Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баялгийн хараал тулгасан Оюу толгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Оюу толгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар хамтран ашиглахаар гэрээ хийсний яг арван жилийн ой өнөөдөр тохиож байна. Хамтарсан компанийн 66 хувийг Тюркоз Хил эзэмшинэ, тэр 66 хувийн 51 хувийг нь буюу хяналтын багцыг дэлхийн хамгийн том уул уурхайн компанийн нэг Рио Тинто эзэмшихээр болжээ. Монголын Засгийн газар нийт багцын 34 хувийг эзэмшинэ, гэхдээ хөрөнгө гаргах чадваргүй учир хожим уурхай ашиглалтад ороод хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа бүтээгдэхүүнээр өрөө төлнө, энэ мөнгийг Туркоз хилл компани хөнгөлөлттэй хямд зээл олж зээлдүүлнэ гэж тохирсон аж.

Өнгөрсөн 10 жилд Тюркоз хилл нийтдээ 9.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Үүнээс 2.5 тэрбум долларыг Монголын Засгийн газарт элдэв татвар роялти төлбөрийн шугамаар өгчихөөд байгаа юм байна. Энэ нь энэ 2019 оны долдугаар сарын байдлыг илтгэсэн тоон үзүүлэлт юм. Үүнийг Оюу толгойн биржийн дүнгээс харж болох ба мөн Монгол банк, Сангийн яамнаас давхар шалгаж болно. Одоогийн байдлаар Оюу толгойд 18 мянган монгол ажилчин ажилтан, инженер техникийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн туслан гүйцэтгэх 700 орчим компани хавсран ажиллаж буй.

Оюу толгойн гэрээ хийгдсэнээс бараг хоёр жилийн дараа буюу 2011 оны наймдугаар сарын 31-нд анхны тэсэлгээ хийн хүдэр олзворлож эхэлсэн ба 2013 оны долдугаар сард анхны экспортоо хийж эхэлжээ. Үүнийг тэр үеийн сонин хэвлэлээс харан үнэмшиж болно. Гэвч тэр ондоо уурхайн ажиллагаа хаагдсан, учир нь тухайн үеийн Уул уурхайн сайд ба Оюу толгойн Монгол талын дарга нар уурхайд хөрөнгө оруулагч нарыг биечлэн хөөсөн шалтгаантай юм. Хөөх захиалга мэдээж арай дээрээс ирсэн байж таарах байх.

Хоёр жил хэртэй уурхайн үйл ажиллагаа зогссоны эцэст Ч.Сайханбилэгийн Засгийн газраас санаачилга гарган Тюркоз Хилл компанитай Дубай хотноо дахин шинэчилсэн гэрээ хийсэн. Оюу толгойн жижиг хувьцаа эзэмшигч хэдэн зуун мянган иргэд итгэл алдсанаас болоод биржийн үнэ нь шалдаа буусан байсан учир шинэ гэрээг аль болох дуулиан болгох зорилгоор хөрөнгө оруулалтын зах зээлийн томоохон төв болох Дубай хотыг сонгон авсан юм билээ. Шинэ гэрээгээр уурхайн хүдрийн 80 хувь нь байдаг гүний хэсгийг ашиглах, үүний тулд тав орчим тэрбум долларын хөрөнгө нэмж оруулахаар тохирчээ. Хоёр км-ийн гүнд газар доор хүдрээ баяжуулах өндөр технологи ашиглахаар болсон ба энэ технологийг дэлхийд хоёрхон уул уурхайн компани эзэмшдэгийн нэг нь Рио Тинто юм байна.

Энэ бүх мэдээлэл нь нээлттэй болсон өнөөгийн дэлхийн хаанаас ч олоод үзэж болох ил баримт мөн. Харин 2009 оны Улаанбаатарын гэрээ, 2015 оны Дубайн гэрээг Монголын талаас хийлцсэн, удирдсан албан тушаалтнууд “болзошгүй” гэсэн ангиллаар ялтан болж шоронд суугаад гарсан ба удахгүй тэднийг шүүхээр оруулан ялыг нь өгөхөөр бэлдэж байгааг монголчууд төдийгүй дэлхий даяараа сонссон байгаа. Мөн Оюу толгойн бирж дэх хувьцааны үнэ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол өнөөдөр нэг доллараас доошоо уначихсан, хэн ч хувьцааг нь худалдан авах сонирхолгүй болчихсныг Торонтогийн биржийн сайтаас хэн дуртай нь олоод үзэх бололцоотой.

Оюу толгойн гэрээ хийгдэхийн өмнөхөн, өөрөөр хэлбэл талууд ид хэлэлцэж байх үед Оросын ерөнхийлөгч (тэр үед түр зуур ерөнхий сайд байсан) Монголд айлчилж таарсан юм. Монгол Улсын бүх түүхэнд ийм том цар хүрээтэй хөрөнгө оруулалт орж ирж байсан түүх үгүй учир Монголын Засгийн газар ба өрнөдийн том компани хамтарсан үйлдвэр байгуулах талаар хэлцэл хийж байсан тул энэ тухай дэлхийгээр нэг шуугьж байхад тухайн үед Улаанбаатарт сууж байсан Оросын элчин сайд энэ тухай огт мэдээгүй сууж байсан нь Ерөнхийлөгчийн хилэнг бадруулж газар дээр нь түүнийг ажлаас нь халсан билээ. Гэрээ хийгдэж гарын үсэг зурсан тэр даруйд Оросын Сангийн яамны орлогч сайд Дмитрий Панкин Монголоос 180 сая долларын өр гэнэт нэхэмжилж байгаагаа зарлав. Тэрээр үүнийгээ Монголросцветмет компанийн өр гээд мөнгөө төлөхгүй бол зээлдэгч нарын Парисын клубт хандан нэхэмжилнэ гэсэн сүрдүүлэг нэмж хэлэхээ мартсангүй. Уг нь Зөвлөлтийн бүх өрийг Орос, Монголын Засгийн газрууд харилцан хэлэлцээд 2003 онд тэглэхээр тохирсон төдийгүй үүнээ гэрээгээр баталгаажуулсан юм. “Оросын хувьд энэ нь нэлээд ичгэвэргүй хэрэг байсан, учир нь их өрийн асуудлыг нэгмөсөн шийдсэн учир хожим энэ талаар ямар нэг хэл ам гаргахгүй гэдгээ Оросын Засгийн газар амлаад тогтчихсон байсан юм” гэж Оросын Академийн Дорно дахины хүрээлэнгийн захирал Би Би Си агентлагид ярилцлага өгөхдөө тэмдэглэж байжээ. Энэ тухай Би Би Си агентлаг 2009 оны аравдугаар сарын 6-нд мэдээлж байсныг сайтаас ухаад үзэж болно. “Орос улс Монголоос 180 сая доллар буцааж өгөхийг шаардав” гэсэн гарчигтай өгүүлэл байгаа. Яагаад дэлхийн том агентлагууд монголчуудын гэнэт үйлдсэн “гэмт хэргийг” тэр дор нь мэдээд шуугьж эхлэв? Олон улсын валютын сангийн жилийн уулзалт тэр цаг мөчид Станбул хотод хуралдаж байжээ. Улаанбаатарт гэрээ хийн гарын үсэг зурснаас гурван цагийн дараа хуралд оролцож байсан Оросын Сангийн сайд дээрх мэдэгдлийг гэнэт тавьж заналхийлсэн юм. Монголын Сангийн сайд оросуудтай хоёр жил хэлэлцэж байж юутай ч гэнэт тавьсан торгуулийг төлж барагдуулсан билээ.

Гэрээ батлагдсаны маргааш Оросын томоохон хэвлэл болох Комерсантъ сонинд “Золотые происки” гарчигтай (энэ үгийг онож орчуулж дөнгөсөнгүй, “Мундаг гоё явуулга” гэвэл ямар? Орос талаасаа “уг нь их сайхан явуулга байсан юмсан” гэсэн утгатай харуусал. Харин Монголын талаас үнэлбэл үүлэн чөлөөний зурвас нарыг сайн ашигласан даа гэсэн бахархал байсан юм, тухайн үедээ. Өнөөдөр бол монголчуудаар ийм гэрээ хийлгэхийг яасан ч зөвшөөрөхгүй!) өгүүлэл гарч Оросын бодлогыг бүр тодорхой дэлгэжээ. Тавдугаар сард Путин Монголд айлчлахдаа “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хамтын компани байгуулж Орос төмөр зам, Монгол төмөр зам оролцохоор болж. Гэвч Оросын талын шургуу шахалтаар уул уурхайн “Эрдэнэс Монгол” компани 25 хувиар тэнд нэгдэв. Гэтэл сая өрнөдийнхөнтэй хийсэн гэрээгээр Оюу толгойн төсөлд Эрдэнэс Монгол багтаагүй учир чухам түүгээр дамжуулж тэнд хяналт тавих байсан зорилго тасалдлаа хэмээн Комерсантъ бичжээ. Сонинд мэдээлэл өгөгч төрийн бодлоготон нэрээ нууцлан “Ъ” гэсэн байх юм. Эрдэнэс Монгол болон “Дэд бүтцийн хөгжил”-өөр дамжуулан Оюу толгой болон Таван толгойд хяналтаа тогтоож чадна гэж Орос төмөр замын босс Якунин өдий болтол амласаар ирснийг буруутган сануулжээ. Гэтэл өчигдор Орос төмөр замынхан одоо болохоор “Дэд бүтцийн хөгжил” компани анхаарлаа Таван толгой руу голчлон анхаарна гэж амлаж байна. Тэдний хэлж байгаагаар бүх найдлага тасраагүй, учир нь монголчууд хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа, тэд төмөр замгүйгээр хол явахгүй, өөрснөө байгуулъя гэхээр мөнгө үгүй, ингэхээр нааш хандах нь зайлбаргүй гэнэ.

Цааш нь бичихдээ Оросын талаас монголчуудад үзүүлэх улс төрийн дарамт шахалт үүгээр дуусахгүй. Өчигдрийн мягмар гаригт манай Сангийн сайд Станбулд тэднээс 180 сая доллар нэхээд дараагийн уулзалтаас өмнө төлөхгүй бол Парисын клубт гомдол нэхнэ гэж сүрдүүлсэн. Тэднийг дарамтлах арга үүгээр зогсохгүй. Монголын Засгийн газар өөртөө эзэмшихээр болсон 34 хувиа авч үлдэхийн тулд төсөлд 820 сая доллар төлөх шаардлагатай. Тэгэхээр эрх баригчид нь олон улсын санхүүгийн байгууллагаас, тэр дундаа Дэлхийн банкнаас мөнгө гуйна. Дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувиас хэтэрсэн зээллэгийг ямар ч банк өгдөггүй учраас 9.5 тэрбум долларын ДНБ бүхий монголчуудад ийм хэмжээний зээллэг хэн ч олгохгүй учраас Монгол Улс хүссэн зээлээ авч чадахгүй гэж хөрөнгө оруулалтын дүн шинжилгээний “Метрополь” байгууллагын дарга Марк Рубенштейн мэдэгдлээ. Энэ нь бидний зүгээс Монголд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлж байгаа хэрэг. Гэвч “Рененсанс Капитала”-ын шинжээч Борис Красноженов хэлэхдээ “Орос төмөр замынхны нүүрсний талаар монголчуудтай хийж буй хэлцэл нь Оюу толгойг хянах зорилгод нь нөлөөлж чадахгүй, учир нь тэдний эдийн засгийн ойлголт нь их марзан. Оюу толгойг эзэмшье гэвэл маш өндөр зэрэглэлийн мэргэшил, мөн санхүүгийн хангалттай бололцоо бүхий байх ёстой атал тийм чадвар тэдэнд үгүй” гэж сануулж байна. Энэ өгүүлэл Оюу толгойн гэрээ хийгдсэний маргааш буюу 2009 оны аравдугаар сарын 7-ны өдрийн Комерсантъ өдөр тутмын сонинд нийтлэгдсэн юм.

2011 онд Москвад болсон “Орос Монголын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” уулзалтад миний бие хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын төв, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт газруудаар орж санал солилцсан. Үргэлж давтагдаж байсан нэг том асуулт нь “Оюу толгойд Оросыг гадуурхан шахаж оруулаагүй” гэсэн гомдол байлаа. “Оюу толгойд Орос улс оролцох, хөрөнгө оруулах талаар ямар ч асуудал тавьж байгаагүй. Энэ ордыг Канадын компани нээж, хайгуулын лицензийг эзэмшиж байсан тул олон улсын жишгээр давуу талтай байх бүрэн үндэстэй. Уг ордын талбайн лицензийг Австралийн компани эзэмшиж байгаад буцааж өгсөн ба хэрэв Орос улс сонирхож байсан бол хэсэгтээ бүрнээ чөлөөтэй байсан.” Энэ бол бидний тухай бүрд нь давтаж байсан хариулт. Үнэхээр тийм байсан. Энэ тухай тодорхой тайлан маягийн өгүүллийг би 2011 оны есдүгээр сарын 18-ны “Өдрийн сонин”-д “Мөнхийн хөршийн мөнхийн гомдол” нэртэйгээр хэвлүүлж байсан.

Тухайн үед Би Би Си мэдээлж байснаар Оюу толгойн дараа оросууд Таван толгойг хараалж байгаа, гэхдээ дэд бүтцийг нь шийдэх учиртай Оросын төмөр зам компани хангалтгүй ажиллаж байна гэж тэд үзэж байна гэжээ. Оюу толгойн гэрээг монголчууд өрнийхөнтэй хийсэн нь Монголын байгалийн баялгийн төлөөх Оросын тэмцэл дууссан гэсэн үг биш. Гэхдээ нөгөө талаас сая шинээр сонгогдсон өрнийн тал баримтлагч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэсэн саад байгааг тооцох ёстой гэж оросууд Би Би Си-д ярьжээ.

Миний зүгээс нэмж хэлэх үг гэвэл монголчууд өдий болтол нэг зүйлийг ойлгохгүй юм: Өнөөдөр ядуу буурай хоцрогдсон Монгол Улс байгалийн баялагаа зах зээлд гаргах дээр хүчирхэг том Орос улсын өрсөлдөгч болчихжээ. Зэс нүүрс, алт, молибден, уран, жонш, цайр гээд голлох баялгийг худалдан авах сонирхогч нь Хятадын ханахаа мэдэхгүй зах зээл. Ийм ойр зэргэлдээ аварга зах зээлтэй байх нь далайд гарцтай байснаас ч илүү ашигтай. Тийш нь байгалийн баялаг экспортлох хамгийн боломжит ойр орон нь Орос, Монгол хоёр.

Би сүүлийн 10 жилд Оюу толгойн тухай хэд хэдэн өгүүлэл нийтлэл бичсэндээ ганц ч удаа энэ байгуулалт гэрээний талаар сайшааж байгаагүй, үргэлж шүүмжлэлтэй хандаж байсан. Үүндээ би экспортын өрсөлдөгч талын дарамт, Монгол төрийн чадамжгүй байж улсаа өрөнд оруулах нигууртай 34 хувийн хувьцаа эзэмшиж тэнэгтсэн хоёрыг хэлж байсан. Баялгийн хараал гэдэг нь баялагтай болохоороо хохирдог гэсэн үг биш, тэндээс буй болох мөнгө нь түүнээ ашиглаж чадахгүй хүнд эргээд хор болдог гэсэн утгатай юм. Оюу толгой байгаагүй бол улс орон маань мөнгө цаасгүй ядуухан амьдрах байсан ч хэрүүл уруулгүй жаргалтай байх байж дээ гэж боддог. Зарим гүтгэгчид намайг Оюу толгой ирээдүйд Монголд өдөр болгон нэг сая доллар өгнө гэж худлаа донгосож байсан гэж наадгийн. Би хэзээ ч тэгж хэлж байгаагүй, тэгж бичиж ч байгаагүй. Гэвч өнөөдрийн байдлаар Оюу толгой өдөрт нэг биш гурван сая доллар Монголд оруулж ирж байгаа нь үнэн юмдаг. Үүнийг Оюу толгойгоос болж Монголд нэвтрэн орж байгаа хатуу валютын жилийн дүнг 365-д хуваагаад хариуг нь гаргачиж хоёрдугаар ангийн хүүхэд амархаан бодож дөнгөнө дөө.

2019.10.5.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *