УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж хэлэлцэхэд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өнөөдрийн хэлэлцээд байгаа асуудал бол хувь тэнцүүлсэн зарчмыг хэзээ мөрдөж эхлэхийг яриад байна. Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болох ч шинэ санал орж ирж хураагдаад байгаа нь хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ дур зоргийн шинжтэй байж болохгүй. Асуудлаа шийдээгүй байж төгсгөлөөс нь хэлэлцэж байгааг хэлж байгаа юм. Аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж болохгүй гэж байгаа. Яагаад бид АН-ын нам сонгох саналыг хүлээж аваад байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй гэж байгаа. Иргэний сонгох эрхэнд нь халдаж байгаа. Нэр тавина гэж худлаа яриад байж болохгүй. 600 хүний нэртэй саналын хуудас шүүгээд сууж байх уу. Олон сонгогдсон гээд цаашдаа мань мэтэд намын жагсаалтад нэр орох боломж гарах байх. Гэхдээ би тэрийг хүсэхгүй байна. Дураараа дургидаг хүмүүс намын жагсаалтын ард нуугдан гарах гэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмаар явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Энэ нь 2012 оных шиг нам дугуйлна гэсэн үг биш. Намыг хэзээ ч дугуйлахгүй гэдэг томъёоллоор зөвшилцөж, ойлголцоод явж байгаа. Намын жагсаалтад нуугдсан зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн гэж заасан. Манай аймгаас жилийн жилд гурван гишүүн сонгогдоод ирсэн. Бүүр 1924 онд 72 гишүүн анхны Үндсэн хууль батлахад ч гурван төлөөлөл сууж байсан. Харин 2012 онд ганц удаа хоёр гишүүн сонгогдсон. Энэ бол үндэсний цөөнхийн сонгох эрх зөрчигдсөн. Манай аймгаа сонгогдсон гурван гишүүн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид бүх шатанд Баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулах зарчмыг барьж ирсэн. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахад Баян-Өлгий аймгийн төлөөлөл, казак иргэдийг оруулахгүй гэсэн зүйл биш. Баян-Өлгий аймаг хоёр мандаттай, дээр нь улсын хэмжээний мандаттай орж ирнэ.Ингэснээр Баян-Өлгий аймаг, казак иргэдээс дор хаяж 3-4 нь сонгогдоно гэсэн тооцоогоор байгаа. Энэ нь харшлахгүй. Харин намын нэрийн дор орж ирнэ гэсэн шүүмжлэл байгаа учир тойрог болон жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэдгийг хэлмээр байна.