Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Итгэлийн зээлд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох төслөө өргөн барилаа. Ямар зорилготойгоор энэ хуулийн төслийг боловсруулсан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад “Итгэлийн зээл”-ийг олгож өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. мөн өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч, ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 45-аас доош насны бие эрүүл, ухаан саруул иргэн байна. монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай идэр насны залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд багтаж амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Хөдөө орон нутагт ээж, аавынхаа тэтгэврийн мөнгөөр амьдардаг залуучууд ч бий болжээ. энэ бол өнөөдрийн бодит нүүр царай. монгол Улсын үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2018 оны эцсийн байдлаар гаргасан ядуурлын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж ердөө 1.2 пунктээр буурсан. Сүүлийн хорин жилд бодитой ямар ч ахиц дэвшил гарсангүй. Дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. нийт ядуу иргэдийн 41.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг судалгааны дүн харуулсаар байна. хөдөөнөөс илүүтэй хотод ядуурлын түвшин өндөр байна. Монголчууд үе дамжсан ядуу, өр зээлтэй байж, үр хүүхдээ амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдруулъя гэж хэзээ ч хүсэхгүй. Хүн бүр л ажилтай, орлоготой, амьдралаа өөрсдөө өөд нь татаад явах юмсан гэх бодолтой байгаа. гэвч ард иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэр үнэхээр алга. Тиймээс урт хугацаатай, хүү багатай зээлийн бодлогоор дэмжиж, хүмүүсийн амьдралд тус болъё гэж төслөө боловсрууллаа.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлогын эх үүсвэртэй болгохын тулд өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох зорилгоор “итгэлийн зээл” олгох хуулийн төслийг шинээр боловсруулж оруулж ирсэн. 2018 оны байдлаар эдийн засгийн дундаж өсөлт 6.7 хувь, “Хүний хөгжлийн индекс”-ээр 0.735 буюу өндөр хөгжилтэй улсуудын ангилалд орж, нийт хүн амд олгох мөнгөн тэтгэмжид зарцуулах хөрөнгө 675 тэрбумд хүрсэн хэдий ч ядуурал гүнзгий хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүлд илүү оновчтой хэлбэрээр хүргэх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг тогтмол орлоготой болоход анхаарч ажиллах нэн шаардлагатай байгааг харуулж байна шүү дээ.

-Хөнгөлөлттэй зээлүүд эзэндээ очиж чаддаггүй нэг асуудал байдаг шүү дээ…

-Банк, санхүүгийн байгууллага янз бүрийн хөтөлбөрийг дэмжих сангуудаас олон төрлийн зээлийг олгодог. Засгийн газраас ч ЖДҮХС-гийн зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл гэх мэт олон төрлийн зээлийг олгодог. Гэвч үүний хүртээмж хэр өргөн бэ, ажилгүй иргэд, идэр насны залуучуудад эдгээр зээл тусламжууд хүрч, ядуурлын түвшинг бууруулахад дэмжлэг болж чаддаг уу гэх асуултад хариулт хайх хэрэгтэй. Ийм боломж хомс байна. Монгол Улсын 30 орчим жил ажилгүйдэл, ядууралтай тэмцсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй. Орлогын тэгш бус хуваарилалт улам л газар авч байна. Энэ асуудал иргэдийг бухимдуулсаар. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олон байдаг ч эзэндээ очиж чадахгүй байна. Бичил бизнес эрхлэхийг хүссэн иргэд зээл авахад шаардагдах барьцаа хөрөнгө байхгүйгээс өндөр хүүтэй, хугацаа багатай зээл авч байгаа нь тухайн иргэд өдөр тутамдаа өрнөөс өрийн хооронд сэтгэл зүйн болон санхүүгийн дарамттай амьдрахад хүргэж байна. Иймээс Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгохыг л энэ хуулиар зорьж байна. Өнгөрсөн олон жилд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Хүү багатай, урт хугацаатай зээлүүд нэлээн хэрэгжиж байлаа. Энэ зээлүүдийг барьцаа хөрөнгөтэй, том бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь авсан. Яг ядуу, орлого багатай иргэд хөнгөлөлттэй зээлийг авч чаддаггүй. Тэр хүмүүст хүсэл байвч барьцаа хөрөнгөгүй учраас авч чаддаггүй. Өнөөдрийн манай банк санхүүгийн системийн тогтолцоо эрсдэлийг даах чадвартай, иргэн зээл авна гэсэн шаардлага байгаа. Тиймээс л зээл авч чадахгүй байна. Тиймээс сүүлийн 30-аад жил хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, эзэндээ очиж чадаагүй.

-Итгэлийн зээлийг хэн авч болох вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хуулийн төслөөр зээл хүсэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн байна. Үүнээс гадна санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулна. Үүнд хамрагдсан байх ёстой. Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулах шаардлагыг тавьж байгаа. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд хууль батлагдсаны дараа журмаар батална.

-Бүх хүн зээлтэй шүү дээ. Энэ зээлийг авах хүн байгаа юм уу?

-Ийм зүйл байхгүй. Хугацаа хэтэрсэн зээлгүй хүн авна. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүү багатай, урт хугацаатай зээлд хамрагдах гэж байгаа бол өндөр хүүтэй зээлээ төлчихөөд энэ зээлийг авах эх үүсвэр бүрдэнэ. Тиймээс бүх зүйлийг мушгин гуйвуулж, болохгүй бүтэхгүй талаас нь яриад байвал бид энэ хуулийг гаргаж чадахгүй.

-Санхүүгийн чиглэлийн сургалтад заавал хамрагдана гэсэн үү?

-Ер нь хүн бүрт санхүүгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай байна. Орлого, зарлагаа зөв тооцоолж чаддаг, олсноо зөв зарцуулдаг, гэр бүлийнхээ төсөв санхүүг тооцоолж чаддаг баймаар байна. Юу хийхээ төлөвлөөгүй зээл хайгаад байдаг, мөнгө олдвол юу ч хамаагүй хийгээд ашиг олчихмоор санагддаг. Зээл нь бүтээд мөнгө олддог, төлөвлөгөөгүй, төлөвлөлтгүй явж байгаад өрөнд орчихдог. Санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг. Иймээс зээл олголтоор хөшүүрэгдэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар өрхийн болон хувь хүний хөгжил, санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэхийг зорьж байгаа. Манайхан бизнес хийгээд амжилттай яваа нэг хэсгээ хараад атаархдаг. Нөгөө талаас бараг эгдүүцдэг. Яагаад эд нар надаас илүү явж байгаа юм бэ гэж боддог. Тиймээс иргэд энэ сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн үр шимээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд, тодорхой ажлын байр бий болгож, татвар төлж байгаа энэ баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллах сонирхол бий болно. Мөн хүн бизнес эрхлэхийн тулд яаж зээл хөөцөлдөж авдаг юм. Төслийг амжилттай хэрэгжүүлдэг юм. Яаж татвар төлж, бизнес амжилттай явдаг юм гээд олон зүйлс ч зэрэг суралцах боломжийг олгох байх. Ядаж монголчууд бие биенийгээ хүлээн зөвшөөрч дэмждэг, нэгнийгээ үзэн яддаг нийгмийн задралыг зогсооход дэмжлэг болно байх.

-Итгэлийн зээл олгох тухай санхүүгийн ямар байгууллагаас итгэлийн зээл хүсэх боломжтой вэ?

-Төсөлд арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн байгаа. Итгэлийн зээлийг “Өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл тул төрөөс үүсгэн байгуулагдсан Төрийн банкаар дамжуулан олгохоор төлөвлөж байна. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон банк шүү дээ. Тиймээс энд том үйлчилгээ нэмнэ гэж төсөв нэмэх, зардал нэмэх шаардлагагүй. Төрийн банкны дэд бүтцийг ашиглана.

-Итгэлийн зээлийг хэдэн удаа авах боломжтой вэ?

-Итгэлийн зээлээ хугацаанд төлсөн хэн боловч дахин зээл хүсэх эрх нь нээлттэй. Гурван жилийн хариуцлагатайгаар Итгэлийн зээлээ ашиглаад үр дүнтэй сайн бизнесээ хийгээд явж байвал өшөө дэмжлэг авч зээл авах боломж нь нээлттэй үлдэх юм.

-Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх боломжтой юу?

-Мэдээж хэрэг зээл аваад, үр ашгаа өгсөн тохиолдолд тэр зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой. Дараа нь зээл авах хэн нэгэнд тэр санхүүжилт хэрэгтэй шүү дээ.

-Ипотекийн болон бусад зээлтэй хүмүүс энэ зээлийг давхар авч болох уу?

-Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байгаад хуулийн шаардлага хангаж байвал итгэлийн зээл авч болно.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь яаж шийдэх вэ. Олон тэрбум төгрөг шаардлагатай байх…

-Хуулийн төслийг боловсруулах явцдаа Монголбанк, Банкнуудын холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо гэх мэт олон байгууллагыг оролцуулж, ажлын хэсэг дээрээ хамтарч ажилласан. Тэгэхдээ санхүүгийн эх үүсвэрийг яаж бий болгох вэ гэдэг дээр нэлээн их ярьсан. Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс Монголбанкаар дамжуулаад 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолж байгаа. 200 тэрбум төгрөгийг гаргавал 21 аймаг, есөн дүүрэгтээ зэрэг хэрэгжүүлж, эхлүүлж чадахгүй байх. Тодорхой бүсчилсэн байдлаар хамгийн их ядууралтай бүс дээрээ онцгойлон анхаарна. Энэ бүсүүдээс эхлүүлж, уг төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, үр дүнг нь харж болно. Эрсдэл бий болох нь уу. Иргэд энэ зээлээ авч, зориулалтаар нь ашиглаж, үр дүнг гаргаж чадах нь уу гэдэг тодорхой ажлуудыг эхлүүлнэ. Дэлхийн олон оронд ийм төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Төрд ийм хэмжээний мөнгө байгаа юу?

-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, Засгийн газрын тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэхээр бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хууль батлагдчихвал энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэх л ёстой.

-Ер нь манай улсын эдийн засагт хор нөлөөтэй юм биш үү?

-Иргэд бага хүүтэй зээл авахыг хүсч байгаа. Хүлээлт нийгэмд байна. Үүнийг зарим нэгэн улстөрч, боломжийн амьдралтай, мөнгөний хомсдолд орж байгаагүй хүмүүс л энэ төслөөс татгалзаж байгаа шүү. Баахан мөнгө гаргаж эрсдэлд орчих вий гэж харлуулж ярьж байна. Гэтэл амьдралаа өөрчлөх гэж байгаа идэр насны залуус таван сая төгрөг ямар их чухал болохыг ойлгохгүй байна. Таван сая төгрөгөөр ажлын байр бий болгож амьдралаа өөрчилсөн хүмүүс их бий шүү дээ. Бид хүнд итгэж сурах хэрэгтэй. Бид нар эхлүүлээгүй, хэнд ч туслаагүй байж энэ хуулийг унагаахаар явах хэрэггүй. Энэ хуулийг унагаах зорилготой хүмүүс байна.

-Хэдэн төгрөг хүртэл зээл авч болох вэ. Зээлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоож байна…

-Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая хүртэл зээл авч байна. Тэрбум, тэрбумаар нь иргэд зээл авдаггүй. Авахыг ч хүсдэггүй. Ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсөл хэрэгжүүлэх боломжтой хэмжээндээ зээлээ авдаг юм байна. Тиймээс эрхлэх бизнесийнхээ хүрээнд хэрэгцээндээ тулгуурлаад иргэд тав, 10, 15 сая гээд өөрт шаардлагатай хэмжээгээрээ хүсэлтэй гаргаж зээл авч болно. Ажлын хэсэг ярилцаад эхний ээлжинд дээд хязгаарыг 20 сая төгрөг байхаар саналаа оруулсан. Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг гэж тооцоход нийт зээлдэгчдийн 90 хувь нь урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломжтой болно. Энэ хуулийн төсөл эдийн засгийн байнгын хороонд оччихсон байгаа. Байнгын хороогоор энэ төслийг илүү сайжруулж хэлэлцэх байх. Дээд хязгаарыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан байнгын хороогоор тогтоох байх. Энэ талаар тус байнгын хорооны даргатай ярилцсан.

-Ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Жилийн гурван хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох санал оруулаад явж байна. Энэ хугацаанд тодорхой үр дүнг гаргаж чадах байх. Эхлээд зорилтот бүлэг рүүгээ чиглэнэ.

-Зорилтот бүлэг гэж хэнийг хэлээд байна вэ?

-Зорилтот бүлэг гэж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа тийм өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэнийг хэлж байгаа юм. Аж ахуйн нэгж энэ зээлд хамаарахгүй.

-Итгэлийн зээлийн эрсдэлийг хэн хариуцах вэ вэ?

-Энэ төрөөс санхүүжих бодлогын бага хүүтэй зээл. Дэлхийн жишгийг харахад хамгийн эргэн төлөлт сайтай зээл байдаг. Тухайн зээлдэгч төлж чадахгүйд хүрвэл батлан даагчаас нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

-Иргэд барьцаагүй зээл авчихаад эргэн төлнө гэдэгт та хэр итгэлтэй байна. Таны бодлоор энэ зээлийн үйлчилгээнээс хэр үр дүн гарах бол…

-Эд хөрөнгийн барьцаа тавиагүй ч “Итгэл”-ээ барьцаалж байгаа нь чухал. Төр, иргэн хоёрын дунд итгэлцлийг бий болгох шинэ загварыг гаргаж ирж байна. Мөн ойр дотны чинь хүн таныг зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь төлнө гэсэн батлан даалт гаргаж өгч байж зээл олгогдоно. Хамгийн их итгэсэн хүний итгэлийг алдахгүйн тулд хүн ер нь их хичээнэ дээ. Үүнээс гадна Зээл хүсэгч заавал санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад суусан байх шаардлага тавьж байгаа. Энэ бас санхүүгийн хариуцлагыг ойлгуулах чухал үүрэгтэй.

-Зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг яаж мэдэж, хянах вэ?

-Зээл олгож байгаа банк өөрөө тухайн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна. Итгэлийн зээл авсан хүн аль болохоор итгэлээ барьцаалж, бизнес эрхэлж байгаа аж ахуйг үүсгэж өөрийн амьдралыг өөрчлөх гэж байгаа хүн тийм хариуцлагагүй алхмыг хийхгүй байх.

-Зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Итгэлийн зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй иргэний мэдээлэл Зээлийн мэдээллийн санд 20 жилийн хугацаанд хадгалагдана. Энэ нь тухайн иргэн дахин ямар ч зээлэнд хамрагдах боломжгүй болно гэсэн үг. Ингэвэл иргэн ямар ч зээлд хамрагдах боломжгүй болно. Мөн батлан даалтад гаргасан хүмүүс нь ч зээл авах боломжгүй болно. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор байгаа.

-Ийм зээлийн хэлбэрийг хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагыг хэр судалсан бэ. Үр дүн гарсан ямар улс орнууд байна…

-Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр “Орон нутгийн эдийн засгийн хөгжил” (Lo­cal Economic Development) нэртэй, өдгөө ихэд моданд орж байгаа онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтанд хүрсээр байна. Жишээ нь, Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчинг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон” нэртэй төсөл-санаачилга гаргаж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах, амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан. Хари хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг. Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн. Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг тав дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгосон байна. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэсэн.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ энэ төрлийн зээлийг дэмжээд иргэдээ ядуурлаас гаргаад байна уу?

-БНХАУ-ын төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжиж байна. Ашгийн бус байгууллагууд, засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр бидний Итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтот бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, эдийн засгаа солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно.

-Энэ төрлийг зээлийг санаачлагч нь Нобелийн шагнал хүртсэн гэж сонссон…

-Бангладеш улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн. Энэ төсөл нь 1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжиж 100 мянган иргэнийг ядуурлаас гаргасан туршлагаараа Нобелийн шагнал хүртсэн гэдэг.

Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон чадсан байдаг. Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн сайн загвар, мэдээ бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *