Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (IV)

Түрүүч 192, 193, 196(6293, 6294, 6297) дугаарт


Бүрэнгийнх нь сургуулийн сурагч Ардын зохиолчдоо хүндэтгэл үзүүлж буй агшин

Юунаас чиг үүдээд билээ, Бүрэнгийн наадмын тухай яриа дэлгэгдсэн юм. Сумын наадам нь улсын наадмаас дутуугүй баавартай болдог гэлцдэг. Асрын өмнө хоёроос гурван зуугийн ганд айраг сөгнөөстэй. Моринд даагддаггүй асар том биетэй учир өвөл зунгүй тэмээ унадаг бухан Тангад гуай ховоон чинээ хутгуур барин, багавтар гэрийн бүрээсэрхүү цагаан халаад өмсөөд сөн түшиж эхэлнэ.

Сумын их дууч Сосорын Намхай, Цоодол найрагчийн эцэг Баясгалангийн Дөнгөт, Мял богдын сахалт, их дуут Мижидийн Бат, Хишигтийн Дэндэв, нэгдлийн үед тэмээ хариулж байсан учир тэмээ Дашням ч гэдэг, Тэрбишийн Дашням ч гэдэг, Дашням, мөн Содномын Монхор, Ондогийн Хөгөнт гээд “Түмэн эх”-ээ хэнхэр хэнхэр тавьдаг аралтай дуучдын дуугаар наадам эхэлнэ. Алдарт Сарваацуцахын их хөндийнхөө жаврыг тийнхүү жилдээ нэг үргээж нааддаг юм гэсэн. “Бөх зарлаж зүүн барууны магнайд ах дүү сумын заан Чоймбол, Дугаржав хоёр дэвээд л, шаваад л, өрөөд л. Юу нь тийм сонин байсан юм. Наадамчид харж хөхрөөд л. Мань хоёрын давахыг би хувьдаа үзээгүй. Гэхдээ заан цол хүртэл авсан хойно давж л явжээ. Гэтэл барилдаад давах хөг нь өнгөрсөн хэзээний чургархан дээрээ улам шуурч гуя нь хийссэн өвгөдөө хараад баясна, өрөвдөж уярна гэдгийн цаана монгол ухаан, уламжлал цөм байж шүү” гэж ардын зохиолч хэлсэн.

“Наадамд хүн бүхэн юу байдгаараа гоёно. Дуутын борлог гэдэг цуутай ороо морьтой, гаднаа өндөр талхиар сур элдэж хэмхэрч үхэх нь гэж хүүхдүүд айлынхан нь хориод байхад үгэнд нь орохгүй, хүмүүс аль хэдийн тоохоо больсон онгорхой хар цахиур буу үүрэн Өндөрмагнай, Арвинбор толгойгоор гөрөөс агнана гэж сүр болж бусад цагт гэрээс гарах, дээл солих нь ховор дуут Доржпалам гэдэг хар өвгөн байсан сан. Хамгийн хээгүй энэ хүн хүртэл хэдий үеийн ч юм бэ халхгар улаан чисчүү дээл багачууд бидний үзээгүй өндөр оройтой хилэн малгай тавьж, бага жороо их сайвар буурал халзан мориороо наадамд дунхалзаж хүрдэг байсныг бодоход өөр хэн эс гоёхсон билээ. Далантүрүү Гүннуур хавиар нутагтай огно Дорж гэгч шалбалзсан шар хүн яаж гайхуулж яваа нь тэр юм наадмын халуун өдөр зулбандуу минжин оройвч малгайтай, жороо зээрд морьтой олны дэргэдүүр тавьж татаад өнгөрөхөд салхи хөдөлж сэрүү татах шиг болдог сон” хэмээн өгүүлэх нь нүднээ кино шийний зураг шиг л дурайж байна.

Энэхэн яриан дундаас бухан Тангаа бүр ч их сонирхол татна. Залуудаа хязаалан үрээн дээр мордоод ууцыг нь хугалснаас хойш морь унахаа больсон түүний гар нь хүрзэрхүү, хөл нь хот цэвэрлэдэг гаапархуу гэж үзсэн хүмүүс нь хэлдэг. Хоёр метр 30 см өндөртэй, 130 кг жинтэй аргагүй л аварга амьтан байж. Цоодол багшийг багад ээж аав нар хүүхдүүдээ “Мангаад хэлнэ шүү, тэр ирээд бөөрийг чинь иднэ” гэж айлгадаг байсан нь өнөө Тангаа гэнэ. Гэвч тэр хүн мангаа биш буянтай сайхан нэгэн. Хүүхдийн бөөр байтугай хүн болсоор ганц үмх мах идээгүй цагаан хоолтон байсан гэнэ лээ, хөөрхий минь. Наадам гэснээс Бүрэндээ арав түрүүлсэн “дархан аварга” Монхорын Зандраа гэж хэлхгэр сайхан эр Цоодол ахыгаа бараадаад алхаж явна. Наян нэгэн онд халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргыг ид байхад нь сумынхаа дэвжээнд шороодуулж явсан хуйхтай нэгэн. Тэр тухайгаа “Цэрэнтогтох аваргыг тахимдаад дайрахад нь давуулаад гуядчихсан. Аварга яалт ч үгүй уначихсан. Харин бөх тайлбарлагч Алтангэрэл “аварга давлаа” гээд зарлачихав. Би тахимаа өгөхөөс өөр аргагүй. Сумын дарга, хөдөлмөрийн баатар Батмөнх гуай шагнал гардуулахдаа “шороотой бөх түрүүлчихлээ” гэж аваргад нөхөрсгөөр хэлсэн байдаг” гээд инээд алдаж байсан. Зандраа ах, Цоодол багшийн дүү Багаа гэж олондоо хүндтэй сайхан хүн, тэр хоёр л сумынхаа наадамд ээлжлээд түрүүлээд байсан гэх. Зандраа нь арав бол, Багаа нь долоо түрүүлсэн гэж байгаа.

Мөн тэртээ тавин дөрвөн онд Цоодол найрагчтай хамт Бүрэнгийн бага сургуульд нэг ангид орж байсан Чимэддоржийн Пүрэв, Хасын Батбаяр гээд ангийнх нь “хөвгүүд” ирчихжээ. Сум нэгдлийн тэрэгний жолооноос салаагүй Пүрэв гэж өндөр гуухгар шар хүн. “Би Цоодолд насаараа дарлуулж явна. Уулзах бүртээ намайгаа шоолно, ер нь насаараа намайг идэж байгаа хүн л дээ. Сая намайг юу гэнэ үү, атан тэмээ болгочихов уу. Айл нүүхдээ номхон тулхтай тэмээнд хүүхдээ ачдаг, гэрийн тооноо ачдаг, Пүрэв маань тийм л нэг номхон шар ат гэж хэллээ” хэмээн бүр нэг таашаалтай нь аргагүй сууна. “Цоодолынхоо бага насыг дэндүү мэдэх юм даа, юмыг углуургаар нь, суурь ухаанаар нь хэлдэг айхтар хэрсүү, их тохины хүүхэд байж билээ. Дөнгөт ажаа бол мөн ч наргианч, аварга дууч хүн. Ижий нь гэж налгар сайхан хөгшин. Би бол Цоодолыгоо хоёр бурхны дундаас төрсөн бурхан гэж хэлнэ” гэв. Найрагчийн гэргий Цэвэлмаагийн ангийн хүү Даваасамбуугийн Найдандорж гэж адууны хийморьтой эр бас л ханайж сууна. Гэрэлтийн хөндийд 30-аад азарга адуу багширтал нь хурааж явсан түүнийг “Адуучин Найдандорж” гэх нь бий. “Манайхан хэдэн үеэрээ баячууд байсан” гэж яриагаа эхэлнэ билээ. Тавин долоон онд Өндөрширээт суманд нэгдэл байгуулагдахад аав нь 800-гаад мал, дараа жил нь Бүрэнгийнхээ нэгдэлд 400-гаад толгой мал, мөн нэгдэлжих хөдөлгөөн ялахад бас дахиад олон зуун толгой мал нийгэмчилсэн мал буяны тэнгэртэй ийм л айлын голомтыг түшиж яваа хүн. Батлан хамгаалах туслах нийгэмлэгт цэргийн алба хааж, морин тойруулгын адууг маллаж явсан гээд үнэхээр л адууны салхинаас салаагүй. Зүү ороосон, хуучны өлзий утсан хээтэй, сайхан хараатай монгол гутал жийсэн нь нүдэнд тусав. Ялангуяа надад хараа нь их сайхан харагдсан учир сонирхоод асуутал, монгол төрийн түшээ Мэндийн Зэнээгийн ээж нь хийж өгсөн гэнэ. Мөнгө хатуу байхад Мэнд гуайн хөгшнөөс 250 төгрөгөөр монгол гутлын хараа худалдан авч, энэ олон жил гоёж яваа аж.

Энэ мэт өндөр багшийнхаа найз нөхөд тулхтай хөгшидтэй хууч хөөрч, нутгийнх нь тэнгэр дор сэтгэл бүлээн явлаа. Бүрэнгийнхний нэгэндээ тустай хүнлэг чанар юухан хээхнээс ч мэдрэгдэнэ. Очирбат даргыгаа ихэд хүндэтгэдэг юм билээ. Хүндлэхээс ч аргагүй, өнөө л луухгар өвгөдийн үргэлжлэл гэмээр нуруутай нэгэн. Цоодол багшийн шинэ ном гарах бүрийд зорьж ирж авна. “Хөеө”-г, “Талынбулагийн вант улс”-ыг, “Дэргэд холын уулс”-ыг, сүүлд “Ганзагалаа”-г нь ганзагалаад л давхисан гэж байгаа. Тэгээд Цоодолыгоо уншиж байж бүр нэг шавай нь ханадаг нь аандаа мэдрэгдсэн. Бас болоогүй, тавь жарыг худалдаж авч нутгийнхандаа тараадаг юм гэсэн. Ардын зохиолчоо тэгж баярлуулахаас өөр яанам. Хоёр сайхан үрээ үерт алдаад элгээ цөмлөн харууссан Намсрай ахыг сүүлд нас хэвийсэн хойно охинтой болоход нь “Ингэж нэг санаа амрах гэж дээ” хэмээн зүрхнээсээ дуу алдаж, өрөөндөө дуудан баярыг нь хуваалцсаныг, худаг усны Санжаа нэртэй бүхий л насаараа худгийн моторчин явсан өвгөний өнгөрөхдөө захисан үгийг бодон бодон хуучин мотортой худгийн байшинг нь нураачилгүй яваад хэн бүхэн талархдаг. Ялангуяа Цоодол нь бүр ч талархдаг байна.

“МУИС-ийн гудамжинд одоо пропускын товчоо байгаа байшинд үйлдвэрийн барааны дэлгүүр гэж байлаа. Тэнд ачаа зөөхөөс эхлээд хожим нь Налайх хотын хооронд нүүрс татаж Дундговийн Ёндон, Увсын Жамбал гэдэг хоёр өвгөнтэй ээлжлэн дэлгүүр манаж, насанд хүрээгүй гэж ажлаасаа халагдан Бүрэн сумандаа заларч хүрэхээс өөр яахав. Бүрэндээ нэгдлийн мал хариулж үзлээ. Тариа бригадад тракторчдын туслах, галч, суманд явуулын багш, Сэлэнгэ аймгийн Ширээ нуруунд улсын тэжээлийн фондод ажилтан гээд Ц.Дамдинсүрэн гуайн “Толь Гэндэн” шиг л явжээ” гэж багш минь хэлсэн. Их утга зохиолын өргөөнд орж ирэхээсээ өмнө багш минь үнэндээ хар бор ажил хийж, яах аргагүй амьдрал үзсэн, өөрийнх нь хэлснээр нүүрсний амтыг мэдэрсэн. Харин анхны шүлэг, анхны номоороо утга зохиолд цахиур хагалсан.

“Тоосоор даллан үлдсэн замын хүзүүг гажиж

Товруу адил өргөөнд айлчин болоод очвол

Тоонон дээрх сар шиг өргөө гэр нь цагаан байв

Товруу цагаан гэрийнх нь босыг алхан орвол

Тогоо дүүрэн мэлтийх сүүний нь өнгө цагаан байв

Тогоонд байгаа сүүнээсээ аяга дүүрэн барьсан

Тормогор нүдэн бүсгүйн сэтгэл бас цагаан байв

Тоотой насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ

Хаяа өргөн талдаа туургалж буусан тэнгэр

Халуун эвийн бэлгэдэл далбаа адил цэнхэр байв

Халуун эвийн бэлгэдэл далбаан дороос тулсан

Хаш суурь шиг уулсын дасал өнгө нь цэнхэр байв

Хаш суурь шиг ууландаа үе улиран нутагласан

Хайртай аавдаа миний хоёр гардан барьсан

Хадагны минь өнгө далайн ус шиг цэнхэр байв

Хамаг насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ…” хэмээх “Нутгийн зургаан өнгө” тэргүүт шүлгүүдийг нь барагтайд үг унагадаггүй дорнын их Явуу “Цог” сэтгүүлд “…уран бүтээл нь өсөн дэвжиж байгаад чин зүрхнээс баярлаж байна” гэх халуун сэтгэлийн үгтэй гаргаж, удалгүй яруу найргийн ном нь гарч их утга зохиолын өргөөнд “Явуугийн шавь” хэмээн цоллуулж дуутай шуутай орж ирсэн. Багшийн минь тухай бичээгүй цоллоогүй, зүрхнийхээ үгийг хэлээгүй хүн ч гэж ховор доо. Монголын утга зохиолд дүнжгэр сайхан хүрээллийг бий болгож, бүхий л амьдралдаа ерөөлийн үгийг од эрхэс шиг хүмүүний сэтгэлд булхуулж иржээ.

Бажуудайн Ганбат гэж нэртэй судлаач, ёстой уул шиг сайхан хүмүүн. Багштай минь олон жил нөхөрлөсөн гэдэг. Бишгүй ч олон юмны бөглөө мулталсан байх. “Цоодол насан туршдаа өсөж ирлээ. Энэ бол найрагч бүрт оногдох хувь тавилан биш” гэж Долгорын Нямаагийн хэлснийг Ганбат нь хэлэх дуртай байсан. Агуу их Лодойдамба гуайг, хорьдугаар зууны манлай роман “Тунгалаг Тамир”-ыг судалж нэрийн хуудсаа болгосон тэр эрхэм хориннэгдүгээр зууны босгон дээр Дөнгөтийн Цоодолыг судлан ном болгож гаргасан.

Ерээд оны дундуур Цоодол аваргыг “Ардын эрх” сонины хамт олон, мянга мянган уншигчид төрийн шагналд нэр дэвшүүлэхэд зохиолч нөхөд нь бүгд талархан хүлээж авчээ. Нэгнийгээ шагналд нэр дэвшихэд манайхан матдаг байсан гэх. Би мэдэхгүй л дээ, тийм л яриа дуулддаг. Харин багшийг минь матах нь байтугай бүгд магтсан байдаг юм. “Илүү гэр”, “Цэцэг нялхарсан зун” гээд өгүүллэгээрээ зартай “сарзаан” буюу Жанчивдоржийн Дашзэвэг “Болор цом”-д гурав түрүүлсэн, Ноён хутагт Равжаагийн наадамд мөн л түрүүлсэн, Батлан хамгаалах яамны сэлэм өгдөг наадамд бас л магнайлсан Цоодолыгоо монгол найргийн дархан аварга гэж цоллоод “Цоодолын ингэж хийморьтой байгаа нь аз эзийн асуудал биш ээ. Ердөө л хүчээр ааглан бярдаж байна. Олон өнгө эгшгийн тансаг монгол найргийн цэцэрлэгт тэрээр аж байдал иргэний уянгад нэгэн талаас нь урагш ахиулсан өөрийн хувь нэмрийг даацтай оруулж байгаад энэхүү ааглаж бярдаж байгаагийнх нь увдис оршино. Шүлгүүд нь эгэлхэн үнэнийг амьд зураг, ухааны хэлхээсээр нүд сэтгэлд харагдтал дүрслэн учирлаад өнгөрөх төдийгүй, дараа нь бодлоос салахгүй зүрх өвтгөн байн байн эргэн санагдаж шаналган байх нь түүний гүн ухааны хүч” гэж хэлсэн сэн. “Болор цом” гэснээс ерэн гурван онд хоёр дахиа түрүүлсэн наадмынх нь дараа Ерөнхийлөгч Очирбат гуай “…Дээврийн минь цоорхойг эх орны минь үүл нөхнө

Дээлийн минь товчийг хөх тэнгэрийн од орлоно

Дэнжийн минь чулуу цэцгийн шүүдэр тоогоороо бол

Дэлхийн маргааш надад юу дутах юм бэ

Ядрах тусам нь би Монголоо илүү хайрладаг

Яагаад гэвэл энэ чинь миний юм аа

Ямар их хайртайгаа яагаад хайрлах болсноо

Яг хэлчихье гэхэд тэнцэх сайхан үг л дутна

Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэхийн сэтгэл надад дутахгүй

Дахиад чиний төлөө үхэх хоёр дахь амь л дутах юм даа” хэмээх шүлгийнх нь эдгээр мөрүүдийг үндэсний телевизээр шууд цээжээр хэлж байсан удаатай. Тэгж л дуулиан шуугиан тарьж байжээ. Дамбын Төрбатынх нь хэлснээр “Дөнгөтийн Цоодолын тэсрэлтийн он жилүүд” нь тэр буюу.

“Харь холын газар замын эрхээр очсон

Хангал сайхан хүлэг шөнөдөө гүйдэг нутаг минь

Ханагар дэлхийн уудмаас энэхэн биед заяасан

Халуун зүрхний уяа эх орон та минь

Уудам хорвоод амьдрах хүний хувь зохиолоор

Уран цагаан өргөөндөө хүүхэд балчир ирэхэд

Уураг сүү шиг агаараа эхийн сүүтэй амсуулж

Ухаан суулгам тэнгэрээ тооноор харуулсан газар

Чихэр бурмын амттай урьхан хонгор салхинд нь

Чин халуун сэтгэлийн увдис шингээсэн орон

Чийг шимийн дээжтэй цэн цэнгийн бороондоо

Чийрэг залуу нас цэцэг дагуулсан газар

Босоо гэгддэг бөх шиг уулсын тэнүүн чөлөөгөөр

Болор толийн адил ус нуур нь цэлэлзсэн

Болд дугуй тогшсон ган замын хажуугаар

Болц гүйцсэн тариа газар шүргэн суялзсан

Амьдрах энэхэн насандаа жаахан ч холдохын аргагүй

Азтай миний өлгий жаргалтай дэлгэр орон минь…” шүлгийг нутагт нь уншиж явлаа. Тэртээ далан дөрвөн онд утга зохиол судлаач Гомбын Жамсранжав “Үнэн” сонинд ажиллаж байхдаа “Эх орны шүлэг хэрэгтэй байна, чамд бэлэн юм байхгүй биз” хэмээн асуухад нь шууд тэр дор нь бичээд өгсөн гэдэг юм. Цоодол гэдэг ийм л онгодтой найрагч. Гэхдээ мань мэтийн жулдрай юу хэлэх вэ. “Тэр шүлгээ унших нь “Сүнжидмаа” хэмээх ардын дуу дуулж байгаа мэт надад санагддаг. Монгол шүлгийн аялгуу хөгжим, эгшиглэн, уян налархай, дээш доош цохилго гэж юу болохыг мөн үе нугалаа дагнаас, орхиц, цэг таслалыг ч нарийн мэдрэн гаргаж олон өнгийн шингээлттэй уянгалаг хоолойгоор сонсголонтойгоор хүний сэтгэл рүү хөвүүлж өгдөг” гэж Жав нь (До.Цэнджав) хэлсэн.

Ийм л халуун дулаан яриа өрнүүлж багшийнхаа Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ. Булгийн эхэнд намаржиж буй Дамбадаржаагийнд шөнө дөл болтол найрлаж, Талынбулагийн цагаан шөнийг мэдрэн оддынх нь дор уяран зогсож, Багаа ахынхаа гэргий Чимгээ эгчийн ятга шанзны эгшигт сэтгэл бөмбөрөн, дууны сайхан аялгуунд мөн чиг жаргасан. Онгонхайрхандаа мөргөөд хөдлөхөд багш минь “Гунан хар”-ыг аялсан сан. Бүрэнгийн хонгор намрын хийлийн чавхдас шиг эгшиглэнт өдрүүд миний амьдралын баяр баясгалан байлаа. Үргэлжид ч тийм байх биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (II)

Түрүүч нь 192(6293) дугаарт


Ардын уран зохиолч Д.Цоодол төрсөн бууцан дээрээ. 2019.09.09

Элчин Самбуу гуай ирэх буцахдаа оройд нь гарч, овоонд нь чулуу өргөөд хөдөлж асан Талын толгой хөх усан зэрэглээнд өндөлзөн байна. Талын толгойг холоос харахад жижигхэн, гэв чиг дээр нь гараад тэргүүн овоо юуг нь түшин зогсохуйд зөвхөн Бүрэнгийн нутаг төдийгүй Эрдэнэсант, хойд урд Өнжүүл, Өндөрширээт, Дэлгэрхааны уулс цэнхэрлэн харагдана. Монгол найргийн тамгатай түшээ Дөнгөтийн Цоодол аваргыг сугадаад Талын толгой дээр гарлаа. Талынбулагийн айлууд гангар цагаан хун шиг энд тэндгүй цавцайн харагдана. Айл бүхний гадаа адуу мал багширч, салхины үзүүрээс айрагны үнэр сэнхийх нь сайхан. Баруун урдтай Баян уул, наана нь Ихэр зараагийн бууц, тэгээд Жавхлант гэж жавхлантай уул, урдуураа дамнаад ирэхээр Хар чулуу, Хадан чулуу Өршөөлтийн өндөр илхэн. Тэртээд Дэлгэрхааны хойд талын Тарамцагийн нуруу цэнхэртэнэ. Баруун хойно, Эрдэнэсантын урд руу, Дэндэвийн Пүрэвдорж гуайн нутаг Өвөрхангайн Бүрдийн наахна домогт Батхаан уулын бараа тодорч бүдгэрэн сүүмэлзэнэ.

Мөөеө аварга Цоодол зохиолчид “Бид хоёр чинь нэг хошууны хүмүүс” гээд ихэд аминчирхдаг байсан гэдэг. Ус нутгийг нь ийн халиаж зогсохуйд энэ аваргууд чинь яах аргагүй Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууныхан ажээ. Сумын төвийн хойшоо Бүрэнгийн уулс ханарна. Бодонгийн хэц, Баян гуна гээд шовх өндөр уулс, мөн залгаад Далантүрүү, Дулааны уулс намрын хонгор наран дотор дуниарч солонгорно. Энэ бол Монголын тайз дэлгэцийн урлагийн суу билэгт хөвгүүн, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Гомбожавын Гомбосүрэнгийн нутаг билээ. За тэгээд өнөө аварга Монголын уул, бүсгүй хүний сахиустай гэгддэг Онгонхайрханы зосон улаан өнгө туяаран шаргалтаж байгаа юм. Энд бас л их урлагийн сор болсон бурхад төржээ. Ард олонд “Итгэлт баян” гэж алдаршсан ардын жүжигчин Аюурзанын Очирбат, “Улаанбаатарт байгаа миний аав” киноны гол дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн алтан үеийн нэрт жүжигчин, гавьяат Рагчаагийн Дамдинбазарын нутаг гээд бодохгүй юу. Талын толгой дээрээс зүгээр нэг эргэн тойрон дахиа ажаад зогсож байгаа юм биш л дээ. Их уулсын гэгээн дүрийг харж, их уулсын төрүүлсэн гэгээн бурхдыг бодож сэтгэл долгилж зогсоо минь энэ.

Онгонхайрханаас жаахан цаашлаад урд үзүүрээр хойд, урд Өнжүүл, Бичигтийн уулс үзэгдэхүйд Монголын яруу найргийн оргил Бавуугийн Лхагвасүрэн сэтгэлд бууна. Өнжүүлийн цэнхэр уул хонгор намрын салхинд хөхөрч харагдана. Бараа бараандаа төрсөн яруу найргийн бурхад Цоодол, Лхагвасүрэн хоёр сэтгэл нэг явсан. Тэр жил Цоодол багшийн “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” үдэшлэг дуурийн театрт болоход Лхагвасүрэн гуай яруу найргийн шилмэл ботиудаа тэвэрчихсэн “Цоодолынхоо цэнгүүнд би ирэхгүй бол Бүрэнгийн улаан уулс намайг таалахгүй” гэж хэлээд толгойгоо сэжлэн зогсож байсан сан. Үнэхээр л Бүрэнгийн улаан уулс, Өнжүүлийн цэнхэр уулс залгаа оршиж, бараа бараагаа харж баясдаг байх нь. Зүүн талд Төхөмийн цагаан нуурын дээгүүр Сундуйн гозгор, Эрдэнэ хангайн уулс ханарна. Ерөөлийн сайхан нэртэй энэ их уулс бол Монголын бурхан шашинтны тэргүүн их хамба Чойжамц хамбын унасан газар нь. “Хоёр Өнжүүлийн хоорондох Тээгийн хөндий яалт ч үгүй Чой хамбын нутаг” гэж Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий гээд хэлчихэд болох Дэндэвийн Тогмид ах хэлнэ билээ. Хуучин Өнжүүлийн хүн тэрээр Бүрэнгийн хүргэн, бүр ойртуулбал Талынбулагийн хүргэн аж. Цоодол ах, Цэвэлмаа эгч хоёрыгоо ирлээ гэж баярлаад гэргийгээ дагуулан Талын толгой дээр хүрч ирсэн. “Баруунаасаа нар зөв тойрч ханарах энэ их уулсыг урдаас нь бүгдийг нь харж байгаа нь миний Булгуудын хэц дээ” гэж ардын зохиолч бахтай нь аргагүй хэлсэн.

Талын толгой дээр нь гарсных Жамсрангийн Самбуугаа дурсахгүй өнгөрч болохгүй. Багш минь Самбуу гуайнхаа тухай “Алтан аягат хаан буюу хүрээчин Самбуу” гэж бичиж л байсан. Мөн “Элчин Самбуу” гэж жигтэйхэн монгол дууль бичиж л байсан. 1954-1972 оныг хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан тэрээр хөх үйтэн хуар дээл, цагаан сийрсэн малгайтай гуухгар хар хүн Бүрэндээ очно. Өвгөдөд хатуу юм амсуулж, бороо ногоо, мал хуйгаа ярьж сууна. “Сархинаг тоонотой, утаа тортог болсон их том хар гэр зүүн баруун шандын нэгэнд тошиж яваа сарлагийн бух шиг нэвсийж байдаг сан” гэж нутгийнхан нь хэлдэг. Туваан гэж адгуу ууртай хөгшин адуу мал үргээлээ хэмээн өнөө шүтээн Самба сайдынхаа араас салтаагаараа шороо цацсан тухай яриа гараадахав. Ямар учиртай юм, яагаад тэгсэн юм бол гээд багшаасаа асуулаа.

Самбуу гуайн эртний танил ерээд настай Мятавын Туваан гуайг энгэрээдээ асгарсан хүрхрээ мэт цагаан сахлаа шувтраад Самбынхаа тухай ярьж байсныг нь Цоодол зохиолч тэр жил Бүрэнгийн төвд Дорждэрэмийнд сонсчээ. Туваан гуай “Самбуу эрийн ханилгаагаар гойд хүн сэн. Тэр жил би нэг муухай “хэрэг” хийчихээд одоо болтол гэмшиж явдаг юм. Жараад онд юмдаг. Манайх Түмийн адагт гүүгээ барьж байлаа. Зуны аагим халуунд эмнэг унага уяж, олон эмнэг байдас богочилж чөдөрлөөд арай гэж дуустал манайхны хойноос шилэн форд гэнэт гараад ирэв. Адуу үргэж зэл авахуулаад бөөн ажил боллоо. Би уур хүрээд араас нь салтаагаараа шороо цацчихсан юм. Хүн бүр намайг загналаа. Шоронд орох байх л гэнэ. Хаан руугаа салтаагаараа шороо цацаж байдаг, мөн таарсан хүн юм, арай л хэрээс хэтэрлээ, энээ тэрээ болов. Удалгүй миний уур ч гарлаа. Ичдэггүй золиг чинь архи горьдоод оройхон тэднийд бууж билээ. Самбуу намайг загнах байтугай адуу үргээж ажил удлаа гэж харамсаж суусан сан. Мал мэддэг ухаантай хүн тийм сайхан” гэж Туваан гуай хуучилжээ. Самбуу гуайтай холбоотой яриа үүгээр тасрахгүй. Зайдан тэмээнд сундлаад Магнай, Жаран, Арвин бор толгойгоор зээр эргүүлж явсан өнөө “тэнэг” Зундуйгаас гадна бас дахиад “муухай” Гомбын тухай яриа гараад ирэв. Монгол төрийн тэргүүн Самбуу Бүрэн сумын хоршооны манаач “Муухай” Гомботой шатар нүүгээд салдаггүй гэнэ. Ядахад цаадахынх нь бохир завааныг нь яана гэнэ. Сумын дарга нь гар хуруугаа угаа гэж хөөж туугаад, түүнийг нь мэдээгүй Самбуу гуай “өнөө Гомбо хаачив, бушуухан олоод ир” гэж хойноос нь жолоочоо давхиулж юм юм л болдог гэдэг. Дайны дараа оросууд Самбуу гуайд нэг алтан аяга өгсөн юм гэнэ лээ. “Тэр аягаараа дүү минь надад дарс хүртээлээ” гэж олоон жилийн өмнө ах Чимэд нь ярихад түүнийг дуулсан Маналжавын Батсүх гэдэг хүн “Манай голоос төрсөн алтан аягат хаан” гэж нэрлээд үндэсний үзэл гаргав гэж зэмлүүлж байсан удаатай. “Алтан аягат хаан” гэж Самбуугаа Цоодол нь бичсэн нь ийм учиртай байх нь.

Талынбулагийн эхний бууцанд намаржиж буй Амгаагийн Намсрайнд буулаа. Намсрай бол Цоодол найрагчийн гэргий Цэвэлмаагийн төрсөн эгч Чилхаажавын хүү юм. Өршөөлтийн хийдийн хамба Гомбодаш гэлэнгийн хүү Амгаа унзад гэж бурхны номонд нэвтэрсэн, хажидын цээжтэй хүн байжээ. Эцэг өвгөдийнх нь үе дамжиж ирсэн номын алтан баринтгийг хадгалж, бурхан тахилынх нь гал голомтыг сахиж яваа хүн нь Намсрай. Цэвэлмаа эгч төрсөн голомтдоо, төрсөн гэртээ ирээд бурхан тахилдаа сүслэн мөргөж, аав ээжийнхээ гэгээн дүрийн өмнө хадагтай золгож байна. Намсрай ахынх гүүгээ барьчихсан, намрын шар наранд уягдсан номхон унаганууд мөр мөрөө түшин зогсоцгооно. Цоодол найрагч, Цэнджав ах бидэн гүүн зэлэн дээгүүр алхалж адууны цагаан тоосон дунд хийморь сэргэж явлаа. “Цоодол ахыг ирнэ гэж дуулаад айргаа уугаад үзтэл нэг л биш шиг санагдаад. Ахдаа арай ч ийм айраг уулгахгүй ээ. Талынбулагийнхаа айргийг санаж ирж байгаа гэж бодоод Дамбаагийнх руу гараад шогшуулчихсан. Тэднийхээс хөрөнгө авч айргаа сэлбэлээ” хэмээн Намсрай ах хөлс алгадаад ярьж байна. Тэдний айраг онцгой сайхан байна. Адууч аавын хүү би гүүн зэлэн дээр зогсож ахуйд айраг ч гэж аргагүй Бүрэнгийн айраг, намар ч гэж аргагүй Бүрэнгийн намар байна даа хэмээн уяран бодсон. Шар халзан хөхүүр ханын толгойноос өлгөөтэй байгаа нь сайхан харагдсан. Одоо ч ихэнх айл 100-гийн хөх пойшгонд айргаа исгэдэг болсон цаг.

Гэрийн эзэнтэй хол ойр олон зүйлийн тухай ярилаа. Савлхийвэл амнаас нь “Талынбулаг минь” гэх үг ургана. Жилийн дөрвөн улиралд булаг ижийгээ хөхөж яваа хүмүүн. “Нутаг ус гэдэг аав ээжээс ялгаа байдаг юм уу. Сумын төвөөс мордоод Талынбулагаадаа гэлдэрч явахад бүгдийг нь таньдаг өвөө эмээгийнхээ өвөр дээгүүр хөлбөрч яваа юм шиг санагддаг” гэж нулимс гармаар үг хэлсэн. Талынбулагийн унаган хүүхэд ингэж хэлэхээс яахсан билээ. “Цоодол ах намайг сургуульд ороогүй жаахан байхад л манай хүргэн болсон хүн. Төрийн шагнал аваад, “Болор цом” аваад, соёлын гавьяат болоод, ардын уран зохиолч болоод тэр бүрийд нутагтаа ирж байлаа. Цоодол ахыг Талынбулагтаа ирнэ гэхээр сэтгэл нэг л сайхан. Манай нутаг усныхан ахад минь арай ч дэндүү хайртай, ах минь Талынбулаг, Булгуудын хярдаа бүр чиг их хайртай” гэж хэлэхэд нь өнөө аварга зузаан линзтэй шилний цаадах зөөлөн тунгалаг нүдэнд нь нулимс гүйлмэгнэж харагдана билээ. Багштай минь холбоотой өөр гоё дурсамж хэлээч гэхэд, үл ялиг инээмсэглэл татуулаад “Би хоёрдугаар ангидаа аймгийн төвд Цоодол ахынд сууж байлаа. Ах тэр үед хотын эвлэлийн хороон дарга, лут хүн. Тэмүүлэн, Хулан хоёрыг би хардаг ажилтай. Гэрээ их санана. Орондоо шээгээд л байж байсан, гоё дурсамж гэвэл энэ л байна” гээд маасайх нь тэр ээ.

“Төхөмийн цагаан нуур минь дүүрэн сайхан. Хэдийд ч давхиад ирэхэд Булаг минь ундарч, ус гол минь мэлмэрч, нуур минь цэлэлзэж угтдаг. Төхөмийн цагаан дэрсэнд хургаа хариулж явлаа. Олон цагаан хурга байтугай би өөрөө ч харагдахгүй далд ордог тийм л өндөр сайхан дэрс” гэж найрагчийн гэргий Амгаагийн Цэвэлмаа хэлж байна. Хөгшинтэйгөө хамт халуун голомтдоо ирсэн тэрээр нүүр дүүрэн жаргалтай сууна. Ундтай устай, тас тас инээд алдсан хичнээн сайхан хүн билээ. Залуудаа урт хархан гэзэгтэй, усгал хархан нүдтэй дэгжин гоё бүсгүй явсан гэдэг. Одоо чиг дутах юм алга аа. Эрхэмсэг намбатай хийгээд намжиртайхан харагдана. Манайхан Хулан найрагчийг сайхан бүсгүй гэдэг, үнэн л дээ. Гэхдээ ээжийг нь харвал яах бол доо гэж хааяа бодогддог л юм. Хулан найрагчийн Далай ламтай авахуулсан зураг хоймрынх нь авдар дээрх жаазанд харагдана. Намсрай ахын хэлснээр тэрээр хүүхэд гаргатлаа л Талынбулагтаа эмээ өвөөгийндөө байж Талынбулагийн намар, Талынбулагийн найрыг жинхэнэ мэдэрсэн нэгэн. “Батхаан уулын буга” гээд олон сайхан шүлгээ аавынхаа нутгаас, эмээ өвөөгийнхөө голомтноос олсон байх. Намсрай ахынхаас хөдөлж саахалтын хэртээ давхиад Дорждэрэмийн Өлзийдалайн гадаа буулаа. Айлын эхнэр нөхөр хоёр гүүн зэлнээсээ наашаа айсуй. Айраг нь мөн л сайхан.

Их хэлмэгдүүлэлтийн баривчилгааны үеэр Бүрэнгээс 300 гаруй лам нарыг бариад явсан юм гэдэг. Тэдний нэг Лувсандондог гэж тайж ялаа эдэлж дуусаад Булгуудын хярдаа иржээ. Тэрээр Булгуудын хярынхаа айлд бууж айраг уугаад “Мөн байна, манай Булгуудын хярын айраг мөн байна” гэж хашгирах шахам хэлээд учиргүй уйлсан тухай яриа байдаг. Тэр олон жил шоронд яс суухдаа Булгуудынхаа хярын айргийг л санаж байж, хөөрхий минь. Тэгэхээр Булгуудын хяр, Талынбулагийн айрганд бас л нэг учир бий. Булгуудын хяртай Дундговийн Эрдэнэдалай залгаж оршдог. Төмөр замын Раш, Дундговь нутгаас төр түшилцэж явсан, монгол төрийн тулхтай сайхан түшээдийн нэг Норжмаагийн Тогтох гээд Эрдэнэдалайнхан Цоодол найрагчтай нэг дорынх гэж ярьдаг. Эрдэнэдалайг айраг адууны орон гэж хэлдэг нь цаана нь Бүрэнгийн нэр байдаг байх нь. Өлзийдалайн гүүн зэлнээс хөдлөөд Талынбулагийн арын бууц буюу ардын зохиолч Дөнгөтийн Цоодолын хүй цөглөсөн бууцанд нь очлоо. “Авто механикийн сургуульд орохгүй. Би хотод юм бичдэг зохиолч, сэтгүүлч хүн болно” гэж тэртээ жараад оны эхээр 16 настай хүү хар жигүүн тэрлэгтэй Талынбулагаасаа гарсан. Тэгвэл ард түмний хайртай найрагч болоод ажаагийнхаа үеийн аргил өвгөд шиг дүнжгэр сайхан эр болчихоод буурал халимагтай, дал хол гарсан өвгөн найрагч ийнхүү бууцандаа ирж хөрвөөлөө.

Монгол найргийн энэ их оргил тэртээ дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зуднаар ижийнхээ гэдсэнд сумаасаа хойш Уулынхаанд өвөлжсөн байдаг юм. Дөнгөт ажаагийнх зудын хөлд ширвэгдэн хамаг малаасаа салж, дөчин таван оны хавар зуны заагаар энэхүү арын бууцанд ирээд буухад нь Цоодол найрагч төрсөн түүхтэй. Нар зөв уйлан тамгатай, улаан бор олон азарга адуунаасаа ердөө гуравхан бор морьтой үлдэж байсан гэх. Тэгэхэд аливаад барьц алддаггүй ажаа нь гол горойсноо хэлж, гэхдээ Булгуудын хэц маань байхад болно доо хэмээн уужирч байснаа дурсчээ. Багшийг минь улаан цурав юм ижийгээсээ төрөхөд жоожоо Чойжамц гэж хөгшин шөлний хонь төхөөрч, Самбуу гуайн далан насны ойд уригдан дуулж байсан Хишигтийн Дэндэв нэрийг нь өгчээ. “Яагаад чамд Цоодол гэдэг манай нутагт байдаггүй этгээд нэр өгсөн юм бэ гэвэл манайхныг Уулынхнаас буцаад нүүж явахад Өвөрхангайгаас адуу эрж яваа гэж сульдсан морьтой хархүн ирж хоносон юм. Би дуншиж өвдөөд нутгаа хүрэлгүй төрчих юм биш байгаа гэж айж байтал тэр хүн зоосдоод “Нутгаа хүртэл алзахгүй ээ. Хүү төрнө. Тэгвэл манай нутгийн Цоодол гэдэг нэрийг өгчихөд гэмгүй юм байна. Та нарыг зовоохгүй хүн болно. Өссөн хойноо л гэртээ тогтохгүй юм байна” гэсэн юм. Хэлсэн бүгд нь үнэн байсан. Миний хүү хамрын ханиад хүрч ажаа ижийгээ зовоосон биш дээ гэж ижий минь хэдийнэ буурал орчихсон хүү намайгаа магтаж суудаг сан” хэмээн багш минь төрсөн бууцнаа уяралтайгаар хэлсэн. Явуулын тэр хүн яасан ч үнэн хэлсэн юм бэ дээ гэж уяран өгүүлсэн.

Өчүүхэн миний бие ийнхүү өндөр багшийнхаа төрсөн бууцан дээр нь мөрийг нь түшээд зогсож байна. Тэр жилийн намар Долгорын Нямаа ахтайгаа Дэл Хөнжлийнх нь уулсаар хамт явж Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очиж билээ. Мөн Их газрын чулуу, Билгэх хайрхнаар галигуулан Долгорын Цэнджав ахын бууцанд очиж, мань аварга хөрвөөж л байсан. Хоёр жилийн өмнө их Лодойдамба гуайн төрсөн бууц Хантайширын Сүхийн хоолойд нь зогсож байлаа, дараахан нь цас будагнасан намрын тэр орой монгол найргийн дархан цэц Пүрэвдорж гуайнхаа Эрээн уулын хормойд Хажуу булгийнх нь буурал хондонд очиж байлаа.Багштайгаа, агуу их Сүүеэтэйгээ Явуухулан найрагчийн Тасархайн бууцанд “Би хаана төрөө вэ” шүлгийг нь уншиж явлаа. Урианхай ахын “Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлэг нь “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтаж тэрхүү баярыг “Хатанбаатар” Лхагвын Эрдэнэбулган анх санаачлан идэр есийн жавар гялганасан дүн өвлөөр Бугат суманд нь хийхэд Ханжаргалант хайрхан, Чачиртын шар ширэнгэд нь очиж шүлгээ уншиж явжээ. Монголын их яруу найргийн бурхдын төрсөн газарт шүлгээ уншиж онгод цалгиаж яваа хувь заяагаа өндөр багшийнхаа Бүрэнгийн тэнгэр дор бодохуйд уйлмаар чиг болсноо нуух юун.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ

Монгол найргийн нэгэн сайхан оргил Дөнгөтийн Цоодолтой төрсөн бууцанд нь хамт очоод ирлээ. Бүрэнгээ, Талынбулагаа, Булгуудын хяраа, Сарваацуцахын талаа, Төхөмийн цагаан нуураа цаг үргэлжид зүрх алдан санадаг их найрагчийн нутагт дөрөө харшуулан бууна гэдэг өндөр хувь заяа ажгуу. Талынбулагт ёстой нэг хонгор сайхан намар болж байна. Дэлдэн чихт хонин тогоонууд гал дээрээс сална гэж үгүй, цагаанд суугаастай хөлс алдсан бүрхээр тогоон дээрээс ховхорноо номгүй, улаа бутарсан өвгөд гэрийн хоймор эзэгнэх Бүрэнгийнх нь намар зүсээрээ байна лээ. Жулдрайхан миний ачит багш бол өндөр Цоодол юм. Багштайгаа, ерэн жилийн ойтойгоо золгосон Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдаж яваа Долгорын Цэнджав зохиолчтой гурвуул Бүрэнгийн намраар ирж буй минь энэ. Багш минь Монгол гэж аварга нэртэй уулынхаа хөтөл дээр дөрөө мултлан нутгийнхаа барааг хараад, урьхан хонгор салхинд нь нулимс чийгтэж зогссон сон. Монголын хөтөл дээр аялгуут найрагчийгаа сумын засаг ноён, сургуулийн багш нар гээд олон чиг хүмүүс уруул чимчигнүүлсэн Бүрэнгийнхээ айрагтай угтсан. “Алтан хундагын дэлбээнд нь мөнгөн шүүдэр сөгнөөстэй, Аавын мөртэй шороонд нь есөн эрдэнэ үелээстэй…” хэмээх дуун суваргынх нь өмнө угтаж байгаа юм. Тийм л дээдийн хүндэтгэл байдаг юм билээ. Эцэг өвгөдийнх нь гэгээн дүрийг хадгалж үлдсэн эрдэнийн шигтгээт уул усаа хараад баярлахгүй хэн байх билээ. Ардын зохиолч маань Ажнай, Өндөрмагнай, Талынтолгой, Баянуул, Цахиурт, Арслан, Хэвтээ гээд бурхны тэмээ туйлахдаа талаар нэг мөнгөн аяга тараан хаяж тэр бүгд нь хөмөрч тогтсон юм шиг бөмбийсөн олон толгод, ухаагийнхаа барааг хараад жаргал гээчийг амссан.

Тэртээ хойно Бүрэн хайрхан дүнхийж байна. Найрагч хүү минь ирлээ дээ гэсэн шиг улам дүнжгэр сайхан харагдана. “Би Бүрэнгийн уулын оройд ажаагаа дагаж хааяа гардаг байлаа. Тэртээ дор хоёр Төхөмийн нуур хоёр мөнгөн төгрөг шиг цагаарч, сумын жаахан төв борлойно. Адуу мал бэлчиж яваа нь аргал хоргол шиг жаалхан.

Эргэн тойрон үүл манан цэнхэртэнэ. Ажаа минь “Тээр зүүнтэй Богд Дүнжингарав гэж их том уул байдаг. Богд уул, Бүрэн хоёр бие биенээ харж байдаг юм гэнэ лээ. Сайн хардаа” гэв. Манаран хөхрөн байгаа үүл манан дунд би юу ч олж харсангүй. Миний Бүрэн уул бол би биш. Богд уулыг харж байгаа. Сайн ч муу ч төрсөн хүү нь би юм. Тэгэхээр намайг ч гэсэн уул минь харж түшиж явдаг” нэгэнтээ хэлж билээ л.

Хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан жаахан булаг. Энэ бол Талынбулаг. Цоодол найрагчийн хэлснээр “Талынбулагийн вант улс” энд оршино. Энэ нутгийн хамаг горхи булаг тэртээд цэнхэрлэн байх Булгуудын хяр тийш яаран сандран урсах атал гагц Талын булаг эгц хойшоо бүр газрын өөд зүтгэдэг зөрүүд ус. Зөрүүд нь гагц энэ бус, өвлийн дүн хүйтэн тачигнаад явчихад хамаг булаг горхиуд хөлдөж, Бүрэнгээс хойш гурван өртөө Туулын гол мөсөн дороо хадаалж байхад Талынбулаг л уур манан савсуулна. Яаж ч цас дарж, дэрс цантаж зунжин намаржин ганганасан шувуун дуу тасарч байсан ч мөсөн хучлагаа зад тийрч зунаасаа ч арай элбэг, хуучнаасаа арай ч илүү сүр ороод эх оргил нөгөө зөөлөн мандал нь орсон буурын хөөс шиг цайран цавцайн ойр тойрны айлуудын хүн малыг ундаалсаар урин хавартай золгодог юм гэсэн. Үүнийг нь мэддэг нэг хэсэг айл өвөл боллоо гээд тэртээ хойд зүгийн уулс руу нүүхгүй. Булгийнхаа хэдэн толгод, дэрс харгана бутыг бараадсан цөөхөн өвөлжөөнд овоо хэдэн сар болно. Сумын хойд талаар түүнээс ч хол явж өвөлжсөн айлууд хавар буцаж ирэхэд “Онд сайхан орлоо, яахав булагтайгаа, хэдэн толгодтойгоо элбэж хамжаад хүнтэй малтайгаа мэнд амар л өвлийг давлаа” гэлцсээр хөхүүн хөөртэй тосоцгоодог гэдэг нь тийм учиртай. Тэр л вант улсын булаг тохойд Гөөгөө Агвааныхан, Дуут Доржпаламынхан, баруун тийшээ Цахиурт гэдэг ганцхан хяр даваад Чимидийн Сосор, хөмсөг Нанзаддоржийн Миенгийнхэн, Цахиуртын урдхантай Чимэддорж өвгөнийх хүргэнийхтэйгээ, мөн олон хүүхэдтэй Дорж гэдэг хөлс алдсан өвгөнийх үр ачтайгаа нийлээд нэгэн их хот айл нэвсийцгээн аж төрдөг байж. Энэ л бурхдын үр ач нар эдүгээ Талынбулагтаа эцэг өвгөдийнхөө буурийг тамгалсаар халуун голомтоо сахиж сууна.

“Талынбулагаас хойш Ажнайгаас зүүхэн урд хөөрхөн хүүхний хацрын хонхорхой ч юм уу, эс өгөөд үхрийн нэрмэл хийж уугаад ширээн дээр тавьсан мөнгөн аяганы хонхорхой ч юм уу, энэ ЦэдэнИшийн хонхор. Тэртээ урд Булгуудын хяр баруун тийшээ харахнаа нямбай эзэгтэй донжийг нь олж өрсөн эд юмс шиг. Арслан Хэвтээ, их бага Цахиуртын ухаа хяр тоогоороо. Тэр зүүнтэй Магнай Арвин бор толгой Түрүү ухаа, Түмийн ухаа Шархотгор бурхан тэнгэрийн эрх жаал тарааж хаяад наадан суугаа тоглоом оо, тоглоом. Энд манайх намарждаг байлаа. Өглөө эрт ажаагийн чөдөртэй морийг барьж ирэх гээд өвсөн дундуур хазаар барин гүйдэгсэн. Ижий минь хэдэн халзан үнээгээ ээлжлэн сааж, хувинд сүү шор шор хийлгэн суух. Гэрээс минь аргалын цэнхэр утаа чанх өөдөө бойпороос савсах арцны утаархуу савсаад гоёо, гоё” гэж ардын зохиолч булгийнхаа жирмэн урсгалаас магнайдаа адислахдаа хэлсэн. “Манай ажаа дураараа хүний ганц хүү явжээ. Ижийг хаа тэртээ Бүрэнгийн уулнаас хонин дээрээс нь оргуулж ирээд энэ довонд айл болж анхны галаа асааж байсан гэдэг. Талынбулагаасаа морио усалж хэдэн хүүхдээ гарахад угааж хөвөөн дээр нь жил болгон зусч зунжин “Түмэн эх”, “Жаргалтайн дэлгэр” дуулж явлаа миний ажаа” гэж өр зөөлөн сэтгэл, халуун хайраар ачит эцгээ дурсаж байлаа.

Ажаа нь сэтгэлд нь бодогдож, Булгуудынх нь хэц нүдэнд үзэгдэж, Бүрэнгийнхээ хөх тэнгэр дор жаргал амсан зогсох мөчид багш минь “Харамчийнхны дууль”аа хэрхэн олсноо хуваалцсан юм. “Би зургаад орох жилээ аймгийн сургуульд явалгүй бүтэн сараар хожимдлоо. Айраг цагаа дэлгэрсэн сайхан зуны дараа элбэг тэнүүн намар залгаад байв. Манайх хаачих вэ, Талынбулагтаа зусаад тэрүүхэндээ замын бууцанд өвөлжихөөр хороо хотоо засчихаад байсан юм. Ажаа бид хоёр зун их борооноор алдсан азарган үрээтэй хэдэн адууныхаа эрэлд гарч Эрдэнэдалай орлоо. Одоо санахад Булгуудын хяраа самнаад зүлэгтэй тэнүүн хар улаан чих гээд зөндөө газар явжээ. Хаал бол гүү барьсан хүрээчин, хороочин ирсэн гэр барьсан гээд дуулсан, хуурдсан айлуудаар орж адуу эрсэн найр хурим эрсэн хоёрын алин болох нь мэдэгдэхгүй шахам явжээ. Тэгтэл ашгүй Хярын суга хэмээх газраас өнөө хэдийгээ олоод буцах замдаа Булгуудын хяраас гардаггүй чөрх Лувсандорж, Ямаат Цэрэнпил бас Ёндон Сүрьеэ гээд олон гэртэй хот айлд буусан юм. Лувсандоржийнд нь эхлээд ортол мөн л найртай таарчихлаа. Дөнгөө ирлээ алив дээшээ л болов. Эцэг найрын том дуучны хувьд гэнэтийн явдал ч биш хойморт гараад нэг их удсан ч үгүй дуулуулъя Дөнгөөгөөр, “Жаргалтайн дэлгэр”-ийг нь дуулуулъя энээ тэрээ гэлцлээ. Тэр үед есөн сар нэгэнт гарчихсан цаг болохоор өнгөрсөн шөнө нь хүйтэрч гараад харахад тэртээ хой хойд Батхаан ууланд цас орчихсон орой нь гялалзан гялтганаж гэрт ч ялгаагүй сэрүү оргивч намрын хоь шим шингэсэн өтгөн шаргал айраг нэрмэл тогтоож суугаа томчууд анзаарсан янзгүй эцгийг дагаж айлд хонож өнжсөөр жаахан зутарсан би л харих сан, аймгийн сургуульд явах сан гэж эрх биш санан суувч намайг гэх янз ажаад минь үгүй.

Хэдийгээр ганц том хярын ар өвөрт байдаг ч говийнхон амьдрал ахуй нь манайхнаас арай л өөр маягтай. Том том хүрэн бор хүүхнүүд их багагүй хөл нүцгэн эрчүүдтэйгээ ана мана наргиж хуруудаж дэмбээдэхдээ бүр ч галзуу том том хулаар залгилна. Хот хүрээний айлуудын маягтай хямд ч хамаагүй элдэв толь шил их бага жаазтай зураг хоймрын авдар дээгүүрээ манайхан шиг өрсөн нь ховор. Соёлжоогүй юм гэж дунд сургуульд гэрээ санан санан ганц жил болсноос цаашгүй дотуур байрны шаврай би бодож суужээ. Гүү саах боллоо. Би ч гэсэн унага татаж өгөхөөр зэлэн дээр очлоо. Намрын номхон унага татаж зогсох зуур авгай хүүхнүүд гэр ярьсан түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв бололтой “манай үрэгддэг хүү одоо байвал дөч хүрээгүй сайхан эр явж байх байж дээ” гэхэд өнөө нэг нь “Ерөө ер, манайх ах Бандгайн хүү танай муу хүүтэй чацуу байсан юм гэнэ лээ. Хоёулаа тэгж үрэгдэх ёстой байсан юм байжээ, хөөрхий” гэж ярилцсан байх нь…”.

“…Унахын учиргүй хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм

Хамгийн хүнд цагт эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ” гэх төгсгөл хэсэгт нь зүрх ёгхийж, дээшээ нэг юм өгсөөд эрхгүй нулимс мэлмэрээд ирдэг. Ажаагаа дагаж адуутайгаа цуг олсон дууль нь өөрийг нь бүтэн найрагч болгож бүх Монголоор алдаршуулна чинээ хэрхэн санах билээ сэн. “Харамчийнхны дууль-ийг уншаад би уйлдаг” гэж одоо л Ерөнхийлөгчийн дэргэд оодроод байгаа болохоос нэгэн цагт Монголын халуун зүрх явсан Асашёорюү аварга ярьдаг л юм.

Талынбулагийн урьхан хонгор салхинд илбүүлэн зогсож ахуйд бас нэгэн дурсамж дурдатгалын хуудас эргэх нь тэр. “Далан зургаан оны хавар. Хотод сургууль төгсөөд байх үе. Хоёр хүүхэдтэй дээр нь авгай хариугүй төрөх гэж байдаг. Удахгүй тавуулаа болох айлд толгой хоргодох оромж байсангүй. Улаан цуравтай манайхыг багтааж шингээх айл хаана байдгийг бурхан л мэдэх болов уу. Гэр аваад суучих зам байвч яаж гэхээс үстэй толгой арзайна. Оюутан ахуйн хэдэн жил айлын халаасанд байсан болохоор дахиад айлд гэхэд зүрх үхнэ. Ийм л үед нэг өдөр айлын утсаар “Би Дэжидийн Чойжил байнаа, Танайхыг сууц сураглаж байна гэж би нутгийнхаа Мөндөөлийн Цэндээс сонслоо. Би Москвад суугаа Монголын элчинд гурван жил явах гэж байна. Манай сууц удахгүй суларна, орвол ор”. Ийм л зүйл болсон юм гэдэг. Талынбулагийнхны нэгэндээ хайртай халуун сэтгэл энэ юм. Гэхдээ хуучирдаггүй дээлний учир юмаа гэсэн. Чойжил гуай тэртээ дөчин зургаан онд Улаанбаатарыг зорьж Талынбулагаасаа ижил хоёр хар морьтой нэгийг нь унаж нөгөөг нь хөтлөөд мөнгөн эмээл хазаар ташууртай сайхан хүү гарчээ. Тийн явахдаа Төхөмийн дэрсний хөвөөнд сүүлд Цоодол найрагчийн хадам болсон Гомбодашийн Амгаа гуайнхаар оржээ. Амгаа гуай Чойжил хүүгийн унасан морь эмээлийг нь харж бахдаад, харин “наад өмсөж яваа дээл чинь базаахгүй юм байна, ийм сайхан хархүү эмжээр нь урагдсан дээлтэй явна гэж юу байхав” гээд Цэдэнбалжин хөгшиндөө хэлэн хоймрын авдраасаа сайхан хүрэн чисчүү дээл гаргаж өмсгөжээ. Тэрхүү дээлний ач буяныг санаж 30жилийн дараа хоёр хөгшний охинд нь гурван нялх хүүхэдтэйгээ тэвдэж явахад нь орон байраа өгсөн байгаа юм.

