Categories
мэдээ цаг-үе

О.Хүрэлбаатар: Дэлхийн хүн төрөлхтний том урлагт хүүхэд багачуудыг багаас нь бэлтгэх ёстой

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Ирэх сарын 8-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо тухай мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Тоглолтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Арваннэгдүгээр сарын 8-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас “Klassic night” нэртэй анхны бие даасан сонгодог тоглолтоо тоглоно. Тоглолт маань өвөрмөц сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Урилгаар ОХУ-ын Красноярск хотын дуурь бүжгийн театрын уран сайхны ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин Анатолий Петрович гэж сонгодог урлаг сонирхогч монгол түмний сайн мэдэх алдарт удирдаач ирнэ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү маэстро бас удирдана. Тоглолт маань монгол сонгодог, дэлхийн сонгодог гэсэн хоёр чиг хандлагатай бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Ерөнхийдөө тоглолтод маань дэлхийн том сонгодог бүтээлүүдийн ари, монгол сонгодог бүтээлүүдийн ари, романс, дуу гээд бүгд эрчтэй хүчтэй гранд тоглолт болно. Дуучин хүний авьяас чадвар, хоолойн цар хүрээ, өнгө тембр, техник гээд бүхий л авьяасыг шавхсан томоохон бүтээлүүдийг сонгосон. Үзэгчдээ бодсон ч гэсэн сонгодог урлаг гэхээр уянгын халилтай гэж ойлгохооргүй, уйдахааргүй эрчтэй хүчтэй номеруудыг сонгосон байгаа. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ С.Мөнгөнцэцэг бас оролцоно. Бид хоёр дэлхийн сонгодог бүтээлийн дуэтыг хоршин дуулна. Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, найрал дуучид зэрэг олон бүрэлдэхүүнээр миний тоглолтод оролцоно.

-Таныг унаган хотын хүүхэд. Хөдөө нүүгээд оюутан болохдоо эргэж ирсэн гэж сонссон. Бага насныхаа талаар ярихгүй юу?

-Ер нь бол Улаанбаатар хотод төрсөн. Хүн чинь эцэг эхээрээ нутаг усаа овоглодог шүү дээ. Аав, ээж минь Сүхбаатар аймгийн хүмүүс. Гуравдугаар ангид байхдаа эмээ, өвөө рүүгээ нүүж суурьшаад, хүүхэд нас минь Сүхбаатар аймгийн Уулбаян суманд өнгөрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид элсэн орсон. МУГЖ А.Бүтэд гэж алдартай багшийн удирдлага дор долоон жил сураад Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

-Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин байсан үеэ дурсвал?

-Сурч байх хугацаандаа 2003 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад очиж, шалгалт өгч энэ хамт олонтойгоо долоон жил хамт ажилласан. 2003-2010 он хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллалаа. Энэ хугацаанд олон сайхан цэргийн сэдэвтэй уран бүтээлүүд болон нутаг усаа магтсан уран бүтээлүүдийг хийж үзэгч түмнийхээ хүртээл болгож байсан. Монгол бөхийн өргөөнд “Халх голын өглөө”, “Сүүлчийн тулааны өмнө” гэдэг хоёр томоохон бие даасан тоглолтоо өргөн барьж байлаа.

-Цэргийн дуу бүжгийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт уран бүтээлчээр ажиллах ялгаа нь юу байна?

-Мэдээж мэргэжлийн дуурийн дуучин, мэргэжлийн чиглэлээр төгссөн хүн цэргийн дуу дуулахад түвэг бол байгаагүй. Цэргийн дуу гэдэг марш хэлбэрийн эрчтэй хүчтэй талаараа онцлог. Дуурь бол тэс өөр том бүтээл шүү дээ. 2-3 цаг тоглогдоно. Хөгжмөө сонсоно, удирдаачаа харна. Жүжиглэнэ, дуулна. Дуучин хүнээс гарах бүх л энерги, хүч, авьяас бүгдийг л шаарддаг. Концертийн урлагийн байгууллагууд бол гурван бадаг дуугаа дуулаад л явах жишээний байдаг болохоор ялгаа нь асар өөр л дөө.

Гэхдээ дуучин хүн концертийн урлагийн байгууллагад олон жил ажиллахад дуурь дуулахад бас их дөхөм болдог юм байна. Тайзан дээр орж гарахаас авахуулаад олон удаагийн тоглолт, үзэгчидтэй олон харьцаад, дуулаад дуучин хүний хүрээг тэлж өгдөг юм байна. Дуу гэдэг бас сонин. Дуу дуулах нь маш хэцүү. Ер нь хувь уран бүтээлчээс сэтгэлгээ шаардана. Дууны өнгө, дууг яаж үзэгч түмэндээ хүргэх үү гэдэг тал дээр маш их ажиллагаатай.

-Танай гэр бүлд дуулдаг хүмүүс байдаг уу. Дуулах авьяасыг хэнээс өвлөсөн гэж боддог вэ?

-Удам сударт маань авьяастай өвөг дээдэс байсан л даа. Миний өвөө хуур маш сайхан тоглодог Сүхбаатар аймгийн алдарт уяач Борын Дондог гэж хүн байлаа. МУАЖ Ш.Чимэдцэеэ эгчийг анх дуучин болгож, тайз руу хөтөлж байсан хүн. Ээж минь хөгжмийн их авьяастай. Гитар, ятга, ёочин мандлин гээд олон төрлийн хөгжим тоглоно. Аавын минь талд уртын дууг сайхан дуулдаг олон хүн байсан гэж сонсож байлаа. Манай удамд МУАЖ Ш.Чимэдцэеэ эгч минь бий. Бид хоёр их ойрын хамаатан.

-Та гадаадын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж байсан шүү дээ. Зарим нэгээс нь дурдвал?

-2014 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 25 дахь удаагийн уралдаанд хоёрдугаар байрт орж байлаа. Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, МУАЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг 2012 онд хүртсэн. Төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байрын шагналыг 2012 онд хүртсэн. Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Балганы дүрээр тэргүүн байрт 2016 онд шалгарсан. Ссср-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдааны “ГРАН ПРИ” шагналыг 2010 онд хүртсэн. 2018 он уран бүтээлийн олз омог, арвин жил байлаа. Хятадад болсон дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнд 1000 гаруй дуучнаас дэлхийн шилдэг зургаан дуучны нэгээр шалгарлаа. Эрэгтэй, эмэгтэй дуучны “А” зэрэглэлийн тэмцээн өмнө нь тусдаа болдог байсан юм. Энэ жил хамтдаа болсон. Энэ тэмцээнд дэд байр эзэллээ. Мөн өнгөрсөн жил олон улсын дуучдын тэмцээнээс үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн сайхан жил байлаа.

-Манай Монголын масс хэсэг сонгодог урлагийг ерөнхийдөө ойлгодоггүй, үздэггүй юм шиг санагддаг?

-Манай монголчууд их дуунд дуртай ард түмэн шүү дээ. Нийтийн, уртын дууг нийтээрээ сайхан дуулдаг. Сонгодог урлаг гэдэг дэлхийн хүн төрөлхтний ноён оргил урлаг нь юм. Түүнийг сонсохгүй, ойлгохгүй, үзэхгүй бол улс орны нийгэм соёлтой холбоотой асуудал л даа. Үүнийг нэвтрүүлж, дэлхийн урлагтай хөл нийлүүлж, сонсож, мэдэрч байх хэрэгтэй. Дэлхийн хүн төрөлхтний том урлагт хүүхэд багачуудыг багаас нь бэлтгэх ёстой гэж миний хувьд боддог юм.

-Сонгодог урлагийг ойлгохын тулд урлагийн ямар боловсролтой байх хэрэгтэй юм бол оо?

-Хамгийн наад зах нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад хүүхдэд зориулсан хөтөлбөр оруулж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийг дуурь, балет зэргийг үзүүлж, харуулж байх хэрэгтэй л дээ. Ерөнхий боловсролын сургуульд байхаас нь хүүхдүүдийг бэлтгэх ёстой.

-Энэ чиглэлээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ямар ажлууд хийдэг вэ?

-Дуурь бүжгийн театраас хүүхдэд зориулсан сонгодог уран бүтээлүүдийг хийх шаардлагатай. Манай театраас “Чоно ба долоон ишиг” хүүхдэд зориулсан дуулалт жүжиг, “Баавгай дуулахуй” дуулалт жүжиг тоглогдлоо. Хүүхдүүд маш сайн идэвхтэй үзэж байна. Үндэсний дууриудыг хүүхдүүдэд бас үзүүлж байх хэрэгтэй. Монгол дууриудаа үзүүлж хэний зохиол, хэний хөгжим гэдгийг тайлбарлаж, сонсгож үзэгчдийг бэлтгэж байх хэрэгтэй. Дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт нь бас нэмж оруулж өгөх нь зүйтэй гэж бодож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *