БНСУ-ын эмчилгээний визэнд зуучилдаг олон байгууллага бий. Ийм төрлийн визэнд хамрагдахад ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг мөн анхаарах зүйл нв юу байдаг талаар уншигчдадаа хүргэх зорилгоор “Gerel Medical Tour” LLC БНСУ-ын эмнэлгүүдийн төлөөлөгч, эрүүл мэндийн аялал жуулчлалын төвийн захирал Х.Гэрлээтэй ярилцлаа. Тэрээр Солонгос улсын Мёнжи эмнэлэг, Сөүл их сургуулийн эмнэлэг зэрэг Эрүүл мэндийн байгууллагуудад есөн жил ажиллаж байгаад жилийн өмнө эх орондоо ирж тус эрүүл мэндийн аялал жуулчлалын компанийг байгуулан ажиллаж байгаа юм.
Танай байгууллага яг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Солонгос улс руу эрүүл мэндийн аялал жуулчлалаар явахыг хүсч байгаа хүмүүст мэдээлэл өгч түүнтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн эмнэлгүүдэд зуучилдаг. Тухайн өвчтөнийг Солонгост очихоос нь өмнө хэвтэж эмчлүүлэх эмнэлгийг нь сонгох, онош болон эмчилгээний арга, үнэ төлбөр гэх зэрэг мэдээллүүдийг эмнэлэгтэй нь холбогдон албан ёсоор авч өгч, үзлэгийн цагийг захиалж өгдөг. Мөн БНСУ-д зорчих үедээ байрлах зочид буудал, онгоцны буудлаас тосох болон үдэх үйлчилгээ гэх мэт шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг.
Эх орондоо эмчлүүлэх боломжгүй хүмүүс, өөрөөр хэлбэл өвчний хүнд шатандаа орсон хүмүүс гадагшаа явж эмчлүүлдэг байх?
Маш олон төрлийн оноштой хүмүүс манай байгууллагад ханддаг ч ихэвчлэн бүх төрлийн хавдартай хүмүүс, өөрийн хүсэлтээр Солонгост эмчлүүлэхийг хүссэн, Монголд хагалгаагаа хийлгэчихээд дараагийн шатны химийн эмчилгээг нь Солонгост хийлгэх хүсэлтэй хүмүүс ханддаг. Мөн энд эмчлэгдэхгүй оноштой хүмүүс гадагшаа их явж байна.
Эрүүл мэндийн визээр материал бүрдүүлэхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?
Материалын хувьд Элчингээс тавьсан шаардлага байдаг. Тэр шаардлагын дагуу бичиг баримтаа бүрдүүлэхэд болно. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид маань Монголд эмчлүүлж буй эмнэлгээсээ эмчийн дүгнэлт бичиг авахад асар хүндрэлтэй байдаг. Тамга дарж, гарын үсэг зурж өгөх гэж олон хоног хүлээлгэх зэрэг нь маш ойлгомжгүй, сэтгэл эмзэглүүлсэн асуудал байсан. Мэдээж хөгжиж буй улс орны хувьд эрүүл мэндийн салбарт нь хүндрэлтэй асуудлууд байж болох ч, хувь хүн хаана эмчилгээ хийлгэж үйлчилгээ авах нь тухайн хүний эрх байх гэж боддог. Гурван шатлалаар визээ бүрдүүлнэ. Эхнийх нь урьд нь Солонгос руу эмчилгээгээр явж байсан хүмүүс, дараагийнх нь огт явж байгаагүй анх удаа явах гэж байгаа хүн, сүүлийнх ньмэс засал заавал хийлгэх шаардлагатай хүний гэсэн гурван төрлийн арга зам байдаг.
Виз мэдүүлснээс хойш хэд хонож байж хариу нь гардаг вэ. Хугацаа нь хэдэн сар байдаг юм бол?
Эрүүл мэндийн аялалын виз яаралтай нь гурав хоногт гардаг. Энгийн виз нь долоогоос арав хоногт гардаг. Өвчний түүхээсээ шалтгаалаад зарим виз нэг сарын хугацаатай, зарим нь гурван сарын хугацаатай гардаг.
Танай байгууллага Солонгосын ямар ямар эмнэлгүүдэд зуучилдаг вэ?
“Мёнжи”, “Самсунг”, “Сөүлийн Их сургуулийн эмнэлэг”, “Кореа Их сургуулийн Анам эмнэлэг”, “Чүн-Ан их сургуулийн эмнэлэг”, “Асан” гэх зэрэг эмнэлгүүдэд зуучилдаг. Эдгээрээс гадна төрөлжсөн, олон төрлийн эмнэлгүүд бий. Нийтдээ 27 эмнэлэгтэй харилцаатай ажиллаж байна. Ойролцоогоор мянга гаруй хүн манайхаар үйлчлүүлж мэдээлэл зөвлөгөө авсан.
Манай зуучлагчид БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Зөвлөгөөгөө мэргэжлийн үүднээс өгдөг. Тухайн үйлчлүүлэгчид яг өөрт нь тохирсон эмнэлгийг олж өгч, ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай, хичнээн төгрөг зарцуулах уу, хэдий хэрийн хугацаа шаардлагатай болох талаар хурдан шуурхай тодорхой мэдээлэлтэй болгоно.
М.БОЛОР-ОЮУН