Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Тэмцээнд багаараа оролцсон хүмүүс ажил дээрээ ч багаараа сайн ажиллаж чаддаг

Волейболын “Үндэсний Лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард эхэлнэ. Энэ талаар Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхантай ярилцлаа.


-“Үндэсний лиг”-т хэдэн баг оролцох вэ. Ямар шалгуураар багуудаа сонгов?

-Үндэсний лигийн тэмцээнд Монголын волейболын холбооны клубүүдийн багууд ордог. Эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг орно гэсэн мэдүүлэг ирсэн байгаа. Багууд гурван тойрог тоглоно. Тэмцээн энэ сарын 25-нд эхлээд 12 дугаар сарын 6-нд дуусна.

-Монголын волейболын холбооноос ямар шат дарааллаар жилд хэдэн тэмцээн зохион байгуулдаг вэ?

-Монголын волейболын холбооноос бага нас буюу мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Тэр нь дотроо бага нас, ахлах гэж гэсэн насны ангилалтай. Бага нас нь 12-оос доош насны хүүхдүүдийн дунд, ахлах нь 13-14 настай хүүхдүүдийн хооронд болдог. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 15-16 настай хүүхдүүдийн дунд, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дандаа бүсийн аваргууд шалгарсан багууд ордог. Идэрчүүдэд 18 настай залуус орно. Залуучуудын улсын аваргад 21-ээс насны залуусын хооронд зохионо. Тэгээд насанд хүрэгчдийн улсын аварга, ахмадын улсын аварга, клубүүдийн цомын тэмцээн, үндэсний лигийн тэмцээн зэрэг тэмцээнүүдийг жилд шат дараатайгаар зохион байгуулдаг. Энэ дотроос үндэсний лигийн тэмцээн чансаагаараа хамгийн том нь.

-Үндэсний лигт түрүүлсэн юм уу эхний байруудад орсон багууд цаашаа Азийн аварга, гадаадад болох тэмцээн уралдаанд оролцох уу?

-Үндэсний лигт түрүүлсэн клуб нь Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

-Шагналын сан хэдэн төгрөг вэ?

-Шагналын сан нь 70 сая төгрөг.


-Үндэсний лигийн тэмцээнийг хэдэн оноос зохиож эхэлсэн бэ. Хэсэг хугацаанд завсарласан гэж сонссон?

-Энэ тэмцээн 1995 оноос анх зохиогдож жил бүр явж байгаад 2012 оныг дуустал явагдаад түүнээс хойш “Холбооны цом” нэртэйгээр зохиогдож эхэлсэн. Үндэсний лиг 6-7 жил тасраад энэ жилээс буцаан сэргээгдэж байгаа.

-Ганцаарчилсан спортоор хичээллэдэг хүн их аминчхан хувиа хичээсэн зантай болдог гэдэг. Нэгэн дасгалжуулагч “Монголчууд хувиа хичээсэн зантай учир ганцаарчилсан спорт илүү хөгжих магадлалтай” гэж хэлсэн байдаг. Ер нь багийн спортоор хичээллэснээр хувиа хичээсэн занг засах боломжтой юу?

-Бүх л спортод сайн, муу талууд бий. Волейболын давуу тал бол багаар ажилладаг. Хүүхдүүдийг багаар ажиллаж, хамтран ажиллах чадвартай болгодог. Нийгэмшүүлж, төлөвшүүлдэг гэдэг. Контактны спорт биш байхгүй юу. Бокс, сагсан бөмбөг зэрэг контактны спортууд өөр. Цэвэрхэн спортын тоонд ордог. Тиймээс хүүхдүүдийг зөв төлөвшүүлдэг. Бие бялдарыг өв тэгш хөгжүүлнэ. Хөл, гар жигд ажилладаг. Хувиа хичээх талыг нь би хэлж мэдэхгүй юм байна. Тэр бол хувь хүний зан чанар учраас тэр дотор янз янзын л хүүхдүүд байгаа шүү дээ.

-Байгууллага бүр ажилчид хоорондоо тэмцээн уралдаан зохиохдоо волейболын спортыг заавал оруулдаг шүү дээ. Энэ социализмын үеэс тогтсон зуршил уу, эсвэл албан байгууллагууд багийн спортыг илүүд үздэгийн илрэл юм болов уу?

-Харьцангуй цэвэрхэн спорт болохоор оруулдаг байх. Багийн спорт нь цаанаа нэгнээ ойлгож дэмжихийг хүсдэг. Спортын тэмцээн уралдаанд нэг баг болоод орчихсон хүмүүс чинь ажил дээрээ очоод ч гэсэн багаараа сайн ажиллаж чаддаг байхгүй юу. Спортоор дамжуулаад бие биенийгээ маш сайн ойлгодог болдог. Хамт олон илүү нягтардаг давуу талууд байна л даа.

-Төр засгаас хэдхэн спортыг дэмждэг. Цалин урамшуулал олгодог. Гэхдээ ганцаарчилсан спортыг илүү дэмжээд байгаа харагддаг. Багийн спортыг төр засгаас яаж дэмжих нь зүйтэй юм бол оо?

-Энэ бол улс орны эдийн засгийн чадавхаас л шалтгаалж байгаа асуудал. Спорт тэр чигээрээ санхүү эдийн засгаас хамааралтай. Улс орон хэр их мөнгөтэй байна төдий чинээ спорт хөгжинө. Яагаад голдуу ганцаарчилсан спортыг улс орон хөгжүүлээд байна гэхээр улс орны чадавх нь сул учраас л тэр байх гэж боддог. Тиймээс бокс, чөлөөт, жүдо гээд хувийн спортыг түлхүү хөгжүүлдэг байх. Багийн спорт хэцүү л дээ. Багаараа гадагшаа нэг арга хэмжээнд явлаа гэхэд эмэгтэй, эрэгтэй багаараа багадаа 30-аад хүн явна. Тэр болгонд маш их зардал гарна. Энэ зардлыг гаргаж чадахгүй. Нэг удаа явуулна, хоёр дахиа явуулна. Тэгээд цаашаа чадахгүй болно. Тэр талаас нь болоод дэмжиж чадахгүй байх шиг байна, багийн спортыг. Хөрөнгө мөнгөнөөсөө шалтгаалаад дэмжиж чадахгүй байна. Багийн спортыг дэмжихэд асар их мөнгө гарна л даа. Байнгын бэлтгэлтэй байлгахын тулд байр, хоол, цалин мөнгөний асуудлыг шийднэ. Ганц, хоёр олимпийн төрлийн тамирчны зардлыг гаргах өөр хэрэг л дээ. Энэ хоёрын хооронд зөрүүтэй болохоор л тийм байдаг байх.

-Волейболын спортоор улсын шигшээ байгаа юу?

-Шигшээ багаа тараагаад нэлээд удчихлаа. 2006-2007 оноос хойш шигшээ баггүй яваад байна. Голдуу клубүүд тэмцээн уралдаанд аваад явчихдаг. Клубт нь эрхийг нь өгөөд тэд нар нь аваад явдаг байдлаар явсаар өдийг хүрсэн. Энэ жилээс Үндэсний лигийн дараагаас өсвөрийн аваргаас эхлээд ирэх жилийн 2020 оны Азийн наадмын хүүхдийн шигшээ багийг байгуулна. Эмэгтэй шигшээ баг ирэх жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй гэх мэтчилэн хамгийн түрүүнд шигшээ багуудыг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Монголын волейболын холбоо бүрэлдэхүүндээ багахан шинэчлэл хийсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга солигдоод, Удирдах зөвлөл дотроо 30-40 хувь солигдсон. Эхний ээлжинд бид Үндэсний лигээ сэргээж байна. Хоёр дахь ажил нь шигшээ багтай болох зорилт тавиад ажиллаж байна. Ирэх жил бид спортын тэмцээн уралдаан явуулах заал, танхимтай болох ажлыг эхлүүлэх зорилт тавиад байгаа.

-Монголын волейболын холбоо хаанаас санхүүждэг вэ. Төлөвлөсөн ажлуудаа ямар төсөв хөрөнгө хаанаас гаргаж хийх вэ?

-Монголын волейболын холбоо төрийн бус байгууллага шүү дээ. Өөрсдөө л санхүүжилтээ олно. Түүнээс Азийн волейболын холбоо, Олон улсын олимпийн хорооноос санхүүждэг зүйл байхгүй. Хөлбөмбөгийн холбоо бол өөр л дөө. Монголд шинээр байгуулагдаж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд шинээр элссэн холбооны тоонд орж байгаа юм. Тиймээс цаанаасаа санхүүгийн дэмжлэг тусалцаа авч байгаа. Дэмжлэг туслалцаа авч байгаа учраас хөгжил нь хурдан явна. Волейбол нь манай ууган спортод тооцогддог. Монголын волейболын холбоо үүсэн байгуулагдаад 60 жил болчихсон. Монголд волейболын спорт үүсч, хөгжөөд 90 жил болчихсон. Олон улсын волейболын холбоонд 1950-1960 онд элсчихсэн байгууллага. Манайх ууган холбоодын нэг нь байдаг. Тиймээс олон улс, Азийн волейболын холбооноос дэмжлэг туслалцааг шинээр үүсч байгаа холбоодод өгдөг учраас хуучин холбоодод өгдөггүй. Яахав хөгжил бага, буурай орон гэдэг ч юмуу тэр үүднээсээ хааяа нэг хэрэглэл материалаар тусалдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *