МУИС-ийн Улс төр судлалын тэнхим Монгол дахь Фридрих Эбертийн сан, МЕС судалгааны хүрээлэнтэй хамтран “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу: Монгол Улс ба Бүгд Найрамдах Чех улс”-ын жишээн дээр эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр зохион байгуулагдлаа.
Посткоммунист улсуудад гарч буй улс төрийн тогтолцооны ижил шинжтэй хямралыг Ардчиллын гажуудал хэмээн тодорхойлон, Чех Улсын ардчиллын төлөв байдлаар судалгааны бүтээл гаргасан судлаач Михаил Климагийн судалгааны бүтээл нь ардчиллын гурав дахь давлагаанд өртсөн улс орнуудад гарч буй засаглалын гажуудлыг хэрхэн засах тухай ном гаргажээ.
Тэрбээр “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” бүтээлдээ харуулсан Чех орны сүүлийн 25 жилийн клиентелизмийн тогтолцоо, улс төрийн намуудын хямралын дүр зураг нь Монголтой тун төстэй харагдаж байна. Чехийн нийгэм, улс төрийн орчинд буй иргэний нийгмийн хоосон орон зай нь энэ улсын ардчилсан шилжилтийн хамгийн эмзэг цэг нь болоод байна гэж дүгнэжээ.
Михаил Клима сүүлийн үед Клиентелизм, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг нь сэтгүүлчид болон Төрийн шинэчлэлт зэрэг байгууллагынхаа анхаарлыг татсан ноцтой, сонирхолтой сэдэв болж байгаа.
Дээрх сэдвүүдээр посткоммунист орнуудын хүрээнд улс төрийн яриа хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой. Эдгээр үзэгдэл сүүлийн 25 жилийн турш Бүгд найрамдах Чех Улс дахь улс төрийн намуудад халдварлан тархаж, улмаар парламентын засаглал болон ардчилсан тогтолцоонд сөргөөр нөлөөлсөн байна. Улс төрийн намууд мутацид орж, клиентелист мөн чанартай байгууллагууд болон хувирсан тухай номонд егүүлжээ.
Үүний уршгаар иргэний нийгэм ба төрийн хооронд гүйцэтгэх намуудын зуучлах мөн үндсээрээ гажуудан хувирсан байна. 2010-2013 онуудад доод танхимын хоёр ч сонгуулийн үеэр улс төрийн намуудын тогтолцоо сууриараа ганхан доргисон хэмээн илтгэлийнхээ үеэр хэлж байв.
Тэрбээр Клиетелизмийн үе шатыг Клиетелист холбоо сүлбээний нэгдүгээр буюу далд үе, Клиентелизмийн цэцэглэлтийн үе, Клиентелизмийн задрал ба ялзралын үе, Клиентелист намын тогтолцооны уналтын үе хэмээн дөрөв ангилсан байна.
Клиентелизм гэдэг нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садны онцгой харилцаа, холбоо бөгөөд голдуу тодорхой зорилгод чиглэсэн байх ба нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд дээгүүр зиндааны нэг этгээд нь доогуур зиндааны нөгөөдөө өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж байхад клиент нь мөн хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг туслалцаа үзүүлдэг үзэгдэл юм.
Тэтгэгч, дэмжигчдийн холбоо нь олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж нийгмийн солилцооны сүлжээг улмаар нийгмийн солилцооны авлигыг бий болгодог.
Д.БУМДАРЬ: АРДЧИЛЛЫН ГАЖУУДЛЫГ НИЙГЭМД БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРИЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДЭЖ БАЙГААГААР ХАРЖ БОЛНО
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор
Монголын ардчиллын гажуудал: Чех Монголын кэйсийг яагаад харьцуулж байна гэхээр посткомунист буюу 1990 онд ардчиллын давалгаанд өртсөн коммунист улс гэдгээрээ ижил. Улс тер судлаач, доктор Михаил Климагийн номон дээр бичигдсэн посткомунист улс оронд коммунист сэтгэлгээ 60 жил үргэлжлэх юм гэж. Ардчилал өөрөө төлөвших хүртлээ нэлээд цаг хугацаа шаардана гэж бичсэн байгаа.
Тэр утгаараа ижил үнэт зүйлтэй нэг намын системтэй байсан гэдгээр харьцуулалт хийх боломжтой гэж үзсэн. Ардчиллын маш олон хэмжүүрүүд байдаг. 20 гаруй индекс байдаг. Үүн дотроос гажуудлын индекс 10 хүртэлх оноогоор тэмдэглэгддэг. Чех, Монгол Улс ардчилал гажуудаж байна гэдэг үнэлгээн дээр явж байна. “Монголчуудад ардчилал юу авчирсан бэ” гэх судалгааг харахад монгол хүмүүс гурван асуултыг ихээр дугуйлсан байна.
Үүнд, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрөө хичээвэл амжилттай амьдрах боломж, гадаадад сурах аялах боломж сонгосон байна. Судалгаан дотор маш олон асуулт байсан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр ардчилал ямар үнэт зүйл юм бэ хүн чанар юунд оршиж байсныг нийгэм төдийлөн таньж чадаагүй байна.
Ардчиллын мөн чанар үнэт зүйл нь эрх чөлөө шударга ёс тэгш эрх байх. Үндсэн зарчмууд нь Үндсэн хууль дахь олон намын систем, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бие даасан байдал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг зүйлсийг дурдаж болно. Тэр зүйл огт хэрэгжиж чадаагүй байгаа нь социологийн судалгааны дүнгээр харагдаж байна. Насны ангиллаар авч үзэхэд 35-аас доош насныхан дээрх гурван асуултыг сонгосон байна.
35-аас доош насныханд ардчилал төлөвших боломжтой юу гэх асуудал гарч ирж байна. Боловсролын түвшингээр үзэхээр дандаа дээд боловсролтой хүмүүс байна. Ардчиллын гажуудлыг ямар хэлбэрээр харж болох вэ гэхээр нийгэмд баялгийн тэгш хуваарилалт хэрхэн хийгдэж байгаагаар харж болно. Бодит байдал дээр маш их зөрөөтэй гарч ирж байгаа.
Түүний илрэл нь популист амлалт, хэт барууны үзэл шингэсэн намуудыг дэмжих хандлага, тийм улстөрчдийг дэмжих хандлага нийгэмд оршиж байна. Баялгийн тэгш хуваарилалтыг зохицуулахгүй байгаа нь ардчиллын гажуудал үүсгэх үндсэн шинж нь болж байна. Ардчилал оршин тогтнох боломж нь иргэний нийгмийн хөгжлийн асуудал эдийн засгийн чанартай нөхцөл байдал.
Ц.МӨНХЦЭЦЭГ: ХЯТАД, ОРОС ДАХЬ НЭГ ХҮНИЙ ЗАСАГЛАЛЫН ХАЛДВАР ХӨРШ МОНГОЛ УЛСАД ХҮЧТЭЙ НЭВТЭРЧ БАЙНА
Улс төр судлаач, дэд профессор
Монголын улс төрийн намуудад тулгарч буй сорилтууд авторитар хандлага, Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх байдал, үндсэрхэг популизм, иргэдийн улс төрийн намд итгэл алдрах байдал, намын санхүүжилт байна. Хятад, Орос дахь нэг хүний засаглалын халдвар хөрш Монгол Улсад хүчтэй нэвтэрч байна: Хятадын эдийн засгийн үсрэнгүй амжилт 2000 оноос хойших ардчиллын бүтэлгүйтэлд улам тодорч харагдах болов.
Авлигатай хийж буй Хятадын засгийн газрын тэмцэл, хатуу хууль цаазыг ихэнх иргэд зөвтгөж байна. Оросыг дуурайх, Пугины дэглэмийг сайшаах явдал монголчуудын дунд түгэн дэлгэрч байна. Монголчуудын дунд хүчтэй, авторитар хэв маягтай улстөрчийг хүсэн хүлээх, нэг хүний засаглал, Ерөнхийлөгчийн засаглалыг эрмэлзэх хандлага давамгай байгаа ҮХНӨ-тэй холбогдуулан хийсэн сүүлийн үеийн бүхий л судалгаанаас харагдаж байна.
Популист амлалт, популист имиж, үндсэрхэг популист хөдөлгөөнүүд Монголын нийгэмд газар авч байна. Монголын улс төрийн намуудад ихээхэн сорилт болж буй асуудал бол санхүүжилт юм.
Монгол Улсад өдгөө үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын ихэнх нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байгаа учраас цөөхөн хэд нь байнгын ажиллагаатай байгаа юм. УИХ-д суудалтай намуудын хувьд ч санхүүжилтийн асуудал түвэгтэй хэвээр байна.
Намууд гишүүнчлэлийн татвараа хангалттай цуглуулж чаддаггүй, төрөөс олгож буй санхүүжилт нь хүрэлцдэггүй тул ихэнхдээ хувь хүмүүсийн хандиваар санхүүжиж байгаагаас клиентелизм цэцэглэн хөгжих болов. Монгол Улс нь парламентын засаглалтай улсын хувьд хувь хүний хүчин зүйл, улс төрийн лидерийн хүч нөлөө голлох үүрэгтэй Ерөнхийлөгчийн засаглал бүхий улсуудаас ихээхэн ялгаатай билээ.
Тийм учраас улс төрийн үйл явцад намууд онцгой үүрэг гүйцэтгэдэг, намуудыг төрөөс шууд ба шууд бусаар хөхиүлэн дэмждэг парламентын систем бүхий Европ маягийн намын тогтолцоо болон санхүүжилтийн механизмыг Монгол Улсад нутагшуулах нь тохиромжтой. Монголын улс төрийн намын төлөвшилд нийгмийн орчин, гадаад хүчин зүйл, санхүүжилт зэрэг олон асуудал сорилт болж байна.