Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцлээ. . Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Гадаад харилцааг эдийн засгийн гадаад харилцаа талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Польш улсын техник, технологийг Монголд оруулж ирэх тал дээр анхаарах шаардлагтай байгаа юм. Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ОХУ-ын Элчин анхаарч ажиллаарай. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн газарт туршлагатай, сайн дипломатч томилогдож байна. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газар бол дэлхийн парламент. Үүн дээр өндөр түвшинд томилдог байх хэрэгтэй. Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг дамжуулдаг байх хэрэгтэй юм. Үүн дээр ГХЯ ямар бодлого барьж байна вэ?

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

-НҮБ бол үнэхээр дэлхийн аюулгүй, энх тайван байдлыг хариуцсан, олон улсын яриа хэлэлцээний гол төв. Олон улсын хуулийг ч хамгийн нарийвчлан боловсруулдаг. Үүнд бид үнэхээр мэргэжлийн, олон талт хамтын ажиллагаагаар мэргэшсэн хүнээ явуулдаг. Л.Эрдэнэчулуун, н.Энхсайхан, н.Энхцэцэг гээд. В.Энхболд дарга бол олон талт хамтын ажиллагаагаар ажиллаж байсан, 180 орны яриа хэлэлцээрт ажиллаж ирсэн, Элчин сайдаар ажиллаж, зиндаанд нь хүрсэн хүн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эмэгтэй Элчин сайдуудыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? Манайд С.Оюун, н.Туяа гээд мундаг эмэгтэй Элчин сайдууд байсан. Цаашдаа эмэгтэй Элчин сайдуудыг томилох уу?

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

-Элчин сайдуудын дунд эмэгтэй хүн цөөхөн гэж байгаа нь үнэн. Манайд Элчин сайдуудын зиндаанд хүрсэн эмэгтэйчүүд байгаа. Тэднийг оруулж ирэх хэрэгтэй. Оруулж ирэх бодлогыг анхаарч ажиллана. Жендэрийн мэдрэмж газрын дарга нарын түвшиндээ гайгүй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Ундраа:

-Өнөөдөр 6 Элчин сайдад нэр дэвшигч орж ирж байна. Манай гадаад бодлогын хамгийн чухал асуудал бол хоёр хөрш. Миний онцолж асуух зүйл бол ОХУ-тай худалдааны харилцаа, тэнцэл сайнгүй байгаа. Худалдааны харилцаа 37 хувиар нэмэгдсэн гэж байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Гол экспортын бараа үхрийн хөлдөөсөн мах хэд байна. Энэ талаар судалж үзсэн байх гэж бодож байна. Кубад улсад томилогдохоор Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ш.Батцэцэг өмнө нь Индонези улсад сайн ажилласан. Куба улсад томилогдвол аялал жуучлалыг нэмэгдүүлэх талаар сайн ажиллана гэж бодож байна. Бүхэл бүтэн тив, карбийн орнуудыг хавсарч сууна.

ОХУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа:

-Бүхий л салбарын харилцаа холбоо эрчимтэй хөгжих ёстой гэж үзэж байгаа. Үүн дотроо эдийн засаг, худалдааны бодлого чухал. Хамгийн түрүүнд хийх ёстой гарц нь ЕвроАзийн худалдааны байгууллагатай чөлөөт худалдааны гэрээ хийх ёстой юм билээ. Гишүүнчлэлтэй байгаа орнуудтай яриа хэлэлцээ хийсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой том төслийг явуулах, тарифын асуудлаар хэлэлцээ хийж ажиллана.

Куба улсад Элчин сайдаар нэр дэвшигч Ш.Батцэцэг:

-Куба бол их онцлогтой улс. Би хамгийн түрүүнд олж харсан зүйл бол уламжлал сайн. Ирэх Куба-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Уламжлалт харилцааг сайжруулна. Анагаах ухааны чиглэлээр харилцаагаа давуу хөгжүүлнэ гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Элчин сайдуудад нэр дэвшигчид нэрэндээ ямар нэг сэв суулгаагүй хүмүүс байна. Тухайн улс орнууддаа Монголын нэрээ бодож ажиллах ёстой. Дипломатуудын нэр хүнд сэвтсэн энэ үед хариуцлагатай ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшигч 6 эрхмийг дэмжиж байна. Энэ дотор их сургуульд сурч байсан 2 мэргэжлийн дипломат, мэргэшсэн хоёр дипломат, олон жил батлан хамгаалах салбарт ажилласан, туршлагатай хүн ч байна. Элчин сайдуудад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрсийг гаргаж, эдийн засгийн чиглэлээр курст бэлтгэх хэрэгтэй байна. Энэ талаар ГХЯ судалж үзэх хэрэгтэй. Манайд албан ёсоор дэд академи байхгүй. Бид удирдлагын академид түшиглээд Элчин сайдаар томилоход нь бэлтгэвэл ямар вэ? Гадаадад Элчин сайдаар томилогдоод очиход хэл ус, мэргэжлийн талаар туршлагатай, амьдралд тулсан бизнесүүдийн асуудлыг мэддэггүй.

Дараагаар нь дээрх нэр дэвшигчдийг Элчин сайдад томилох санал хураалт явууллаа. Ингээд зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжив. Дараагаар нь ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Давааг томилохыг гишүүдийн 82.4 хувийн саналаар, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг гишүүдийн 78.2 хувийн саналаар, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг томилохыг гишүүдийн 82,4 хувийн саналаар, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг гишүүдийн 82.4, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазарыг томилохыг гишүүдийн 86.3 хувийн саналаар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболдыг томилохыг гишүүдийн 84.3 хувийн саналаар нарыг тус тус дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *