Хорт хавдар эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар тусгасан хуулийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр мэдээлэв.
Дээрх зохицуулалтыг тусгасан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд улсын төсвийн 39.4 тэрбум төгрөгөөр 21 аймаг, нийслэлд долоон төрлийн хавдрыг оношлох тоног төхөөрөмж суурилуулна” гэж онцоллоо. Мөн тодорхой журам гаргаж, хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэв.
Хуульд тусгаснаар, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм байна. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцахаар хуульд тусгажээ.
Манай улсад хорт хавдрын улмаас жилд 4400 орчим хүн нас барж байна. Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96 хувийг 30-аас дээш насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд элэг, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байна. “Гурван сая хүн амтай манай улсын хувьд, дээрх тоо нь хорт хавдрын өвчлөлөөр гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ. Тиймээс хууль, эрхзүйн үндсээр нь энэ асуудлыг шийдэхийг зорьсон” гэж мэдэгдлээ.