УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын сан байгуулж, сангийн хөрөнгийг даатгагчаас төлөх шимтгэл, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын 10 хувь, жолоочийн даатгалын мэдээллийн санг ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлдэг байна. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Жолоочийн даатгалын сангийн нийт хөрөнгө 2018 оны жилийн эцсийн байдлаар 11.9 тэрбум төгрөгт хүрсэн, сангаас жилд дунджаар 330.6 сая төгрөг зарцуулагддаг зэргийг үндэслэн тус сан нь цаашид даатгалын компаниудаас төвлөрүүлэх орлого болон бусад орлогоор бүрэн санхүүжиж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь” гэснийг, мөн Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь” гэснийг тус тус хүчингүй болохоор төсөлд тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.