Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцууллаа

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар захирамжаар “Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар ажиллажээ. Тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэд хэсгийн гишүүд болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, эрдэмтэн судлаачдыг ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал, шүүмжийг сонссон аж.

Ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж ажлын хэсгийн гишүүд тодорхой үүрэг чиглэлийг авч ажилласан бөгөөд 9 дүгээр сарын 07, 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус хуралдаж дараах санал, дүгнэлтийг танилцуулж байгаа гэв.

Нэг. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн /Шинэчилсэн найруулга/ 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн үндсэн зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байхаар хуульчилсан нь бусдад ял завших боломжийг олгож байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны доод хязгаарыг гурван жил дээд хязгаарыг хорин таван жил болгон өөрчлөн найруулах;

Хоёр. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн /Шинэчилсэн найруулга/ 1.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж зааснаар яллагдагч, шүүгдэгч хэргийг шалган шийдвэрлэх явцыг санаатайгаар удаашруулах, хууль хяналтын байгууллагын алба хаагчдад нөлөөлөх, цаг хугацаа хожих түүнчлэн хэргийн ээдрээ төвөгтэй байдал болон олон эзэн холбогдогчтой хэргийг шалган шийдвэрлэх явцаас шалтгаалан хэргийг шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж ял завших боломжийг үүсгэж байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэснийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулах. Түүнчлэн халдашгүй дархан эрх ямба эдлэх баталгаа хуулиар тогтоосон албан тушаалд сонгогдсон, томилогдсон хүн нь уг албан тушаал хашиж байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, тухайн хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох.

Гурав. Авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэн нийгэмд үүсэх хохирол, төрийн алба, албан хаагч, хууль тогтоогчид, шүүх эрх мэдэлд итгэх иргэдийн итгэл алдрах улмаар улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг хохирол тооцох боломжгүй олон сөрөг үр дагавар үүсэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх, Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хорих ялын доод хэмжээг таван жил дээд хэмжээг арван таван жил болгон өөрчлөх;

Дөрөв. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига, шан харамж авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалыг яаралтай өөрчилж, үүнтэй холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийг боловсруулж хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг энэ өөрчлөлтийг баримтлан тоолох.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *