Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.11.05/ мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “2018 оны мал тооллогын дүнгээр 66 сая гаруй мал тоологдсон. Хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин сая олон малтай боловч махны үнэ өндөр, хэрэглээ их, хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.
Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн, мөн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
Мөн Засгийн газраас дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.
Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд явж байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа цаг үетэй холбон өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм” гэв.