Монголын Волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолт Эрдэнэт хотод гурван өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Үндэсний дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа зохион байгуулсан мөн легионер тоглогчдыг урьж оролцуулснаараа энэ удаагийнх онцлог байлаа. Тэмцээнд “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хасу Мегастарс”, “Хос бар”, “Уурхайчин” зэрэг зургаан клуб мөн Булган аймгийн волейболын холбооны зургаан баг оролцлоо.
Тэмцээн 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин оролцож аймагтаа зохион байгуулсан нь энэ юм. Дараагийн тэмцээн энэ сарын 15-наас Улаанбаатар хотод үргэлжилнэ.
Монголын Волейболын холбооны дээд лигийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулж байсан ажээ.
Ташрамд дурдахад, дээрх тэмцээний үеэр Орхон аймагт волейболын ордон байгуулах шийдвэрийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын волейболын холбоо” хамтран гаргав.