Categories
мэдээ цаг-үе

Монгол найргийн эрдэнийн титэм “Сэгс цагаан Богд”

-ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ НАДМИДЫН СҮХБАТТАЙ УУЛЗСАН НАМРЫН ГОВИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Монголын тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяа Шинэжинстийн сууринд дөрөө мулталлаа. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн онгод билгийнх нь оргил “Сэгс цагаан Богд” найраглалын хагас зуун жилийн ойд хүрэлцэн ирсэн минь энэ. Бага балчраас содон сайхан нэр нь эрдэнийн титэм шиг санагдах энэ их уулын салхи савирыг амсана чинээ бодсон ч биш дээ. Монгол хэлний охь дээжис сувдан сондрыг шигтгэж, чухамхүү дархан цэц гэдгээ их найрагч бататган тунхагласан домогт найраглалынх нь түүхт ойд оролцоно гэж зүүдлээ ч үгүй явсан минь үнэн. Гэлээ чиг “Яруу найргийн буян их ээ” гэдэг шиг ном шастираа дээдэлдэг монгол хүмүүний зүрхэнд сац цагаан суварга адил гэрэлтэн байдаг “Сэгс цагаан Богд”-ын хаяанд ирдэг л юм байна. Сэтгэл ганихруулсан намрын говийг туучиж ирдэг байна шүү. Их говийн сүр сүлдэт хайрхан Залаажинстийн өндөрлөгөөс намрын говийг сэтгэл сэнсрэн харж зогсохын сайхныг хэлээд яанам. Хаяа хярхаггүй уужим их говь. Жинхэнэ намрын хонгор говь.

Холын хөх зэрэглээ нь хүртэл тунаран шаргалтаж, хулангийн тоосонд тасарч нийлсэн говь. Заг бударганын шим шүүс гэж байдаг бол намрын нар дуниаран мануурчээ гэж санахаар. Зандан хүрэн тэмээдийн туг ширээ бөх нь элгэн хадтай уулын хэц шиг харагдах нь бахтай. Ийм л цагт Залаажинстийн гөлгөр хар хадан чулуудтай хөглөрсөн уулс дунд ганхан зогсном. Баянхонгорын Шинэжинст Сэгс цагаан Богдын хаяа хязгаар нутаг Говийн их дархан газарт багтдаг. Домогт Тахийн шар нуруунаас Өмнийн говийн Говь Гурван сайхан уулын Хөрхийн нуруу хүртэл үргэлжлэх Алтайн өвөр говь энд оршино. Ингэн хөөврийн хоолой гэж аварга хоолой бий. Өмнийн говийн Гурвантэс болоод Шинэжинстийн нутгийг дамнаж сунайн тогтдог. “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй Надмидын Сүхбатын гэрийн гаднаас Гурвантэсийн алдарт Нэмэгт уул, Алтан уул, Тост уул хөхрөн харагддаг нь ийм учиртай. Гурвантэсийн Нэмэгтийн хөндий бол өнөө үлэг гүрвэлийн өлгий нутаг. Шинэжинстийн энэ их говь Бүгийн хоолой, Ногоон цав яах аргагүй эртний гүрвэлийн нутаг билээ.

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Тэртээ жаран есөн оны аравдугаар сарын дундуур, Алтайн өвөр говийн яг л ийм халуун намраар энэхүү найраглал төрсөн байдаг. Бүр тодруулбал, бөхөнгийн сүрэг, хулангийн тоосноос өөр бараагүй ээрэм халуун говийн сонин содон тогтоцыг үзэж, үлэг гүрвэлийн “өндөг” хэрхэн яаж хадгалагдаж ирснийг Монголын найрагчид гайхан биширч явахдаа Шинэжинстийн Хоёр худагийн үзүүрт намаржиж байгаа Надмид гэж бүсгүйнд түрхэн зуур саатсанаар “Сэгс цагаан Богд” төрөх хувь заяа бүрдсэн юм. Аливаа уран бүтээл өөрийн төрөх цаг хугацаатай, үүх түүхтэй байх нь бий. Ямар нэгэн хувь заяаны тохиол бүрдэж байж бүтээл төрдөг. “Сэгс цагаан Богд” ч ялгаагүй бүтээл хэрхэн төрдөг тэр л жамаар төрсөн. Гэхдээ уг найраглалын түүх нь тэр чигтээ домог болж олон түмний сэтгэлд он он жилээр амьдарч ирсэн нь сонин. Амнаас ам дамжин яригдаж найраглалын гол баатруудын хайр сэтгэлийн нандин холбоог хүртэл бий болгож, юу юу ч болов доо. Дөчин дөрвөн жилийн дараа найраглалын баатруудыг уулзууллаа хэмээн Дүгэрийн Амбасэлмаа гуай телевизээр гаргаж Долгорын Нямаа ах минь “Тоост их говийн тортогт хөх асар“ Сэгс цагаан Богдод суугаа Сүхбатыгаа очиж үнссэн билээ.
Энэхүү найраглалын цаана нэг л нандин зүйл бий сэн. Тэртээ тавин жилийн өмнө “Сайхан хотын хөөрхөн хархүү” Долгорын Нямаа хулангийн унаганы хилэн шиг зөөлөн уруулыг бус арван тавтай жаахан охин Сүхбатыг үнссэн бол, унаганы мяндсан цагаан ногтон дээр алтан шаргал тэмдэг зүүж өгөлгүй түүнээ алаг нүдэн Сүхбатын энгэрт зүүж өгсөн бол энэ найраглал төрөхгүй ч байх байсан юм билүү. Бүр эхнээс нь хөөгөөд үзэхэд сум нэгдлийн дарга Тэгшийн Чулуунхүү гуай зохиолчдыг дагуулж Надмид эмэгтэйнд очоогүй бол, тэднийд гучаадхан минут саатах хооронд илгээлтийн эзэн Сүхбат тэмээнээсээ ирээгүй бол, “соотон адуу” гэж нэрлэсэн хулангийн унага тэжээж байгаагүй бол, тэрхүү хулангийн унаганд шанагаар сүү өгч түүнийг нь зохиолчид амьтны хүрээлэн үзэх мэт алс хол говьд намрын шарга наран дор дугуйрч зогсоод сонирхоогүй бол “Сэгс цагаан Богд” төрөхгүй байлаа.

Image may contain: 3 people, people smiling, indoor

Монголын их утга зохиолын хатан ижий Сономын Удвал гуай “Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалтыг эх орныхоо алтан шаргал говьд ихэвчлэн хийсэн байдаг. Өмнөговьд болсон “Уран үгсийн чуулган”-аас буцаж ирээд Явуу “Тэхийн зогсоол” дуулиа бичсэн. Сэврэй сумын анчингаас тэх хэрхэн тэнгэрт хальдаг тухай сонсоод Явуу бодлогошрон суухдаа ачит эцэг анчин Бэгзийнхээ дурсгалд зориулж алдарт “Тэхийн зогсоол”-оо зүрхэндээ нулимстай бичжээ. Тэгвэл Баянхонгорт болсон Уран үгсийн чуулган “Сэгс цагаан Богд”-ыг төрүүлсэн юм. Удвал гуай Чойжилын Чимидээ, “Улаан наран”, “Үүрийн туяа”-ны эзэн Санжмятавын Дашдэндэв гуайг, “Их буу” хэмээн алдаршсан партизан Жүгдэрийн Дамдин гуайг, за тэгээд Пүрэвдорж, Дашдооров, Доржийн Гармаа нарыг дагуулаад Хонгор нутгийг зорьсон байна. Хамгийн залуу нь дөнгөж 30 нас хүрч буй радиогийн сурвалжлагч Долгорын Нямаа байжээ. Юмны учир тохиол гэдэг сонин. Нямаа ахын хулангийн унаганы шидмэсэн ногтон дээр зүүж өгсөн тэр тэмдэг бол тухайн томилолтоос хэдхэн хоногийн өмнө алс Дорнод, Эрхүү, Ангар мөрнөөр аялж явахад нь “Восточно-Сибирская правда” сонины газраас дурсгасан тэмдэг гэдэг. Алс Дорнодоос авчирсан тэрхүү тэмдэг энгэрийнх нь халаасанд байснаараа алдарт “Сэгс цагаан Богд” төрөх үүдэл санаа болсон гэхэд хилсдэхгүй. “Нямаа зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байсан боловч биднээс жийрхээд чадалгүй тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм байна. Тэрнээс болж сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг мөр гарсан юм. Цаана нь Нямаа байгаа гэсэн үг” хэмээн ерэн есөн онд Пүрэвдорж гуай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бататган хэлсэн удаатай.

Их найрагч “Сэгс цагаан Богд”-оо туушиндчихаад “сайхан хотын хөөрхөн хархүү”-дээ хамгийн түрүүн уншиж өгчээ. Энэ тухай Нямаа нь “Пүрэвдорж гуай нэг өдөр үдийн цайны цагаар намайг гэртээ урилаа. Одоогийн “Мөнгөн завъяа”дэлгүүртэй орон сууцны байшинд суудаг байсан сан. Намайг очиход сая дөнгөж гараас гаргаад байгаа найраглалаа уншлаа. Гойд сайхан зохиол юм шиг санагдлаа. “Энэ охиноос чинь надад захиа ирсэн шүү дээ” гэвэл “Үзэх юмсан. Юу гэж байгаа бол” гэв. Төд удсангүй “Үнэн” сонины 1969 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн дугаарт мөнөөх найраглал гараад ирлээ. Үүнээс харвал хоёр сар хүрэхгүй хугацаанд “Сэгс цагаан Богд” найраглал бүтсэн нь мэдэгддэг. Гарахтайгаа зэрэг шуугиан тарьсан” гэж хэлсэн юм. Үнэхээр уг зохиол бичигдсэн даруйдаа шуугиан тарьсан. Тэрхүү шуугиан нь чухам юунд вэ гэвэл монгол үгийн эрдэнийн охь дээжис, монгол найргийн ая дан, үгийн ид шидэнд нь байгаа юм. Говь нутгийг үгээр хэрхэн яаж зурж болдгийг, үгийн дотоод эгшиглэн аялгууг хэрхэн зохируулж, хүмүүний зүрх тархинд эрдэнийн шигтгээ шиг суулгаж болдгийг харуулсан юм. Түүнээс хөдөөгийн тэмээчин бүсгүйн хайр сэтгэлдээ ч юм уу, хэн нэгнийг санаж мөрөөдсөн өнгө аястаа ч юм уу уг найраглалын утга учир бүрэн дүүрэн илэрхийлэгдэхгүй л болов уу. Дэндэвийн Пүрэвдорж аргагүй цэцтэй найрагч гэдгээ “Сэгс цагаан Богд”-оороо баталсан билээ.
“…Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу
Сэгс цагаан Богд ууланд
Сэрүүн унах болоогүй юм уу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна…” найраглалын эхний бадгуудад ийм тансаг мөрүүд бий. Намрын говийн нарны илч мэдрэгдэх шиг болдог. Тэгвэл жаран есөн оны аравдугаар сарын 29-нд тэмээчин охин Сүхбатаас Долгорын Нямаад ирсэн захидлыг сонирхоё.“Манай нутгаар дулаан урт намар болж байна. Би тэмээгээ хариулж та нарын явсан мөрөөр Бүгийн хоолой хааяа орох юм даа. Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм. Хулангийн унага надаас өвс сүү нэхээд л явж байна. Та нарын өгсөн хүлээн авагч манай гэрт хотын сонин сайхныг сонсгож байна. Таны соотонд зүүсэн “50”-ын тоотой тэмдгийг би аваад зүүчихсэн” гэх ийм л захидал. Пүрэвдорж гуайн найраглалын эхний мөрүүдтэй санаа нь яв цав нийлж байгаа юм. Тэнгэрийн хаяанд суудаг тэр жаалхан охин “сэм сэмхэн санаа алдаж сэтгэл нэг л сүжрээд” байгаа нь захидлынх нь үг бүрээс уншигдаж байгаа юм. “Та нарын явсан мөрөөр хааяа Бүгийн хоолой орох юм” гэдэг нь “сайхан хотын хөөрхөн хархүү” өнөө Долгорын Нямаад татагдаад байгаа юм шиг. “Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм” гэдэг бол олон тоон дээр хэлсэн юм шиг хэрнээ арван тавтай жаахан охины зүрх алдаж зөвхөн Нямаад хэлсэн үг болох нь мэдрэгдэнэ. Үүнийх нь баталгаа унаганд зүүсэн тэмдгийг өөрөө аваад зүүчихсэн гэх мөн л зүрх булгилсан үг нь гэрчлээд өгч байна. Ийм нандин захидлыг Пүрэвдорж гуай уншаагүй хэрнээ, захидал ирсэн тухайд огтоос дуулаагүй, мэдээгүй хэрнээ яруу найрагчийн зөн совин, онгод билиг, алтан сэрлээрээ мэдэрч “Сэгс цагаан Богд”-ыг бичсэн байх юм.

Image may contain: 2 people, people smiling

Эл бүгдийг сэтгэлдээ тунгааж Сэгс цагаан Богдын цэнхэрлэх хаяа руу харц сунган намрын говийн тэнгэр дор зүрх чичирхийлэн зогсож байна. Тавин жилийн өмнө арван тавтай байсан тэмээчин охин, насныхаа намарт налайн суугаа сайхан хөгшин биднийг угтсан. Алтан шаргал говь шигээ улаан зоосон хээтэйшар торгон тэрлэг өмсч, өндөр сүрлэг атан тэмээдийнхээ дэргэд угтсан. Миний бие мэнд мэдэн үнсүүлэхдээ “Долгорын Нямаагийн хүү байна” гэж цаашлуулахад хонгор намрын салхи нэвчсэн уруулаар хацрыг минь үнэрлээд “Аа тэгвэл миний хүү л байна” хэмээн инээмсэглэсэн сэн. Сүхбат эгчийг “Их говийн тэмээтэй Дарь эх” гэдэг. Би ч хэлчихсэн юм биш л дээ. Өнөө “нүдэнд дулаахан хархүү, нүүдлийн шувуу” Нямаа нь 44 жилийн дараа ирээд явахдаа тийн уулга алдсан. Нялх балчраасаа тэмээний дэргэд өсч бүхий л насаараа тэмээгээ хариулан, тэмээнийхээ дэргэд өтөлж яваа тэрээр их найрагчийн хэлсэнчлэн
“…Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болдоггүй
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгөдийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй” нэгэн ажээ. Ямар сайндаа л Улаанбаатар хотын барааг амьдралдаа ганцхан удаа харсан тухай хуучилсан байдаг. Тэгэхэээр тэнгэрийн цэнхэр хаяа, тэмээн сүрэг, Сэгс цагаан Богдоосоо сэтгэлээ салгаж чаддаггүй ийм л хүн.

