Нийслэлийн нэгдүгээр сургууль дээр үүсээд байгаа сурагчдын үдийн цайны талаарх асуудлын талаар сурагчдын эцэг, эх болоод тус сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний тус өдрүүдэд “Бенедакт” гэсэн нэртэй хаяг шошгогүй, үйлдвэрлсэн он сар өдөр байхгүй, орц найрлага нь тодорхойгүй жүүс, жигнэмгийг тамхины хайрцгаар зөөвөрлөн тараасан байна. Тухайн үед сургуулийн багш ажилчид ийм шошгогүй, хэзээ хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн хүүхдүүдэд тарааж болж байгаа юм уу гэж сургалтын менежер Мөнхзаяа, захирал Цогзолмаа нарт хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй байна. Гэсэн ч маргааш нь гурван хүүхэд хордлогонд орж хичээлдээ ирээгүй байна.
Сургуулийн эмч Д.Болормаа: Уг бүтээгдэхүүн хоёр өдөр манай сургууль дээр тараагдсан. Эхний өдөр ирэхэд нь би менежерээс “Энэ бүтээгдэхүүний чинь шинжилгээний бичиг цаас гэж юм байна уу” гэж асуухад “Та үйлчлэгч нараа дуудаад наадахаа үг дуугүй тараа, багш нар асуувал чимээгүй байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд багш нар нь хүртэл та нар үйлчлэгч нараар тараалгаж болж байгаа юм уу, хувцас хунараа солиогүй бохир байна гэх мэтчилэн шаардлага тавьж байсан” гэлээ.
Тавдугаар ангийн сурагчийн ээж Б.Отгонбаяр:“Гуч гаруй жил үр хүүхдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Ч.Чагцал багшийг өөрсдийнх нь нийлүүлсэн энэ хаяг, шошгогүй бүтээгдэхүүнийг нь олон нийтэд дэлгэсэн гэх нэрийдлээр “Багш нарын ёс зүйн хороо”-гоор хэлэлцүүлнэ гэсэн. Үүнд эцэг, эхчүүд бид үнэхээр гомдолтой байна. Энэ хаяг шошгогүй жүүс, жигнэмгийг хүүхдүүд маань идээд одоо гурван хүүхэд өвдсөн байгаа. Яагаад заавал асуудлыг хүндрүүлж байж арга хэмжээ авах ёстой гэж, үүнийг зохих байгууллагууд нь анхааралдаа авч ажиллаасай гэж хүсэж байна” гэв.
“Бенедакт” ХХК-ийн хувьд бараа бүтээгдэхүүн дээрээ шошго тавиагүй гэсэн үндсэлэлээр зургаан сая төгрөгийн торгууль тавьсан гэж Мэргэжлийн хяналтынхан хэлсэн боловч тэр баримтыг нь огт үзүүлээгүй хэмээн багш ажилчид дурдаж байсан юм.
М.САЙНЗАЯА