Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Истанбулын хооронд шууд ниснэ

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэн, хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх, ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *