Categories
мэдээ нийгэм

Хяналтын долоон цэгт 24 цагаар хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүс рүү нэвтрэх хяналтын 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *