УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга байна уу. Жилд 10000-20000 төгрөгөөр нэмэгдүүлж байхаар ахиухан нэмэгдүүлэх бололцоо байна уу. Ядаж тэтгэврийн доод хэмжээ 320 мянган төгрөгийг ахиулах хэрэгтэй байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр 300 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тэтгэвэр нэмэх хэрэгтэй байсан юм биш үү?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын тусгай сангийн хууль дээр ажилласан. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажиллаагүй. Зөвхөн зарим олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажилласан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өнөөдөр төсөв батлагдахаар асуух зүйл л асуугдаад байна. Тэтгэвэр нэмэгдсэнээр амьдрал өмнөхөөсөө дээшлэх үү? Төрийн албан хаагчдын цалин хэзээнээс нэмэгдэж байна. Тэр нь амьдрал ахуйд нь дэм болж байна уу. Зургаан сарын төсөөллөөр хийсэн үү, жилийн төсөөллөөр хийсэн үү? Сангийн сайд нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарлаа гээд байдаг. Төсвийн байнгын хорооны дарга нь НДШ болохоо байлаа гэж байна. Амьдрал дээр бууж өгөхгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Тэтгэвэр, цалинг 2020 оны улсын төсөвт нэгдүгээр сарын нэгнээс инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон чухал арга хэмжээ авахаар тусгасан. ЖДҮХС-г хэвээр байлгахаар дэмжсэн. 2020 оны хувьд ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг эргэж төвлөрнө гэж тооцсон. Энэ нь ЖДҮХС-гийн хувьд боломжтой мөнгө гэж тооцсон.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Ингээд байнгын хорооны дүгнэлтээр Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2020 оны төсвийн төсөөллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар 60.7 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.