Categories
мэдээ цаг-үе

Дунд сургуульдаа тайлан тоглолтоо хийж явсан ангийнхан

Орхон голын хөвөөгөөр суурьшсан Орхон сум бол говь, хангай хосолсон сайхан байгальтай нутаг. Намар болоход л энэ нутаг хөдөлгөөнд орж найман настай балчраас наян настай өвгөд хүртэл бүгд л хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж амьдардаг хөдөлмөрч ард түмэн юм. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2008 онд төгссөн 11А ангийнхныг урилаа. Сумын сургууль гэдэг ганц, хоёрхон бүлэгтэй. Цомхон сурагчидтай байдаг. Тийм ч болохоор энэ ангийнхан 1998 онд хоёр бүлэг болон сургуульд элсэж, наймдугаар ангидаа нэг анги болон нэгдсэн. Учир нь наймдугаар ангиа төгсөх үед нь хоёр ангийн сурагчдын ихэнх нь МСҮТ-д орж, хоёр ангийн хүүхдүүд цөөрсөн учраас есдүгээр ангид орох жил нь сургуулийн захиргаанаас ийм шийдвэр гаргасан хэрэг. Ийнхүү хоёр бүлэг нийлж Б.Ганхуяг багштай 9А анги бүрдэв. Хоёр анги нийлнэ гэдэг өсвөр насны хүүхдүүдэд амаргүй даваа. Ядаж л бүлэг бүлгээрээ найзалж, дайсагналцах байдал үүсчих гээд тунчиг эвгүй. Гэвч энэ хоёр анги маань нэгдэн нийлж, нэг хамт олон болж чадсанаараа онцлог юм.

9А анги сургуульдаа шилдэг нь болж эхэллээ. Дээд ангитайгаа ана мана үзэлцэж, илүүрхэж явсан гэхэд хилсдэхгүй. Учир нь зочин анги маань 11 дүгээр анги төгсөхдөө сургуулийнхаа спортын хошой аварга, урлагийн хошой аварга ангиар шалгарч амжилттайгаар сургуулиа дүүргэсэн аж. Урлагийн үзлэгтээ бол гойд анги байв. Реппер, хөгжимчин, бүжигчин, жүжигчин, дуучин гээд бүхий л авьяас нь бүрдсэн охид, хөвгүүдтэй болохоор өрсөлдөгчгүй л аварга анги нь байсан юм. Тиймээс сумын төвийн соёлын төвд өөрсдийн бэлдсэн номероор урлагийн тоглолт хийнэ. Тоглолт ч дүүрэн үзэгчтэй байдаг байв. Жишээ нь, Есдүгээр ангийн төгсөлтийн баяраар “Найм дахь хаврын уянга”, 11 дүгээр ангийн төгсөлтийн баяраар “Сүүлчийн хаврын уянга” нэртэй тайлан тоглолтуудаа сумынхаа нийт ард иргэд, хүүхэд багачууддаа толилуулсан байна. Тухайн үeдээ л эл анги анхдагч болж тайлан тоглолтуудаа тавьсан нь нутгийн ард иргэдийн сэтгэлд маш их хүрчээ. Охид, хөвгүүдгүй л нүдэндээ нулимстай төгсөлтийн баярын тайлан тоглолтоо хийж, нутаг орныхныхоо сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Энэ талаар ангийн дарга Б.Маралмаа “Тайлан тоглолтоо тавихаар ангийнхан маань маш их бэлтгэл хийдэг байсан. Хичээлээ тараад давтлагадаа суучихаад сумынхаа соёлын төвд очиж шөнө болтол бэлтгэлээ хийдэг байлаа. Нэгэн сэтгэл зүтгэлээр хамтдаа тэмүүлж зорьж хийсэн ажил учраас маш их дурсамжтай байдаг. Одоо бид хааяа уулзалдахаараа тоглолтынхоо талаар дурсамжуудаа их ярина. Буцаад тэр үeдээ оччихсон юм шиг үнэхээр сайхан байдаг шүү” хэмээн нүдэндээ баяр хөөртэйгөөр өгүүлсэн юм. Арга ч үгүй биз. Хүүхэд насны хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн тэдний эхлүүлсэн үйл хэрэг сумын сургуулийн нэгэн уламжлал болжээ. Уг сургуулийн төгсөгчид эл ангиас үлгэр дуурайл авч, өөрсдийн тайлан тоглолтоо тавьж заншсан гэхэд болно.

Мөн бусад хүмүүс үлгэрлэж болохоор нэг зүйл нь тэдний хавар, намрын явган аялал. Энэ бол хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг. Тэгэхдээ баг болж хуваагдаж, төрөл бүрийн тэмцээнээр өрсөлдөнө. Дараа нь хээрийн цай хоол хийж идээд л, их гоё зугаална. Ангийн багшийн үлгэр дуурайл ч байдаг байх. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Аймгийн гоц мэргэн Бямбацэдэнгийн Ганхуяг гэж мундаг багш, тамирчин, зөвлөгч, зааварлагч хүн бол эдний ангийн багш. Одоо ч эл ангийнхан үнэт сургаалаа хайрласаар байдаг багшдаа талархаж явдаг гэнэ.

Ангийн багшийн нөлөөгөөр ч юм уу ангийнхан бүгд л спортлог. Тухайлбал, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг Г.Мөнгөнсүлд, Б.Мөнхчулуун, Бая.Эрдэнэ-Оргил, Б.Маралмаа, Т.Энхриймаа, А.Наранзул, Б.Мөнхнаран, Г.Энхтунгалаг нар 11 дүгээр ангиа төгсөхдөө гар бөмбөгийн хоёрдугаар зэрэг хүртэж байв. Одоо ангийн хөвгүүн Г.Мөнгөнсүлд спортын дэд мастeр цол хүртсэн амжилттай байна. Сургуулийнхаа волейболын шигшээ багт л гэхэд эдний ангийн дийлэнх нь жагсчихна. Түүнчлэн урлаг, спорт, сурлага гээд бүх талын авьяас чадвартай хүүхдүүд олон байлаа, эл ангид. Ангийн дарга Б.Маралмаа сум, сургуулийн “Шилдэг сурагч”-аар хоёр удаа, сурагч А.Наранзул сум, сургуулийн “Шилдэг сурагч”-аар нэг удаа шалгарч байж.

Дээр дурдсанчлан Орхон сумынхан хөдөлмөрч ард түмэн. Тийм ч учраас сургуулийн сурагчид бөөнөөрөө л намрын ажилд дайчлагдана. Төмс хурааж, хадлан хийнэ. Эл ангийнхан бол дээр үеийнхээр тавын таван таван хошуутай, ажлын мангасууд. 30 хоног дараалан төмс хураалтад дайчлагдах бол энүүхэнд. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэгчээр эдний ангийнханд байдаг хамгийн том сэтгэл зүй бол хэзээ ч, юунд ч эцэс цуцалтгүй, бууж өгдөггүй зан нь. Ажлыг ч гялтгануулна. Тиймээс эрэлт хэрэгцээтэй. Байнгын л төмс хураалтын ажлын санал эдний ангийнханд ирнэ. Хөвгүүд нь шуудайтай төмсийг хоёр, хоёроор нь давхарлаж мөрлөөд гүйж байхад, охид нь төмс хураалтаар нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, уралдана. Тэрүүхэн тэндээ бооцоотой. Бүтэн өдрийн цуцалтгүй тэмцэл тэнд л өрнөнө. Хоолны цаг боллоо. Манайхан гялс хоолоо идчихээд л ажлын талбар руугаа гараад гүйчихнэ. Ийм хүүхдүүд гэж байдаг аа гээд л хүмүүс гайхаад үлдэнэ дээ. Ажлаа дуусгачихаад оройн нам гүмийг ардын дуугаар үргээн, портер машины дэвшин дээр чихцэлдэн суугаад л сумын төвийн зүг шогшино. Энэ мэт сайхан дурсамж өчнөөн бий, тэдэнд.

ӨВӨЛ ЦАГ ХУРДАН ИРЭЭСЭЙ

Өвлийн улирал Орхон нутагт үлгэрийн мэт л өнгөрнө. Цэвэр агаартайг ч хэлэх үү. Орхон сумын төвийн баруухан талд Цагаан нуур гэх жижигхэн нуур бий. Тэр нууранд өдөр бүр л уран гулгалт, хоккейн тэмцээн болно. Харин хажуухан талд Орхон гол бий. Тэнд цанын уралдаан болчихно. Баруун талд нь сүндэрлэх уулнаас чаргаар хүүхдүүд гулгаад л. Харин доор нь хэдэн өвгөн цооног гаргачихсан загасчлаад сууж байдаг. Манай зочин ангийнхан гол дээр ангиараа очоод л жинхэнэ бужигнуулна. Цасаар байлдана. Орхон суманд цасны баяр бол хамгийн гоё баяр нь. Юун Шинэ жил, Цагаан сар. Сурагчдын бүтэн жилийн мөрөөсөл болдог байв. Голын эрэг дээр анги ангиараа түүдэг асааж, отоглоно. Тэгээд л хийцтэй цай хийж уугаад л. Мар мар хийн хөөрөлдөцгөөж, нэгнийгээ цаашлуулж, нөгөөгөө хөөргөөд л. Энэ мэтчилэн маазарч байхад нь цасны баярын өрсөлдөөнт фестиваль эхэлнэ шүү дээ. Олс таталт, чаргын уралдаан, мөсөн шагай гээд л өрсөлдөж өгнө. Хүүхдүүдийн хөөр баяраар жинхэнэ бялхдаг өдөр бол энэ. Орхон сумын сургууль бол хүүхэд хүмүүжүүлэх ариун эрдмийн далай юм. Энэхүү сургуулийн ийм нэгэн ангийнхны түүхийг өгүүлэхэд ийм байна. Өдгөө ангийн сурагчид тарсан будаа шиг л энд тэнд өөрсдийн гэсэн амьдралаа босгож, хөдөлмөрлөж явна даа. Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд тэд төгсөөд нэлээд олон намрыг үджээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан юм санж. Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр.

Цагаан туузаар үсээ гоён

Цагаан дүрэмт хувцсаар гангарч

Гартаа багшдаа өгөх цэцгээ барьж

Гал цог нүдэндээ бадруулан сургуульд орсон

Бага ангид сурагчийн ширээний ард

Гараа зөрүүлэн номхон сууж

Багшийн сургаж буй бүхнийг дагуулан

Гараа тохойлдон өргөн хариулдаг сан

Ангийн анд найз нартайгаа арван жил

Алдаг оног нэг ширээний ард нөхөрлөн

Хамтдаа даалгавар шалгалтаа

Хоолтой хоолгүй нойрмогхон бэлддэг сэн

Сар жилийн урсгалаар сурагч үе минь

Хүүхэд настай минь хамт гялтганан

Сургуулийн босгоор элэгдэн өнгөрсөн ч

Хөөрөлдөн дурсах адал явдлууд олоон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *