УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос зарим зүйлсийг тодрууллаа.
-Хууль зүйн байнгын хорооны хурал дээр та эсэргүүцэл илэрхийлсэн. Ямар шалтгаан байсан юм бэ?
-Хуулийн хулгайчид гэж байдаг. Хуулийн хулгайчаар мэргэшсэн хүмүүс ч бий. Мэдэхгүй хулгай хийж байгаа хүмүүс ч бий. Хуучин хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тооцдог байсан. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор шийдвэр гаргасан. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар оруулж ирснийг таван жил болгох заалтыг Байнгын хорооны хурлын үеэр хийсэн. Энэ юуг илэрхийлж байна гэхээр шүүх дээр гэмт хэрэгтнүүд, хуулийн байгууллагын зарим нөхдүүд гэмт хэрэгтнүүдийн шүүхээр хэрэг хянан шалгах шийдвэрлэх үйл явцыг хэргээр удааж байгаад шүүх рүү явуулахгүй гацаах, прокурор мөрдөн байцаагч хоёрын хооронд шидэлцэх зэргээр явсаар байгаад шүүхийн шийдвэр гаргахгүйгээр дуусахаар хуулийн өөрчлөлт хийсэн. Үүнээс болоод хоёр жилийн хугацаанд 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах нөхцөл байдалд орж байна. Энэ дотроо нэг айлыг дээрэмдэж бусниулсан гэмт хэрэгтнүүдээс эхлээд бүлэглэж авлига хээл хахууль авч хэдэн мянган хүний амьдралыг сүйрүүлж байгаа авлигачдын хэрэгтэй холбоотой асуудлууд, жи- тайм гэх хэчнээн мянган хүнийг хохироосон залилангийн этгээдүүд зэрэг олон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээхгүй мултрах нөхцөл байдалд орж байгаа. Энэ хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр батлуулахад гол үүрэг гүйцэтгэж ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, дэмжиж санал өгсөн Х.Нямбаатар гэдэг нөхрийг яг энэ асуудлаар хууль зүйн байнгын хорооны хурлыг даргалах ёс суртахууны эрхгүй гэж би эсэргүүцсэн.
-Хуулийн хулгайч гэж нэрийдээд байгаа хүмүүст хэн хэн байна вэ?
-Хуулийн хулгайч бол 2017 оны Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахалсан Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, хууль дээр гарын үсэг зурсан Ц.Нямдорж нар болон хууль зүйн байнгын хорооны МАН-ын арав гаруй гишүүн. Ц.Нямдорж гишүүн үүнийг эхнээс нь мэдэж байсан. Энэ хэд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Маш олон иргэд үүний цаана хохирч үлдэж байгаа. Авлигачид нийт массаараа маш өргөн хүрээтэйгээр хүмүүсийг хохироодог. Тэрбум төгрөгийн авлига авсан хүн цаана нь хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирол улсад учруулж байдаг. Улсад орох ёстой татвар, ашиг орлогыг хаадаг. Маш их хохирол учруулж байгаа олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны ард ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж байгаад харамсаж байна.
-Х.Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж байгаа АН-ын олон гишүүн байгаа. Тэд хариуцлага хүлээх учраас таныг зохион байгуулалттайгаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна гэж байсан?
-Энэ төрд ажиллаад хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг хийсэн Ардчилсан намын болоод МАН-ын олон хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг хэргээс мултрах боломжийг нь гаргаж өгсөн хүмүүстэй би тэмцэж байна. Тухайн үед би чуулганы хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй гэж олон удаа хэлж байсан. Байнгын хороо долоон цаг гаруй хуралдаж хамгийн сүүлд ганцхан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хэлэлцэх үед Ц.Нямдорж гуай картаа сугалаад гарч явчихаад орж ирсэн. Үүнийг эхнээс нь мэдэж байсан учраас амны салиа нь арилаагүй хэдэн гишүүнээр хийлгэсэн. Зарим нэг хүмүүс хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан шүү дээ. Хамгийн гол нь хоёр жилийн хугацаанд 400 гаруй гэмт хэрэгтнүүд хуулийн хариуцлагаас зугтах боломж гаргаж өгсөн хуулийн хулгайчидтай би тэмцээд байхад АН-ын хүн ярилаа гэх юм.
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн төслийг өөрчлөх төсөл өргөн барьсан. Ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
-Одоогийн Засгийн газрын оруулж ирж байгаа хувилбар маш зөв зүйтэй тусгагдсан зүйл заалттай. Авлига, албан тушаалын гэмт хэргийг тусгайлан авч үзэж энэ төрлийн гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг илүү уртасгах, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж оруулж ирж байгаа. Хууль зүйн яамнаас оруулж ирж байгаа саналыг бүгдийг нь дэмжиж байгаа. Гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлагаас зугтах боломжийг хаасан өөрчлөлтүүд байна лээ.