Categories
мэдээ нийгэм

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзав

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга Ноён Константин Лимитовскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ болон БНСУ, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202 тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцлээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бүхий дагуул хотын төсөл, хөтөлбөр болох “Аэросити” шинэ хот, “Майдар-эко” хотыг хөгжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид байлцлаа.

Уулзалтын үеэр Азийн бүс дэх дэд бүтцийг хөгжүүлэх, Ази-Европын холбосон эдийн засгийн корридор байгуулах боломж бололцоо, авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын дэд бүтцийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин авто замын сүлжээ өргөжин тэлж байгааг онцлоод цаашид ч энэ салбарын хөгжилд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Азийн бүс дэх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилготой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2016 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 57 гишүүнтэй. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь эхний төслүүдээ Монгол Улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгааг Зинь Люцинь уулзалтын үеэр тэмдэглэв. Үүний дагуу шинээр зам байгуулах болон байгуулагдсан замын ашиглалтын зардалд хөрөнгө оруулах тухай хэлэлцээг эхлүүлжээ. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг-Конгод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд болсон Азийн хөрөнгө оруулалтын 19-р чуулганы үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинтэй уулзахдаа ярилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *