Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүд Орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх шугамаар Монгол Улсад айлчлал хийж байна.
Энэ хүрээнд өчигдөр Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Дэлхийн банкны зөвлөх зөвлөх багийн ахлах Катерин Келм, Орон зайн зөвлөх Саймон Вилс, Эндрью Күүт, Лесни Арнолд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн агентлагийн дарга Ц.Ганхүү, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд болон бусад холбогдох хүмүүс байлцлаа.
Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд “Юуны өмнө та бүхнийг Монгол Улсад тавтай зочлохыг урьж байна. Бидний хувьд энэ төсөлд хамрагдах болсонд талархаж байна.
Дэлхий нийтийн хөгжилд технологийн хувьсал эрчимтэй өөрчлөлтийг авч ирж байна. Монгол Улс газар нутгаараа дэлхийд 16 дугаарт ордог. Өргөн уудам тал нутагтаа амьдарч байгаа эгэл жирийн малчин хүн ч энэхүү өөрчлөлтийг амьдрал ахуйдаа нэвтрүүлэн хэрэглэж байна. Бид бүхэн л гэхэд гар утсан дээрээ Google map-ийг өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаж байна. Гэсэн хэдий ч үүний цаана орон зайн өгөгдөл гэдэг зүйл байгаа гэдгийг төдийлөн ойлгодоггүй.
Нөгөөтээгүүр гүүр технологийн дэвшлийг улсынхаа хөгжилд хэрхэн яаж, зөв зүйтэйгээр уялдуулж ашиглах вэ гэдэг зүйл зайлшгүй судлах ёстой асуудал болж байна. Үүнтэй уялдуулаад “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах шатандаа явж байна.
Орон зайн өгөгдөл гэдэг зүйлийн талаар төр засгийн төвшинд буюу шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дунд хангалттай сайн ойлголт байдаггүй. Ийм учраас энэ чиглэлд санхүүжилт хийгдэж, дэд бүтцийг бий болгох асуудал харьцангуй хоцрогдсон. Санхүүжилт хийгдлээ гэхэд дараагийн шатанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагажуулахад асуудал байгаа. Тиймээс энэ бүх асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэв.
НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооноос /UN-GGIM/ Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлэх зорилготой төслийг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс Этиоп, Буркина, Монгол, Непал, Фижи, Тонга зэрэг зургаан улсыг сонгон хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дэлхийн банкны зөвлөх баг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах бөгөөд тэд энэ хугацаанд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
-Монгол Улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзалт ярилцлагыг хийж, бусад салбарт хэрэгжиж буй байрлалд суурилсан орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдтэй танилцах,
-Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох,
-Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх,
-Монгол Улсын Орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажиллаж юм байна