Image may contain: 1 person, suit

Хоёр жилийн өмнө цас будагнасан намрын тэр орой Дэндэвийн Пүрэвдорж гуайнхаа Эрээн уулыг харж сэтгэл баясаж байлаа. “Хөх үндэсний гал” найргийнх нь наадамд шүлгээ уншихаар Шарлингийнх нь голыг дуу шуутайхан гаталснаа яахин мартах билээ. Тэгвэл энэ удаад “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн дэд тэргүүн, найрагчийн хайртай бэр, “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавайгийн минь охин Нямцэцэг эгчтэйгээ, найрагчийн халуун зүрхний охин, эрхэмсэг хатагтай Халиунаа эгчтэй, найрагчийн хайрт шавь төрийн шагналт Дамбын Төрбат ахтайгаа Сэгс цагаан Богдынх нь ойд Шинэжинстийн сууринд зүтгэж ирлээ. Мөн Пүрэвдорж найрагчийн бий болгосон “Шувууныхан” гэжнэгэн сайхан хүрээлэл бий. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай, нэрт дипломатч орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн гуай гээд цөөн хэдэн элитүүдээс бүрдсэн энэ хүрээлэл нөхөрлөл гэдэг хичнээн үнэ цэнтэйг илтгэх шиг болдог. Пүдо-гийнхоо “Сэгс цагаан Богд”-ын ойд Дамжингийн Дамба аваргаар удирдуулсан, Ганболд ахаар газарчлуулсан, Элчин сайд Дагвын Цахилгаан гуай гэргий Гапилмаагийн хамт заларсан “Шувууныхан” нь Хонгор нутгийн хамгийн өндөрлөг Их Богд хайрхны дээгүүр “шунган нисээд” бууцгаахыг хараад баяр бахдал төрж билээ. Тэнгэрийн цэнхэрлиг орноос их найрагч

нулимстай харж байгаа даа хэмээн эрхгүй бодогдсон.

Сэгс цагаан Богдын ард түмэн сэтгэл юугаан дэлгэн Эхийн голынхоо алимыг таваглаж, ингэнийхээ ундааг сөн дүүргэн угтахад
“…Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ…” гэх мөрүүд нь сэтгэлд ургаж, нэг л сайхан бодол төрж байсан сан.

Арван хэдхэн насандаа Монгол найргийн эрдэнийн титэм “Сэгс цагаан Богд”-ын амин зүрх нь болсон ээрэм говийн тэмээчин бүсгүй Сүхбатыг их утга зохиолын үе үеийн бурхад алдаршуулж ирсэн байх юм. Яасан сонин сайхан хувь заяа юм бэ дээ гэж бахдахаар. Тэртээ наян найман онд одоогоос гуч гаруй жилийн өмнө алдарт Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч тэргүүтэй зохиолчид Шинэжинстээр дайран өнгөрөхдөө Сүхбатынхаар оржээ. “Тэмээ багширтал хураасан нэгэн хот айлд очлоо. Энэ гэрийн эзэгтэйг Монгол даяар мэднэ гэхэд хилсдэхгүй. Хөх торгон дээлтэй, нүдэнд дулаахан тос даасан бор бүсгүйн аялагхан царай, дөлгөөн занг ажихад найргийн баатрын буян даах хүн мөн юм даа гэсэн бодол төрнө. Энэ бол бидний нийтээр мэдэх “Сэгс цагаан Богд” найраглалын эх дүр тэмээчин бүсгүй Сүхбат юм” гэж Сүүеэ минь бичсэн. Наян найман он бол агуу их Сүрэнжавын төрийн шагнал хүртсэн жил. Тэр жилээ Сүүеэ минь тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяа хязгаарт очиж буурал Бадарчийнхаа хамт сэтгэл догдлон байсан нь мэдээж.

“Бадарч найрагч Дандар баатартай хамт манайд ирж байсан” гэж Сүхбат эгч хэлсэн. Дандар баатрын морин жолооч явлаа хэмээн савлхийвэл дотогшоогоо мэлмэрдэг “Есөн эрдэнэ”-ийн Бадарч ах минь домогт баатрынхаа хамтаар мөн л тэнэгэр их говийн тэмээчин бүсгүйн гарын цайг уужээ. Сүхбат эгч “Сэгс цагаан Богдын гол баатар болж алдаршсан минь асар их нэр хүндийг надад хайрласан. Хөдөлмөрийн баатар болсноос дутуугүй юм шиг санагдсан” гэж нэгэнтээ хэлэхэд хичнээн их хүндэтгэл төрсөн гэж санана. “Тийм өндөр нэр хүндийг дааж, өргөж явах ёстой гэсэн нэг бодол түүнийг эзэмдэж явдаг бололтой юм билээ” хэмээн Нямаа ах бас хэлснийг санаж байна. Уг найраглалын гол баатар түүнийг Монголын төр “Алтан гадас” одонгоор мялаасан нь бас л том хүндэтгэл мөн. Харин баатрын тухайд бол их найрагч маань 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг энгэртээ гялалзуулаад төрийн ордны их танхимд өнөө л тас тас инээдгээрээ нүүр дүүрэн цэлмэж зогссоныг нь Монголын ард түмэн бахархал дүүрэн харсан билээ.

Image may contain: 5 people, people smiling, people standing

Аравдугаар сарын арван тавны шүншигт өдөр. Тэнгэрлиг найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн орчлонд мэндэлсэн өдөр. Тэрээр жаран есөн оны яг энэ өдөр гучин зургаан насныхаа ойгоор “Сэгс цагаан Богд”-ынхоо санааг сэтгэлдээ ургуулж, их говийн халуун намрыг зүрхэндээ нэвчтэл шингээжээ. Тэгээд л орчлонд халуу шатсан найрагч чухамхүү амандаа гал зуусан бүргэд шиг амьдарчээ гэж бодохоор. Өөрийнх нь төрсөн өдөр тохиож буйг Сүхбатын гэрт дуулгахад Удвал гуай хоёр ширхэг алим өгсөн юм гэдэг. Удвал гуайн хоёр ширхэг алим орчлонд мэндэлсэн өдрийнх нь гэрч болон Эхийн голын баянбүрдэд ургасаар л байгаа. Найрагчийн мэндэлсэн өдөр төдийгүй найраглалын анхны мөр зүрхэнд бичиглэгдэн зурагдсаны дурсгал болж улааран найгасаар л буй. Гэтэл тавин жилийн дараах их найрагчийн мэндэлсэн эл өдөр Шинэжинст сумын төвд “Сэгс цагаан Богд” найраглалынх нь гэрэлт хөшөө босдог байна шүү. Мөнхүү намрын дунд сарын 17-ны билэгт өдөр давхар тохиосон нь ёстой л нэг учрал ерөөл энэ байхдаа хэмээн эрхгүй бодогдном.
“…Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна…” хэмээх эрдэнийн шигтгээ шиг бадаг мөрийг нь гантиг цагаан хөшөөний нүүрэнд бичиглэсэн байна. Ийм тансаг мөрүүдийг их говийн тэнгэр жаран жарнаар адислаж, Сэгс цагаан Богдын сэвшээ хонгор салхи зуун зуунаар илбэнэм биз ээ. Найрагчийн охин нь, бэр нь, номын шавь нь, анд нөхөд нь найраглалын баатар Сүхбатын хамт зэрэгцэж зогсоод домогт бүтээлийнх нь хөшөөний алтан туузыг хайчилсан. Мөнхтөр, Готовдорж тэргүүтэй сум орон нутгийн удирдлагууд, Алтайн өвөр говийнхоо түүхт дархан хилийг манаж буй отрядын дайчид, хонгор нутгийн хүндтэй зочид, Сэгс цагаан Богдын ард зон зандан хүрэн тэмээдээ унаад ирчихсэн бүгд найрсан хурайлаад найраглалынхаа алтан баринтгийг залсан. Тэр сайхан хүндэтгэл дор, их говийн намрын тэнгэр дор нээлтийн ёслолд үг хэлж шүлгээ уншиж зогсохдоо жулдрайхан би зүрхэндээ нулимстай байсаан. Агуу их хувь заяа юм гэж бодож байлаа. Элгэн халуун Нямаа ахыгаа сэрүүн тунгалаг байсан бол гэж харуусч байлаа. “Пүрэвдорж гуай минь, Нямаа ах минь дээд тэнгэрээс харж баярлаж байгаа даа” гэж хэлэхүйд Сүхбат эгч зөөлөн тунгалаг нүднээсээ нулимс унагаж суусан сан. Хоёрхон жилийн өмнө Долгорын Нямаа ахтай нутгаар нь явж Хонгор хайрханд нь очиход замын туршид Сүхбатынхаа тухай ярьж, өнөөх 44 жилийн дараахь уулзалтын сонин сайхнаас дурсч билээ. “Манай нутгийн уулс хадан хар өнгөтэй. Дэл уул, Хөнжлийн уул ялгаагүй ийм. Ганц энэ Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цагаан өнгөтэй юм. Тиймдээ сэтгэлд гэгээтэй содон харагддаг. Москвад Горькийн сургуульд сурч байхад энэ хайрхан л бодолд үе үе бууж, санагдаад байдаг байв” хэмээгээд Хонгор хайрхнаа Баянхонгороос, Сэгс цагаан Богдын тэндээс, бүр тодруулбал Сүхбатынхаа нутгаас ирсэн домогтой гэж өөртөө ойртуулж буй юм шиг ярьж билээ.

Дөчин дөрвөн жилийн уулзалтаар очиход Сүхбат нь Нямаадаа хавтгайтай эрлийзжсэн “хавтгайн бэсрэг” гэх өндөр биетэй, ширээ бөхтэй хүрэн халтар тэмээдээс нэгийг бэлэг болгон өгчээ. Тэмээн зэлэн дээрээ аваачиж байгаад “ширээ хонгор” гэдэг сайхан нэртэй тэмээг бурантагтай нь барьсан байна. Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа Дундговийн Өлзийтийн тэмээтэй нутгийн хүн. “Тэмээний дэргэд дуу дуулахад тэмээ аяндаа тогтуун болдог юм, хүрэн улаан тэмээд минь хүний дуунд олон болдог юм” гэх дуу бичиж, “Тэмээний уралдаан” шүлэг бичиж, “Тэмээний нутаг” нэртэй ном ч гаргаж байсан хүн. Тэмээчин баатар Хүрээт гуайн тухай бичсэн дууль ч бий. Гэв чиг тэмээний бэлгийг анх удаа Сүхбатаасаа авсан нь сонин. “Ширээ хонгор минь сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан Богд уулынхаа алсад цэнхэртэх барааг хараад амар амгалан идээшилж яваг. “Нямаагийн ширээ хонгор” гээд энэ хязгаар говь нутагт миний нэрийг дуурсгаж явбал бас сайхан” хэмээн Сүхбатдаа баярласнаа илэрхийлээд бурантгийг нь эргүүлж гар нь дээр тавьсан удаатай. Ийм л дурсамж дурдатгалыг Нямаа Сүхбат хоёр 44 жилийн дараа уулзахдаа бүтээсэн. “Миний хувьд гэвэл Сүхбатыг сайн танихгүй хэрнээ нэг л сэтгэл догдолж хоолой зангирах шиг болоод байгааг бодож үзэхүл, сайхан залуу бага насандаа бид хоёр анх уулзаж явж дээ. Хагас зуу шахам жил өнгөрөхөд хэн хэн нь энх тунх сайн сайхан аж төрж яваад өнөөдөр энд уулзлаа. Хожмын өдөр дахин уулзах тохиол гарах болов уу, яах бол гэсэн маягийн эргэлзээ, хэд хэдэн эмзэг бодол сэтгэлд эргэлдсэнийх бололтой” гэж Нямаа ах минь хоолойд нь нулимс зангирснаа хэлсэн. Тэрхүү эмзэг сэтгэлийнх нь долгионыг Сэгс цагаан Богдын хаяанд миний бие бодож зогслоо. Ахин уулзахгүй гэдгээ мэдээд л дотогшоогоо мэлмэрч дээ гэж уяралтайхнаар бодсон.

Шинэжинстийн соёлын төвд “Сэгс цагаан Богд” найраглалыг хэн сайн унших вэ тэмцээн болсон. Оролцогчдын хамгийн бага нь цэцэрлэгийн таван настай жаалхан хүү. За тэгээд зөвхөн Шинэжинст гэлтгүй Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан гээд залгаа говийн сумдынхан зориод ирсэн байна. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн, төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл хотоос хүртэл хүүхэд залуус зорин очиж “Сэгс цагаан Богд”-ын сувдан сондрыг хэлхсэн юм. Шүүгчээр төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат, “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн дэд тэргүүн Пүрэвийн Нямцэцэг хатагтай бид гурав суулаа. Мөн Сүхбат эгч зочин шүүгчээр залрав.
“…Ай даа, сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Зах гурван хээр
Задгай гурван бамбуу
Нэр нь хүртэл
Нээрээн сайхан нутаг аа
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би…” гэх алаг нүд нь гэрэлтэн, сэтгэл цэлмээн унших сурагчдын уншилт бүрт нь хайр хүрч нулимс урсч байсныг яана. Өчүүхэн би гэлтгүй соёлын төвийн танхимыг дүүртэл суусан олон бүхэл өдрийн туршид ганцхан “Сэгс цагаан Богд” найраглалаа сонсохдоо үг бүрт нь яруусч, хайраар ундарч, асгарсан нулимсаа барьж чадалгүй сувдруулж, алгаа хорстол ташиж сэтгэлийн таашаалыг мэдэрсэн. Хүүхэд бүрийн өөрийн гэх донж, бүтээлдээ уусан шингэснийх нь баталгаа болох тэнгэрийн хаяан дахь тэмээчин бүсгүйн зүрхний үгийг гаргаж буй илэрхийрлэл нь яалт ч үгүй соронздон татаж буй юм. Шүрэнчимэг хэмээх эргэлдсэн алаг нүдтэй жаалхан охины эгдүүтэй дүр төрх, Сүхбат эгчийн ач охин Дэнсмаагийн уран яруу уншилт, цэнхэр торгон дээлтэй, яг л хайрт эмээгийнхээ арван таван насыг санагдуулам дүр байдал, хэн бүхний цээжинд баяр баясал төрүүлсэн.
“…Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиад дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа…” гэх “Сайхан хотын хархүү” Долгорын Нямаад хандсан мөрүүдийг донжтой нь аргагүй гаргаж байлаа.

Image may contain: 3 people, including Norov Gantulga, people standing and suit

“Сэтгэл цэнгэгшинэ” гэж чухам үүнийг л хэлэх биз дээ хэмээн “Сэгс цагаан Богд”-оо өдрийн туршид сонссон олны гэрэлтсэн царай хэлээд өгч байгаа юм. Тэр үдшийн сайхныг, намрын шөнийн говийн тунгалгийг зүйрлэх юм биш. Шөнийн тэнгэрт намрын дунд сарын арван долооны саран гэрэлтэнэ. Сэгс цагаан Богдын цэнхэрлиг хязгаараас хонгор намрын сэвшээ салхи үлээж сэтгэл илбэнэ. Эгшиглэнт найргийн мөрүүд тархинд зурагдаж, эрдэнийн саран эрхэлсэн намрын шөнийн одод цээжинд булхагдана. Эргэн тойрон хөглөрөх Залаажинстийн гилгэр хар уулс домог хүүрнэж, энэ шөнийн тунгалаг энүүхэн хаяанд байгаа Солонгон уул шигээ өнгө өнгөөр солонгорч байнам.

Сурагчдын дотуур байрны өрөөнөөс “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай холын чамдаа дуу минь хүрээсэй” Бадарч ахын минь дуу уянгална. Ингэн хөөврийн хоолойн нөгөө үзүүрт Шинэжинсттэй залгаа Гурвантэсийн Овоотын отрядад энэ дуу төрсөн байх. Ингэн сэвстэй, Хатан суудал, Цагаан богдын заставын эрмэг харчууд солонгот шөнийн дуурьслыг үргэлжлүүлж байгаа нь энэ. Дундуур нь “Хөөрхий дөө, миний муу аав Хүйсийн говьдоо л усчин байсан юм” гэх зүрхэнд ёгхийтэл үнэнийг хэлдэг Цахилгаан ахын пал палхийсэн зөөлөн хоолой сонсдоно. Нэрт дипломатч тэрээр домогт Хүйсийн говийн хүү юм. “Элст манхан нутгаа ингэтлээ юунд санана вэ” гэж тэр жил манай сонинд Хөхморьтынхоо тухай бичээд шуугиан тарьж байсан. Гапилмаа эгч тэр хоёр урд хөршид Пүрэвдорж найрагч гэргий Чанцал нартай нь аяга цайгаа хуваан ууж Монголынхоо салхийг санаж суусан хүмүүс яах аргагүй мөн юм. Цахилгааныхаа “Огт оргүйн толь” номын өмнөтгөлд Пүдо нь сэтгэлийнхээ үгийг бичиглэсэн нь одоо чиг халуунаараа байгаа.
“…Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагиулсан
Намрын тал минь шаргалтна”. Агуу Мөөеө Пүрэвдорж гуай хоёрын “Дөрвөн цагийн тал” мөн л дуурьсаж байна. “Цогзолмаагийн шахалтаар “Хангайн магтаал” магтуу, “Дөрвөн цагийн тал” дууг хамтран хийсэн маань надад уран бүтээлийн аз дайрсан” гэж найрагч хэлсэн удаатай. Тэрээр үснийхээ хоёр шанааг босоо шулуулж, алтан соёо гялалзуулсан, оч мэт үсэрсэн эцэнхий шар Мөөеөгөө “хөгжмийн эгшгээр бүтсэн юм шиг санагддаг” хэмээн маш гоё хэлдэг сэн. Төрийн концертын завсарлагаар халамцуудаа Цэдэнбалын мөрөн дээр алгадаж, эргээд харахад нь “ты молодец” гэж эрхий хуруугаа гозойлгож элдэв дарга нараас зэм дуулсан, Лоохуузын хүүхдийн ойд хуурдаж намын эсрэг бүлэгт орооцолдох шахсаныг эс тооцвол төрд хийсэн гэмгүй, дуунаас дуурь симфони хүрсэн бүтээлийн зам нь алдар суугаар дүүрэн агуу их Мөрдоржийг нь Сэгс цагаан Богдын сэтгэл тунгалагшуулсан энэхүү намрын дунд сарын арван долооны шөнө бахархан дурслаа.
“…Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхиний бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурай ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далай зэрэглээнд тунан
Өртөө газраас айлын гэр
Өдрийн од шиг цахилнам билээ…” гэх онгод билгийн оргил болсон сувд шиг мөрүүд говийн шөнийн ододтой цуг сэтгэл рүү чуулалдан булхсаар л байлаа.

Image may contain: 7 people, including Norov Gantulga, people smiling, people sitting, table and food

Ухаа шандан тэрлэгтэй ээрэм говийн даруухан бүсгүй өндөр хүрэн атны нуруунд туялзан ёстой нөгөө шингэх нарны шижир алтан сувд адил өмнүүр өнгөрөхүйд сэтгэл цэлмэлгүй яахсан ч билээ. Сэгс цагаан Богдоо эгшиглүүлсэн Сүхбат охины тавин жилийн өмнөх дүр зураг энэ мөнөөсөн. Их говийн “Тэмээтэй дарь эх”-ийн эгшиг аялгуу ингэж бүрэлддэг биз ээ хэмээн зүрх чичирхийлэн бодохуйд говийн нарны асгарсан туяатай хамт Эрдэнэ баавай минь сэтгэлд ургадаг байна шүү. “Зуны цэнгэлэгхэн орой Гурван сайхны хяр дээрээс говийн манант алсыг ширтэж чухам ямархан үгээр зурж болохыг олж ядан суутал “Үлэмжийн чанар”-ыг бүрэн шингээсэн ялдамхан бор бүсгүй цагаан тэмээ унаад ирж явна гэж зүүдлэх мэт болсон нь тэр цагаас хойш түүнийг говийн билэг тэмдэг гэж бодох болсон билээ” хэмээн нэгэнтээ өгүүлсэн. Миний санахаар Эрдэнэ баавайн ийн хэлхсэн, түүнд зүүд зөн мэт гэнэт ургасан их говийн билэг тэмдэг бол “Сэгс цагаан Богд”-ын амин судас Сүхбат эгч юм даа гэж бодогдсон.

Нямаа ах минь Сүхбатыгаа “Тэнгэрийн хаяаны од” гэж нэрлэж билээ. Ямар сайхан онож хэлсэн гэж санана. Тэртээ наян найман онд Сүрэнжав тэргүүтэй найрагчид гэрт нь үдлээд мордоход Сүхбат “Нямаад мэнд хүргээрэй” гэж хэлжээ. “Тэнгэрийн хаяанд суудаг их говийн даруухан бүсгүйгээс хэрдээ нүүрэмгий зан гаргаж мэнд илгээснийг нь би хүлээж аваад том бэлэг гардсан хүүхэд шиг сэтгэл баясан зогслоо. Тэнгэрийн хаяаны од тэр бүр хүнд харагддаггүйг мэдэх юм чинь, би” гэж “Тэнгэрийн хаяа” номондоо бичсэн байдаг. Зүрхнийхээ уясал бардамналаар, найрагчийн ялдам сэтгэлээр бичсэн нь мэдрэгдэнэ. Ингэж л тоост их говийн тэмээчин бүсгүй Монголын нэгэн найрагчийн сэрэл мэдрэмжийнх нь дуудлага болж мөнхөрсөн юм. Амбасэлмаа гуай тэр хоёрыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулж амжилгүй байхад Долгорын Нямаа нь тэнгэрийн цэнхэрлигт шингэсэн бол яасан гунигтай вэ. Найраглалын баатрууд уулзаад Сүхбатынхаа тэмээн сүргийн дэргэд, салхи савирыг нь залгилан сэтгэл уужирч явдаг Зах гурван Бамбуугийнх нь задгай хээрт бага залуугийнхаа захидлыг уншицгаан, түүнээс улбаалсан домогт найраглалийн эрдэнийн тансаг мөрүүдээс шигтгэн хэлж нүдэндээ нулимстай суусан алтанхан хормыг бид харсаан. Тэр тухай Сүхбат эгчид эерүүлэн зөөлнөөр дуулгахад хоолой нь зангирахаас өөрөөр илэрхийлж чадаагүй дээ, хөөрхий минь.

Image may contain: 2 people, people standing, mountain, sky, outdoor and nature

Шинэжинстийн зочломтгой олны дунд, намрын говийг бодолдоо халиан сэтгэл дуниарч суухдаа гэнэтхэн Эрдэнэ баавайг санасан минь учиртай ч байсан болов уу. “Пүрэвдорж бид хоёр Монголын орчин үеийн утга зохиолд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү хоёр” гэж наяад оны эхээр Эрдэнэ нь бичиж байсан. Тэгээд анд сайн нөхрийнхөө зохиол бүрийг алгасалгүй харж, сэтгэлд нийцтэй гаргууд уран ухаалаг мөр бадаг бүрт нь урамшин өөрөө түүнд нь ямар нэгэн байдлаар хамаатай юм шиг баярлан жаргадаг тухайгаа илэрхийлсэн байдаг. Ийм л жаргал баяр нь өчүүхэн надад Сэгс цагаан Богдын хаяанд санагдан цээжинд амтагдах шиг болсон юм. Тэр бүү хэл Сэнгийн Эрдэнэ аваргын эцсийн зүүдийг нь сонсч хуваалцсан хүн Пүрэвдорж гуай юмсан. Хоёрдугаар эмнэлэгт эргэж очиход бие туйлын ядруу гагцхүү сэтгэлийнхээ дөрөөн дээр тогтож асан Эрдэнэ нь харцаараа мэнд солиод “Би жаахан өндийж суумаар байна” гэх нь тэр. Цээжийг нь өргөн өндийлгөж хэсэгхээн хором суулгасан байдаг. Эрдэнэ баавай тамирдангуй инээвхийлж, хачин юм зүүдэллээ гэж мушилзсанаа “Цэрэндэжид минь цэл залуухан бид хоёр Бразилын Ерөнхийлөгчийн гоёмсог ордонд хүлээн авалтад цэнгэж байх юм” гэхэд нь Пүрэвдорж гуай “Бразил байдаг нь ч юу билээ. Ядахдаа Чилид Пеночетийн ордон байсан бол чи бид хоёр сураг дуулсан баймаар юм” гэхэд “харин тийм” гээд хажуулав. Хар багаас ижилссэн ханиа өрөвдөж дотоод ертөнцийнхөө илч гэрэлд эрхлүүлэн зүүдэлснийг нь Пүрэвдорж гуай гэргий Цэрэндэжидэд нь утасдаж дуулгабал “Та хоёр чинь бүр зүүдээ ярихтайгаа байгаа юу” гээд инээсэн юм гэдэг. “Энэ инээд Эрдэнийн минь зүүдний цагаан тайлал байлаа” хэмээн Пүрэвдорж гуай бичсэн. Аугаа их бичгийн мэргэн, энэрэнгүй үйлстэн Сэнгийн Эрдэнэ зүрх сэтгэл төдийгүй зүүдээрээ цагаан гэгээ цалгиан буцсаныг нь хэлсэн сэн. Эцсийнхээ зүүдийг сэтгэл бахдам дуулгаад энэ орчлонгоос буцсан Эрдэнэ, Пүрэвдоржийнх нь сүр сүлд оршсон “Сэгс цагаан Богд” найраглалын гантиг цагаан хөшөө сүндэрлэх агшнаа бодогддог л юм байна. Их утга зохиолын бурхдын шүншиг он он жилд хадгалагддаг гэдэг нь энэ буй за.

Сумын төвийн сууринд олон чиг хүмүүстэй уулзаж, яриа хөөрөө дэлгэн цээжний галыг асааж явлаа. Тэдний нэгэн бол яах аргагүй Дашчирэв гуай.Тэр жил Элбэгзаяа дүүгийн хамтаар Сэгс цагаан Богдынхоо тэргүүн оргил дээр гарч энэ насны хийморь лундаа сэргээсэн түүний сэтгэл цагаан Богд шигээ өндөр, Эхийн голын баянбүрд шигээ нүнжигтэй гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Ер нь бол цагаан Богддоо хамгийн олон очсон хүний нэг гэдэг. Сүүлд тийн очихдоо Сүхбатын сэтгэл шингэсэн ерөөлийн хадгийг уулын их овоонд өргөсөн. Ингэж домогт найраглалын тэмээчин бүсгүй, Сэгс цагаан Богд хоёрыг баранзад хадгаар холбож “уясан” хүн Дашчирэв гуай болдог. Сүхбат эгч нэгэнтээ “Цагаан Богд уул минь явахад хол сэтгэлд ойр байдаг. Би яг хажууд нь очиж үзээгүй. Наагуур нь Онгон хайрхны хавиар тэмээ хайж олонтаа явсан” гэж хэлсэн нь ийм учиртай. Сэгс цагаан Богд уул Шинэжинстийн суурингаас 300-гаад километрийн алсад оршино. Шинэжинст сум Улаанбаатараас лавтай 1000 километрийн цаана гээд бодохгүй юу. Монгол Улсын нийслэлээс даруй 1300 километрийн цаана цахилах энэ уул харин Хятадын хилээс ердөө есөн километрийн наана байдаг юм билээ. Үндсэндээ Сэгс цагаан Богд минь Шинжаан Уйгарын нутагтай залгаж оршино. Шинжааны Хүрэгч гүүтийн застав манай Цагаан богдын заставтай бараа бараандаа байдаг. Тэгэхээр яалт ч байхгүй тэнгэрийн хаяанд байгаа гэдэг үнэн ажгуу. Зүгээр нэг уянгын шигтгээ үг ч биш. Үнэхээр л тэнгэрийн хаяанд суудалтай уул, тэнгэрийн хаяа түшсэн ард зон юм даа.

Сэгс цагаан Богдын Шар хулсны баянбүрд гэж бий. Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамц нэгэн мянга есөн зуун дөрвөн оны намар ирэхдээ Шар хулсны рашаанаар дайрч “Олон хүнд тус болох орчлонгийн шидэт ус байна” хэмээн аравнайлснаар өнөөг хүртэл ходоодны өнөө айхтар өвчнийг анагаах шид оршсон дуулдана. Мөн Оросын нэрт эрдэмтэн эцэг хүү Рерих Шамбалын орныг зорин явахдаа энэ нутгийг сонгож сонин содон түүхийг зурж үлдээсэн баримт байдаг. 1920-иод оны үеэс “үймээны эзэн” Дамбийжаа Эхийн гол цагаан Богдын араар цэрэг цуглуулж өөрийн улсыг байгуулна гэж зүтгэн цэргийн бэхлэлтээ байгуулж байсан яриа ч байна. Гучаад оны эхэн үеийн үймээний үеэр эл нутгийнхан жаалхан ламын дүр буюу Жамбалдамбийжанцан гэгээнтнээ хил давуулж Утай Гүмбэн рүү явуулжээ. Тэр үед Чирэв гуайн аав Гэндэн гэгээнтний замчин тогооч хийж явсан гэх. “Гэгээнтэн Хөлтрөгийн голд очоод аавд минь “Та одоо буцдаа, та тэгтлээ ядарч зовохгүй ээ” гэж адислаад цааш одсон. Нээрээ л гэгээнтний адисласнаар аав минь зовоогүй, сайхан ч насалсан” гэж хэлнэ билээ. Шар хулсны баянбүрдийн Далай багшийн жанлавтай энэ ээрэм цөл нутаг мазаалайн газар орон. Тэртээ жаран онд Эхийн голын баянбүрдэд сууж асан Бадарч өвгөн “Мазаалай энэ нутагт бий, газарчилж өгч болох юм” гэж төрийн шагналт нэрт зураглаач Ойдовын Уртнасанд хэлсэн байдаг. Тэр цагаас хойш Уртнасан гуай Алтайн цаад говиор хэрэн тэнүүчилж Эдрэнгийн нурууг даван, Майхан усыг сахиж Атас Чингис уул, Сэгс цагаан Богд хүрсэн. Өөрийнх нь өгүүлснээр наян таван онд Шар хулсны баянбүрдээс хориод километр зайд орших Цагаан чулуут гэдэг газар мазаалайн зураг авсан гэдэг. Түүнээ “Ээж хайрхан” кинондоо оруулсан тухайгаа дурссан удаатай.

“Пүрэвдорж гуайн авьяас, шид билгийг би гайхдаг юм” гэж Чирэв ах ус гүйлгэнэсэн зөөлөн нүдээрээ хэлж байна. Манайхан хэдэн үеэрээ энэ алс говьдоо нутаглаж байгаа хүмүүс. Говийн заг ямархан байдгийг бид мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Гэв чиг Пүрэвдорж гуай шиг “Голдоо хүртэл хатсан юм шиг говийн заг хатуу ч гэлээ, нарны илчинд ноцтол халсан нарийнхан мөчир нь ногоон” болохыг хэлж чадаагүй, магадгүй анзаараагүй явсан л байхгүй юу. Олон үеэрээ нутаглаж ирсэн бид ээрэм говио ингэж гүнзгий мэдрээгүй байхад тэр хүн ердөө ганц удаа ирээд буцахдаа “эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь эсгээд авмаар иртэйг, ээрэм газрын алаг чулуу нь эрхиний бөөр шиг элүүнийг, холоос харахад говь хүйтэн юм шиг санагддагийг, харин илчтэй хөрсийг нь алгаар дарахад илүүрийн ул шиг халуун байдаг”-ийг мэдэрч говийн бидэнд хэлж өгсөн гэж тэрээр бахдаж сууна. Үнэндээ их найрагч сэрэл мэдрэмжээрээ асгарч бичихээс гадна говийн хөрсийг халуун алгаараа дарж, алганыхаа хээгээр оюун санаандаа тамгалан жинхэнэ ид шидийн бүтээлийг төрүүлжээ. Хулангийн тоостой бэл нь хуурайн ар шиг ширүүн атлаа хүйсэн чинээ зүлгэн газраа хүүхдийн зулай шиг нимгэн байдгийг Пүрэвдорж гуай хэлсэн байх. Говийнхны дуун алдаад байдгийн учиг ингэж тайлагддаг. “Сэгс цагаан Богд” найраглалын үг бүр нь монгол хэлний эрдэнийн үнэт чулуу. Энэ л эрдэнийн чулууг өрж тэнгэрийн хаяанд цэнхэрлэх уул шиг Монголын яруу найргийн ертөнцөд он он жилээр талстан гэрэлтэх сац бадман суварга бүтээсэн хүн бол Пүрэвдорж гуай. Мэдээж тэрхүү сац бадман гэрэлт суварга нь “Сэгс цагаан Богд” билээ.

Эрдэнийн гэрэлт чулуу гэснээс миний хажууд их говийн бас нэг үнэт “чулуу” сууна. Тэр бол Сайхан-Овоо, Төгрөг хайрхны хүү Дамбын Төрбат бүлгээ. Төрөөгөө Пүүжээ багш нь “Сэв нь арилж бөхжсөн говийн элүүн агаад халуун чулуу” гэж төрийн шагнал хүртсэн “Зүрхэн тарни” номынх нь өмнөтгөлд бичсэн. Их утга зохиолд арван хоёр жилээр арван хоёр роман бүтээсэн хүн бол Төрбат юм. Бяртай л хүний явдал даа гэдэг шиг ухаан бяр, авьяас билэг, зангараг зааж туурвиж буй нэгэн. Юмны хувь тохиол гэж сонин. Тэртээ хоёр мянга нэг оны хавар, Булганы Дашинчилэнгийн сургуулийг Сономын Удвал гуайн нэрэмжит болгож хотоос олон зохиолчид ирсний нэг нь Төрбат ах байж билээ. Удвал ахайтныхаа санаачилсан уран зохиолын ордны даамлын албатай тэрээр Дашинчилэнгийн “улаан булан”-д болсон зохиолч уншигчдын уулзалтыг хөтөлсөн. Тэр тухай миний бие Цоодол багшийнхаа Бүрэнгийн тэмдэглэлд хавчуулж л байлаа. Хишиг-Өндөрийн сургуулийн захирал Дашзэвэг алга дарамхан цаасан дээр “захиа” бичиж Төрөө ахад илгээсэн нь “10А ангийн сурагч Гантулгаар шүлэг уншуулж өгнө үү” гэсэн хүсэлт байсан сан. Ингээд аравдугаар ангийн сурагч жулдрайхан намайг утга зохиолын бурхад чуулсан тайзнаа, ялангуяа Цоодол, Урианхай нар ханайж суусан тэр тайзнаа зарлаж гаргасан хүн маань Төрөө ах юмсан. Улаан ягаан цэмбэн дээлтэй, орос бахиалтай, бас болоогүй сахал нь сөрвийсөн товорищийг хараад “сургуулийн сурагч гэхээсээ сумын заан гэвэл болох юмуу” гэж олны инээдийг хүргэж асан ийм л аваргатай Сэгс цагаан Богдын ойд ирсэн.

