-МАНАЙ ДУУЛААЧИД ОРГИЛД НЬ ХҮРЭЭГҮЙ ЮМ ГЭХЭД ЯГ ТОМ ЦӨМ РҮҮ НЬХЭДИЙНЭ НЭВТЭРСЭН-
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Анхбаяртай ярилцлаа.
-Монголчуудын хүч чадлыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нэг төрөл бол яах аргагүй сонгодог урлаг тэр дундаа дуурийн дуулаачид. Тэр хүчийг бий болгоход өөрийн тань оролцоо ч нэн их. Хуучин үеийн уран бүтээлчидтэй харьцуулахад өнөөдөр Монголын дуулаачдыг дэлхийд мэддэг болчихлоо. Та нарт энэ байдал хэр мэдрэгдэж байна вэ?
-Биднийг дөнгөж оюутан болоод орж байхад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, ардын жүжигчин А.Загдсүрэн, Б.Жавзандулам багш гээд манай томчууд гадагшаа явж дуулахыг хараад тэдний мөрөөр тэнд очиж дуулж үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Мэдээж ямар ч зүйл өсч, дэвжиж байдаг болохоор одоогийн залуус үзүүлсэн амжилтаараа бас даваад явчихлаа. Одоо ямар ч байсан Монгол гэхээр яах аргагүй мэдэж бас сүрддэг болсон. Тэмцээнд нь монголчууд ирлээ гэхээр л жийрхээд явчихдаг, ялангуяа оросууд хулхи нь буучихдаг болсон доо. Ядаргаатай юмнууд ирчихсэн үү л гэдэг байх. Нэг нь түрүүлээд явлаа гэхэд дараагийн шинэ дуучин гараад ирэх юм л даа. Бид ч үнэндээ Оросын уралдаануудыг дуусгачихлаа. Олон улсад манай дуучдыг “Монгол сайн шүү, монголчууд гоё хоолойтой шүү” гэдгийг ч мэддэг болчихлоо. Гадны дуучин андууд маань “Танай монголчуудын чадалтай хоолойны нууц юу вэ” гэж асуудаг юм. Буриадууд биднийг мах иддэг учраас сайхан дуулдаг гэж ярина. Тэгээд очихоор л “Мах ид, мах ид” гээд дайлдаг юм. Үнэхээр ч монгол дуучдыг мэддэг болчихлоо. Бид энэ салбартаа өөрсдийнхөө чадвар чансааг нэгэнт тамгалж чадсан. Оргилд нь хүрээгүй гэхэд яг том цөм рүү бол нэвтрээд орчихсон гэж хэлнэ ээ. Гэхдээ энэ бол манай үе, үеийн том дуучдын эхэлж гаргасан зам жимээр дагаж, тэднийхээ босгосон суурин дээр, залгамж чанараар бид энэ хэмжээнд хүрсэн гэдгийг онцлохоос аргагүй.
-Өөрийг чинь “Universe best songs”-т анх орж байх үеэс чинь мэдэх юм. Дуурийн ангийн оюутан тийм төрлийн тэмцээнд ороход багш нар чинь хэр хүлээж авч байсан бэ?
-Харин одоо ч намайг тэр тэмцээний оролцогчоор таних хүмүүс олон байдаг юм. Мэргэжлийн хичээлийн хажуугаар тийм уралдаан тэмцээнд ороход багш нар маш дургүй байдаг. Би угаасаа тэгж хол явна гэж бодоогүй зүгээр л ороод үзье гэж бодоод багшдаа ч хэлэлгүй нэг найзтайгаа яваад оччихсон юм. Тэгсэн чинь сүүлийн шатанд үлдээд бараг орой болгон л телевизээр гараад эхэлсэн. Тэгээд баригдсан даа. Би энэ тэмцээнд орсноороо бүр сургуулиасаа хасагдсан. Нэг жил чөлөө аваад гудамжинд лааз өшиглөж явсан түүхтэй. Гэхдээ багшийгаа дуудна гэдгийг мэдэж байсан болохоор хичээлээ бэлдэж явсаар, гурав, дөрөвдүгээр курсээ зэрэг сурч төгсч байлаа. Энэ тэмцээн миний амьдралд бас олон сонин зүйлийг авчирсан. Тухайн үедээ зүгээр ормоор санагдаад л орчихсон юм.
-Багш тань манай нэгэн үеийн алдарт дуучин ардын жүжигчин Б.Жавзандулам. Манай дуурийн томоохон дуучнаас гадна хувь хүнийхээ хувьд амбицгүй, хэнэггүй гэмээр юм уу бас их үнэнээрээ уран бүтээлч санагддаг. Багштайгаа учирсан түүхээ хуучлахгүй юу?
-Миний багштайгаа уулзсан учрал тохиол бас их сонин. Би СУИС-д 2006 онд конкурс өгөөд тэнцээгүй юм. Би багаасаа л дуучин болно гэдэг хүүхэд байлаа. Намайг шалгалт өгөхөд аав, ээж, эмээ, өвөө гээд гэр бүлээрээ намайг дэмжээд очсон. Гэтэл нөгөө хүн нь байхгүй, тэнцээгүй уйлаад суучихсан. Тэгэхэд өвөө маань СУИС-ийн цонхон дээр наасан дуулаачийн сургуульд элсэлт авна гэсэн зарыг хараад шууд залгаж байж билээ. Өвөө маань бас их айхтар хөгшин байсан. Багш нь хэн гэдэг хүн байна гэж асуугаад Б.Жавзандулам гэж сонсоод энэ хүнд шавь ор гээд маргааш нь дагуулаад очиж байлаа. Тэгэхэд багш маань “Опера” гээд хувийн сургуулиа нээгээд хоёр дахь элсэлтээ авч байсан жил юм билээ. Намайг сонсоод “Сайхан ч хоолойтой юм байна. Болно оо болно” гэсэн. Ингэж л анх багштайгаа учирсан даа. Манай багш бас л чанга шүү. Жавтий хүртээх энүүхэнд (инээв).
Гэхдээ би их зодуулаагүй ээ, даалгаж захисныг нь хийгээд, заасныг нь бас түргэн ойлгоод явчихдаг байсан шиг байгаа юм. Багш нарынхаа шахаж зүтгэсний хүчинд манайхаас сайхан дуучид бас төрсөн шүү.
-СУИС-д шалгалтанд хэн хэн сууж байсан юм бэ. Ирээдүйн том дуучныг хараагүй байна шүү…
-Шалгалтад ардын жүжигчин А.Дашпэлжээ, гавьяат жүжигчин Д.Банди, Г.Ганцэцэг багш гурав сууж байсан. Уг нь намайг Д.Банди багш сонирхоод байсан л даа. Гэхдээ би бэлтгэл муу байсан байх. Угаасаа СУИС-д орох хүүхдүүд эртнээс багш аваад бэлтгүүлдэг, сургууль ч тэр хүүхдүүдээ авдаг байсныг мэдэхгүй. Зүгээр л нэг дуучин болно гэсэн дэврүүн хүн. Юу ч мэдэхгүй амьтан байсан л даа. Дор хаяж Хөгжим бүжгийн коллеж дээр дуучин бэлтгэдэг гэдгийг ч мэддэггүй байлаа шүү дээ. Гэхдээ миний дуучин болно гэж зүтгээд байсан учиртай. Би 2004 бил үү 2005 онд С.Жавхлан дуучны зохион байгуулсан “Нутгийн салхи” гэдэг уралдаанд орсон юм. Тэгсэн намайг “Миний дүү дуучин болохгүй хүн байна. Дуугаар яваад дэмий дээ” гэсэн. Уг нь би өөрийгөө аймаар дуулдаг хүн гэж бодоод байдаг миний шүтэж явдаг дуучин маань тэгээд хэлчихдэг. Тэр тусам нь “Би заавал дуучин болно. Түүнээс ч илүү дуулдаг дуучин болно доо” гээд өөртөө бодчихсон хэрэг л дээ. Би чинь С.Жавхлан гавьяатын улаан фэн шүү дээ. Бүхий л сонины хайчилбар, зураг энэ тэрийг нь ханандаа өлгөчихсөн хүүхэд байв.
-Одоо Анхааг ямар дуучин болсныг мэддэг болов уу?
-Намайг гэж яаж мэдэхэв дээ. Тэр олон хүүхэд дундаас. Гэхдээ тэр үг нь намайг заавал сайн дуучин болно доо гэсэн хүсэл зорилготой болгосон юм. Би ч тэр үедээ ч жаахан гомдож байсан үнэхээр дуртай болохоор одоо ч фэн хэвээр(инээв).
-Дуурийн театрт 2012 онд орж байсан юм билээ. Хоор ангиас гоцлол дуучин болж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бас урт хийгээд хэцүү аялал байдаг юм шиг санагддаг. Өөрөө хэрхэн хүлээн зөвшөөрөгдөв?
-Би сургуулиа төгсөөд Дуурийн театрт орно ч гэж бодсонгүй. Айхтар ланжгарууд тэнд байх юм чинь гэж санаад, багш ч бас тийм утгатай үг хэлж байна. Тэгснээ хоор руу нь нэг орж үзэх юм уу гэхэд нь дотроо яаж ч бодсон хоорын дуучин биш шиг санагдаад. Тэгээд шалгаруулалт болж байна гэхэд нь очоогүй юм. Сургуулиа зургадугаар сард төгсчихөөд зуны гурван сар үргэлжлээд намар ч ажилд оролгүй явлаа. Найз нарынхаа хадлан тарианд туслаад. Тэгтэл Улаан Үдэд Л.Линховойны нэрэмжит уралдаан болно гэж дууллаа. Нэг өдөр хөдөө найзтайгаа тарваганы дошин дээр хэвтэж байхдаа гэнэт л уралдаанд оръё гэж шийдсэн. Зүгээр л хоёр нөхөр дээшээ хараад хэвтэж байгаад л тэр уралдаанд орох уу, орцгооё гэж шийдээд явсан даа. Бас хоёулаа нэг төрөлд орж алалцаад яахав гээд би үндсэн төрөлд, манай найз оюутны төрөлд оролцохоор бүртгүүлж байгаа юм аа. Манай найз Хөгжим бүжгийнх. Тэгээд арваннэгдүгээр сард болсон тэр уралдаанд би гранпри авч, найз маань оюутны төрөлдөө түрүүлчихсэн. Уг нь тэр уралдаанд манай Дуурийн театрын гоцлол дуучдаас ч цөөнгүй хүн явсан. Ингээд сургуулиа төгсөөд ажилд ч ороогүй байсан надад Улаан Үдийн театраас ажиллах санал тавив. Гэхдээ энд багш нар, хүмүүстэй ярилцаад тэнд ажиллахгүй байхаар шийдвэр гаргасан юм. Тэгээд удалгүй арванхоёдугаар сард М.Глинкийн нэрэмжит уралдаанд орохоор шийдээд бүртгүүлчихсэн. Нэг үеэ бодвол тэмцээнд түрүүлчихсэн, Улаан-Үдэд уригдчихсан, бас ганц нэг тоглолтод дуулчихсан. Бас ч зоригтой явлаа. Заримдаа эрсдэлээс айхгүй тэнэг зориг амжилт дагуулдаг юм.
-Гэхдээ ажилд ороогүй хүн зардал мөнгөнөөс эхлээд бас амаргүй байсан биз. Уралдаанд орох сайхан ч гэсэн зардлаа өөрсдөө л хайж олдог биз дээ?
-Ер нь манайхан бүгд л адилхнаас эхэлдэг. Бүгд л болохгүй бүтэхгүйгээс болгож бүтээдэг. Би ч адил байсан. Тэр үедээ хүнээс мөнгө зээлээд тэмцээндээ явж байлаа. Манай Дуурийнхан МИАТ-ээс билетийн хөнгөлөлт энэ тэр ярьчихсан. Би тэрэнд нь багтчихсаан бас. Тасалбараа дөрөв, таван зуун мянгаар авчихлаа. Бас манайхан Төмөр замынхантай ярьж байгаад тэдний байранд орохоор болчихсон, бас тэрэнд нь би багтчихсан. Тэгэхээр надад тэгж их мөнгө хэрэггүй болчихож байгаа юм. Тэгээд ганц тасархай 1000 рубльтэй онгоцонд сууж байлаа. Бүртгэлийн хураамж 3000 рубль хэрэгтэй, тэр л дутуу байлаа. Гэтэл онгоцонд танил ах маань таараад мөнгө өгч, би бүртгэлийн хураамжаа онгоцонд олоод очиж байсан. Бүтэх зүйл цаанаасаа л өөр байдаг.
-М.Глинкийн нэрэмжит уралдаан гэдэг манайд хүршгүй оргил байлаа шүү дээ. Алдарт П.Ганбат агсан анх удаа гуравдугаар байрыг нь хүртсэн гэдэг амжилттай. Тэгэхэд Г.Ариунбаатар түрүүлж, өөрөө хоёрдугаар байрт орсон байх аа?
-Монголчууд М.Глинкийн уралдааныг маш том уралдаан гэж боддог байсан. Үнэхээр ч эндээс дуурийн театрын гол дуучид, энд тэндхийн оюутнууд гээд маш олон хүн ач холбогдол өгч очсон байсан. Бөөндөө очиж ороод сүүлийн тур-д Г.Ариунбаатар бид хоёр үлдээд тэр нэгдүгээр, би хоёрдугаар байрт орлоо. Хоёрдугаар байрт орсон болохоор жаахан сэтгэл дундуур ч шүтдэг дуучин П.Ганбат агсны амжилтыг эвдсэн гэхээр бас гоё ч юм шиг. Тэгээд ирсэн чинь хөөрхий багш маань миний хэдэн дипломыг аваад, шагналыг ууталж аваад Дуурийн театр руу дагуулаад очсон доо. Тэр үед Б.Сэргэлэн дарга хүлээж аваад “За хаагуур яваад одоо ирж байгаа юм” гээд жаахан зэмлэнгүй. Тэгээд шууд гоцлол дуучнаар тушаал гаргаж байлаа. Тиймээс би таны хэлсэн дийлэнх дуучны дамждаг хоор ангиас солист болсон хэцүү бэрхийг ярьж чадахгүй байгаа юм. Олон сайхан уран бүтээлчийн хүчийг сорьж байсан театрт шууд солист болно гэдэг аз завшаантай хэрэг. Тэр дундаа сургуулиа төгсөөд удалгүй гоцлол дуулаач болж, сайхан сайхан дүр бүтээх хувь тавилан над ногдсон.
-Театрт ороод ямар ямар дүрд тоглов. Лав манайх удаан Онегингүй байхад тоглосон санагдаж байна?
-“Кармен” дуурийн Эскамильо, “Богема” дуурийн Марчелло, “Травиатта” дуурийн Жермон, “Дон Жуан” дуурийн Дон Жуан, “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий гээд олон сайхан дүрд тоглосон. Би хоёрдугаар сард ороод тавдугаар сард нь Онегинд тоглох болж байлаа. Онегин бас хөг өндөр дуулагддаг дүр л дээ. Хуучин Болд ах Онегинд дуулдаг байснаа больчихсон байсан. Тэгээд “Ах нь одоо яах юм. Миний хүү дуул” гээд маш гоёор хүлээж авч байсан сан.
-Танай аав ээж Өвөрхангайн Уянга, Бүрдийн улсууд юм билээ. Байгалиас заяасан хоолой, авьяас билэг нутаг усны өгөгдөлтэй гэх нь ч бий. Аав, ээжийнхээ талаар танилцуулаач…
-Аавын аав ээж болох өвөө эмээ хоёулаа Бүрдийн гаралтай хүмүүс. Тэндээ мэндэлж, аж төрж амьдарсан. Нутаг усны энерги, шүншиг гэж айхтар бодож байгаагүй ч гучин нас даваад ирэхээр эрхгүй бодогддог юм байна. Ер нь учиргүй зүйл гэж үгүй. Зүгээр ч нэг санамсаргүй дуучин болоогүй, урьд урьдын олон зүйлийн учрал нөлөөгөөр дуучин болжээ гэж бодох болсон. Нутаг ус, өвгөд, аав ээжийн бас дээрээс нь багш нарынхаа буян, хичээл зүтгэлээр өнөөдөр би дуучин нэр зүүж, хүмүүст үзүүлж хэлэх багахан ч болов зүйлтэй болжээ. Ээж маань сувилагч, аав маань цэргийн сургууль төгссөн хүн ч ерээд оноос хувиараа бизнес хийж, шуудангийн тээвэрт явж байсан хүн. Аавыгаа дагаад тээвэрт хамт явдаг байлаа. Сүүлдээ аавтайгаа “Истана”-тайгаа микроны шугамд их явсан даа. Би кондуктор хийгээд. Би дороо нэг эмэгтэй дүүтэй.
-Микроны кондукторууд холоос чиглэлээ зарлаж, хоолой сайтай байдаг даа. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж боддог гэсэн. Өөр мэргэжилтэй болох тухай бодож байгаагүй гэж үү?
-Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг. Дуучин болно гэж боддог байсан. Сургуульдаа дууны аварга болдог нь ч нөлөөлсөөр байсан байх. Анх хөгжмийн багш Д.Мягмар багш маань намайг “Хүүхэд нас” хамтлагтаа гоцлол дуучин болгож, дараа нь “Улаан бүч” чуулга дээр дагуулж очсон. Тэнд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг багш маань тосч авсан. Тэндээс дуучин болох эрмэлзэл маань бүр ч нэмэгдэж, болсноор бүр тодорхой болсон. Тэгээд дараа нь Б.Жавзандулам багш дээрээ очсон. Ер нь энэ сайхан эмэгтэйчүүд миний урлагт тэмүүлэх зам мөрийг холбируулж хөдөлгөхгүй авч явсаар өдийг хүргэсэн дээ. Тэдэндээ талархаж явдаг.
-Тарваганы дошин дээр гаргасан шийдвэр үнэхээр зөв шийдвэр байжээ. Тэр цагаас хойш яг ямар ямар уралдаан тэмцээнд ямар амжилт үзүүлэв?
-М.Глинкийн уралдааны дараа 2012 онд Улаан-Үдэд болсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанд гранпри, Д.Бандийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдаанд гранпри, 2013 онд Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр, 2013 онд Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байр, 2014 онд ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр, 2014 онд Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын дуурийн уралдааны тэргүүн байр, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн уралдаанд тэргүүн байр, 2017 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр, арваннэгдүгээр сард Вена хотноо болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2018 онд Н.Римский-Корсаковын нэрэмжит Б зэрэглэл буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд оролцон, хоёр тэргүүн байр, 2019 онд П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн. Эхэндээ ч байр эзэллээ гээд сүйд болж байдаг сүүлдээ гэрийнхэн ч тоохоо байх янзтай болж байдаг шүү (инээв).
-Өөрөө бол үнэхээр уралдааны одтой уран бүтээлч. Оролцсон уралдаандаа заавал байр эзэлдэг. Үүний нөгөө талд уралдаанд л оролцоод явдаг гэсэн явган яриа гардаг уу?
-Тийм зүйл бас сонстдог юм аа. Мэдэхгүй, ямар хүмүүс нь ч тэгж ярьж явдаг юм. Аль болох нэгэндээ тустай дэмтэй явах чухал гэж боддог.Хүнд айхтар туслаад байж чаддаггүй юм аа гэхэд гай болохгүй амьдрах шиг сайхан зүйл байхгүй. Тийм яриа гаргадаг улсуудыг тэр тэмцээн уралдааны зах зухаас нь мэдрээд үзээсэй гэж боддог. Бас ямрыг нь өөрөө орж үзсэн хүн л мэднэ. Тэгж үзчихээд ярьж байвал хэлэх юм алга.
-М.Глинкийн уралдаанд Г.Ариунбаатар түрүүлж ирээд гавьяат авч байсан. Дэд байр эзэлсэн гээд өөрт чинь өгөөгүй гэхэд цагтаа П.Ганбат агсанд гуравдугаар байр эзлэхэд өгч байсан санагдах юм. Ер нь 2012 оноос хойш олон, олон уралдааны амжилтын дараа гавьяат цол өөрт чинь иржээ…
-Би ганц М.Глинкийн уралдаан биш дээд зэрэглэлийн гурван тэмцээний нэгд нь түрүүлж, хоёрт нь хоёрдугаар байрт орсон л доо. Үнэхээр манайд өгдөг жишгээр бол өгвөл өгчихөөр. Гэвч надад ирэхгүй л байсан. Найзууд маань миний өмнөөс огшоод, баярлаад хөөрөөд байдаг. Би ч сүүлдээ бас юм бодох, найзууддаа туньж ярих маягтай. Сүүлд шагнуулсны дараа найзууд маань тэгэхэд амаргүй байсан шүү гэж л байлаа. Хэдийгээр нас залуудаа төрийн энэ сайхан хишгийг хүртсэн ч би шагналын гол болж аваагүй болохоор бахтай байдаг юм. Хүмүүс шагналын талаар янз бүрийн бодолтой байдаг байх. Миний хувьд энгэр дээр гялалзаад сайхан хүч өгдөг, урам болдог бас ташуур даруулга болдог гэж хэлмээр байна даа.
-Дуурийн ари, романс сонсч байгаа гадны үзэгчдийг харахад соёл, эмоци нь үлгэр авмаар. Та нарт ялгаа нь их мэдрэгдэнэ биз?
-Би саяхан энэ талаар бодож байлаа. Саяхан ах дүү найрамдалт хотуудын соёлын арга хэмжээн дээр очиж дууллаа. Найрамдалт бүхий л хотуудын дарга нар, урлаг соёлын хүмүүс ирсэн тэр арга хэмжээн дээр “Кармен”-ийн Эскамильогийн ариг дуулахад тэр зочдын хүлээн авч байгаа байдал үнэхээр өөр. Дараа нь “Гаруда” шагнал гардуулах ёслол дээр очиход зочид нь монголчууд. Уг нь манай элит давхаргынхан ирсэн гэж ойлгож байсан ч тэнд хүн дуулж байгаа гэж анзаарч байгаа хүн ховор санагдсан. Би тийм муу дуулчихав уу гэхээр яг л дуулдгаараа дуулсан. Ер нь бид өөрсдөө сонгодог урлагаа сайн сурталчлах хэрэгтэй юм байна, илүү сайн таниулах хэрэгтэй юм байна гэж л дотроо бодож байлаа. Үзэгчдээ яг гадны үзэгчид шиг болгох хэрэгтэй.
-Ер нь аливаа амжилтын шалтгаан авьяасаас гадна хөдөлмөр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Ор тас авьяасгүй хүн мянга хөдөлмөрлөөд гарч ирэхэд хэцүү, бас мянга гоё хоолойтой хүн хөдөлмөрлөхгүй бол гарч ирэхгүй. Тэгэхээр тунг тааруулна гэж маш чухал. Би бол тийм айхтар гоц гойд хоолойтой хүн биш шүү дээ. Би өөрийгөө хөдөлмөрийн үр дүнд бий болсон хүн л гэж боддог. Надад Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар шиг айхтар хоолой байхгүй ч багш нарынхаа заасан номыг сонсч, зөв хүлээж авснаараа тэдэнтэй дүйцэж дуулж яваа л гэж хэлнэ.
-Олон улсын уралдаанд түрүүлэхэд Засгийн газраас шагнал өгдөг биз дээ. Авч байсан уу?
-Хамгийн олон удаа авч байсан хүн би байх аа. Гурав дөрөв ч авчихсан шүү дээ. Тэр бас их урам байдаг юм. Дараагийн уралдаан тэмцээндээ орно. Ахуйдаа бага санаа зовно гэдэг эргээд өндөр амжилт гарахын суурь болдог. Үүнийг “Сэрж Меценат” гээд дуурийн дуучдыг дэмждэг сангийн үйл ажиллагаанаас илүүтэй мэдэрдэг. Монголын дуурийн дуучдыг дэлхийд гаргая гэсэн зорилготой энэ байгууллагын ажлын үр дүн би байна, Ч.Бадрал байна. Нөхөр нь Сергей Опанасенко, эхнэр нь Я.Баярцэцэг гээд хүмүүс энэ сайхан ажлыг хийдэг юм. Намайг өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн оруулсан тус их.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач…
-Миний ханийг Гомбодоржийн Мичидмаа гэдэг. Манайх хоёр хүүтэй. Манай хүн Анагаахын чиглэлээр суралцаж байгаад чөлөө аваад хүүхдүүдээ асарч байна. Урлагийн хүний ар тал, карьер хөөж байгаа хүний гэр бүл сайн байна гэдэг маш чухал. Цаг завгүй их ажлын минь бат тулгуур ханьдаа маш их баярладаг. Яг л хүсч байсан халуун дулаан амьдралаа би зохиосон. Ээж маань бидэнтэйгээ хамт байна. Хэдийгээр аав маань бурхан болсон ч амжилтынхаа зах зухаас аавдаа харуулж чадсандаа баяртай явдаг. Амжилтын хувьд би илүү том мөрөөдөлтэй. Хүмүүс шоолж магад л юм. Гэхдээ би 50-60 насанд хүрэхдээ дэлхийн алдарт дуулаачдын хэмжээнд оччихсон, дэлхий дахинд Монголын сонгодог урлагийг таниулж, Энхболдын хүү гэж нэрээ тамгалахыг хүсдэг.
-2016 онд тоглолтоо хийж байсан байх аа. Одоо гавьяа шагнал авчихаар бас хүмүүст хүрсэн сайхан тоглолт хийх хүсэл төрнө биз?
-Өмнө нь аав, ээжийн хүү байсан бол одоо Монголын хүү шүү гэсэн үнэлэмж, шагнал өгчихөж байгаа болохоор нэр төртэйхөн сайхан даагаад явах хүсэл төрдөг юм байна. Одоо Монголын ард түмэндээ зориулаад үнэхээр нэг сайхан тоглолт хийчих юмсан гэсэн бодол байна. Хүндэтгэл талархлын тоглолт гэх үү дээ. Зүгээр ч нэг төрийн цол шагналыг хүртээгүй юм шүү гэдгээ түмэн олондоо харуулж, шагнал бол дуртай нэгний иддэг боорцог биш, ийм учраас тэр хишгийг хүртээд явж байгаа шүү гэж батлан харуулахыг хүсч байна. Нэг сайхан сонгодог үдшийг монголчууддаа мэдрүүлэхээр одоо өдөр судраа товлодог дээрээ яригдаад явж байна. Өмнөх тоглолт маань цэвэр сонгодог тоглолт, цомхон хүрээнд болж байлаа. Одоо илүү өргөн хүрээнд, сонгодог урлагаа сурталчлан таниулах ажлыг хийнэ гэж төлөвлөж байна. Би чинь бас ГХЯ-наас итгэл хүлээлгэсэн соёлын элчийн ажлаа ч ингэж нэр төртэй гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Тоглолт маань төлөвлөгдөөд эхний байдлаар сайхан л бэлтгэгдэж байна.
-Шинэ тоглолт, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