“Бүрэнгийнхэн нэгэндээ их хайртай, хоорондоо их эвтэй, тусч халуун сэтгэлтэй хүмүүс” гэж Төв аймгийнхан нь өөрсдөө хэлээд байдаг. Цоодол зохиолчийнд орон байраа асууж сураглаж байгаад өгсөн Чойжил гуайн сэтгэлийг бодоход, за тэгээд Талынбулагийнхны өвгөдийн үүх түүхээс харахад Бүрэнгийнхний ноён нуруу эрхгүй мэдрэгдэнэ. Бүтэн заяанд төрсөн хүмүүс гэдэг нь аандаа анзаарагдана.

Цоодол зохиолчийн Манжаа, Дунгаа, Ар халхын сэргэлэн Дугжаа, мөнгөн Амбаагаас аваад олон гоё дүрийг хүмүүс мэдэх болсон. “Уужуу Дондог”, “Тэмээ Самдан”, “Ороо Эрэнцэн”, “Буруу Довдон” тэгээд өнөө “Тэнэг”, “Харамчийнхан” бол бүр эртний танилууд л даа. Сүүлд “Шар тэмээний нутаг”, “Хонины боол”, “Хөеө”, “Нулимс холоос харагдахгүй”, “Талынбулагийн вант улс” гээд бүтээлүүдээс нь олон сайхан дүрүүд бидний сэтгэлд орж ирсэн билээ. Талынбулагт очоод тэр бүгдийг сонсож байх нь ээ, бүгд л бодит хүмүүс гэдгийг эрх биш гадарласан. Яахаараа тийм их наргиан наадаантай, гэнэн цайлган, гэм хоргүй өр зөөлөн хүмүүс төрдөг юм бэ дээ гэж бодохоор. Бүгд л онигооны баатрууд. Тэдний нэг бол яах аргагүй Тугдаан Гомбожав гуай. Цо аварга Го-гийнхоо тухай ярих нь бөөн инээдэм болж байгаа юм.

“Гомбожав гуайг уг нь энэ Булгуудын хярын хүн, ноёны адуучин энэ тэр гээд залуудаа иртэй явсан гэцгээх. Түүнийг хүмүүс Тугдаан гэдэг. Тугдайсан дожной эр болохоор нь тэгсэн биз ээ. Гомбожав гуайг худлаа хэлдэг гэдэг ч яаж хэлдгийг нь би мэддэггүй байв. Нэгэн зун очсон үеэрээ саваагүйтэн тэднийхээр зориуд буув. Гэр нь жаахан хуучин муу бүрээстэй юм. намайг ороход хоймроо суугаад арьс элдэж суугаа нь тун доожоогүй харагдлаа. Арьс нь нас гүйцсэн том хониных байх аа. Нэхийнийхээ нэг талыг гуталдаа тумлайдан өшиглөөд хэдрэгдэж байгаа нь элдэж байгаа гэхээсээ илүү арьсаар хучаад хэвтэж байгаа юм шиг харагдана. Чих нь соотойж нүд нь соомгоноод яг л хүүхэд. Ийм хүн ч зална даа гэх шиг юм шууд бодогдлоо. Хүн юу л асууна дандаа үзсэн, мэдсэн, дийлсэн гэдэг юм гэнэ лээ. Мэнд усыг нь мэдээд жаахан сууж байснаа өвгөний чургар бие хааг дотроо жахан голсон шиг харж “та барилдаж явсан юм гэнэ лээ. Их Монгол Шаравжамц аваргатай барилдаж байв уу” гэлээ. Энэ яаж байна надаар дамшиглаж байна уу гэсэн бололтой өөдөөс цоолгосхийн харснаа ярихгүй байж тэссэнгүй бололтой “үзсэн” гэж өөдөөс дорхноо хариулаатахлаа. За тэгээд яаж барилдав гэсэн чинь өвгөн хэллээ. Ээ базарваань, аварга цап хийгээд л миний баруун мөрнөөс бариад авлаа. Нөгөө гараараа шуудагдаад авлаа. Би мөн нэг гараараа мөрнөөс нь барьж нөгөө гараараа шуудагдаад авлаа. Тэгтэл аварга шурхийгээд намайг засаадаад авлаа. Би ч аваргыг засаад авлаа. Хүүе Гомбожав гуай, таны нэг гар аваргын мөрнөөс нөгөө гар шуудагнаас нь барьж байгаа. Одоо засаадахаар чинь таны гар хэд юм бэ. Го дорноо сийрч өө золиг нэг гараа тавьж л дээ гэж байна. Аварга намайг чулуудаж орхилоо. Яагаад тэр вэ, та адилхан л мөрнөөс барьсан, шуудагдсан, засаадсан гэтэл эхлээд засаадсан нь хаядаг золиг юм билээ л гээд Гомбожав гуай шилбэлзэж суулаа” гэсэн юм.

“Булгуудын хяраас харж суутал Арвин бор толгой бүр ч содон үзэгдэнэ. Нутаг нь үзэгдэж санагдахаар эзэд нь дагаад санагддаг шиг байна. Энэ Арвин Төхөмийн хөвөөнөөс хүн болсоор гараагүй Зундуй гэж болхгор бор хар хүн байлаа. Одоо үед өргөмжлөл гардаагүй, аварга тэргүүн гэгдээгүй хүн Монголд алга. Үнэндээ тэр гялгар цол гуншин манай нэгдүгээр багийн Зундуй гуайд хүртээгүй юм аа. Ардын нэгдэл гэж байхад дунд цагирагны малчин байхыг нь би мэднэ. Нэгдлийн хөрөнгө үрэв, нийтийн өмч идэв гэж дуулдаагүй. Арвин бор толгойн аль ч сугад байдаг юм хонь дагасан Зундуйг л би мэднэ. Тэр жилийн хавар Төхөмийн дэрсэнд хонь ямаа ид төллөж төлийн жижүүрт гарч, нойргүй хоноод маргааш нь хотондоо авгайтайгаа нялх хурга ишиг амлуулах гэж завгүй байсан Зундуйг санаж байна. Хонгор гэдэг талын уулын хажууд хүмүүс хороо барьцгааж байхад “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл шиг ноорхой хөвөнтэй дээлтэй чулуу үүрээд зүтгэж явсан Зундуй… дандаа зав чөлөөгүй Зундуй он жилийн цэнхэр хөшгөн цаанаас зурс зурс үзэгдээд өнгөрөх шиг. Тэнэг билээ гээд тэнэж төөрөөд тэмээтэй нийлээд яваагүй л Зундуй байгаа юм даа” гэхэд нь бас л нэг барам шиг хүний ургаад ирнэ.

Тэнэг Зундуйгаа тэр жил төрийн тэргүүн Самбуу гуай 70 насныхаа ойн найранд уригдсан Бүрэнгийн аварга малчин Ширчин, уртын дууч Дэндэв, сум нэгдлийн дарга Доржпалам нараас асуусан юм гэдэг. Үнэндээ Зундуй Самбуу хоёр Арвин бор толгойд нэг муу цахиур буутай цагаан зээрэнд тэмээ түлхэж явсан хүүхдүүд. Түүнийг нь Бүрэнгийн урд талын Пунцагийн Баяр, Мятавын Туваан гээд аргил аргил өвгөд нь гэрчилж байсан гэдэг. Багш минь Тэнэг Зундуйгаа “Төрийн тэргүүний анд” гэж өргөмжилнө. “Элчин Самбуу” шүлгэнд нь ч өнөө Зундуй нь гардаг. “Тэнэг” хэмээх зартай шүлгээ ч өнөө муу Зундуйгаа бодож л бичсэн байж таарна.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *