– ГЭРИЙН ХАМГИЙН ИХ ДУЛААН АЛДДАГ ХЭСЭГ НЬ ШАЛ, ХАЯАВЧ БАЙДАГ –
Улаанбаатарчууд агаарын бохирдолтой тэмцэх олон төрлийн аргыг өнгөрсөн жилүүдэд туршиж ирсэн. Энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэх Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ. Өвлийн улиралд дулаан алдагдалгүй, дээрээс нь агаарын бохирдолгүй өвөлжих нь зөвхөн төр засгаас хамаараад зогсохгүй нийслэл хотын айл өрх бүрийн үүрэг юм. Энэ үүднээс гэр, сууцны дулаан алдагдлыг багасгах боломжийн талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, дэд профессор А.Амарбаяртай ярилцлаа. Тус лабораторийнхон монгол гэр, сууцны жишиг дулаалгыг өнгөрсөн жил бүтээж, туршиж байсан билээ.
-Нийслэлийн гэр хорооллынхон энэ өвлийн хүйтнийг яажшуухан давах тухай их л ярьцгааж байна. Монгол гэр дулааныг хэрхэн алддаг талаар ярилцлагаа эхэлье?
-Энгийн жишээгээр үзэхэд таван ханатай монгол гэрийн ашигтай талбай 28 м.кв байдаг.
Шал, хана, дээвэр, тооно, хаалга, тэдгээрийн залгаас хэсгээр дулаан их хэмжээгээр алдагддаг. Бидний хэмжиж гаргаснаар шал, хаяагаар илүү дулаанаа алдаж байна. Мэдээж айл бүрийн дулаалга янз бүр байдаг. Гуравны нэг буюу 33 хувь нь шалаар, ханаар 25 хувь орчим, дээврээрээ 25 хувь, хаалга, тооноор тус бүр найм орчим хувийн дулаан алдагдалтай байна. Галлагаатай гэрийн дотоод температур нь маш өндөр хэлбэлзэлтэй. Галлагаатай үедээ 40 хэмд дөхөөд шөнө нэмэх тэг хэм хүртэл буурах зэргээр тогтворгүй температуртай тохигүй орчинг үүсгэдэг.
-Тэгвэл байшин, орон сууцны дулаан алдалт ямар байдаг бол?
-Хувийн сууцны цонх, түүний амалгаа, суурь тулгуураар дулаан алдагдал их байдаг. Манайхан сүүлийн үед сууцаа харьцангуй дулаалдаг болж байгаа. Өмнө нь дотор талаас нь шилэн хөвөнгөөр дулаалсан байсныг дараа нь гадна талаас нь хөөсөөр дулаалах жишээтэй. Дөрвөн ханаа сайн дулаалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дулааны камер, хэт улаан туяаны багажаар харахад цонх, байшингийн суурь, залгаас хэсгээр маш их дулаан алдагддаг жишээ нийтлэг байна.Байшингийн суурийг доош нь бүслүүрдэж нэг метр шахам шигтгэж дулаан тусгаарлалт хийх ёстой юм. Үүнийг манай иргэд сайн мэддэггүй, анзаардаггүй. Ханаа дөрвөн талаас нь хэчнээн дулаалчихсан ч гэсэн сууриараа дулаанаа алдчихаж байгаа учраас хана дулаалсан хөрөнгө мөнгөний үр ашиг гардаггүй. Тийм учраас сууцаа дулаалъя гэвэл бүрэн жигд, бүх талаас нь дулаалах ёстой. Дээврээ ч, суурь, цонхоо ч дулаалах ёстой.
-Сэргээгдэх эрчим хүчний лабораторийнхон гэрийн дулаалгын хувилбар туршиж байсан. Туршилт амжилттай юу?
-Нийслэл хот маань хөгжөөд ирээдүйдээ байнга гэр хороолол байхгүй байх. Гэхдээ утаагаа богино хугацаанд дорвитой багасгахын тулд гэрийн дулаан алдагдлыг эрс багасгах шаардлагатай. Ингэхдээ аль болох хямд төсөр гарын доорх материалаар дулаалах боломжийг бид судалж эхэлсэн. Уламжлалт хоёр давхар эсгий дулаалгатай гэр хүйтний улиралд хамгийн оргил ачаалалтай үедээ, өөрөөр хэлбэл гадаа -35 хэм байгаа үед гэр дотор +20 хэмийг барихын тулд долоон кВт орчим чадал шаардагддаг. Уламжлалт зуух, сайжруулсан зуух нь гал өрдсөн үедээ 6-8 кВт орчмын дундаж чадал гаргадаг. Сууцны эрчим хүчний зарцуулалтыг олон улсад м.кв тутамд халаалтын улиралд хэдэн квт цагийн энерги зарцуулав гэсэн үзүүлэлтээр дүгнэдэг. Энгийн дундаж дулаалгатай монгол гэр жилдээ 400 квт цаг эрчим хүчийг м.кв тутамд шаардаж байна. Ийм нөхцөлд гэрийг яаж хямд төсөр дулаалах вэ гэдэг оролдлого хийж үзсэн. Дулаалгын хамгийн хямд төсөр материал бол хаягдал цаас. Хаягдал цаасыг тусгай сийчдэг машинаар сийчээд цаасан хөвөн хийдэг. Барилгад ч гэсэн хэрэглэдэг дээ. Хотын нөхцөлд хаягдал цаас цуглуулаад гэрээ дулаалж болно гэдэг үүднээс туршиж үзсэн. Ингээд 20 см зузаантай хана бэлдсэн. Мөн шалнаасаа дулаан алдуулахгүй байх үүднээс EPS хөөс зулж, хөөстэй пенополистрол бетоноор шал цутгалт хийсэн. Ингээд иж бүрэн дулаалгын материалд хоёр сая төгрөгийн зардал гарсан. Эрчим хүчний хэрэглээ нь давхар эсгийтэй энгийн гэрээс тав дахин бага, маш хэмнэлттэй болсон. Практик талаас харахад хэлбэр, хэмжээ нүсэр, зардал ч өндөр болсон учир 2-3 дахин багасгах хувилбарыг бид энэ жил судалж туршиж эхэлж байна.
-Хоёр сая төгрөг гэдэг чамгүй зардал гарах нь. Үүнээс арай хямд төсрөөр гэр, сууцаа дулаалах боломжийн талаар та ярьж өгөөч. Жишээлбэл, монгол гэрийн дээвэр, туурга, хаалга, тооно, хаяагаа дулаалж болох хамгийн боломжийн хувилбар юу байна вэ?
-Уламжлалт хоёр давхар эсгийн дээрээ нэмээд берзинт, зарим айлууд цементний цаасан уутаар эсгэж хийсэн бүрээсийг дулаалгад ашигладаг. Энэ нь бол боломжийн сонголт. Хаалгаа аль болох давхар хаалга, давхар дулаалга хийх хэрэгтэй. Зарим айл тооноо гялгар уутаар л бүрчихсэн харагддаг. Тооныг хүлэмжинд ашигладаг тунгалаг давхар хуванцар, twin wall PC(PolyCarbonate)-аар дулаалбал гэрэл нэвтрүүлэлт сайн, дулаан алдалт эрс багасна. Хаяагаа бид шороогоор манадаг. Шороогоор манахаас илүү гадна, дотор талаас нь давхар хаяавчийг сайн хийж өгөх ёстой. Шороо өөрөө хөрс газартайгаа адил хөлдчихнө, дулаан байж чадахгүй.
-Шаландаа айлууд картонан цаасыг зулж тавьдаг. Энэ нь хэр зөв сонголт вэ. Шалаараа дулаан алдахгүйн тулд юуг гол нь анхаарах вэ?
-Том хэмжээний картонон цаасыг бүхлээр олон давхарлаж тавьж болдог. 10 см, түүнээс их байх тусмаа сайн. Хана, шалны залгаас хаяа хэсгээр маш их хүйт цохидог. Тэр хэсгээ маш сайн дулаалж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаяавч хэсгийг хэлээд байна. Дээвэр туурга бол материал зардал нэлээд шаарддаг. Аль болох олон давхарлах хэрэгтэй. Дээрээс нь зах дээр зарагддаг 40 мянгын үнэтэй цаасан бүрээсийг хоёр давхарлаж ашиглавал үр дүнтэй. Бүр боломжтой бол барилгын амьсгалдаг тусгаарлагч фильм материалаар бүрээс хийж ашиглавал дулаан алдалт бага болно.
-Байшин суурь хэсгээрээ дулаан их алддаг гэж та хэлсэн. Байшингийн дулаан алдалтыг хэрхэн багасгах вэ?
-Дулаалгын янз бүрийн материалууд байна. Жишээ нь, Монголд хонины ноосоор дулаалгын материал хийдэг компани байна. чулууг хайлуулж цувьж хийдэг базалтвүүл байна. EPS хөөсөн дулаалгууд ч бий. Бүгд дулаан тусгаарлах чанараараа ойролцоо, тус бүртээ давуу болон сул талтай. Байшингийнхаа хэлбэр хийцэд тааруулаад аль нэгийг нь хэрэглэх боломжтой. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн ханаа дулаалаад болно гэвэл андуурал. Дээрээс нь залгаас, амалгаа хэсгүүдэд маш сайн анхаарах ёстой. Хаалга, цонхны ирмэг хэсгүүдээр маш их дулаан алддаг. Үүн дээр дулааны гүүрийг бага байлгах үүднээс угсралт суурилуулалт хийх үеийн технологийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Орон сууцны айл гэхэд ваакуум цонхны амалгаа хэсэг нь маш муу байдаг. Ер нь орон сууцны айлууд дулаанд санаа зовох нь бага ч гэсэн хэмнэлт гаргах боломж бүрэн байгаа юм. Айл өрх бүр дулааныхаа эрчим хүчийг хэмнэж хэрэглэх хэрэгтэй. Дулааны тоолуур байдаггүй болохоор халууцаад ирэхээр цонхоо онгойлгочихдог. Цахилгааны тоолуур шиг дулааны тоолуурыг айл өрх бүр хэрэглэвэл эрчим хүчний хэмнэлт маш сайн гарна.
-Дулаан алдалтын талаарх ойлголт бидний дунд хомс байгаа нь таны ярианаас ажиглагдлаа. Агаарын бохирдлыг бууруулах, хэмнэлттэй амьдрахад цаашид энэ талаарх ойлголт зайлшгүй байх шаардлагатай биз?
-Мэдээж тийм. Ард иргэд, дээрээс нь мэргэжлийн байгууллагууд маань олон улсын хатуу стандарт руу үе шаттайгаар дөхмөөр байна. Технологио бүгд мэддэг, үнэ цэнийг нь ойлгодог болмоор байгаа юм. Бидний ийнхүү гэр дээр төвлөрөөд байгаа ажил эцсийн шийдэл биш шүү дээ. Ирээдүйд бид байнга гэртээ байхгүй. Дараагийн технологи, сонголтыг ч зэрэгцүүлээд тавьж байгаа. Гэрийн дулаалга бол яг тулгамдчихсан, ойрын нэг хоёр жилдээ утаагаа эрс багасгахын тулд түр хугацаагаар авах дундын шатны завсрын арга хэмжээ. Ирээдүйд бид яах ёстой вэ гэдэг чиглэлийг ярилцах ёстой. Үүнийг ярихын тулд пассив хаус технологийн тухай ярих болно.
-Тодруулахгүй юу?
-Монгол орны цаг уур, хэрэглээний онцлогт тохирох эрчим хүчний хэмнэлттэй дулаан тусгаарлалт өндөр шаардлага хангах жишиг сууцыг тодорхойлж гаргая гэсэн зорилт тавьж байгаа. Олон улсад эрчим хүчний хэмнэлттэй хамгийн хатуу стандарт бол пассив хаус гэж стандарт байдаг. Энэ нь амьдрах орчны хамгийн тав тухтай орчныг бүрдүүлдэг. Маш бага эрчим хүчээр хангах боломжтой сууц. Барилгын халаалтын нийт зарцуулалт нь нөгөө бидний дээр хэлсэн 70, 400 квт-аас хэд дахин бага, м.кв тутамд 15 квт цагаас бага эрчим хүч зарцуулж байх юм бол таны байшинг пассив хаус гэж тодорхойлж болдог. Эсвэл оргил ачааллаараа 10 ваттаас хэтрэх ёсгүй байх нөхцөлтэй. Мэдээж дагалдах өөр нөхцөлүүд байгаа. Цонх нь гэхэд гурван давхар цонх хэрэглэхгүй бол энэ стандартад хүрэхгүй. Германы хамгийн хатуу стандарт. Бид мэдээж энэ стандартад шууд хүрэхэд хүндрэлтэй. Гэхдээ дунд нь нэг үе шат жишээлбэл, 60квт цаг/м.кв/жилд гэсэн дотоодын стандартаар дамжаад энэ стандартад хүрэх боломжтой. Үүнийг Монголд нэвтрүүлэхээр тал талаасаа ажиллаж байна. Манай лаборатори өнгөрсөн оны зургадугаар сард Солонгосын профессор багшийг урьж авчиран лекц уншуулж байсан. Тэр хүн бол Германы стандартын эрх авчихсан, сургагч багш. Байшинг хэмжиж үнэлээд пассив хаус мөн байна гээд Германы хүрээлэнгийн өмнөөс сертификат өгдөг, Азидаа энэ чиглэлээр нэлээд нарийн мэргэшсэн багш юм. Тэрхүү профессор багшийг дахин урьж эрчим хүчний хэмнэлттэй байшинг зохиомжилдог, түүнийг суурилуулдаг ажилтанд зориулсан нарийн мэргэжлийн олон улсын зэрэг олгох шалгалтыг анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс өмнө барилгын компанийн архитектур, халаалт агаар сэлгэлтийн инженерүүдэд мэргэжлийн олон улсын зэрэг олгох шалгалтад бэлдэх ахисан түвшний сургалтыг ирэх сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна.
Б.ЭНХЗАЯА