Categories
гадаад мэдээ

Видео тоглоом тоглогчдод цагийн хязгаар тогтоожээ

Хятадад өсвөр үеийнхний дунд видео тоглоомд донтох, хамааралтай болох асуудал толгойн өвчин болоод байна. Тус улсын эрх баригчид энэ талаар тодорхой арга хэмжээ авах болсноо мягмар гаригт албан ёсоор зарлажээ. Өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах үүднээс онлайн видео тоглоом тоглох цагт хязгаар тогтоожээ. Тухайлбал, 18 нас хүрээгүй хүүхэд оройн 22.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд тоглохыг хориглох юм. Мөн өдрийн цагаар зөвхөн 90 минут тоглохыг л зөвшөөрчээ. Түүнчлэн амралт болон баярын өдрүүдэд гурван цагаас илүү цагаар тоглох хориотой аж. Үүнээс гадна 8-16 хүртэлх насны хүүхэд сардаа 200 хүртэлх юань, 16-18-насныхан 400 юанийг видео тоглоом тоглоход зарцуулахыг зөвшөөрөх юм. Хэрэв цаг хэтэрсэн бол хариуцлага хүлээлгэхээр болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хэрэглэгчдийн нас зэрэг хувийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч, видео тоглоом хэрэглэгчдийн дунд нэгдсэн сан үүсгэн хянах замаар дээрх шийдвэрийг бодит ажил хэрэг болгох гэнэ. Өнгөрсөн онд тус улсын Засгийн газар шинээр гарч буй онлайн тоглоомуудын тоог хязгаарлах, төлбөр төлөх хугацааг хязгаарлах, насны хязгаарын тогтолцоог бий болгоно гэдгээ мэдэгдэж байжээ. Мөн онд есөн сарын турш хүлээгдсэн шинэ видео тоглоомуудын зөвшөөрлийг зогсоох шийдвэр гаргасан нь эдийн засгийн хамгийн ашигтай гэгдэх тус салбарт томоохон цохилт болсон аж. Дашрамд хэлэхэд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өнгөрсөн онд видео тоглоомонд донтох явдлыг өвчинд тооцсон. “Тоглоомын эмгэг” хэмээх шинэ төрлийн уг өвчин сэтгэцийн өвчний төрөлд багтах талаар албан ёсоор зарлаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *