Categories
мэдээ цаг-үе

Хошууч генерал Б.Баярмагнай: Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ

Түрүүч нь 225(6326) дугаарт

Монголын Үндэсний фронтын тэргүүн, бэлтгэл хошууч Генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Монголын үндэсний фронт байгуулагдаж, тэргүүнээр нь таныг сонгогджээ гэдгийг дуулаад хүмүүс сэрдхийж байна. Дарамт шахалт ирж байна уу, эсвэл янз бүрийн санал ирдэг юм байна уу?

-Монголын үндэсний фронтын ард Монголын жирийн ард түмэн л байгаа. Өөр хэн ч байхгүй. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэй, мөнгө санхүүтэй хүн, харийнхан байхгүй. Жирийн ард түмэн байгаа. Ард иргэдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэх асуудал байхгүй ээ. Монголын ард түмэн айдасгүй байж болно. Харин эрх мэдэлтнүүдэд бүх юм байгаа, тэдэнд мөнгө байгаа. Тэд эрх мэдлээ алдахгүйн тулд юу ч хийж магадгүй учраас тэднээс л айх ёстой, бид. Тэдэнд бүх юм байгаа. Гэтэл ард түмэнд өнөөдөр юу байгаа юм бэ. Ард түмэнд сэтгэл зүрх л байна. Ард түмний нуруун дээр маш их ачаа, дарамт, шахалт, өр, зээл байна. Монголын ард түмний ядуурал, зовлон зүдгүүр нь туйлдаа хүрчихсэн л юм бол бид тэрнийг нь салгаж өгөхийн төлөө явж байна. Бидний уриа ч тийм байгаа. Бид хэд хэдэн уриа дэвшүүлж байгаа. Задарсан хулгайч, луйварчдын хөрөнгийг хурааж сан бүрдүүлээд зовсон ард түмнийхээ өрийг нэг удаа яагаад дарж болдоггүй юм.

Эрх баригчдын зүгээс бидний зориг зүрхийг мохоох гэсэн олон талын арга хэмжээ авах байх. Түрүүчээсээ эхэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биднийг харлуулж байна, гутаан доромжилж байна. “Тагнуулынхан шалгаж, тархинд нь сануулга өг, мөрдөн мөшгө” гэж УИХ-ын гишүүд нь тагнуулын байгууллагыг турхирч байна. Ингэлээ гээд бидний зориг, зүрхийг мохоохоосоо өнгөрсөн шүү дээ. Яаж мохох юм бэ. Эзэн Чингисээсээ улбаатай Монголын ард түмэн маань өмч хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хэдхэн хүнээс айж чичрэхгүй. Биднийг удирдаж явсан мундаг лидерийнхээ эсрэг биш төрийн өмч хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан төрд шургалсан хулгайч нарын эсрэг л босч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тэдний талд орох уу, ард түмэнтэйгээ хамт тэмцэх үү гэдгийг өөрсдөө л шийдэх ёстой. Биднийг Монгол даяар эсэргүүцээд байгаа юм ерөөсөө байхгүй. Хэн нэгэн санал тавиад энэ ээ, тэр ээ гэвэл бид хүлээж авахгүй ээ. Бид хууртагддаг үеэ өнгөрөөсөн.

Би л гэхэд эрх мэдэл, албан тушаал гээд бүх юмаа өгчихөөд гараад ирсэн хүн. Дахиад тийм юм хүсээд яах юм бэ. Надад дутуу юм алга. Би мөнгөгүй хүн байсан бол, би цол хэргэмд дуртай хүн байсан бол өөр хэрэг. Гэтэл би хэдийнэ гавьяагаа байгуулчихсан хүн шүү дээ.

-Та энхийг сахиулах ажиллагааны салхийг хагалсан хүн биз дээ?

-Энхийг сахиулах ажиллагааны үндэс суурийг нь тавьсан. Миний араас 17 мянган энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэчихсэн байна шүү дээ. Эрх баригчид биш, энэ 17 мянган энхийг сахиулагч цэрэг, дайчид надад зориулж хэзээ ч хөшөө бариад өгчих гавьяаг байгуулчихсан учраас би бардам. “Энэ яасан том дуугардаг юм бэ, цолыг нь хураа!” гэж дарамталбал намайг цолоо алдахаас айж магадгүй гэж бодоод байна шүү дээ. Үгүй ээ, миний цолыг аваг л дээ. Шударга ард, шударга иргэн, шударга Ерөнхийлөгч нь гарч ирээд буцаагаад л өгчихнө шүү дээ. Цаг хугацааны л асуудал байхгүй юу. Тэрэнд айгаад байх юм байхгүй. Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ. Яах вэ, ард үлдэж байгаа амьдралаа умартаж байгаа учраас хохирч байгаа юм бий. Гэхдээ Монголын ард түмний сайн сайхны төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын төлөө явж байгаа учраас зорилго нь ариун, сэтгэл нь цагаан учраас энэ үйлс бүтнэ гэдэгт итгэж байгаа. Тийм учраас ард түмэнтэйгээ нэг эгнээнд зогсож, энийг уриалж, толгойлж, удирдаж явж байгаагийнхаа хувьд айх, эмээх зүйл байхгүй. Харин ч миний ард бүхэл бүтэн Монголын ард түмэн байгаа учраас зоригтой дуугарч байна. Биднийг мохоох гэж оролдож байгаа зүйл их байна.

-Барагтай бол жагсаал цуглаанаас хол байдаг залуус хүртэл энэ сарын 7-нд болох Үндэсний фронтын жагсаалд очно гэж байна шүү. Ард түмэн яах аргагүй бухимдалтай, бухимдал нь дээд цэгтээ тулсан гэдэг нь энэ л дээ. Хөдөө орон нутаг, хязгаар газруудаас хүртэл хүмүүс нийслэл рүү ирж байгаа гэж дууллаа?

-Сонирхолтой зүйл ярья л даа. Би Жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаан удаа жагсаал зохион байгуулсан байгаа юм. Ингэж ярихаар хүмүүс гайхаж магадгүй (инээв). Монгол Улсын Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалыг зургаан удаа командалсан. Энэ талбайд зургаан жил парад командалсан хүн байхгүй юу би. 2200 цэргийн парад болдог юм. 2011 онд тэгш ойтой байсан учраас 88 морь, 34 техник оролцсон том парадыг командалж байлаа. Би ард түмнээ уриалаад бүх нийтийг хамарсан жагсаал командлаад зогсоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй (инээв). Сонин л юм. Хүмүүс жагсаал болгоны үеэр тоо гаргадаг шүү дээ. 30 мянга, 40 мянган хүн ирлээ гээд. Би 2200 цэрэг өмнөө зогсоочихсон байхад талбай бараг дүүрчих гээд байдаг шүү дээ. 2200 цэрэг шүү, зайг нь шахаад зэрэгц командаар зогсоочихсон байхад шүү. Тэгэхээр 10 мянган хүн багтах уу гэмээр талбай байхад л 30, 40 мянган хүн цугларлаа гэж хөөсрүүлж яриад байдаг. Харин жинхэнээсээ 30 мянган хүн ирэхэд энэ талбайд багтах нь уу, үгүй юу гэдгийг харъя. Би фронтынхондоо “Жагсаал зохион байгуулах гэж байгаа бол бид эхлээд Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа бид 100 мянгуулаа болъё. Дараа нь 200 мянгуулаа болъё. Дараа нь 500 мянгуулаа болъё. Тэр өдөр энэ төр засаг юу гэж хэлэхийг харъя” л гэж хэлсэн. Бид мэдэгдлээ 10 мянган хүн ирэх байх гэсэн тооцоотойгоор өгсөн байгаа. Монголын ард түмэн идэвхтэй ч байна.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг цааш нь цацахгүй байгаад гол учир нь байна. Мэдээлэхгүй байгаад, харлуулж байгаад учир байна. Гэхдээ Монголын ард түмэн ойлгохтойгоо болсоон. Өмнө нь тархи угаадаг байсан бол одоо өнгөрсөн.

Яагаад вэ гэвэл дээр байгаа хүмүүс хоорондоо дайсагналцаад, хоорондоо нэг нэгнийхээ булхайг илчлэх явцдаа Монголын ард түмний итгэлийг алдчихсан байхгүй юу. Эд чинь хоорондоо нэгдэж эвсээд Эвслийн Засгийн газар байгуулж байхдаа хоорондоо юмаа нууж байхдаа ард түмэнд асар хортой байсан. Одоо бол хоорондоо жинхэнэ толхилцоод нам дотроо гурав, дөрөв хуваагдаад, АН нь зургаан лидерийнхээ талд зургаа хуваагдаад, МАН нь гурав хуваагдчихсан яваа энэ үед ард түмэн жинхэнэ бодит үнэнийг нь харчихсан. “Одоо та нарт хууртагдахгүй ээ” гээд сууж байхад тархийг нь угаагаад нэг их амжилтад хүрэхгүй л болов уу. Ард түмэн юмыг ойлгодог болсон, ялангуяа нийслэлийнхэн. Хөдөө орон нутагт амьдрал хэцүү байгаа. Тархи угаалт хөдөөгүүр, сумдад хүчтэй байгаа. Гэхдээ ард түмэн ойлгохтойгоо болсон учраас биднийг дэмжих байх гэж бодож байгаа.

-Жагсаалын дараа юу болох вэ. Жагсаалын үеэр УИХ-ыг тараах шаардлагаа хүргүүлэх байх. Тэр шаардлагыг хүлээж авахгүй нь ойлгомжтой л доо?

-Бид нар шаардлага хүргүүлнэ. Шаардлагад заасан тулгалтыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бид жагсана. Хүлээж авах байх гэж найдаж байгаа учраас шаардлагыг өгч байгаа. Бид хууль бус юм шаардаагүй. Биднийг чинь гадуур “Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна”, “Баярмагнай генерал цэргийн хувцастайгаа гүйж байна. Төрийн эргэлт гаргах гэж байна гэнэ” гээд л зүсэн бүрээр харлуулах гэж оролдоод байгаа байхгүй юу. Харин ч төрийн эрх мэдлийг хууль бусаар авч хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн далбаан дор эрх баригчид юу хийж байна вэ. Өөрсдөө жинхэнэ хууль бус ажиллагаа явуулаад байна. Төрийн дээр нам гарсан нь хууль бус ажиллагаа. Төрийн алба гэдэг зүйлд нам орсон бол хууль бус. 1990 оноос хойш хоёр албыг л ард түмэнд өгсөн шүү дээ. Төрийн үйлчилгээний, Тусгай алба хоёрыг л ард түмэнд өгсөн. Ард түмэн тэрнээс дээш явдаггүй. Нам дагасан цүнх баригчид, намыг дагаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүс төрийн захиргааны буюу газар, хэлтэс түүнээс дээш агентлагийн дарга, яамны сайдын албан тушаалыг авдаг. Төрийн улс төрийн албыг УИХ-ын гишүүд нь хувааж авдаг. УИХ-даа хэмжээгүй их эрх мэдэл олгочихсон учраас Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг. Эрх мэдэлд хэтэрхий их шунаж, мөнгө төгрөг авахын тулд төрд төвлөрсөн тэр их мөнгийг хүртэхийн тулд давхар дээлтэй ч хамаагүй Засгийн газрын гишүүн болдог. Энэ чинь тэр чигээрээ хууль бус. Энэ чинь л жинхэнэ хууль бус ажиллагаа байхгүй юу. Тэгтэл биднийг хууль бус ажиллагаа явуулах гэж байна гэж хардаад байх шаардлагагүй. Хуулиа батлахдаа хүртэл хууль бус. Үндсэн хуульд, ард түмэнд ээлтэй хууль батал гэсэн болохоос биш ард түмний эсрэг хууль батал гэж заагаагүй шүү дээ. Бид нарыг жагсах болохоор айж чичрээд “Эргэлт хийх гээд байна, бушуу бариад хорьчих”, “Тагнуулынхан ажлаа хий” гэж шаардаад. Бид нарын гар утсыг хүртэл чагнаад байна. Манай Монголын үндэсний фронтын пэйж хуудасны мэдээлэл түгээх, шейрлэх тохиргоог арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэл хаачихсан байгаа байхгүй юу. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал шүү. 7-ны өдөр нь бид жагсаалтай. Маргааш орой нь хүртэл хааж байна. Манай дэмжигчдийн хамгийн олон дагагчтай пэйж хуудсуудыг шууд хакердаж хааж байна. Энд хэн оролцох вэ. Хэн үүнийг хийгээд байгаа вэ.

-Хэн гэдэг нь ойлгомжтой байна л даа?

-Америкаас оролцоод байна уу, Америкаас Facebook компани үүнийг хийгээд байна уу. Үгүй шүү дээ. Facebook компанийнхан Монголд ирээд “Эд нар жагсаал хийх гэж байна. Эд нарын пэйж хуудсуудыг хаая” гэх үү. Үгүй шүү дээ. Үндсэн дамнасан томоохон гэмт хэргүүд дээр л манайхтай хамтарч ажиллаж, тодорхой хэмжээний эрх өгөхөөс биш, ард түмнийхээ төлөө яваа гэнэн цайлган тэмцэгчийн фэйсбүүк хуудсыг хаагаарай гэж тэр эрхийг өгөөгүй байхгүй юу. Энэ бол төр засаг эрх мэдэл, хүчээ далайлгаж байгаагийн нэг шинж.

-Танай фронтын ард Ерөнхийлөгчийг байгаа тухай яриа гараад байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн шүү дээ?

-Мэдэгдэл хийсэн байна билээ. Би яагаад зоригтой дуугарч Ерөнхийлөгчийн нэрийг дурдсан бэ гэхээр Ерөнхийлөгчтэй уулзсан болохоор хэлж байгаа юм. Монголын үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчтэй уулзсан. “Ерөнхийлөгч өө! Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд бодит аюул занал бий болчихсон байна, Үндэсний аюулгүй байдлын үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлдог дотоод, гадаад хүчин зүйлүүдийг судалж үзэхэд дотоод хүчин зүйлийн 35 хүчин зүйлийн 25 нь зөрчигдчихсөн, гадаад хүчин зүйлийн 55 хүчин зүйлийн 47 нь зөрчигдсөн гэсэн ийм өндөр тоо гарч байна аа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж энэ асуудлыг шийднэ үү” гэж хүссэн. Хоёрдугаарт, төрийн дээр улс төрийн намууд гарчихсан байна. Үүнээс болж төрийн үйл ажиллагаа гажуудаж, мухардал, гацаанд орчихоод байна. Тиймээс улс төрийн намуудыг татан буулгаач. Эсвэл гишүүнчлэлийг нь байхгүй болгоно уу. Мөн дээрээс нь УИХ-ыг тараах шаардлага тавьсан. Ийм судалгаан дээр үндэслэсэн, бодит баримт дээр тулгуурласан шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагуудаа гардуулж өгөөд учрыг нь тайлбарласан. Ерөнхийлөгч үүнийг хүлээж авсан учраас Ерөнхийлөгч бидний саналыг хүлээж авсан, Монголын үндэсний фронтын байгаа гэдгийг илэрхийлсэн гэж үзсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж, янз бүрээр ташаа тайлбарласан. Ингэж л ард түмнийг ард түмний эсрэг турхирч байгаа байхгүй юу. Эд нар тэгж ашиг хонжоо олж байгаа юм. Тэгэхээр нам дагаад явчихсан хэсэг бүлэг иргэд байгаа шүү дээ. Маш хорлонтой бүлэглэлүүд байна. Сонгуулиар хамгийн болох бүтэхгүй хар пиар хийдэг хүмүүс байна. Дэлхий дээр хамгийн муу юм хийх арга, тактик олъё гэвэл Монголоос л олно. Хамгийн сайн юм хийе гэвэл Монголоос олдохгүй. Гадаад орноос л хайж олно доо. Би АНУ-д сурч байхад Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж таарлаа. Жорж Бушийн 18 настайдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд автомашин жолоодоод цагдаад журамлагдаж байсан асуудлыг Ардчилсан намаас нь дэлгэчихсэн. Тэгтэл тэр асуудал улс орон даяар скандал болж байсан байхгүй юу. Жинхэнэ шуугиан болж билээ.

Тэгтэл манайд энэ бол юу ч биш. Хүн алахаас буцахгүй, хамгийн хорлонтой үйл ажиллагааг хийж байна шүү дээ. Ийм айхавтар юмыг хэн хийж байгаа юм бэ. Тэр худалдагдчихсан хэсэг бүлэг, нам дагасан хүмүүс л хийж байгаа. Төрийн мөнгийг идэж хулгайлсан, оффшор дансан дахь мөнгөөр л энэ хэсэг бүлэг хүмүүсийг чинь худалдаж аваад жирийн иргэдийнх нь эсрэг турхирч байгаа юм шүү дээ. 1990 он хүртэл үед намын гишүүн буюу намын доод бүрэлдэхүүнээ хэзээ ч нэгнийгээ алаад хядаадах гэдэг үйл ажиллагаанд бэлтгэж байгаагүй. Тэднээр юу хийлгэдэг байсан бэ гэхээр намын дүрмийг ягштал уншуулна, намын бүгд хурлын тэмдэглэлийг хөтлүүлнэ, Марксизм, Ленинизмийн онолыг судална, Лениний 35 ботийг уншиж товчлол хийнэ. Марксийн “Капитал”-ыг уншиж товчлол хийнэ. Одоогийн намын гишүүд, дэмжигч үүнийг сонсоод инээд нь хүрэх байх. Гэхдээ тэд чинь хүн алах л юм хийлгээгүй. Гэтэл 1990 оноос хойш нам дагасан, цүнх баригч нөхдөөр намынхан нь юу хийлгэж байна вэ.

-Юуг бол юуг л хийлгэдэг бололтой?

-“За, тэрийг очоод алаадах”, “Тэрийг сошиалаар будаа болгоодох”, “Тэрийг сошиалаар балбаад өг”, “Тэрийг замд нь амдаад бичлэг хийгээд хорлоодох” гэж тушаал өгдөг. Ийм юм хийгээд яваад байгаа тэр хүн чинь яваандаа Монгол Улсын төр барина шүү дээ. Одоо түрүүчээсээ УИХ-д орчихсон байна шүү дээ, нөгөө бэлтгэгдсэн улсууд. М.Энхболдынхоо араас хутга шаачихаад У.Хүрэлсүхээ дагаад явж байна шүү дээ. Энэ улсууд юу ч хийхээс буцахгүй. Одоо эргээд У.Хүрэлсүхээ алга болгоод дараагийн хүнийг дагана, эсвэл өөрсдөө гарч ирнэ. Тийм аймшигтай улсууд болчихсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм аймшигтай улсууд чинь юу ч хийж мэднэ.

Тиймээс Монголын ард түмэн эрх барьж байгаа улсууд, нам дагасан энэ нөхдүүдээс айна уу гэхээс жирийн ард иргэдээс айгаад юу хийх вэ. Гэхдээ бидний айлгах арга нь эсэргүүцлээ илэрхийлээд бүгд гудманд гарах ёстой. Жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд хүрч ирэх ёстой. 10 мянган хүн багтдаг тэр талбайд багтахгүй бол өөр багтдаг талбай хэрэгтэй болно. Ард иргэд бүгдээрээ гараад зогсчихвол энэ төр засаг яах юм байгаа юм. Ямар ч байсан хууль баталтал нь бид хараад суучихъя. Тэд өлсөхгүй бол ард түмэн өлсөхгүй. Тэд нар хоолгүй бол бид нар хоолгүй. Ингээд бие биенээ хараад зогсож байя. Хэн нь ялах нь уу харъя. Ийм байдлаар тэмцэх гэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *