Өнгөрсөн бямба гаригт Хонконгт эсэргүүцлийн жагсаал дахин өрнөлөө. Жагсаалын үеэр цагдаа болон тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Эмх замбараагүй байдал эхлээд Козуэй-бэй хороололд байрлах Виктория цэцэрлэгт хүрээлэнд өрнөж, дараа нь хөрш зэргэлдээх Ванчай, Адмиралти дүүргүүдэд болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр баг зүүсэн хэсэг бүлэг залуус замуудыг хааж, хэв журам сахиулагчид руу чулуу болон тэсрэх шингэнтэй шил шидсэн байна. Тэд Ван Чай дүүрэгт байрлах Хятадын төрийн өмчит Синьхуа агентлагийн байр руу халджээ. Үймээн дэгдээгчид байрны хаалгуудыг эвдэж, гал тавьжээ. Мөн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий ашигласан байна.
Гэмт хэрэгтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн тэмцэл өнгөрсөн зургадугаар сард Хонконгт эхэлсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг эгүүлэн татсан ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Эсэргүүцлийн цуглаан өрнөөд таван сар болж буй энэ хугацаанд 3000 тэмцэгч саатуулагдаад байна.
Эсэргүүцлийн жагсаал өрнөхөөс өмнө тэмцэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан Виктория цэнгэлдэх хүрээлэнд цугларах талаар уриалж байв. Хонконгт эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 3000 цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан талаар өмнө нь мөн мэдээлж байжээ.