Categories
мэдээ цаг-үе

Шоргоолжны хүчлийг шатаахад угаарын хий үүсдэг


Шахмал түлшнээс дээж авч ОХУ-ын тусгай лабораториор шинжлүүлэхэд шоргоолжны хүчил ихээр гарсан учир энэ мэдээллийг албаны хүмүүс ихэд нууцалж байгаа гэх утгатай мэдээлэл олон нийтийн дунд гарах болсон. Гэвч холбогдох байгууллагуудаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хэрвээ шахмал түлшний найрлагад шоргоолжны хүчил гэх хортой бодис ихээр агуулагдаж байгаа бол хүний эрүүл мэнд, амь насанд ямар хор хохиролтой талаар шоргоолж судлаач болон мэргэжлийн хүмүүс, органик химичдээс тодрууллаа.


ШОРГООЛЖНЫ ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Анх алимнаас алимны хүчлийг, нимбэгнээс нимбэгний хүчлийг, шээснээс шээсний хүчлийг гарган авч давсуудыг нь эмнэлгийн практикт хэрэглэж эхэлсэн байна. 1828 онд Германы химич Вёлер органик биш бодисоос мочевиныг нийлэгжүүлж гаргасан байдаг бол дараа нь 1845 онд Кольбе цууны хүчлийг, 1850-иад онд Францын химич Бертло шоргоолжны хүчил, этилийн спирт, ацетилен, бензол, тослог бодисыг, 1861 онд Оросын химич Бутлеров чихэрлэг бодисыг нийлэг аргаар тус тус гаргаж авч байжээ.

Энгийн үгээр хэлбэл, шоргоолжноос ялгарах исгэлэн шингэнийг шоргоолжны хүчил гэдэг. Шоргоолжны хүчил нь карбоны нэг суурьт ханасан хүчлүүдийн нэг юм байна. Нүүрстөрөгчийн радикал ба карбон бүлгээс тогтсон органик нэгдлийг карбон хүчил гэнэ. Карбонил бүлэгт метан хүчил буюу шоргоолжны хүчил, этан хүчил буюу цууны хүчил, протоны хүчил, бутен хүчил буюу тосны хүчил, пентан хүчил, гексан хүчил, ханаагүй дээд хүчлүүд хамаарагддаг юм байна. Метан буюу шоргоолжны хүчлийн химийн тэмдэглэгээ нь H-C=OH. Энэ хүчил нь шоргоолж төдийгүй зөгий, халгай, шилмүүсэнд ч бий. Үүнийг арьс боловсруулах, малын тэжээл бэлтгэх, анагаах ухааны салбарт хэрэглэдэг юм байна.

ШОРГООЛЖНЫ ХҮЧИЛ НЬ МИКРОБ УСТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ЧАНАРТАЙ

Шоргоолжны үүрийг сэндийлэх зэргээр уурыг нь хүргэвэл цочирдсон шоргоолж хойд хоёр хөл дээрээ оцойн сууж хэвлийгээ урагш тахийлган муухай үнэртэй шингэн хүчил ялгаруулдаг байна. Үүнийг шоргоолжны хүчил гэх бөгөөд энэ аргаараа дайсан амьтдыг дайжуулдаг. Шоргоолжны энэхүү хүчлийг цуглуулж авъя гэвэл түүний үүрэн дээр нойтон алчуур тавьчихвал уурласан шоргоолжнууд тэр алчуур луу хамаг хүчлээ цацан буудаж эхэлдэг. Тэр хүчлийг латинаар “Альдегид” гэх бөгөөд энэ нь “Устөрөгчөө алдсан спирт” гэсэн утгатай аж. Тэгэхээр энэ нь спиртийн төрлийн бодис юм байна. Шоргоолжны хүчил нь усанд сайн уусах ба микроб устгах, халдваргүйжүүлэх чанартай.

Шоргоолжны хүчлийн 40 хувийн уусмалыг формалин гэх бөгөөд түүнийг ариутгагч бодисны үүрэгтэйгээр хөдөө аж ахуйд хэрэглэдэг. Шоргоолж ихтэй ойд хортон шавьж үрждэггүй учраас ашигтай шавьж юм. Шоргоолжийг зориуд өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн хортон шавьжийг устгуулдаг туршлага дэлхийн олон оронд нэвтэрсэн байдаг.

ШОРГООЛЖНЫ ХҮЧИЛ БОЛ ХОРТОЙ ХИМИЙН БОДИС

Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.2-т “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалахад тавих шаардлага” гэсэн хэсэг бий. Уг хэсэгт “Хорт болон аюултай химийн бодисыг шинж чанар, үзүүлэх хор нөлөөллөөр тусгаарлан хадгалах нөхцөл”-ийг заасан байдаг. Уг зааварт дурдсанаар шоргоолжны хүчил нь “Хортой химийн бодисууд” гэсэн төрөлд хамаарагддаг юм байна.

Ийм бодисыг тухайн химийн бодист тэсвэртэй, хагарч эвдэрдэггүй саванд давхар савлагдсан байдлаар агааржуулалттай, сэрүүн, хуурай агуулахад хадгалах ёстой. Анилин, дөрвөн хлорт нүүрстөрөгч, хлорформ, цианидууд, хүнд металлын нэгдлүүд (кадьми, мөнгөн ус, осми гэх мэт), хурган чихний хүчил, фенол, шоргоолжны хүчлийг “Хортой химийн бодисууд” гэж үзнэ гэж уг хуульд заажээ. Түүнчлэн “Шоргоолжны хүчлийг балт зөгийн үүрний шавьжийг устгах зорилгоор хэрэглэнэ” гэж Газар тариалангийн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бордоо ба хөрс сайжруулагчийн жагсаалтад албан ёсоор багтаасан байдаг юм байна.

Манай улсад химийн бодисуудыг оруулж ирж үйлдвэр, аж ахуйн газруудад нийлүүлдэг хувийн компаниуд ч байдаг. Тэдгээр компаниудын оруулж ирж нийлүүлдэг бүтээгдэхүүний жагсаалтад шоргоолжны хүчил байдаг юм байна. “Бид бизнес эрхэлж байгаа хүмүүс учир захиалагчдынхаа хүссэн бодисыг хуулийн хүрээнд, ном журмынх нь дагуу оруулж ирдэг. Шоргоолжны хүчил чухам ямар үйлчлэл үзүүлдэг, ямар бодис вэ гэдгийг бизнесийн байгууллагуудаас илүүтэй химийн чиглэлийн мэргэжилтнүүд нь мэдэх байх. Шахмал түлшнээс шоргоолжны хүчил гарсан, гараагүй гэх асуудалд бид хариулт хэлж мэдэхгүй юм” гэсэн хариултыг тэдгээр компанийн удирдлагууд өгсөн юм.


С.ДОНДОГ: ШОРГООЛЖНЫ ХҮЧЛИЙГ ШАТААВАЛ УГААРЫН ХИЙ ҮҮСНЭ

Монгол Улсын гавьяат багш С.Дондог: -Шоргоолжны альдегид нь цааш нь исэлдэхээр шоргоолжны хүчил болдог. Цууны альдегид нь исэлдэхээрээ цууны хүчил болдог. Халгайнд гар хүрэхээр түлдэг шүү дээ. Тэр чинь халгайны альдегид нь хүний арьсыг түлж байгаа хэрэг.

-Шоргоолжны хүчлийг ямар нэгэн бодистой холиод шатаавал яах вэ?

-Шатна, шатна. Шоргоолжны хүчлийг шатаавал угаарын хий буюу CO² үүсэх байх шүү. CO² -ийг манайхан хиншүүний хий гэдэг. Хэрвээ шахмал түлшинд шоргоолжны хүчил холилдсон бол хэцүү.

Д.МОНХООБОР: ИСЭЛДҮҮЛЭГЧ ЧАНАРТАЙ БОДИСТОЙ ХАМТ ШАТААВАЛ ШОРГООЛЖНЫ ХҮЧЛЭЭС УГААРЫН ХИЙ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор Д.Монхообор: -Нүүрс, шахмал түлшний шаталтаар шоргоолжны хүчил үүснэ гэх зүйл алга. Шахмал түлшийг бэлтгэхэд шоргоолжны хүчлийг хэрэглэх бололцоо ер байхгүй. Шоргоолжны хүчил нь карбон хүчил гэдэг ангилал дотроо хамгийн эхнийх нь, ангижруулагч шинж чанартай.

Ангижруулагч шинж чанартай гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр хэрвээ шахмал түлштэй хольчихвол шаталтыг нь дэмжихгүй.

-Шаталтыг нь дэмжихгүй юм бол шахмал түлшинд шоргоолжны хүчлийг холих шаардлагагүй биз дээ?

-Тийм байгаа юм. Холих үндэс байхгүй. Гэхдээ хуванцар материал дээр хольж хэрэглэдэг. Нөгөө талаар ариутгалын маягаар хэрэглэдэг тийм бодис. Түүнээс биш мөнгөн ус шиг ч юм уу, тийм айхавтар хортой бодис биш. Шинжилгээний дүнгээр шоргоолжны хүчил төдөн хувийн агууламжтай байна гэдгийг нүдээрээ хараагүй учраас шоргоолжны хүчлийг шахмал түлштэй холбож яримааргүй байгаа юм.

Гэхдээ шаталтын үед шоргоолжны хүчил үүсвэл үүсч болмоор байгаа юм. Угаарын хий, ус хоёроос шоргоолжны хүчил үүсч болно. Мөн гүйцэд шатсан хий буюу нүүрстөрөгчийн диоксид дан цэвэр устөрөгчтэй нэгдвэл бас нэг шоргоолжны хүчил үүсч болдог.

Хүхрийн хүчил ч юм уу, тиймэрхүү исэлдүүлэгч чанартай бодистой хамт шатаавал шоргоолжны хүчлээс угаарын хий үүсэх магадлал байгаа юм л даа. Түүнээс биш барьцалдуулагч, холбогч маягаар шоргоолжны хүчлийг шахмал түлшинд хэрэглэх шаардлага байхгүй юм байна гэж харж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *