Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг тээгч цаасны хөгжил

Цаасыг англиар pa­per гэдэг. Энэ үг нь эртний Грекийн “Cyperus papyrus” гэх ургамлын нэршлээс гаралтай. Папирус бол Египет болон Газар дундын тэнгисийн бусад нийгэмд ашиглаж байсан “Cyperus pa­pyrus” ургамлаас гаргаж авсан зузаан, цаасан хэлбэртэй материал юм. Энэ материал амархан үйрч унадаг, муудаж хөгцөрдөг байсан болохоор хэрэглээний шаардлага хангахгүй, хадгалалт даадаггүй байж. Амархан үйрч унадаг, хөгцөрдөг байсан нь Европын эрс тэрс уур амьсгалтай холбоотой ч байсан байж болзошгүй. Ямартаа ч папирусыг цаас гэж тооцдоггүй юм байна.

Тэгвэл жинхэнэ цаас боловсруулах аргыг хятадууд анх бодож олжээ. Үүнээс өмнө эртний хятадууд яст мэлхийний хуяг, амьтны яс, хулсны хальсан дээр зурж бичих юм уу торгон дээр хатгаж, оёдог байсан гэдэг. Гэвч ингэх нь нүсэр бас үнэтэй болохоор түгээмэл биш байсан ба зөвхөн хаад ноёд, бичгийн хүмүүс л энэ аргаар бичиж, туурвидаг байж. Баруун Хан улсын (МЭӨ 206—МЭ 25 он) эхэн үед олс зэргийг ашиглан цаас хийж хэрэглэж байсан ч энэ нь хатуу, барзгар тул юм бичихэд түвэгтэй байжээ. Энэ арга нь холтсыг нь хуулсан модыг борооны усанд дэвтээгээд ширхгийн дагуу цуулж, нарийн хэрчинэ. Үүнийгээ мөн л устай торхонд дэвтээсний дараа хавтгай банз модон дээр тарааж, шахаж индүүдээд бэлэн болсон хуудас цаасыг наранд хатаана. Харин Зүүн Хан улсын үед (МЭ 25-220 он) Цай Лунь хэмээх түшмэл цаас боловсруулах технологийг шинэчлэн зохион бүтээжээ. Тэрээр модны холтос, хуучин хивс, даавуу, загасны тор, маалингын хаягдал зэргийг хольж буцалгаад нарийн хулсны чийрсэн дээр тарааж хатаах замаар нимгэн цаасыг үйлдвэрлэж эхэлжээ. Цаас үйлдвэрлэлийн арга цааш улам боловсронгуй болсоор хулс, чихрийн нишингэ, будааны зэгс зэрэг нь цаас хийх гол түүхий эд болсон байна. 2006 онд Хятадын Гансу мужийн зүүн хойд хэсэгт орших Фангматан хотоос хятад бичгээр бичигдсэн сорьцыг олж илрүүлсэн нь МЭӨ найман онд хамаарна. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ нь Цай Луниас даруй 100 жилийн өмнө эртний Хятадын цэргийн армид хэрэглэгдэж байсан болж таарчээ. Фангматан булшны газраас олдсон хэлтэрхий нь МЭӨ II зууны эхэн үед хамааралтай гэж эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс Цай Луний ажиллагаа нь цаас боловсруулах арга технологийг шинжлэх ухааны шинжтэй, илүү боловсронгуй болгосон хэрэг гэж дүгнэж болохоор байна.

Хятадаас үүсэлтэй энэхүү арга нь Сүй улсын сүүл үеэс (МЭ 581-618 он), Тан улсын эхэн үед (МЭ 618-907 он) Солонгос, Япон улмаар Исламын ертөнцөд тархаж, целлюлозын үйлдвэр, цаасан тээрэм зэргийг цаас үйлдвэрлэх, мөнгө хийх зорилгоор ашигладаг болжээ. Дараа нь XI зуунаас Европ руу тархаж, XIII зуун болоход Испанид усан халаагуур ашиглан цаасан тээрэм зохион бүтээжээ. Цаас бий болсны ачаар аливаа мэдээлэл, түүхийг хадгалах арга амархан болж, дэлхийн соёл иргэншлийн хөгжилд том эргэлт болсон байдаг.

МЭ II зуунд хамаарах нэгэн олдвор цаасны хамгийн анхны түүхийг хүн төрөлхтөнд ярьж өгсөн юм. Хүрэл толийг цаасанд ороон хадгалсан байсан нь тухайн үед судлаачдыг гайхшируулж байж. Толийг цаас маш найдвартай хамгаалсан байж. Ингээд МЭ III зуунаас цаасыг юм бичихэд ашиглаж эхэлжээ. Харин VI зууны сүүл үеэс хятадууд цаасыг ариун цэврийн хэрэгцээнд ашигладаг байсан гэх баримт эртний судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 581 онд Хятадын эрдэмтэн Янь Житуй (531-591) “Таван сонгодог зохиол дээрх мэргэдийн бичсэн зүйлс бие засах газар байхыг харж тэвчихгүй юм” гэх утгатай зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Тан улсын үед (МЭ 618–907 он) цайны амтыг хадгалахын тулд цаасыг дөрвөлжин уутанд хийж оёдог байсан баримт бий. Мөн Сүн гүрний үед (МЭ 960–1279 он) засгийн газар дэлхийн хамгийн алдартай цаасан хэвлэмэл мөнгө буюу мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байв. Цаасан мөнгийг төрийн албан хаагчдад тусгай цаасан дугтуйнд бэлэг болгон өгдөг байсан гэдэг.

Цаас хэрэглээнд нэвтэрснээр бичих, зохиох ажил эрчимтэй явагдаж, урьд нь номыг үхэр тэргээр зөөдөг байсан бол одоо гартаа бариад явах боломжтой болсон тул үүний үр дүнд уран зохиолын арвин их хөмрөгтэй болж чаджээ. Тан улсын үед хятадууд ном үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байв. Энэ ахиц нь Газар дундын тэнгисийн орнуудын ном үйлдвэрлэх ажлыг түргэвчлүүлж эхэлж. Хятадын хамгийн том номын сан Европын хамгийн том номын сангаас 3-4 дахин том байсан гээд бодохоор Хятадын бичгийн соёл дээд түвшинд хүрч хөгжсөн байсны баталгаа яах аргагүй мөн. Исламын ертөнцөд цаас үйлдвэрлэл хөгжихийн хэрээр цаас улам гоёмсог болж, ном товхимлууд чимэглэлтэй болж ирэв. Цаасны худалдаачид бусдаасаа содон, шинэлэг цаас олж авахаар өрсөлдөж энэ хэрээр цаас үйлдвэрлэх техник ч боловсронгуй болсоор байв. 1500 оноос хойш Өмнөд Европт бичиг цаас боловсруулах ажил хурдаа авч, хятадуудыг гүйцэж иржээ. Анхны хэвлэх машин зохион бүтээсэн явдал үүнд мэдээж шууд нөлөөлсөн. XIX зуунд уураар ажилладаг цаасны машин үүсч, модны нухшаас утас гаргаж авах боломжтой болох хүртэл хэдэн зууны турш цаас нь үнэ цэнэтэй байсаар иржээ. Уураар ажилладаг ийм машин нь орчин үеийн цаас үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1844 оны дунд үеэс цаасыг модны ширхгээр хийх машин зохиогдсоноос хойш өнөөг хүртэл дэлхийн цаас үйлдвэрлэгчид модыг гол түүхий эдээ болгож байна.

Орчин үед цаас илүү тансаг, илүү нарийн ширхэгтэй, нимгэн хөнгөн, сайхан үнэртэй, гоё өнгөтэй, товгор, гүдгэр, алтан, мөнгөн гээд маш олон төрөл зүйл болсон. Өөрийн хүссэнээрээ л үйлдвэрлэж болж байна. Цаасыг зориулалтаар нь зургийн, бичгийн, гоёл чимэглэлийн, ариун цэврийн, сав баглаа боодлын, ханын, цэцгийн гэж ангилдаг. Дэлхий нийтээр цаасны хэрэглээ улам бүр ихсэх болсон нь байгаль дэлхийг сүйтгэх бас нэгэн томоохон хүчин зүйл юм. Ганцхан ширхэг А4-ийн цаасыг найман хос савхны модоор үйлдвэрлэдэг. Таны банкаар гүйлгээ хийсний баримт болгон авдаг ягаан, цэнхэр нимгэн цааснаас нэг ширхгийг үйлдвэрлэх гэж хоёр аяга цэвэр ус зарцуулагддаг гээд бодохоор байгаль хэдий хэмжээгээр сүйдэж байгаа нь тодорхой байна. Манай улсын хувьд хэрэглээнийхээ бүх цаасыг импортоор оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд харин ариун цэврийн цаасыг хаягдал цаас дахин боловсруулах аргаар эх орондоо үйлдвэрлэж байгаа нь олзуурхууштай. Нэг тонн дахин боловсруулсан цаас 17 ширхэг модыг авардаг. Нийслэлийн хогийн цэгүүдэд хүргэгдэн ирдэг нийт хогийн 60 хувийг цаас дангаар эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр цаасыг ар өвөргүй ашиглаж хэвшээд, ашиглаад дууссаныхаа хойно хогийн цэг рүү шидэлгүй, хурааж байгаад ариун цэврийн цаас, картон хайрцагны үйлдвэрт аваачиж тушаах нь байгаль дэлхийдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох нь байна. Дууссан дэвтрийнхээ цаасыг угаагаад, чанаад дахин боловсруулдаг эко-минимал залуу үе ч гарч ирсэн байна лээ шүү, цаана чинь.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *