ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Говь-Алтай аймагт ажиллалаа. Говь-Алтай аймаг 18 сум, 2 тосгонтой, нийт 58 мянган хүн амтай. Онцгой байдлын газрын хамт олон аймгийн хэмжээнд энэ жил гал түймрийн 65, цас болон шаварт суусан дуудлага 15, эрэн хайх, аврах ажиллагааны 5, мөнгөн ус алдагдсан 1 дуудлагаар ажиллаж, 125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 225 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
2019 онд Алтай, Есөнбулаг сумдад 3,5 магнитудын хүчтэй 3 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгджээ. Онцгой байдлын газрын хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулан ажиллаж байгаа нь сайшаалтай байлаа. Тус газрын хамт олон байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж, хүндэтгэлийн өргөө, албаны музей байгуулан бялдаржуулах танхим, сургалтын танхим, цэргийн амрах байрыг засварлан тохижуулжээ.
Мөн шуурхай албаны автомашины бэлэн байдлыг хангах зорилгоор тавиулангийн шалны цутгалтыг шинээр хийж, зөөврийн хөдөлгөөнт эргүүлийн байр, нохойн байр барьж, цэвэр усны шугамны засварын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.