Мань эрийн “Туулай туульс”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” гээд өнөө ланжгар хэдэн романых нь хялар хатны домгоос сэдэвлэж туушиндсан “Могойн чуулган”-д нь би дуртай. Мөн “Ирж яваа цаг” киног нь үзэх бүрийд далдуур мэгшдэг. Багаяа буюу өөрийг нь овоглох алтан титэм Дамба гэж хөгшиндөө зориулсан “Ирж яваа цаг”-ийн дүр бүхэнд нь хайртай сан. Түнжгэр толгойтой эл эрхэм халуун залуу насандаа эх орныхоо хилийг бүтэн тойрсон юм. Наян зургаан онд “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч байхдаа төрийн шагналт зураач Пүрэвсүх, яруу найрагч Ядамбатын Баатар, ардын зураач Намхайцэрэнгийн хүү Санчир нартай Сэгс цагаан Богдод ирж байжээ. “Сэгс цагаан Богд бол холоос харахад хэвтэж байгаа тэмээ шиг уул, олон хад сархиатай. Тэнд ганц ламын агуй гэж бий” хэмээсэн. Эх орны баруун хязгаар домогт Байтагийн заставаас Алтайн өвөр говь Цагаан богдын застав хүртэл явж бүх байшингуудынх нь дээврийг төмөрлөж байсан гэдэг. Говь цөлийн зуны нарны ид халуун, дээврийн улайссан мэт төмрийн халууныг яс махаараа мэдэрсэн нь дамжиггүй. Монголын найрагчдаас ийнхүү цагаан Богд уулын оройн салхийг залгилж, элгэн хүрэн хаданд нь шүлгээ дуудаж, нарных нь улайсам халууныг тэгтлээ мэдэрсэн хүн цөөхөн. Тийм сонихон хувь заяаны эзэн мань аварга болж байх жишээний.
“…Аваа өгөө хоёр дээр ус асгаж
Атаа жөтөө хоёр дээр цус асгаж
Авьяас билэг хоёр дээр дуу асгаж
Алдар хүнд хоёр дээр сүү асгаж” төрснөө тунхагласан эл найрагч тэр жилийн намрын будант орой Пүрэвдорж багшийнхаа Эрээн уулын хормойд
“…Бишрэл сүжиг минь сүү
Билэг авьяас минь сүү
Бичсэн шүлэг минь сүү
Бие сэтгэл минь сүү
Харанхуйг гэрлээр сүлнэ
Хагацахуйг учралаар сүлнэ
Харамсахуйг баяраар сүлнэ
Хан орчлонг өөрөөрөө сүлнэ
Би сүү” хэмээн нулимсаа сувдруулан уншсаныг мартдаггүй. Эл удаад ч ялгаагүй номын багшаа яриад “Тусгаар тогтнол”-ын сүлд шиг сайхан мөрүүдийг нь уншин зүрх огшиж, “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь дуулан мэлмэрч, Сэгс цагаан Богдын хаяанд сэтгэл гээч нь сүү шиг асгарч явлаа. Баянхонгорын төвийн буудалд ч, Шинэжинстийн сургуулийн дотуур байранд ч ах бид хоёр нэг өрөөнд. Хэдэн өдрийн туршид ёстой нэг шавайгаа ханатал сайхан ярьсан даа. Манай хүн өглөө эртээ босоод дэвтэр үзэг өмнөө барьчихсан цонхоор тэнгэрийн хаяа, уулын сэрвээ харуулдан шүлэг тэрлэж сууна, ясны найрагчийн зангараг гэдэг тэр байх.

Залаажинстийн хар хадан цохион дээрээс наран мандах зүгт Их Богд хайрхан хав дөрвөлжлөөд бахтай харагдах нь лундаатай. Монголын их говьд орших атлаа хангай нутгийг санагдуулам цэнхэр номин энэ хайрхны барааг олонтаа харсаан. Тэр жилийн намар Лодойдамба гуайн 100 жилийн ойд оролцохоор Урианхай ах, Бавуудорж ах, Чилаа ах бидэн Их Богдын мөнгөлөг тэргүүнийг холоос харан жавхаажаад өндөр Алтайгаа зорьж билээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Отгонтэнгэрийг зорих замд Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчийн Бөөнцагаан нуураар дайрахуйд их хайрхан бас л газрын холоос сүр жавхлантай нь аргагүй ханайж байв. Ямагт наран жаргах зүгт, холын холд бараа нь хөхрөн сүүмэлздэг Их Богд, Залаажинстийн товгор дээрээс наран мандах зүгт хав дөрвөлжлөн байгаа нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Их Богдыг “нэвтлээд” цааш одно гэдэг аргагүй л тэнгэрийн хаяанд тулж ирсний илэрхийлэл гэлтэй. Их Богдын барааг харахад өөрийн эрхгүй Гайтав гуайн дүр бууж ирнэ. Энэ их хайрхны Арц Богдын өвөрт эдүгээгээс ерэн жилийн өмнө Гайтав төрсөн. Пүрэвдорж гуай тэр хоёр Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудаар өртөөлж аяны уртыг туулахдаа нэгнээ илүүтэй ойлгосон гэдэг. Баянлигээс Арц Богд орох замд Гайтавын ярьдгаар Цэгмид чавганцынд нь очжээ. Өнөөх нь эхийгээ байн байн дурсч, их л санаж яваа бололтой гэнэ. Харин уулзахдаа ер санасан шинжгүй түг ёг хийсэн хэдэн үг хэлэлцээд мордсон тухай Пүрэвдорж гуайн дурдатгалд бий. Монгол найргийн улаан алмааз эрдэнэ түүнийг Пүүжээ нь “хүүхнүүдэд сээтэгнэхийг үзэхгүй, бараг хайрын шүлэг бичээгүй” гэж тодотгосон. Тэр нь үнэн юм. Ямар сайндаа Лувсаншарав гуай тэр хоёрын “Амрагийн болзооны тухай дуу”-ны онигоо хүртэл гарахав. Залуу хосууд уулзаад байж байхад цаана нь улаан туг хийсээд болдоггүй гэнэ. Лууяа нь “Гайтав, чи энэ улаан тугаа авчихаач” гэсэн чинь “Үгүй шүү хө, тэгвэл би чамтай дуу хийхгүй” гэсэн юм гэдэг.

Ийм наргиан наадаан дунд бид Их Богдын цаанаас, Сэгс цагаан Богдын хаяанаас “Уулс тийшээ хаяа тэлсэн, үүлс дээшээ дээвэр тулсан, улсын минь чандмань эрдэнэ-Улаанбаатар”-ынхаа зүг жолоо эргэлээ. Тэнгэрийн хаяанаа суудаг их говийн нүнжигт хүмүүсийн халуун сэтгэлд хэдэн өдрийн туршид бөмбөрлөө. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн монгол найраглалын сац бадман суварга “Сэгс цагаан Богд”-ынх нь эрдэнийн титэм шиг мөрүүдээр сэтгэл цэнгэгшин булхлаа. Домогт найраглалын цаг түүхийн гэрэлт хуудас Сүхбат эгч аяны минь дөрөөнд сүү өргөн зогсож байна.
…Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс цагаан Богд” гэсэн их найраглалын төгсгөл шиг тэр агшин үлэмж төгс төгөлдрөөр сэтгэлд зурагдан үлдсээн. Ай их Сэгс цагаан Богд минь. Ангир бага наснаас зүүдэнд оршсон яруу сайхны мөнхийн дуудлага минь. Хонгор залуу насандаа ирж, хонгор намрын чинь салхинд сэтгэл сэнсрэн зогсох хувь байжээ. Монголын яруу найргийн жулдрайхан хүү би ном шастираа дээдэлдэг цэцэн билэгт олныхоо цээжинд цэн цэнгийн бороо шиг асгарсан найраглалын хагас зуун жилийн алтан баринтгийг ийнхүү хуудаслан үлдээлээ.
“…Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд
Аргал нь хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг”-аас сэтгэл хоргодон хоргодон хөдлөхүйд “Сэгс цагаан Богд”-ын гантиг цагаан хөшөөг их говийн салхи илбэн байнам.Эрдэнэт хүмүүнд энэхэн насандаа барааг нь харж, салхийг нь амсах нэгэн сайхан уул заяажаа. Тэр нь Сэгс цагаан Богд юм болов уу, тиймдээ л монгол найргийн дархан цэцээр монгол хүмүүний зүрхэнд шигтгэгдсэн байлгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *