Статистикийн өдөр, Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан “Статистикийн салбарын ололт, амжилт” хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Баярын хурлыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа үг хэлсэн. Мөн тус хурлын нээлтийн үеэр ҮСГ-ын дарга асан Ч.Даваасүрэн, ҮСХ-ны дэд дарга асан Б.Батмөнх, Б.Эрдэнэсүрэн, ҮСХ-ны Ерөнхий менежер асан Б.Ганбат нар хүндэт зочиноор уригдаж, үг хэлэв.
Улсын анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотой байгуулснаар статистикийн байгууллагын суурь тавигдсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдан Тоо бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, 1964 оноос албан ёсоор Статистикийн байгууллага гэж нэрлэгдэх болсон.
Үндэсний статистикийн хороо болон 21 аймаг, 9 дүүрэгт статистикийн хэлтэст, Нийслэлийн статистикийн газарт нийтдээ 320 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.