.
Чингисийн удмын сурвалжит язгууртнуудыг гучаад оны үед оросууд нэг бүрчлэн бүртгэж аваад 1937-38 онуудад өөрсдийг нь төдийгүй үр хүүхэд удам судрыг нь цөмийг алж устгасанд Чагдаржавын үр хүүхэд ч хамрагдсан. Өнөөдөр Монгол улсад алтан ургийн ганц ч хүн байхгүй байх аа. Харин гадаад оронд Чингисийн шууд удмын хүн олон тодордог, тэр үнэн байх магадлалтай, учир нь тэднийг хэн ч бүртгэж аваад алаагүй.
Энэ бол Монголын алтан ургийнхныг хүйс тэмтэрсэн хоёр дахь тохиолдол. Ойрдын Эсэн тайш нийт Монголыг эзэлж аваад Монголын хаан ширээг хэн залгамжлах асуудлаар Тайсун хаантай муудалцан Чингисийн угсааны бүх язгууртныг алж устгажээ. Баянмөнх жонон амь мултран Могулистан руу зугтаахдаа нялх хүүхдээ одоогийн Өмнөговьд ядуу айлд нуусан. Хожим Мандухай хатан 7 настай Батмөнхийг олж аван улмаар гэрлэж алтан ургийн тасалдлыг сэргээжээ. Батмөнх хаан 11 хүүтэй байсан нь цааш олшрон алтан ураг сэргэсэн боловч 400 зууны дараа бүгд үрэгдэх учиртай байсан бололтой.
2019.11.19