Categories
мэдээ цаг-үе

Г.Сурахбаяр: УИХ-ын гаргаж болох алдааны дээд хязгаар нь АМНАТ боллоо


“Уул уурхайн эрх зүйн судалгаа” төрийн бус байгууллагын судлаач Г.Сурахбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрээс болж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ гэх хуулийн ойлголт өнөөхөндөө хэрэгжих боломжгүй болчихлоо. Төсөвт төвлөрөх ёстой их наяд гаруй төгрөг тасрах нь, АМНАТ авах аргагүй боллоо гэж шуугьцгааж байна. Энэ асуудлаар Цэцэд хандсан иргэний үндэслэл, шалтгаанаас ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн хавар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гомдол гаргах тухай журмын тухай хуулийн дагуу иргэн өргөдөл гаргасан байдаг. Тэр иргэн өргөдөл гаргахдаа бизнесийн эрх чөлөө баталгааг хангах үүрэг төрд бий, Үндсэн хуульд заасан тэр эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл зөрчиж байна гэсэн агуулгатай үндэслэл гаргасан гэж ойлгосон.

47дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, энэ төлбөртэй хамаатай харилцааг зохицуулсан зохицуулалтууд бий. Иргэн маргаан үүсгэснээс хойш хэдэн сарын дараа, зургадугаар сарын 28 шиг санаж байна, Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчжээ гэж үзээд УИХ-д дүгнэлт хүргүүлсэн юм. Тэр дүгнэлтийг нь УИХ өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд хүлээж аваагүй. Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол Цэц их суудлынхаа хуралдаанаар дахиж хэлэлцээд хүчингүй болгочихдог. Их суудлын хуралдаан гэдэг чинь Дээд шүүх гэсэн үг. Дээд шүүхийн шийд эцсийнх байдаг шиг Их суудлын дүгнэлт эцсийнх.

-Уул уурхайн компаниуд АМНАТ төлөхгүйн тулд ийм арга хэрэглэлээ гэсэн шүүмжлэл дуулдаж байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Цэцэд ямар нэг компани маргаан үүсгээгүй. Нэгэн иргэний үүсгэсэн маргаан. Үндсэн хуультай холбоотой гомдол маргаан, өргөдлийг аж ахуйн нэгж гаргах эрхгүй. Монгол Улсын иргэн хүн иргэнийхээ эрхийг эдэлж мэдээлэл гаргадаг юм. “Захиалгаар хэн нэгэн ажиллаад байна” гэж нийгэм хараад байх шиг. Тэрийг бол би хэлж мэдэхгүй. Эрүүлээр харвал иргэн хүн эрхээ л эдэлсэн. Ер нь Цэцэд мэргэжил арга зүйн туршлагатай хүн л гомдол өргөдөл гаргахгүй бол захын иргэн Үндсэн хууль, тэр дундаа Ашигт малтмалын хуулийг гүйцэд нарийн ойлгоход хэцүү шүү дээ. Салбарын судлаачийн хувьд хэлэхэд Үндсэн хуулийн Цэцийн тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу жирийн иргэний гаргасан процессийн үйл ажиллагаа л явагдсан.

-АМНАТ-ийн харилцааг зохицуулсан зүйлийн яг ямар заалт нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн юм бол. Маргаан үүсгэсэн иргэний тавьсан үндэслэлийг энгийнээр тайлбарлаач?

-47.5-ын 11, 12, 13 дээр маргаан үүсгэсэн болов уу гэж ойлгосон. 11 нь боловсруулаагүй нүүрс, 12 нь угаасан нүүрс, 13 нь кокст хамаарна. Нэг төрлийн татвар давхардаад байна гэсэн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. Бүр энгийнээр хэлбэл нэг компани нөгөө компанидаа олборлосон түүхий нүүрсээ зарлаа гэж бодъё. Тухайн компани нүүрс олборлосон учраас АМНАТ төлнө. Тэр нүүрсийг нь худалдаж авч угааж баяжуулсан компани бас АМНАТ төлж байгаа. Нэг татварыг хоёр дахин аваад байна гэсэн гомдол гарсан шалтгаан нь энэ л дээ.

-Тэгэхээр нүүрсний салбарынхны эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн үг үү?

-Нүүрснээс гадна жонш байх боломжтой. Өөрөө лиценз эзэмшдэггүй мөртлөө бусдаас олборлосон ашигт малтмалыг нь худалдаж аваад боловсруулж баяжуулдаг үйлдвэрүүд бий. Энэ тохиолдолд угаах үйлдвэртэй нөхөд давхар татвар төлөх тухай асуудал яригдаж байна гэж ойлгосон.

-Цэц Үндсэн хуулиа барьж асуудалд хандаж чадсан уу?

-Цэцийн тухайд Үндсэн хуулийн институцийн байгууллага учраас Үндсэн хуулиа барьж асуудалд хандсан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийг буруутгахаас илүү зарчимд нь анхаарах хэрэгтэй. Баялагтай, нөөц ихтэй, уул уурхайгаа түшиж амьдардаг улс орны УИХ хариуцлагагүй байхаар яадаг вэ гэдгийн маш тод жишээ боллоо.

-Үндсэн хуулийн Цэцэд Ашигт малтмалын хуулийн зөвхөн 47.5.11, 12, 13-ыг тасдаж аваад шийдвэр гаргах боломж байсан уу. 47-гийн 1, 3, 5-тай нь бүгдийг нь түдгэлзүүлснээс болж том асуудал дэгдчих шиг боллоо?

-47-гийн 1, 3, 47-гийн 5-ын 11, 12, 13 гэсэн бүлэг заалтуудыг ярьсан учраас хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудал ярихаар бүхлээрээ хүчингүй болчихсон хэрэг л дээ. 47-гийн 1 бол АМНАТ авдаг малгай заалт. Тэр заалт түдгэлзчихээр АМНАТ гэсэн ойлголт алга болчихож байгаа юм. Ийм зүйлийг АМНАТ гэж тооцно, худалдсан, ачуулсан тохиолдолд төлнө гэсэн агуулгатай заалт. Өмнө нь олборлосон тохиолдолд авна гэсэн заалт байсан юм. Олборлочихоод төлөхгүй тохиолдол гарсан учраас худалдсан үед нь авах зорилгоор нэмж өөрчилсөн.

-Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ ийм эрсдэл үүсэхийг урьдчилж тооцоолоогүй юм байх даа?

-Ийм зүйлд хүргэхгүй байх боломж УИХ-д байсан. Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт ороод ирэнгүүт авч үзэж, ойлгож, хүлээж аваад хугацаа алдалгүй маневр хийсэн бол өнөөдрийнх шиг асуудал үүсэхгүй.Тухайн үед Цэц хуулийг хүчингүй болгоогүй. Зөрчсөн байна, зас гэсэн зөвлөмж л хүргүүлсэн. Гэтэл УИХ тэр мессэжийг нь ойлголгүй, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ гоомой хандаж “АМНАТ бүх юман дээр байх ёстой, бид татвар авах ёстой” гэсэн ерөнхий итгэл үнэмшил, хийрхлээр дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж аваагүй.

-Цэц Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой заалтуудыг түдгэлзүүлсэн. Гэтэл сошиал орчинд уул уурхайн компаниуд татвар төлөхгүйгээр зэс, нүүрс гаргах нь, Монголын баялгийг ямар ч татваргүйгээр зарж ашиг хийх нь гэсэн утгатай сэтгэгдлүүд их харагдаад байна л даа. Энэ тал дээр бодитой тайлбар өгөх үү, хууль талаас нь?

-Цэцийн шийдвэрээс болж Монголын ард түмэн баялгаа алдаж байна гэдэг буруу ойлголт. Ямар ч баялаг татвар төлөхгүйгээр хилээр гарахгүй. Тодруулж хэлбэл, АМНАТ төлөөгүй, хилийн бичиг баримт бүрдээгүй учраас ямар ч ашигт малтмал хилээр гарахгүй. УИХ-ыг алдаагаа зассаны дараа компаниуд татвараа төлөөд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ. Тэгэхээр татваргүйгээр бүтээгдэхүүн гаргана гэсэн ойлголт угаасаа байхгүй. Гэхдээ үүний цаадхи эдийн засгийнх нь үр дагаврыг ярихгүй орхиж болохгүй. АМНАТ-тай холбоотой хуулийн заалтуудыг түдгэлзүүлчихээр ашигт малтмалын бүтээгдэхүүн зарагдахгүй шууд зогсчихож байгаагаас ялгаагүй. Уул уурхайн компаниуд яах вэ, ачилт тээвэр хэрхэх бол, татвар хураамжийг яаж шийдэх вэ гэсэн асуултууд гараад ирж байгаа юм. Эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд бусаар хор хохиролтой зүйл болчихлоо. Эдийн засаг нь уул уурхайдаа түшиглэдэг улс орны хувьд одоо өрнөж буй үйл явцын сөрөг үр дагавар нь дэндүү их. Улсын эмнэлэг, хилийн цэрэг нэг хоног ч амарч болдоггүй шиг уул уурхайн салбарын экспортод зогсох эрх байхгүй. Дахиад хэлье, бидэнд ийм л эрсдэл тулгарч байгаа болохоос монголчууд баялгаа алдаж, уул уурхайн компаниуд тэр баялгийг нь татваргүйгээр зарах асуудал огтхон ч байхгүй. Эцэст нь давтан онцлоход нөөц баялаг ихтэй, эдийн засаг нь уул уурхай дээр тулгуурласан орны Их хурал гаргаж болох хамгийн сүүлийн айхавтар алдаагаа гаргалаа. Энэ бол хамгийн том алдаа. Зах зээлийн эдийн засагт шилжээд 28 жил болоход Монголын төр олон алдаа гаргасан. 2010 оны лиценз зогсоосон шийдвэр, 2012 оны хөрөнгө оруулалтыг гацаасан хууль, саяхны лиценз хомроголон цуцлалт гэж ирээд яривал багагүй жагсаалт гарна. Гэхдээ энэ удаагийн алдаа бол зарчмын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй алдаа. Учир нь Үндсэн хуулийн 6.1, 6.2-оор тодорхойлсон ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг, төрийн өмч болсон ард түмний баялаг нөөц ашигласны төлбөртэй байх ёстой. Энэ бол амин судас болсон зарчим. УИХ-ын гаргасан алдаанаас болж ард түмэн баялгийнхаа нөөцийг ашиглуулсны төлбөрийн өгөөжийг хүртэж чадахгүй болох хуулийн хайрцганд орчихлоо. Бусад алдааг нь хүлээн зөвшөөрье гэж бодоход ард түний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ алдааг хүлээн зөвшөөрөх арга байхгүй. УИХ-ын гаргаж болох алдааны хамгийн дээд хязгаар нь энэ байгаасай гэж л найдъя даа.

-УИХ-д одоо гаргасан алдаагаа цаг алдалгүй засах ажил үлдлээ…?

-Тэгсэн. Гэхдээ яарч сандран зөвхөн 47 дугаар заалтаа засаад өнгөрмөөргүй байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яригдаж байгаа зургаагийн 2-той холбоотой зарчмын асуудал бий. Байгалийн баялгийг ашиглах зарчимтай холбоотой асуудлууд. Гадны улс оронд байгалийн төрөл төрлийн баялгаас хамаарч өөр өөр зарчим үйлчилдэг. Газрын хэвлийн баялгаа ярьж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээхгүйгээр Ашигт малтмалын хуульдаа заалт нэмэх боломж бий. Заавал Үндсэн хуульд аваачиж хийхгүйгээр Ашигт малтмалын хуульдаа шигтгэж өгөх алтан момент таарч байна. Өөрөөр хэлбэл 47-гоо засахаас гадна суурь малгай болсон зарим зүйлээ цаг алдалгүй засах хэрэгтэй.

-Зарчмын асуудлыг Ашигт малтмалын хуульд тусгах шаардлагатай гэсэн үг үү?

-Одоо өрнөж буй асуудлын шалтгаан нь энэ шүү дээ. Ашигт малтмалын хуульд газрын хэвлийн баялгийг хэрхэн ашиглах тухай зарчим байхгүй учраас ийм асуудлууд үүсээд байгаа юм. Ашиглах зарчим байхгүй болохоор Үндсэн хуулийн Цэцийнхэн хязгаарлагдмал хүрээнд, 47 дугаар зүйл гэсэн заалтынх нь хүрээнд асуудлыг шийдчихсэн хэрэг.

-Зарчим гэдгээ тодруулаач. Жишээ нь одоо дэгдээд буй АМНАТ-ийн дуулиантай яаж холбогдоно гэж?

-Тухайлбал, “Газрын хэвлийн баялаг төлбөртэй байна” гэсэн зарчим Ашигт малтмалын тухай хуулийн хоёрдугаар зүйл дээр ч юм уу байсан бол Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргаж чадахгүй. Харамсалтай нь Ашигт малтмалын хуульд ийм зарчим байхгүй. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зургаагийн 2-т үргэлжилсэн үгийн зохиол шиг юм биччихээд байгаа. Миний хувьд 6.2-ыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй талд зогсч буй хүмүүсийн нэг.

-Ашигт малтмалын хуульд ямар ямар зарчмууд тусгах шаардлагатай гэж та бодож байна?

-Дөрвөөс зургаан зарчим тусгаж өгөх шаардлагатай. Эхнийх нь газрын хэвлийн баялаг төлбөртэй байна гэсэн зарчим. Төлбөр гэдэг татварын нэг төрөл л дөө. Гэхдээ нөхөн сэргээгддэггүй баялаг болох ашигт малтмалын хувьд онцгой төлбөр учраас зарчим болгож тусгах хэрэгтэй. Хоёрдугаарт байгаль орчныг хамгаалахтай холбоотой зарчмыг тусгах ёстой. Гуравдугаарт ил тод байх зарчмыг суулгах шаардлага бий. Канад Америк зэрэг хөгжлийн төвшин, эрх зүйн систем өөр орнуудыг харахаа больё, бидэнтэй ойр, зэргэлдээ, төстэй түүхтэй Азербайжан, Казахстан зэрэг орнуудыг хармаар байгаа юм. Азербайжаны Ашигт малтмалын тухай хуульд туссан тавдугаар зарчмыг бид ч бас хуульдаа тусгах хэрэгтэй юм шиг санагддаг. “Эрдэс баялаг байнга баяжиж байх ёстой” гэсэн зарчмыг Азербайжан хуульдаа тусгаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл геологи хайгуулын ажлуудыг тасралтгүй хийх ёстой гэсэн үг л дээ. Ингэхгүй бол яадгийг бид амьдралаараа туулж байна. Баахан лиценз олгочихоод буцаагаад зогсоочихсон. Газрын хэвлийн баялаг, улсын эрдэс цусны эргэлт шиг байнга эргэлдэж, баяжиж байх ёстой. Уул уурхайн салбарт өнөөдөр үүсээд буй алдаа, завхрал Ашигт малтмалын хуульд энэ мэт зарчмуудыг тусгаж өгөөгүйтэй холбоотой. Уул уурхайн салбарт үүсээд буй завхралын хамгийн том жишээ нь та бид хоёрын ярьж суугаа АМНАТ болж байна.

-УИХ дан ганц 47-д засвар хийгээд таны хэлсэн зарчмуудыг анхаарахгүй бол ямар нэг эрсдэл гарах уу?

-Сонгууль ойртож байна, шинэ он гарах дөхлөө. Бидэнд цаг хугацааны хувьд боломж үлдсэнгүй. Одоо яригдаж байгаа асуудлын хүрээнд бага сага засвар хийлээ гэж бодъё. Зарчимтай суурьтай нь засч өгөхгүй бол магадгүй өнөө иргэн ахиад Цэцэд хандахыг үгүйсгэх аргагүй. Буруу өөрчлөлт хийлээ гээд хандвал яах вэ. Энэ ажил Монголын уул уурхайн буюу салбарын орчин үеийн эрх зүйн шинэтгэлийн эхлэл болох ёстой. Мэдээж үүгээр шинэтгэл зогсохгүй. Хийх олон зүйл бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *