– ЭРХ БАРИГЧИД ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СОНГУУЛЬ ХИЙХ ХУВИЛБАР ЛУУГАА ШИЛЖИЖ БАЙНА –
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Цэц гаргалаа. Та Цэцийн шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?
-Цэцийн шийдвэр хоёр талтай. Нэгдүгээрт, алтны АМНАТ-ийг үлдээх нь зөв. Хоёрдугаарт, тухайн ордоос нүүрс эсвэл зэс худалдаж аваад боловсруулалт хийгээд явж байгаа компаниуд түүндээ дахин АМНАТ төлж байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийг, дотоодын хөрөнгө оруулалтыг боомилсон үйлдэл болсон гэж харж байна. Энэ утгаараа АМНАТ-тэй холбоотой гарсан Цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа юм.
2019 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар дотоодод бараа бүтээгдэхүүн дамжуулан боловсруулж байгаа тэр компаниуд хэдэн төгрөгийн АМНАТ төлсөн нь одоогоор тодорхойгүй байна. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн Цэц болон Сангийн яам тухайн хуультай холбоотой дүрэм журмаа боловсруулаагүйтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл АМНАТ төлөгдөөгүй.
-Хууль батлагдсан ч татвар төлөгдөөгүй байсан гэсэн үг үү?
-Тийм. Цэцийн шийдвэр гарчихаар гуравдугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэлх бүх АМНАТ төлөгдөхгүй үлдэнэ. Засгийн газар АМНАТ-ийн хууль өргөн барьж байна. Дээрээс нь Ардчилсан намын зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа болон миний бие хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ хуулийн төслүүд хэлэлцэгдээд, нэгтгэгдээд батлагдах хүртэл ямарваа нэгэн АМНАТ төлөгдөхгүй, түр зогсоно.
-Үүний эрсдэл нь юу байх юм бэ?
-Эрсдэлийг нь нарийн сайн тооцож гаргаж чадахгүй байна. Одоогоор нүүрсний ордгүй, нүүрс худалдаж аваад борлуулдаг хоёр үйлдвэр байна. “Говийн элч”, “Страто” гэсэн хоёр компани бий. Энэ хоёр компани нийлээд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-өөс чөлөөлөгдөж байх шиг байна. Дээрээс нь зэс боловсруулдаг хэд хэдэн компани бий. Эдгээрээс хэдэн төгрөгийн АМНАТ авахгүй үлдэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш. Миний ойлгож байгаагаар 10-20 тэрбум төгрөгийн л АМНАТ алдаж байгаа болов уу.
-Сангийн сайдын зүгээс төсөвт 1.3 их наяд төгрөгийн алдагдал үүслээ гэсэн мэдэгдлийг хийсэн. Үнэхээр ийм алдагдал үүсэх үү?
-Хоёр тоо бий. Нэг нь Сангийн сайдын хэлж байгаа 1.3 их наяд төгрөг. Энэ тоо нь бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн дээр тавьж байгаа АМНАТ-ийн тоо. З.Энхболд 700-гаад тэрбум төгрөгийн тухай ярьж байгаа. Энэ бол зөвхөн нүүрснийх. Гэхдээ энэ дотроо дахиад ялгагдана. Өөрөөр хэлбэл, 700 тэрбумыг шууд алдана гэсэн үг биш. “Энержи ресурс” нүүрс боловсруулж гаргаж байгаа ч өөрөө уурхайтай учраас дахин АМНАТ төлөхгүй. Хуулийн хүрээнд боловсруулсан бүтээгдэхүүн дээрээ АМНАТ төлөхгүй байх боломжтой гэсэн үг. Түүхий нүүрсийг маш олон компаниуд гаргаж байгаа. Боловсруулагдаагүй учраас түүн дээр дахин АМНАТ авах тухай яригдахгүй. Ингээд тооцоолоод үзэхээр хоёр гуравхан компани дотооддоо нүүрс боловсруулж, түүн дээр тавьж буй гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-ийн л асуудал байгаа юм. Үүнийг аль аль нь сүржин байдлаар мэдээлэх шаардлагагүй л гэж харж байна.
Нүүрсийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд Цэцийн шийдвэр маш зөв болсон. Нөгөө талаараа энэ нь Эрдэс баялгийн зөвлөлөөс тусдаа лиценз зөвшөөрөл авч байж, цөөн компани хийдэг том бизнес. Тусгай зөвшөөрөл, лицензтэй бизнес хийж байгаа тохиолдолд АМНАТ-ийг дахин төлөөд явах нь зөв гэх байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ бид аль болох хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, бодлогоо гаргах нь зүйтэй юм.
-Лиценз эзэмшигчээс нүүрс зэрэг баялгийг худалдан авбал 2.5 хувь, угааж боловсруулбал таван хувь, экспортод гаргаад өсөн нэмэгдэх гурван хувийн гээд нийт 10.5 хувийн татвар авч байх зохицуулалт байсан. Тиймдээ ч төсөвт 1.3 их наядын орлого олно гэж тооцсон юм биш үү?
-Манай улс есөн сарын байдлаар 28 сая тонн нүүрс гаргачихсан байгаа. Үүний 200-300 мянган тонн нүүрсэнд нь АМНАТ-ийн асуудал яригдаж байна. Бусад нүүрсийг уурхайгаас түүхийгээр нь гаргаж байгаа учраас ямарваа нэгэн АМНАТ төлөхгүй. Нүүрс ихээр гаргаж байгаа ганц том компани нь “Энержи ресурс”. Дахин хэлэхэд тус компани өөрөө уурхайтай учир нүүрсээ боловсруулаад гаргасан ч АМНАТ төлөхгүй. Хуулийн зохицуулалт нь ийм юм.
-Та дээр АМНАТ-тэй холбоотойгоор хоёр хуулийн төсөл хэлэлцэгдэнэ гэлээ. АН-ын зүгээс АМНАТ-ийн хуульд ямар зохицуулалт орох нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?
-Дотоодод боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээж буй компаниудыг дэмжихэд чиглэсэн хуулийн төслийг хийж байгаа. АМНАТ-ийг давхардуулж авахгүй байх зарчмыг барьж байна.
-Тэгвэл Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслийн агуулга нь ямар байгаа бол?
-АМНАТ-ийг давхардуулан авахаар зохицуулалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучнаараа орж ирж байна. Хэрэв Засгийн газрын өргөн барьсан тэрхүү хувилбарыг бид УИХ-аар батлах юм бол Цэцээс дахиад л ийм шийдвэр гаргана. Ерөнхийлөгч ч мөн хориг тавина гэсэн үг.
-Энэ хоёр хууль хэлэлцэгдэж, нэгтгэгдэх гэсээр байтал мөн л хугацаа алдаж таарах нь ээ. Энэ хугацаанд АМНАТ-ийн асуудал ямар ч зохицуулалтгүй явах нь гэж ойлгож болох уу?
-Төсвийн хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор аливаа орлоготой холбоотой хуулиудыг нэн яаралтай дэгээр хэлэлцэх боломжтой байдаг. Тиймээс энэ хоёр хуулийг маш богино хугацаанд шийдэх боломжтой.
-2020 оны төсвийг сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-МАН, 60 тэрбумынхаа сүлжээгээр Засгийн эрхийг авах тухай ярьдаг байсан. Энэ 60 тэрбумынхан эхнээсээ шоронд ороод эхэллээ. Тиймдээ ч эд нар хоёрдугаар вариант руугаа шилжиж байгаа. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, ард түмний төлсөн татварын мөнгөөр сонгууль хийх хувилбар луугаа шилжиж байна.