УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг хийв.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг 1999 онд батлан, хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав. Шинээр боловсруулсан хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, инновацийг хөгжүүлэх, үрийн худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих харилцааг зохицуулна гэж Засгийн газар үзжээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 26 сортын үрээр тариалж байгаагаас 5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалаад дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13, 14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалан нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэхээр төлөвлөж байгаа аж. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байрлаар, монголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл байхгүй юм.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.