Амралтын өдрүүдээр нийслэл болон орон нутагт зургаан иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан хэргүүд бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “Овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгсон байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэсэн мэдээллийг өнгөрсөн Баасан гарагийн 08:24 цагт хүлээн авчээ. Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүн шалгаад 43 настай М болохыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг, Орхон аймагт нэг, Налайх дүүрэгт нэг иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас баржээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.